sonin.mn

 

Миний бие 1997 оны 1 дүгээр сараас 2011 оны 9 дүгээр сарыг дуустал Ахлагч бэлтгэх төвийн дарга, захирал, 2002 оны 3 дугаар сараас 2005 оны 3 дугаар сарыг хүртэл Ахлагчийн коллежид багш зэрэг албан тушаалуудад ажилласан.
 
 
Энэ хугацаанд Ахлагч бэлтгэх төвөөс цэргийн 40 гаруй мэргэжлээр 1200 гаруй мэргэжлийн ахлагчийг бэлтгэж Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, аймаг, хот, дүүргийн Онцгой байдлын газруудад шилжүүлжээ.
 
 
Зэвсэгт хүчний ноён нуруу болсон Ахлагч нарын талаар өргөн хэлэлцүүлэг явуулж байгаа Зэвсэгт хүчний "Соёмбо" сонины редакцийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлээд өөрийн саналаа нэмэрлэе.
 
 
-Зэвсэгт хүчний анги, салбарууд, Хилийн цэрэг, Онцгой байдлын чиглэлээр мэргэжилтэй ахлагч бэлтгэж эхэлснээр 20 жилийн нүүрийг үзэж байна. Ахлагч бэлтгэх сургалтыг 1993 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Батлан хамгаалахын сайдын тушаалаар явуулж эхэлсэн.
 
 
Уг сургуулийн үүрэг улам өсөн нэмэгдэж байгааг харгалзан, сургуулийг цаашид өргөтгөн бэхжүүлж, өөрийн гэсэн мэргэжлийн тэнхим, багш нараар бүрдүүлж, дадлагын мастер багштай болгох, сургуулийн нэрийг ч өөрчлөх цаг болжээ.
 
 
Тухайлбал, Ахлагчийн сургуулийн сургалтын орчин, материаллаг баазыг цаашид улам сайжруулах, өнгөрсөн 20 жилийн сургалт хүмүүжлийн ажлыг нэгтгэн судалгаа шинжилгээ хийх.
 
 
-Мэргэжлийн ахлагч нартай явуулах сургалтыг чадамжид суурилсан сургалт руу аль болох хандуулах. Сургалтын үе шат бүрт суралцагч бүрийн хүрсэн байх түвшинг тодорхой болгох, сургалтын явцын үнэлгээг шинэчлэх нь зүйтэй.
 
 
-Ахлагч нартай холбоотой хууль эрх зүйн орчинг эргэн харж боловсронгуй болгох, тэдний алба хаах онцлогийг харгалзан Ахлагчийн алба хаах дүрмийг шинэчлэх замаар цолны ангилалд өөрчлөлт оруулах.
 
 
Ахлагч нарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч, одоо мөрдөгдөж байгаа ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж, тэднийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахад онцгой анхаарч, уг дүрмээр хүлээлгэдэг хариуцлагыг тодорхой болгох, анги байгууллага, удирдлагын түвшинд ажиллаж байгаа ахлагч нар энэ тал дээр санаачилга гарган ажиллах.
 
 
-Зэвсэгт хүчний нэр хүндийг өргөн Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч нарынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч, албан тушаалын орон сууцаар нэн тэргүүнд хангаж, цалин хангамжийг ажлын үзүүлэлт, албандаа хандах хандлагыг нь харгалзан нэмэгдүүлдэг тусгай журам боловсруулан мөрдөж ажиллах.
 
 
-БХИС, бусад их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийг түшиглэн иргэний мэргэжил эзэмшүүлэх тогтолцоог шинэчлэн, тэднийг тэтгэвэр, чөлөөнд гарахаас нь өмнө хурдавчилсан сургалтаар иргэний мэргэжил эзэмшүүлж улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллах тал дээр БХЯ, ЗХЖШ-ын хүний нөөцийн ажилтнууд анхаарч ажиллах.
 
 
-Ахлагчийн сургуулийн сургалтын хөтөлбөрт ерөнхий мэдлэг олгох харилцааны сэтгэл зүй, соёл уламжлал, эх оронч үзэл, Монгол Улс, Зэвсэгт хүчний түүхтэй холбоотой хичээлийг дахиж оруулахад анхаарах.
 
 
-Ахлагчийн өөрийгөө хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг шинээр боловсруулж сургуулиа төгсмөгц нь анги, салбар бүр тусгай дэвтэр хөтлүүлж жил, улирал, сургуулийн үе шат бүрээр хүн нэг бүр дээр дүгнэж тооцох. Энэ ажлыг ангиудын штабт ажилладаг тэргүүн ахлагч нар хэрэгжүүлдэг байх.
 
 
-Ахлагч нарын хөдөлмөр, ажил үйлсийг сурталчилсан уран бүтээл, ялангуяа олон улсын энхийг дэмжих ажиллагаанд удаа дараа амжилттай оролцсон, ажил албандаа үлгэр жишээчээр хандаж, хамт олноо манлайлж байгаа хүмүүсийг алдаршуулах, олон хэлбэрийн ажлыг зохион байгуулах, баримтат болон уран сайхны кино бүтээх ажлыг цэргийн дээд удирдлагаас зохион байгуулах.
 
 
Энэ тал дээр МҮОНРТ, "Дуулга" телестуди, соёл урлагийн бусад байгууллагуудтай холбоотой ажиллах зэрэг олон ажлыг хойшлуулалгүй хэрэгжүүлмээр байна.
 
 
Бэлтгэл хурандаа Б.Жуваа
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин