sonin.mn

 

Монголын түүхэнд мөнхөрсөн эрдэмтэн
 
Хамгийн ихээр монголжсон гадаадын эрдэмтэн гэж болох А.Д.Симуков Монголын төлөө ажиллаж амьдарч яваад харамсалтайгаар хэлмэгдэн амь үрэгдсэн юм. Түүний охин Наталья Симукова нялх багадаа хагацсан эцгийнхээ талаар бичсэнийг С.Батбилиг хэвлэлд бэлтгэн орчуулснаас уншигчиддаа хүргэж байна.
 
 
Андрей Дмитриевич Симуков 1902 онд Петербург хотноо төржээ. Андрей гэрийн сургалт болон гимназиар дамжин суралцахдаа герман, франц, латин, грек хэл эзэмшсэний зэрэгцээ хөгжим, зургийн хичээл тусгайлан үздэг байжээ.
 
 
Эх байгалиа хайрлан хүндлэх, байгалийг танин мэдэх ухааныг эцэг нь хүүдээ суулгасны ачаар Андрей бага наснаас газар зүй, байгалийн шинжпэх ухаанд шимтэх болжээ. Түүнийг наймтай байхад аав нь П.К.Козловын "Монгол, Кам нутаг" хэмээх номыг бэлэглэсэн байна.
 
 
1918 оны өлөн зөлмөн хаврын тарчиг цагаар Германы цэрэг Петроград руу довтлоход Симуковынхон Сангийн яамныхныг дагаж Нижний Новгород руу нүүжээ. Тэндээс Дмитрий Андреевич албаа хаахаар Москва орж, эхнэр Наталья Яковлевна нь хүүхдүүдийн хамтаар хадмын нутаг болох одоогийн Брянск мужийн Сигеевка тосгонд нүүн очиж Дмитрий Андреевичийн ах дүү нар нь өмч хуваахад тэднийд 10 десятин газар, хуучин шавар тагзны тал ногдсон байжээ.
 
 
Бүхнийг эхнээс нь эхлэх болов. Ээж нь багшлаж, тариачны ар гэрийн хамаг хүчир ажлыг гүйцэлдүүлэх болов. Москвад албаа хааж байсан гэрийн эзэн хүндээр өвчлөж ар гэртээ иржээ.
 
 
Эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь нас балчир учир Андрей тариачин болж тариа тарьж, хадлан хадаж гэр орноо тэжээх болов. Яваандаа бага зэрэг хөлжөөд мал ахуйтай болж, хуучин орон байраа ч засч сэлбэлээ.
 
 
1920 оны намар Андрей Москвад сурахаар одов. Элсэлтийн бичиг баримтаа тэрээр Москвагийн Их сургуулийн физик-математикийн салбарын байгаль шинжлэлийн ангид элсэхээр бүрдүүлсэн хэдий ч Цэргийн хуягт техникийн дээд сургуулийн автотехникийн дамжаанд суралцахаар болсон байна.
 
 
Андрей 1921 оны намар Ломоносовын нэрэмжит Их сургуулийн Механик-Цахилгаан техникийн дээд сургуульд орж шөнийн манаачаар ажиллаж гэрээр хичээл заах болжээ. Зун болгон тэрээр тосгондоо газар тариалангийн ажилд зүтгэнэ.
 
 
1923 оны хаврын түрүүчээр Андрей Симуковын замналыг эрс өөрчлөх үйл явдал болсон нь П.К.Козлов хэмээх хүний лекцийн тухай зар сониноос олж уншаад, тэр нэрт жуулчин Монгол-Төвдийн хээрийн хайгуулын анги зохион байгуулах гэж буйг мэджээ.
 
 
Өргөдөл гаргасан хэдэн зуун хүнээс гурвыг сонгосны нэг нь Андрей Симуков байв. Козлов хожим дурсахдаа, ажилтан сонгон шалгаруулахдаа заяаны хань сонгохоос ч илүү өөнтөгч нүдээр харж сонгосон юм гэсэн байдаг.
 
 
1913-1916 онд Монголд Оросын Ерөнхий консулоор ажиллаж байсан, Симуковын авга нь болох Александр Яковлевич Миллертэй дотно танил байсан нь нөлөөлсөн байж ч болох юм.
 
 
Монголын төлөө ажиллаж эхэлснээ Симуков "Анх 1923 оны есдүгээр сарын 26-ны өдөр, СССР-ийн Ардын Комиссариатын газраас санаачлан санхүүжүүлсэн П.К.Козловын удирдсан Оросын газар зүйн нийгэмлэгийн хээрийн хайгуулын ангийн бүрэлдэхүүнд багтан Монгол Улсын хилийн дээсээр хөл тавьж билээ" хэмээн бадрангуй сайхнаар дурссан байдаг.
 
 
Гэсэн хэдий ч хүний хүч хөдөлмөрийн үр шимийг яс махандаа тултал мэдэрч ухаарсан тэрээр явсан газар болгондоо мэдлэг эрдмийг сурч явжээ. Энэ хайгуулын ангийн ажил түүнд их сургууль болсон гэнэм. Өөртөө тавьсан гол зорилт бол хэл сурах явдал байсан бөгөөд түүнийгээ гарамгай сайн биелүүлснээ хожим нь онцлон бичсэн байдаг.
 
 
Хээрийн шинжилгээний ажил дуусахад 1926 оны намраа Андрей Дмитриевич Симуковыг Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн , дарга Цэвээний Жамсран авхай тус хүрээлэнд ажиллуулахаар урьжээ.
 
 
Ээждээ бичсэн нэгэн захидалдаа Андрей "Монголд очих л юм бол би эргэж мөд ирэхгүй, тэр тухай бодохын ч хэрэггүй гэж мэдээд байсан юм" хэмээн бичиж байжээ. 1927 оны нэгдүгээр сараас 24 настай Андрей Симуков Судар бичгийн хүрээлэнгийн музей, зураг зүйн тасгийн даргаар томилогдон ажиллах болж, хуучин Богдын ордонд музей нээхийг даалгасан ёсоор 1927 оны зун гэхэд тэр ажлаа биелүүлсэн ажээ.
 
 
Симуков таван ажилтан дагуулаад Хэнтийн баруун урд нутаг руу шинээр мэдэгдсэн хоёр булшинд археологийн малталт хийхээр явсан юм. Нэг булшнаас хятад бичиг бүхий нэгэн аяга олдсоноор Ноён уулын булш бунхны он тооллыг анх удаа нарийн тогтоох боломж гарчээ.
 
 
Тавдугаар сард эхнэр Мелания Алексеевна араас нь Оросоос ирж хээрийн шинжилгээний ангид ургамал цуглуулагч, гэрэл зурагчнаар ажиллах болж, тэр хоёр Монгол нутгаар хөндлөн гулд урт аяныг хамтдаа туулсан билээ.
 
 
1927 оны долоон сарын дундуур хоёр ажилтан буюу музейн туслах Жаргал, ажилтан Жамба, эхнэр М.А.Симукова нарын хамтаар анхныхаа говийн таван сарын аялалд гарчээ.
 
 
1927 оноос 1939 оны хооронд А.Д.Симуков 15 томоохон хээрийн шинжилгээний анги, өчнөөн олон аяллын удирдагч, гишүүнээр ажилласан байдаг. Монголын нутгаар нийтдээ 70 мянган км хөндлөн гулд аялж, 1936 он хүртэлх хээрийн шинжилгээний ангийн ажлын тойм, үр дүнг тэрбээр хоёр томоохон бүтээлдээ нэгтгэн бичсэн ажээ.
 
 
Тухайлбал, А.Д.Симуков Хангай, Говийн нутгийн физик-газар зүйн судалгаа хийж газрын зурагт анх удаа хэд хэдэн уул нуруудыг /Монголын Тяньшань уулын отрог буюу хаяа уулс/ тэмдэглэн буулгаж, монгол нутгийн байгалийн үндсэн бүсүүдийг, тэдгээрийн хэвтээ босоо шугамын хувиралтыг тодорхойлон, бүсийн үндсэн ургамал, амьтныг цогц байдлаар илрүүлэн, ургамал, томоохон хөхтөн амьтны тархац зэргийн газрын зураг гаргасан байна.
 
 
А.Д.Симуков анх удаа Монголын физик-газарзүйн бүсчлэлийг санал болгосон ажээ. А.Д.Симуков газар зүйн ландшафт нь хүний үйл ажиллагааны талбар тул түүний элементүүдийг улс орны эдийн засагт ашиглах арга замыг хайх ёстой гэж үзэж 1930-аад оноос эдийн засгийн газарзүйн асуудлуудад анхаарлаа хандуулах болжээ.
 
 
Энэ үед А.Д.Симуков монгол нутгийн бэлчээрийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж бүтэц, шим тэжээлийг нь газарзүйн байрлалтай нь уялдуулан авч үзсэн байна. А.Д.Симуков Монголын хангай, говь нутгийн нүүдлийн хэв маягийг анх удаа илрүүлэн ангилж, мал аж ахуй эрхпэх арга барилыг задлан шинжилсэн билээ.
 
 
Симуков монгол орны засаг захиргааны анхны шинжлэх ухааны үндэстэй бүсчлэлийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхийлэн оролцож, эдийн засгийн анхны бүсчлэлийг санал болгож, тухайлбал Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын байрлалыг зааж өгчээ.
 
 
А.Д.Симуковын идэвхтэй оролцоотойгоор цаг уур судлалын станцуудын сүлжээг буй болгосон, бас түүний анх судалж үзсэн халуун рашааны газарт хожим нь сувилал байгуулсан байдаг. Монголыг судлах хэтийн чиг баримжааг боловсруулж, ашигт малтмалын хэд хэдэн орд газар, чулуужмал ургамлын илэрц газрыг зааж үлдээсэн байна.
 
 
Улсын музейд зориулж А.Д.Симуковын хээрийн шинжилгээний анги угсаатны зүй, ургамал ба амьтан судлал, ашигт малтмал, балар эртний судлалын үзмэр зэрэг үнэтэй цуглуулга хийж өгсөн бөгөөд үлэмж их хэмжээний гэрэл зургийн өв сан үлдээсэн юм.
 
 
Тэр хүнд бэрх цагт ийм их хэмжээний хээрийн шинжилгээний ажил гүйцэтгэж чадсан нь ганц түүний хичээл зүтгэл, хөдөлмөрч зан, ажилтнуудын ур чадвараас гадна нутгийн ард олны дэмжлэг туслалцаа их, Симуков өөрөө тэдний дунд тун ч нэр хүндтэй байсных биз ээ.
 
 
Хэл усыг нь сайн мэдэх нь түүнд их дэм тус болсноос гадна тайван уужим сэтгэл, нийцтэй алиа хошин зан араншин нь туслахаас гадна монгол нутгийн хаа ч явсан Симуков хүн ардад хүндтэй хандах нь хүн зоны сэтгэлийг өөртөө татдаг байжээ.
 
 
Хамгийн гол нь Симуков Монголд үнэн голоосоо элэгтэй, ард олны дунд орж амьдарч чаддаг, хүмүүсийн зовлон жаргалыг сайн мэдэж мэдэрдэг, тэдний л төлөө ажиллаж амьдарч байжээ. Түүнийг хаа ч явсан өөрийн дотны хүн мэт угтаж, зөвлөлдөж, гэрийн найр наадамд ямагт урьж байжээ.
 
 
Улаанбаатар дахь түүний гэрт хөдөөгийнхөн байнга буудаллаж тэд, "Шар, өндөр Дамдинсүрэн" гэдэг байхав. 1928 оны хавар төрсөн хүүдээ Алтай гэсэн нэр өгч, охиноо Говь гэж нэрлэх гэсэн боловч эхнэр нь Андрей Дмитриевичийн ээжийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Наталья гэх болсон аж.
 
 
Музейгээс гадна тэрээр ерөнхий газарзүй, зураг зүйн кабинет, цаг уурын товчооны ажлыг давхар эрхэлж Монголын Судар бичгийн хүрээлэнгийн газарзүйн хорооны эрхлэгчээр найман жил ажиллажээ. Симуковын даруухан гэрт оросоос ирсэн олон ч эрдэмтэн, мэргэжилтэн Монголтой анх танилцдаг байжээ.
 
 
А.Д.Симуковын идэвхтэй оролцоотойгоор 1935 онд Шинжлэх ухааны хорооны дэргэд мэргэжилтэн бэлтгэх дамжаа нээсэн нь хожмын их сургуулийн үр хөврөл болж Андрей Дмитриевич тэнд газарзүйн хичээлийг монголоор заадаг байв.
 
 
Газарзүйн нэр томъёоны толь зохиож, түүний зэрэгцээ газарзүйн нэвтэрхий толь, тайлбар толийн маш их хэрэглэгдэхүүн бэлтгэсэн байдаг юм. Тэрээр Монголын түүх, бурхны шашин, дорно дахины гүн ухааныг судалж байжээ.
 
 
Шинжлэх ухааны хорооны түүхийн кабинетын залуухан эрхлэгч Ш.Нацагдоржийн хүсэлтээр Симуков түүхийн сурах бичгийн эртний түүхийн бүлгийг худам монголоор бичиж өгсөн байдаг.
 
 
Монголыг зүрх сэтгэлээрээ ойлгоход нь түүнд Ц.Жамсарано, Б.Ринчен нар нөлөөлсөн нь дамжиггүй бөгөөд арай хожуу Д.Нацагдорж, Ц.Бадамжавынхантай, бурхны шашин судлаач М.И.Тубянский, газар зүйч И.П.Рачковский нартай дотносон нөхөрлөж явсан юм.
 
 
Симуковынхан С.А.Кондратьев, доктор П.Н.Шастиныхантай гэр бүлийн анд нөхөд, олон жил хамтран ажиллаж ирсэн өөрийн туслахууд Фучин, А.А.Турутанов, П.Ф.Чухломин, анчин Г.М.Корчановын гэр бүлийхэнтэй дотно харилцаатай байжээ.
 
 
1931 онд Симуковынхан гурван настай Алтай хүүгээ хүнд өвчнөөр алдаж уй гашууд автсан юм. Түүнээс хойш хоёр жилийн дараа төрсөн охиноо бас алдах вий гэсэндээ 1934 онд гэрийнхнээ Орос руу явуулаад нэн яаралтай ажлаа цэгцлээд араас нь явахаар зэхэж байжээ.
 
 
Эдийн засгийн газар зүйгээр онолын мэдлэгээ зузаатгаж энэ зуур хуримтлагдсан эрдэм номын бүтээл ажлаа эмхэтгэн хэвлүүлж, үүний дараа Монгол, бүр Төв Азийн цогц судалгаанд орохоор завдаж байсан юм.
 
 
1934 онд "БНМАУ-ын газарзүйн атлас" бүтээлээ Симуков орос, монгол хэлээр эмхэтгэн гаргасан нь нийтдээ 18 газрын зураг, картограммтай байжээ. Үүнд, улс орны байгалийн шинж байдал, засаг захиргааны байгуулал, угсаатны зүйн газрын зураг, хүн амын тоо нягтралыг аймаг бүсээр нь тусгаж, таван хошуу мал тус бүрээр нь мал аж ахуйн төлөв байдлыг тодорхойлсон байна. Уг атлас нь Монгол судлалын түүхэнд энэ төрлийн анхны бүтээл болсон юм.
 
 
Мөн ондоо А.Д.Симуков Монгол орны байгаль, хүн ам, аж ахуйн тухай бүрэн цогц мэдээлэл бүхий "БНМАУ-ын газарзүйн найруулал"-аа эмхэтгэн гаргаж түүнийгээ хураангуйлан сурах бичиг болгож хоёуланг нь монголоор орчуулжээ.
 
