sonin.mn

 Дүн өвлийн хүйтнээр харзны усанд орох нь эрүүл мэндэд тустай хэмээн үздэг хүмүүс Монгол битгий хэл дэлхийд олон болоод байгаа. Энэ нь завхан аймагт ч дэлгэрээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Харзны усанд ороод уламжлал тогтоосон хүмүүс манай аймагт олон бий. Тэгвэл энэхүү санаачилгыг анх гаргасан Монголын рейкийн холбооны тэргүүн Д.Цагаадайтай ярилцлаа.


Та харзны усанд орох санааг хэрэгжүүлээд олон жил боллоо. Ер нь анх энэ санаа юунаас үүдэж төрсөн бэ?

-Анх 1985 онд харзны усанд орвол эрүүл чийрэг ашиг тустай юм байна гэдгийг мэдсэн. Санамсаргүй явдлаас анх санаа авсан л даа. Би чинь Монголд анх зодооны урлагийг оруулж ирсэн юм. Тухайн үед 30 орчим шавьтайгаа Зайсангийн аманд буюу модон дунд бэлтгэлээ хийдэг байлаа. Арванхоёрдугаар сарын үед юм байна.

 

Бэлтгэлээ хийчихээд Зайсангийн гүүрээр өнгөрч явтал хэсэг хүмүүс голын мөс цоолоод түүндээ нүцгэн орж байхыг хараад очтол надад хэн ч учрыг нь хэлээгүй. Тэгээд дараахан нь би түүгээр шавь нартайгаа өнгөрч явахдаа мөс цоолж байгаад орж үзэж байлаа. Харин шавь нар маань хүйтэн уснаас бэргээд орохгүй болохоор нь өөрөө бүгдийг нь барьж байгаад оруулж билээ. Одоо зарим нь таараад тэгж усанд орсноос хойш архаг, ужиг өвчин, астма зэрэг алга болсон гэдэг юм.



Мөс цоолсон гэлээ. Харзны ус гэдэг ойлголт арай өөр байх аа?

-Тийм ээ. Яахав ус, мөрөн гэдгээрээ бол ялгаагүй. Гэхдээ гадаа хүйтний хэм 40 градусаас илүү байна гэж бодоход харзны усны хэм тэг градустай байдаг байхгүй юу. Хүйтний улиралд хөлддөггүй. Харзны хэсэг нь хөлдөхгүй мөртлөө эргэн тойрон дахь ус тэс хөлдчихсөн байдаг. Байгалийн бас л нэг гайхамшиг юм.



Харзны усны гайхамшиг чухам юундаа байна вэ?

-Гол мөрний усанд нар, cap, од эрхэсийн гэрэл байнга ээлжлэн тусч байдаг. Мөн үүрээр 04.00 цагийн үед азоны давхарга хөрсөнд бууж байдаг гэхчлэн байгалийн, од эрхэсийн гайхамшиг усанд шингэж байгаа юм. Иймд байгалийн гол усанд орсноороо хүн байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно.

 

1990-ээд оны үед Францын нэгэн эрдэмтэн "Ус оюун ухаантай" гэж хүртэл хэлсэн. Тэгэхээр усанд орсон хүнийг ариусгаж гаргадаг олон хүн өнөөдөр харзны усанд орж элдэв өвчнөөс илааршиж байгааг хэлмээр байна. Бөөрний дутагдалтай, астматай, хорд хавдартай зэрэг олон өвчнийг харзны усанд байнга орсноор эдгэж байна. Ой гарантай хүүхдийг хүртэл эмчлэх боломжгүй гэж байхад нь Их тэнгэрийн амны харзны усанд аваачиж дөнгөж дүрээд авсан.

 

Эцэг, эх нь харж чадахгүй машиныхаа цаагуур орчихсон. Би өөрөө олон жил орчихсон болохоор тэр нялх амьтанг эдгэнэ гэдэгт итгэлтэй байсан болохоор хийж байгаа зүйлдээ ч зоригтой хандсан. Миний хувьд 20 гаруй жил тасралтгүй харзны усанд орж байна. Энэ хугацаанд ямар ч өвчин эмгэг тусч байгаагүй. Өнгөрсөн жил л шүүгээнээс юм авах гэж байгаад давхар сандлаас хөлөө бэртээж үзлээ.

 

Тэгсэн харин эмнэлэг дээр очоод үзүүлэх гэтэл эмч өвчтөний түүхийн дэвтрээ аваад ир гэдэг байгаа. Амьдралдаа ганц удаа эмнэлэг орж байгаагүй хүн шүү дээ. Бүр эрүүл мэндийн даатгалын ч дэвтэргүй байсан. Хүүхдүүдээ жил болгон харзны усанд оруулдаг болохоор хамрын ханиад ч хүрч байгаагүй юм байна.



