sonin.mn

Монголын хоёр ч дэлгэцийн бүтээл Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа. Лондонд ирэх сарын 20-27-нд болох тус наадамд Б.Отгонзориг найруулагчийн “Эмэгтэй” кино, Э.Ган-Очир найруулагчийн “Дурсаж яваарай” бүтээл шагналт хэсэгт өрсөлдөхөөр болсон байна. Дэлгэцийн эдгээр бүтээл өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийн олон улсын кино наадамд амжилттай оролцож байсан билээ. Тухайлбал, “Дурсаж яваарай” уран сайхны кино шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан бол “Эмэгтэй” кино дөрвөн ч төрөлд нэр дэвшиж байлаа. Энэ удаа “Эмэгтэй” уран сайхны киноны уран бүтээлчид гурав, “Дурсаж яваарай” кино хоёр төрөлд нэр дэвшээд байгаа аж. Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан. Солонгосын нэртэй жүжигчин Ан Жи Мүнийн тоглосон “Choi Hainzan” фильм продакшны анхны уран бүтээл “Эмэгтэй” кино нь өнгөрсөн оны зун онлайнаар нээлтээ хийсэн билээ.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин