sonin.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд музейн ажилчид “Олон улсын музейн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Олон улсын музейн зөвлөлөөс жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон 1977 оноос зарлаж, дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн.
 
 
Тухайлбал, өнгөрөгч онд энэ өдрийг 129 орны 32000 музей тэмдэглэж байжээ. Олон улсын музейн зөвлөл нь музейн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ хандлага, хөгжлийг дэмжих зорилготой ЮНЕСКО-гийн салбар байгууллага юм.
 
 
Олон улсын музейн өдрөөр музейнүүд олон нийтэд өргөн үйлчилж, хүрээгээ тэлэх үйл ажиллагаа явуулдаг. Музейн зөвлөлөөс жил бүр өөр, өөр уриа гаргадаг байна. Энэ онд музейн өдрийг дэлхий даяар “Музей (дурсамж+ бүтээл)=нийгмийн шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион явуулж байна.
 
 
Энэхүү уриан дор олон улсын музейнүүд тус тусын үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргажээ. Монголын үндэсний музейн хувьд бүх насныханд зориулсан хөтөлбөр гаргажээ. Дэлхий дахинд тэр дундаа Европын орнуудад музейн соёл өндөр төвшинд хөгжсөн байдаг.
 
 
Европт улстөр, уран зураг, байгаль зэргээс эхлээд нохойны хүзүүвч (Их Британи), давс, хоол амтлагчны савны (Герман) гэх мэт хачирхалтай үзмэртэй музей олон бий. Харин манайд улсын тодотголтой 50 гаруй музей бий. Мэдээж ноён оргил нь Монголын үндэсний музей юм.
 
 
Анх 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн харьяанд О.Жамъян даргатайгаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 1950 оноос Орон нутаг судлах улсын төв музей улмаар Хувьсгалын музей болон нэрээ өөрчилжээ.
 
 
1991 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 116 тоот тушаалаар Монгол ардын хувьсгалын музейг татан буулгаж, Монголын үндэсний түүхийн музейг байгуулсан байна. Ийнхүү улсын төв музейн түүх, археологи, угсаатны зүйн цуглуулгыг Үндэсний түүхийн музейд шилжүүлжээ.
 
 
2008 онд Засгийн газрын тогтоолоор Үндэсний түүхийн музейг эрдэм шинжилгээ, судалгаа болон улс, аймаг орон нутгийн музейг мэргэжил арга зүйн удирдлага мэдээллээр хангах үүрэг бүхий Монголын үндэсний музей хэмээн өөрчлөн байгуулжээ.
 
 
Монголын үндэсний түүхийн музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим бүхий сан хөмрөгтөө 50000 гаруй үзмэртэй болжээ.
 
 
Монголын үндэсний музейн Боловсрол олон нийт, гадаад харилцаа, маркетингийн албаны дарга Д.Эрдмаатай музейн өдрөөр зохион явуулсан хөтөлбөрийн талаар цөөн хором ярилцлаа.
 
 
-Олон улсын музейн өдрөөр танай байгууллагаас ямар арга хэмжээг зохион явуулж байв? 
 
-Юуны түрүүнд уншигч Та бүхэнд Олон улсын музейн өдрийн мэндийг дэвшүүлье. Бид Олон улсын музейн өдөр зохион явуулах үйл ажиллагаагаа эртнээс нарийвчлан төлөвлөдөг.
 
 
Монголын үндэсний музейн боловсролын ажилтнууд энэхүү өдрийг угтаж, шинэ боловсролын хөтөлбөрийн дагуу “Нүүдлийн музей” хөтөлбөрийг нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулиудад нүүдэллэн очиж, багш сурагчидтай хамтран хэрэгжүүлсэн.
 
 
Энэ жил музейнүүд түүхэн өв үзмэрээ хадгалж, хамгаалахын зэрэгцээ бүтээлчээр ажиллаж, нийгэмд дэвшил авчрахад хувь нэмэр оруулах уриан дор төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тухайлбал, Чойжин ламын сүм музей “Шөнийн музей” арга хэмжээг зохион явуулсан.
 
 
Харин манай музейн хувьд бүх насныхныг хамруулсан хөтөлбөр гарган ажиллалаа. Үүнд 8-12 насныханд “Музейн үзмэр миний нүдээр” уран зургийн уралдаан, 15-18 насныхны дунд “Түүхэн дурсамжит дуу” хэмээх түүхэн сэдэвтэй гоцлол найрал дууны тэмцээн, их, дээд сургуулийн оюутнуудын дунд “АХА” асуулт, хариултын тэмцээн, “Хүндэт зочид” хэмээх ахмадуудад зориулсан хөтөлбөрийг гарган ажиллалаа.
 
 
Харамсалтай нь бид энэ удаагийн хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ оролцуулж чадаагүй. Учир нь манай барилгад тэдгээр хүмүүст үйлчлэх тусгай зориулалтын шат, хэрэгслүүд байдаггүй юм.
 
 
Эдгээр уралдааны талаархи мэдээллийг нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуульд зарлавч эхний байрт шалгарсан сурагчдад анги хамт олноороо гурван музейг үнэ төлбөргүй үзүүлэх эрхийн бичиг олгосон. 
 
 
-“Нүүдлийн музей” гэхээр шинэлэг сонсогдож байна. Хэзээнээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв? 
 
- Монголын үндэсний музейн энэ онд төлөвлөсөн гол ажил бол “Нүүдлийн бяцхан музей” хөтөлбөр юм. Бид 16 хүний суудалтай машинаар 21 аймгаар аялах төлөвлөгөөтэй байгаа.
 
 
Хотын захын зарим сургуулиар “Нүүдлийн бяцхан музей”-гээ аялуулсан, үр дүнтэй байсан шүү. Хөтөлбөрийн гол зорилго орон нутгийн музей, боловсролын байгууллагыг холбох, хүүхэд багачуудын сэтгэлийг татах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байна. 
 
 
-Монголын үндэсний музейн бүх л үзмэр өөрийн тухай давтагдашгүй байх даа? 
 
-Музейн үзмэр бүхэн өөрийн түүхтэй. Тэрхүү дахин давтагдашгүй түүхээрээ бусдын анхаарлыг татаж байдаг. Монголын үндэсний музейд Монголын түүх соёлтой салшгүй холбоотой үнэт болон хосгүй үнэт үзмэрүүд олон байдаг.
 
 
Яагаад үнэт болон хосгүй үнэт гэж байна гэвэл өнгөрсөн болон өнөөгийн түүхийн үзмэр бүхэн ирээдүй хойчид үнэтэй. Тиймээс үнэт болон хосгүй үнэт гэж ангилж байгаа юм. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн хувьд манай музейн хосгүй үнэт үзмэрүүдийг их сонирхдог.
 
 
Хосгүй үнэт гэдэг нь ямар нэгэн зүйлтэй харьцуулшгүй үнэтэй гэсэн үг. Жишээ нь, тухайн цаг үедээ хоёр төгрөгийн үнэтэй бал байсан гэж бодоход тэрхүү балыг Ю.Цэдэнбал агсан хэрэглэж байсан бол тэр хосгүй үнэт бүтээл болно шүү дээ. 
 
 
-Цаашдаа музей хөтөч, тайлбарлагчгүй болно гэх юм. Энэ талаар танайд төлөвлөж, хийж байгаа юу байна вэ? 
 
-Хөтөч, тайлбарлагчтай музей бол бидний ирээдүй биш. Ер нь бусад оронд хөтөч нэхээд байх газар байхгүй болж байна. Хөтөч, тайлбарлагчгүй бол хамгийн төгс орчин үеийн музей. Манай музей ч хөтчийг орлох шинэ техник технологи нэвтрүүлж эхэлсэн.
 
 
Гадаадын жуулчдад зориулж, “Аудио тайлбар” буюу музей үзэхдээ сонсч мэдээлэл авдаг нэмэлт үйлчилгээг бий болгосон. Монголын үндэсний музейн хувьд хоёр хөтөчтэй үйл ажиллагаа явуулдаг. 50000 гаруй үзмэрийг хоёрхон хүн танилцуулна гэдэг бол чамлахаар үзүүлэлт.
 
 
Тэгээд ч хүн нэмж ажиллуулья гэхээр төсөв хүрэлцдэггүй. Гэсэн ч бид болохгүй бүтэхгүй гээд суудаггүй, хоёр хөтөч маань чамлахааргүй боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Англи, орос, япон зэрэг хэлний мэдлэгтэй. Үйлчлүүлэч ихтэй зуны цагт бид өөрсдөө ч хөтөчөөр ажилладаг. 
 
 
-Музейн үзмэрээ хэрхэн хадгалж байна. Олон улсын стандартад нийцдэг үү? 
 
-Үнэнийг хэлэхэд үзмэрийн хадгалалт олон улсын түвшинд хүрч чаддаггүй. Гэхдээ бид олон улсын жишигт нийцүүлэх гэж хичээдэг. Манай орны аль ч салбар олон улсын стандарт, шинэчлэлээс нэг алхам хойно алхдаг. Бид амьгүй үзмэрүүдийг нэг шилэн хоргонд хийчихээд хадгалаад зүгээр суудаг хүмүүс биш.
 
 
Музейд олон зууны өмнөх эдлэл хэрэглэл болох үзмэрүүд бий. Тэдгээрийг олон нийтэд таниулах, арчлах, сэргээн засварлах олон ажлыг бид хийдэг. Заримдаа хүн, хүч ч их дутна. Одоогоор манай музей зургаан алба, 60 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 
 
 
-Энэ жилийн музейн өдрийн уриа их содон санагдлаа. Нийгмийн шинэчлэл музейтэй хэрхэн холбогдож байна вэ? 
 
-Өнөө үед дэлхий ертөнц асар хурдацтай өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Шинэ технологийн хөгжил, шинэ санаа, мэдээллийг асар хурдацтай түгээснээр музейд өрсөлдөх шаардлага бий болж байгаа юм.
 
 
Том, бага ялгаагүй музейнүүд дэлхий дахины шинэчлэлийн хүрээнд үйл ажиллагааны өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна. Олон улсын музейн өдрийг зохион байгуулах нь үзэгчдэд мэдээллийн зуунд гүйцэтгэх музейн үүрэг ба түүний хөгжлийн талаар дахин тунгаах боломжийг нийгэмд олгож байна.
 
 
Музей гэхээр л Чингис хаан, Хүннүгийн үе гэж ярьдаг. Энэ хуучинсаг ойлголтыг халах цаг нь болсон. Музей нийгмийг хөгжил дэвшилд уриална. Нийгмийн тулгамдсан сэдвээр музейдээ хүмүүс урьж хамтран ярилцаж болно. Магадгүй агаарын бохирдол, замын түгжрэлээс хэрхэн ангижрах зэрэг асуудлыг хөндөж, хамтран хэлэлцэж гарц хайж болно шүү дээ.
 
 
Г.Нямсүрэн
 
Эх сурвалж: