sonin.mn
УИХ-ын 2020 оны ээлжит хаврын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, шинээр 3 төрлийн цэрэг байгуулагдсан билээ. Зэвсэгт хүчний бүтцэд Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалаас гадна шинээр Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдсан юм.
 
Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тусгай хүчний цэргийн командлагчаар хурандаа Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар хурандаа Д.Баасандамба нар томилогдсоныг 2021 оны 3 дугаар сарын 2-ны энэ өдөр ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалын бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг танилцуулж, баяр хүргэлээ.
 
 
Хошууч генерал Д.Ганзориг “Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажил шат дараатай явагдаж байна. Үүний нэг нь яахын аргагүй шинээр байгуулагдсан төрлийн цэргийн командлал, удирдах газраа эмхтгэн байгуулж, томилгоожуулж, ажил үүрэгт нь оруулаад байна” гээд шинээр томилогдсон командлагч нарт нэн хариуцлагатай үүрэг таны өмнө байна. Та бүгдэд шинэ төрлийн цэргийг эхнээс нь эмхлэн зохион байгуулах, бүрдүүлж бэхжүүлэх үйлсэд тань амжилт хүсье. Аливаа зүйлийг анхнаас нь эхлүүлэх төвөгтэй, бас ээдрээтэй. Гэвч үүнийг манай Зэвсэгт хүчний Төрлийн цэргийн шинэ дарга нар огт түүртэлгүй хийж чадна гэдэгт итгэл төгс байна. Бид ч бүх талаар дэмжинэ гэлээ. Үүний дараа тэрээр орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний явцын талаар мэдээлэл хүргээд бие бүрэлдэхүүнийг “covid-19” цар тахлаас цаг ямагт урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг үүрэг болгосон юм.