sonin.mn

 

Говийн догшин хутагт Данзанравжаа 1821 онд Өвөрбаясгалант хэмээх зүүн гар талдаа дов толгодтой, урд талдаа 108 ширхэг хайлаасан ойтой бөгөөд зүүн талд орших булгаас эх авсан урсгал бяцхан голтой үзэмж төгөлдөр нутагт Хамарын хийдийг байгуулж байжээ.
 
 
Зүүдэнд маань ийм газар Монголд байна гэж айлдсан багшийн үгийг санан явсаар сонгон олсон гэдэг. Одоо сэргээн байгуулсан хийдийн хоёр дуганы завсар бурхан багшийн баримлыг урласан бөгөөд тэнд анх газар үзэж явах үед нэгэн эр гурван тийш буу зоосон хэвтэж байжээ.
 
 
"Хилийн хормой" гэгч сайн эр Монголд ирж байгаа Хятадын жинчдээс татвар авч байгаад баригдан есөн эрүү шүүлт даван цөлөгдсөн нь энэ ажээ. Тэрээр, жинчдийг орж ирэхэд нь тэмээний бөхөнд жижигхэн гүрвэлийг шургуулж орхидог байв. Буцахад нь гүрвэл хатсан байвал удсан хоногийн тоогоор нэмэгдэл татвар татаж ядуу айл өрхөд тарааж байсан "ардын гаальч" ажээ.
 
 
Одоогийн гаальчдаас өөр төрийн хар хүн байж дээ. Ноён хутагт энэ хүнийг ихэд сайшаан билэгшээсэн гэдэг. Сэтгэл сэргэж, хийморь бадарсан энэ сайхан газраар нэг ангийхан анд нөхөд, ахан дүүсээ дагуулан аялаад ирлээ.
 
 
Хийд 1938 он хүртэл дөрвөн аймагтай, 500 лам бүхий шашны томоохон төв болон өргөжиж намтар дуулах дацандаа "Саран хөхөө" жүжгийг тоглож байжээ. Манж түшмэдүүдийг хянахаар ирэх үед үлгэр тоглож буй мэт боловч үнэндээ 30 хоног тоглодог том бүтээл байсныг 2004 онд Драмын академик театр сэргээн тоглосон билээ.
 
 
Энэ нь, Монголын урлаг соёлын ертөнцийг мялаасан сайшаалтай үйлс болжээ. Харин энэ жилээс жил бүрийн уран бүтээлийн нээлтийг энэ жүжгээр нээж байх болсон сурагтай. Хүүхдийн дацан хэмээх Монгол бичиг, соёл, дуу хуурын сургуулийг байгуулсан нь Ардын сургуулиас даруй 100 жилийн өмнөх хэргээ.
 
 
Тэнд эрэгтэй эмэгтэй хүүхдийг ялгалгүй сургаж байсан нь тэр харанхуй үед маш их эр зориг гаргасан томоохон үйл хэрэг байв аа. Хийдээс хоёр км зайтай Шамбалын орон хэмээгчийг 52 насандаа байгуулсан нь эдүгээ ихэд алдаршиж одоо хотынхон цувах боллоо гэлцэнэ. Шамбалын орны шавийг тавих үед шавь нар араас нь дагалдан зогссон нь 20 км орчим урт сунаж гэнэ.
 
 
Шавь нараа нэг нэг чулуу гартаа барьж зогссон газраа тавь гэсэн нь Шамбалын мөр хэмээх билэгдлийн замыг үүсгэснийг одоо чулуугаар зурваслан тэмдэглэжээ. Энэ замаар дамжин Шамбалд орвол дэлхийд хоёрхон байдаг сансрын энерги агуулсан энгүй сонин гайхамшигтай газарт очно.
 
 
Одоогоор 150 орны хүмүүс ирсэн ялангуяа Буриад, Халимагийн буддын сүсэгтэн олноор ирдэг гэж сонслоо. Хүний оюун ухаань: энергийг сансрын энергитэй холбодог гэхээр энд сонирхон бясалгал хийгчид олширсоор байгаа юм байна. Нэгэн америк энд бясалгал хийнэ гээд ганцхан хоноод чадалгүй буцсан гэх ...
 
 
"Бэрдийн хоолой" гэдэг нэртэй чулуун хад байна. Түүний хонхор ам мэт нүхэнд болохгүй бүхнээ, нүгэл бүрээ цаасан дээр бичиж шатаавал ховдог бэрдийн ходоодонд шингэн эргэж буцахгүй болох ёстой ажээ. Оюутан залуу нөхөд маань нүглээ бичсэн цаас барин гүйлдэнэ.
 
 
Элээсэн оймсоороо Г.Аким багш бид хоёр нүглээ наминчилмаар мэт боловч тиймгүй ажээ. Цаашилбал цагийн хүрдэн оршино. Тэнд одоо нас, өнгөрсөн үе, ирээдүй цагийг нэгэн дор цувраа овоогоор дүрслэн цаг ямагт санан явахыг анхааруулна.
 
 
"Мандлын гурван цагираг" нь Шамбалын орныг бусад орчинтой холбогч шидтэй бөгөөд Шарилын уул буюу Ханбаянзүрх уултай холбоно. Энд архийг шившин хүслээ болгоон өргөвөөс рашаан болдог гэлцэх тул хүн бүр рашаантай болж арвилан хэрэглэхийг бодно.
 
 
Шамбалын орны овоонд цацал өргөн ёслоод барьсан найман томхон суварга, барьж буй жижгэвтэр 100 суваргад мэхийн хүндлэв. Жижиг суваргыг бүтээхэд буяны хандиваар барих захиалга авч байгааг Баатар ламтан анхааруулан хүүрнэв.
 
 
Том суварга 1,8 сая, жижиг суварга 800 зуун мянган төгрөгөөр бүтнэ. Дорноговийн нэрт уран бүтээлч Цагаандэрэм тэргү, буяны ариун үйлсээр суваргуудыг бүтээхээр буцаж буй цагийг аргамжин тэмцэнэ. Оюутан залуу нөхдийн ажил үйлсэд амжилт хүсэн Цагаандэрэм багш сургаалаа харамгүй хүртээн, чихийг мялаан Ноён хутагтын тухай өгүүлнэ.
 
 
Даянчин агуй
 
Эрхэм нөхөр Баатар маань цааш замчлан одож машиндаа сууж хутагтын даянчлан сууж байсан агуйд хүрэв. Энд 108 агуй бий гэх бөгөөд Мулдашевын "Бурханы орны эрэлд" хэмээх номонд Шамбалын үүд Түвдийн уул, Монголын говьд бий гэж дурьдсан байдаг билээ.
 
 
Агуй нь Монголын гурван тахилгат агуйнууд болох агуу их Даян дээрх, Төвхөн ханы хамт холбогдон сансрын энергийн бүслүүрийг үүсгэнэ гэж A багш маань үздэг билээ. Ноён хутагтын нууц тарни, ёогийн эрдмийг судалсан ариун агуй энэ байна.
 
 
Агь тарниар алсын зайнаас удирддаг, хол зайд юмсыг захирдаг увидас эзэмшинэ. Агуйн үүдээр орсон хүн ханаар гарах ид шидийг олох ёстой байдаг ажээ. Бясалгаж дуусахын үед багш лам долоо хоног хамт сууж шалгаад дараа нь нууц тарнийг чихэнд шивнэн хэлж өгдөг.
 
 
Энэ мэт хатуу бясалгалыг тэр болгон давдаггүй ажээ. Давж чадаагүй даянч агуйдаа үүрд үлдэх ба үүдийг нууцлан дардаг гэлцэнэ. 108 хоног өнгөрсний дараа гарч ирээд дэвсбэл агуйн үүдэнд байх тавган доторх пүрэв өвөр дээр нь унаж ирвэл сая увидас оллоо гэнэ.
 
 
Ноён хутагтын ид шид олсон агуй, номын өргөө агуй, манзын агуй зэрэг олон агуйг үзэн танин мэдэхүйн баярт таван оюунаа чилээн харан баясах нүд хийгээд сонорлон анирлах шавь нараа бараадан мацсаар . Манзын агуйд хоол идсний дараа аягаа үрдэг урт вандан байх бөгөөд 54 хоноход зөвхөн ёроол үлдэнэ.
 
 
Үлдсэн 54 хоногт хоосон мацаг барьж гарна гэсэн хэрэг. Энд байгаа 108 агуйнаас хоёр агуй битүүмжтэй байгааг аминчлан хүүрнэх журмын нөхөртэйгээ номын садан болж гар гараасаа барилцан уруудан ёслов.
 
 
Эндхийн хамгийн сонирхолтой үзмэр болох "Эхийн умайгаар" эвтэй нь аргагүй цувран гарч мэндэлсний баяр хөөрийг эдлэн ертөнцийг дахин сайшаана. Миний үзэх хорхой хөдөлж байн байн лавлав. САКУРА цэцгийн бутыг өөрийн нүдээр үзэж сэтгэл ихэд ханав.
 
 
Монголын нийслэлд манай сургуулийн хашаанд ч тэр хэрээрээ тордоод ургуулж чадаагүй сакуран бут нэгэн жалгыг даган битүү урган цэцэглэжээ. Японы элчингийнхэн ирж үзээд дуу алдан шагширсан гэх сакура мөн таван сарын эхээр яг л нутагтаа байгаа мэт ягаан туяатай цагаан цэцгээр гоёно.
 
 
Манай хойд хангайн сурнагийн далийн ягаан цэцэгтэй ойролцоо санагддаг билээ. Агуйнуудаар дүүрсэн хавцлын төвд цомцойх "Чулуун суудал" баруун хойд наран шингэх зүгт хандан тогтсон тэр л хэвээрээ. Нэгэн цагт шавь нартаа сургаал айлдаж байсан Ноён хутагтын түүхийг хүүрнэх эзэн юугаа хүлээнэ үү.
 
 
Өнөөдрийн болон өнийн явдлаа цэгцлэн хорвоо ертөнцийн явдлыг бясалгадаг ариун шидтэй суудал. Ийн суун гэгээрхүйд архийг хүч тамирын идээ болгон хувиргаж оюун сэтгэлийг ариусгадаг хутагтын ид шид гэж ухаарахыг сануулна. 1832 онд "Хар морьт баатар" гэгч япон самурай ноён хутагтад шавь орж хоёр жил орчим хамт байжээ. Түүний бэлэглэсэн самурайн сэлмийг хожим музейд сонирхон үзсэн билээ.
 
 
Луугийн яс, чулуун мод 
 
Аяллын дараагийн замаар замнан луугийн яс буюу динозаврын олдворыг хэн болгонд үзүүлдэггүй чулуужсан модны хамт сайн хүний нэрээр үзэж амжив. Бүгдийг сонирхон дурсгалын зургийг татуулан явсаар буцаж хийд дээр ирвэл нэгэнт үд өнгөрчээ. Баатар лам маань хурал номондоо хурах цаг болсон тул өчигдөр тэрлэсэн шүлгээ өгч дараа уулзахын ерөөл тавин салав.
 
 
 
Шарилын уул буюу Ханбаянзүрх уул
 
Хамарын хийд орсон хэн боловч 20-иод км зайтай орших энэ хавьдаа хамгийн өндөр далайн түвшнээс 1800 метр өргөгдсөн Шарилын уулнаа заавал ирж мөргөн хүслээ даатгах бүлгээ. Говийн гуравдугаар хутагт Жамъянданзан 25 насандаа жанч халахад сүнс нь шингэсэн уул гэнэ.
 
 
Домог ийн хүүрнэнэ. Гуравдугаар Ноён хутагтын аав нь мэргэн Цэдэн гэгчээс 100 лан мөнгө зээлээд төлж чадаагүй байсаар нэг мэдэхэд хоёулаа нас баржээ. Цэдэн эрлэг номун хаанд зарга мэдүүлжээ. Ингээд зарга хагалахын тулд хүүг дуудах болж гурав дугаар хутагтыг улаан бурхан өвчин тусган байж аваачин байцаажээ.
 
 
Тэнд очоод эрүү шүүлтэнд зовж байгаа аавыгаа хараад өрөвдсөн боловч аав маань энэ хүнд өртэй түүнийг төлж чадаагүй үнэн болохыг хэлжээ. Эрлэг номун хаан түүнийг эргэн буцаахаар өршөөсөн боловч зайран Банзрагч гэгч биенд нь тос түрхсэн байсанд сүнс орж чадалгүй энэ ууланд шингэжээ.
 
 
Тэр цагаас хойш энэ уулыг шүтэж ирсэн бөгөөд улаан сахиустай Жамсран бурхныг тахих болжээ. Харин уулын сүмд Лхам бурхныг тахьдаг бөгөөд Отгонбаатар хэмээх залуухан лам ээжийн хамт амьдран сууж уншлага уншин уулаа хамгаалан сууна.
 