Хэдийд, хэдэн удаа орвол зохистой вэ?

-Ер нь хүйтний улирал эхлэхээр харзны усанд орж эхэлнэ. Хичнээн ч удаа орж болно. Гуравдугаар cap хүртэл ордог. Амралтын өдөр, эсвэл өдөр болгон ч орж болдог. Ингэхдээ нэг удаа усанд шумбаад л гараад ирэх ёстой. Гэтэл манайхан уснаасаа гараад эргэж орох зэрэг хэт усанд уддаг. Өвлийн энэ жавар тачигнасан үеэр хүйтэн усанд удаан байх нь ямар олигтой байхав. Хүйтэн усанд хэт удвал яс янгинах, үе мөч өвдөх асуудал гарна. Гол нь хэмжээг нь тааруулах хэрэгтэй.



Ер нь харзны усанд орох хүсэлтэй хүмүүс хоол ундны дэглэм барих ёстой юу?

-Хоолны дэглэм барих шаардлагагүй. Энэ чинь гадны улсаас оруулж ирсэн эм тан биш болохоор бид өөрсдийнхөө нөхцөлд тохирох зүйлийг л хэрэглэх хэрэгтэй. Аль болох илчлэг бүтээгдэхүүн мах зэргийг иддэгээрээ идэж болно.



 Бидэн шиг эрс тэс уур амьсгалтай орны хүмүүс эдгэрдэггүй өвчнийг харзны усанд орсноор эдгээж болно гэж ойлгож болох уу?

-Шинжлэх ухааныг үгүйсгэж байгаа юм биш шүү. Зарим өвчнийг үнэхээр эдгээж байна. Үүнд байгалийн өөрийнх нь өвөрмөц онцлог, хүмүүсийн итгэл үнэмшил нөлөөлж байгаа талтай. Учир нь монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэсэн үг байдаг шүү дээ. Үнэхээр тэр байдал нөлөөлж байгаа юм.

 

Хүйтэн орны хүн байж халуун орны эм тан хэрэглэвэл хэзээ ч бидэнд нөлөөлдөггүй биз дээ. Яг үүнтэй адил зөв гольдролыг дагах хэрэгтэй. Би эмч мэргэжилтэй хүн. Тиймээс хэзээ ч шинжлэх ухааныг үгүйсгэхгүй. Гол нь манай улс өөрөө хөгжингүй буурай орны тоонд хамрагддаг. Томоохон улс орны эмчилгээг манайхан техник, технологи, мэдлэг чадварын хувьд хараахан гүйцэхгүй байгаад оршино.



Манай улс төрийн томоохон эрхмүүд ордог гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. Жил бүр хүрээгээ тэлж байгаа. УИХ-ын гишүүн Г.Батхүү, гишүүн Ч.Сайханбилэг зэрэг хүмүүс гэр бүлтэйгээ хааяа ирж ордог юм билээ. Ч.Сайханбилэг гишүүний эхнэр Байгаль зарим загвар өмсөгчийг эгнээндээ элсүүлсэн гэж сонссон. Энэ чинь байгалийн шидийг мэдрээд бусдадаа үлгэр дуурайлал болж буйн илрэл юм.



Зайсан, Их тэнгэрийн амнаас гадна хаана харзны ус байдаг вэ?

-Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдогийн ойролцоо байдаг амаад өгсөөд их сайхан харзны ус байдаг. Хөдөө орон нутгийн хүмүүс бол сайн мэддэг. Ихэнх нутгуудад байгаа шүү дээ. Хотын хувьд яг тэнд байдаг гээд хэлчихээр хүмүүс шавчихдаг. Анх удаа орж буй хүнд сэтгэлзүйн бэлтгэл маш хэрэгтэй. Өвлийн хүйтэнд хэн ч хүйтэн усанд орохыг хүсэхгүй шүү дээ.

 

Мөн уснаас гарч ирээд хажууханд нь тамхи татах, эсвэл биеэ халааж байна гээд зуун грамм уух жишээтэй. Тэр хавиар хог тариад явчихдаг. Байгаль эхтэйгээ зөв харьцаж байж буцаад буян нь ирнэ шүү дээ. Байгалийн усанд ариусах гэж орсон хүн чинь архи, дарс гарч ирэнгүүтээ уухаар бас л зүйд нийцэхгүй.


 

Д.Даваасүрэн

Эх сурвалж: “Завхан”