 
1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газар Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэсэг ажилтныг төрийн одон, медалиар шагнахад А.Д.Симуковын нөр их хөдөлмөрийг зүй ёсоор үнэлэн "Алтан гадас" одонгоор шагнасан байдаг.
 
 
Тэр ондоо буюу А.Д.Симуковын хэлсэнчлэн "Шинжлэх ухааны хүрээлэнд ажилласан арав дахь бөгөөд сүүлчийн жилдээ" Монголд он удаан жил ажиллаж туурвисан эрдэм номын бүтээлүүдийнхээ дийлэнхийг ашиглах, хэвлэхэд бэлэн болгон Шинжлэх ухааны хүрээлэн, СССР-ийн бүрэн эрхт төлөөлөгчид хүлээлгэн өгөхөд бэлтгэжээ.
 
 
Гэтэл эх нутгийн зүг хөлгийн жолоогоо залж даан ч чадсангүй. Ажил улам нэмэгдээд ээлж халаа нь ч ирсэнгүй. 1936-1938 онд А.Д.Симуков Цагаан Богд руу хоёр, Говь Хангайд тус бүр нэжгээд хээрийн шинжилгээний ажлаар явж дараа нь баруун аймгуудаар таван сараар аялж Монгол орны баруун хязгаарын бүх ястан ард олны эрхлэх аж ахуй, аж байдал, соёлыг судлажээ.
 
 
1937 онд А.Д.Симуковын хоёр дахь охин, "Сэрэлт" киногоор сайн мэдэх "орос доктор Доржпалам" төржээ.
 
 
1940 оны дөрөвдүгээр сарын 22-нд түүнийг Улаанбаатараас тусгайлан харгалзуулж Улаан-Үдийн шоронд хүргүүлжээ. 1941 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр А.Д.Симуковыг "ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 58-10, 58.11. зүйлээр буюу зөвлөлтийн эсрэг байгууллагад оролцсон хэмээн Дотоод Хэргийн Ардын Комиссариатын газрын тусгай зөвлөлгөөний шийдвэрээр найман жилийн хорих ялаар шүүлгүйгээр яллажээ. 1956 оны 12 дугаар сард, "хэргийн бүрэлдэхүүнгүй" гэж А.Д.Симуковыг бүрэн цагаатгасан билээ.
 
 
А.Д.Симуковын Монголд олон жил ажиллаж туурвисан бүтээлүүдээс нь амьд сэрүүнд нь "БНМАУ-ын газарзүйн атлас" Улаанбаатарт 1934 онд, Монголд "Симуковын ногоон" гэж олноо алдаршсан "БНМАУ-ын ерөнхий газрын зураг" Улаанбаатарт 1937 онд, "Монголын аж ахуй", "Орчин цагийн Монгол", "Шинэ толь", "Монголын үндэсний соёлын зам" сэтгүүлүүдэд 30-аад эрдэм шинжилгээний өгүүлэл нь нийтлэгдсэн байдаг.
 
 
Өдгөө, А.Д.Симуковын бүтэн үлдэж хэвлэгдэн нийтлэгдээгүй зохиол бүтээлүүд Монгол Улсын Шинжлэх ухааны Газар зүйн хүрээлэн, Үндэсний төв архивт хадгалагдаж буй билээ.
 
 
А.Д.Симуковын хэвлэлд бэлтгэж байсан зарим зохиол бүтээл нь одоо хэр архивт олдохгүй байгаа ба тухайлбал "БНМАУ-ын говийн газарзүйн найруулал". "Хангайн төв нутгийн газар зүй", "БНМАУ-ын хураангуй газарзүй, II хэсэг", "1927 онд говиор аялсан шинжилгээний ангийн өдрийн тэмдэглэл", "Монголын газрын зураг зүй", "Хүн ам, мал сүргийн нягтшилд газар зүйн орчин нөлөөлөх тухай тэмдэглэл",
 
 
"Аргаль" найруулал болон "БНМАУ-ын сүм хийдүүд", "БНМАУ-ын хөдөө аж ахуйн газрын зураг", "Баруун говийн газрын зураг" зэрэг газрын зураг зүйн бүтээлүүд нь юм. 1936, 1937, 1938 оны хээрийн судалгааны өдрийн тэмдэглэлүүд, 1937 онд гэхэд 75 хувийг нь бэлэн болгосон "Эдийн засгийн атлас", газар зүйн нэр томъёо, газар зүйн нэвтэрхий тайлбар толийн хэрэглэгдэхүүн мөн адил олдоогүй билээ.
 