 
Ээж Бямбаа уугуул нутаг нь Дундговийнх боловч энд нутагшиж идээшин мөргөлч болон бусад сонирхогч нарт дээрх сүмийн түүх, уулынхаа ид шидийг ярьж тайлбарладаг нэгэн. Тэдний цаад дор Жамъянсүрэнгийн гэдэг айл намаржиж цөөвтөр бог малаа хариулан амьдарна.
 
 
Хоёр айл амь нэгтэй ёстой л хөршийн холбоогоор аж төрдөг мэт ээ. Үүр сайхан хаяарч талын нараа залан залан урих үест хэдэн залуугаа дагуулан Ханбаянзүрх уулнаа авирав. Овооны ихийг танд аян замын олзыг бидэнд хэмээн сүслэн багшийн авч очсон хадгаа барьж, архи юугаа өргөн цацаж ёслов.
 
 
Үүрийн улаан туяа улам өтгөрсөөр говийн нар залран дээшлэв. Говийн догшин хутагтын сүнс оршсон дагшин уулын оройд наран мандахыг харж сэтгэл юугаа ариусган хүсэл юугаа шивнэн даатгаж сууваа. Эр хүний жаргал энэ буйзаа хэмээн эрчүүл омогшин бодсон байж магад.
 
 
Наран улам улмаар тэнгэрийн хаяанаас сугаран гарч дэлхий хэмээх бөмбөлөг чинь ингэж эргэж байдаг юм гэлээ. Монголын тэнгэрийг зүсэн өнгөрөх хурдан онгоцны утаа мандах наран зүг одож улаан сүүлтэй солир харвах мэт үзэсгэлэнтэй ажгуу.
 
 
Гэтэл хэн нэгэн нь хойд уулын нар туссан энгэрийг зааж ан амьтан хөдөлж байна гэлцэв. Фото зургийн дурангаар татвал энэ хавийн уулсаар байдаг аргал янгирийн сүргээс харагдсан тэр ажээ.
 
 
Аргалийн тоо 50-60 орчим байдаг тухай Жамъянсүрэн хуучлаад үзэгдэх хүндээ уулын эзэн хангайн баялгаа харуулдаг та нарыг ивээж тэнгэрт бүргэдээ, газар дэлхийд аргал янгираар угтлаа гэж тайлав. Өнөөдрийн оюутан боловч маргаашийн сэтгүүлчийн зураг авах хорхой, ан гөрөөс анх хараад сонирхох хүслэн Оргилыг маань аараг толгодын оргилоор хөтлөн одлоо.
 
 
Бямбаа тайлбарлагч маань уулын сүмийн тухай болон дээрх түүхийг өгүүлсэн билээ. 1938 он хүртэл доод энгэрт харагдах хийдийн туурь дээр цэцэглэж байгаад хэлмэгдүүлэлтийн хар шуурганд нэрвэгдсэнийг саяхан 1998 онд Гомбо гэдэг хүн хувийн хөрөнгөөр сэргээн босгосон байна.
 
 
Энд мөн хүсэл мөрөөдлөө цаасан дээр буулгаад шатаадаг уулын ид шидийн хүч бас байх. Манай залуу нөхдийн хүсэл мөрөөдөл ёстой цалгиж яваа болохоор хүн бүр л бяцхан цаасаа нууцлан нууцлан, дараалан зогсов. Харин осолтой нь юу гэвэл гоомой болоод боломжгүйг хүсвэл уг цаас шатахгүй байх нигүүртэй.
 
 
Зарим нэгэн маань тулаад ирэхэд бичмээр юм олдохгүй байна тэгээд бодоод бодоод олдохгүй болохоор нь бодын шийр дөрвийг гуйчихлаа гэлцэнэ. Худлаа л байхгүй юу даа.
 
 
Ханбаянзүрх уулын урд хөндийд Зүүнбаян цэргийн хотхон алсад сүүмийн алслахад 20-иод жилийн тэртээ цэрэг эрийн амьдралын дурсамж амилна. Цэргийн дадлага сургууль Хар уулын энүүхэнд хийж байхдаа ан амьтан хийгээд уул усныхаа ариун сахиусыг бодох ч тэнхэлгүй байж дээ. Цаг төрийн нугачаанд.
 
 
Эх сурвалж: "Ганзам"