 
 
Хэвлэгдээгүйг нь хүртэл оруулан А.Д.Симуковын зохиол бүтээлийн жагсаалтыг Монгол Улсын Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, өдгөө газарзүйн шинжлэх ухааны доктор П.Цолмон анх нийтэлсэн юм.
 
 
1990 онд том охин Н.А.Симукова надад аавынхаа зохиол бүтээлүүдтэй танилцаж хуулбарлан авах боломж олгосон юм. Монголын Шинжлэх ухааны академийн тэр цагийн удирдлага, академич Н.Содном, С.Норовсамбуу, тэр цагт Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн захирал асан доктор С.Жигжид, эрхэм нөхөр П.Цолмон нарын санаачлага, ач тусаар дээрх нэр бүхий гар бичмэлүүдтэй Монголд танилцах аз завшаан тохиосонд миний бие чин сэтгэл зүрхний гүнээс талархан явдгаа энд цохон тэмдэглэсү.
 
 
Мөн, цаг заваа огоорон надад туслаж байсан Газарзүйн хүрээлэнгийн болон Улсын Төв архивын ажилтнууд, А.Д.Симуковын зээ хүүхдүүд С.Баяр, С.Зориг, С.Оюун нар хийгээд миний төрсөн, хайртай дүү Доржпалам нар минь тэр халуун өдрүүдэд хэзээд туслан дэмжин байсныг яахин мартах билээ.
 
 
А.Д.Симуковын эрдэм шинжилгээ судалгааг задлан шинжилж шүүх нь монголч, газарзүйч, угсаатны зүйч, ургамал судлаач, амьтан судлаач эрдэмтдийн хийх хэрэг буй за. Харин энд зарим онцлогийг нь тэмдэглэе. А.Д.Симуковын бүтээлүүд нь хээрийн шинжилгээний ажлынх нь үр дүн юм.
 
 
А.Д.Симуков Монголыг судлаад зогсоогүй бас тэнд амьдарч, аливааг "дотроос" нь таньж мэдсэн, энэ орны хэтийн төлөө ажиллаж амьдарч явсан учраас ард олны дунд ихээхэн хайр итгэл, нэр хүндийг олсон, чухамхүү ингэсний ачаар л таниж мэдэж, үзэж харж, судлаж шинжлэх боломжтой байсан бөгөөд харин Монголд түр хугацаагаар ирж байсан судлаачдад тийм боломж тэр болгон олдохгүй биз. А.Д.Симуковын бүтээлүүд Монголын хамгийн ээдрээтэй, хамгийн бага бичигдсэн цаг үеийн байдлыг харуулсан юм.
 
 
2007 онд зээ дүү С.Баяр маань япон нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар нагац аав А.Д.Симуковынхоо одоогоор олдсон эрдмийн зохиол бүтээлийг хоёр том боть дагалдах багахан хавсралт товхимлын хамтаар эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгосон нь эл эгэлхэн мөртлөө энгүй эрдэмтэн хүний гэгээн дурсгалд босгосон хөшөө мэт дурсгал болохын сацуу гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний үнэтэй нандин хэрэглэгдэхүүн байх нь дамжиггүй юм. А.Д.Симуковын бүтээлүүдийг хэвлэн нийтэлснээр Монголыг судлах хүмүүст тустай, дэлхийн монгол судлалын санг хамгийн өргөн утгаар баяжуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэе.
 
 
Эх сурвалж: "Соёмбо"