sonin.mn
Монгол Улсын иргэн бүрд шууд холбоотой цөөхөн татвар байдгийн нэг нь нэмүү өртгийн албан татвар (НӨАТ) юм. Энэ нь товчхондоо, тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд үйлдвэрлэгчээс гаргасан зардал (үүнд цахилгаан эрчим хүч, ажилчны цалин хөлс зэрэг багтана)-ыг тооцсон байх бөгөөд эцсийн дүнгээс 10 хувийг татан төсөвт төвлөрүүлдэг гэж ойлгож болно. Түүний хоёр хувийг худалдан авагч, иргэнд бэлнээр улирал тутам буцаан олгож, найман хувийг нь төвлөрүүлж сугалаа хэлбэрээр тарааж байгаа. 2016 оноос гараагаа эхэлсэн уг ажлын үр дүнд зарим хүн удаа дараа их, бага хэмжээний мөнгө хожиж, үүнд сугалааг зохион байгуулдаг ажлын хэсгийн холбогдох хүмүүс, IТ-гийн ажилтны “аз нь шовойж” байгаад иргэд таагүй хандаж, хардах эрхийнхээ дагуу эсэргүүцлээ ч илэрхийлж байсан. Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага шалгалт явуулж, “азгүйчүүд”-ийн гомдлыг барагдуулахаар ажиллаж эхэлжээ. Хамгийн сүүлд буюу энэ оны нэгдүгээр сарын 24-ний ням гарагт явуулсан  НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаагаар таван сая төгрөгийг хоёр, гурван сая төгрөгийг 28 худалдан авагч хожиж, магнай нь тэнийж малгай нь унасан боловч бусад хоёр сая гаруй иргэн сэтгэл хоосон, царай баргар хоцорсон нь мэдээж. Уг нь цахим татварын системд зөвхөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 26.2 мянган и-баримтыг бүртгүүлж, худалдан авагчид сугалаанд оролцсон гээд бодохоор хэдэн тэрбум төгрөгийн худалдан авалт байсныг тооцох аргагүй юм. Гэвч дээрх сугалаанд хожсон нь баяр хөөр болж, хожил аваагүй нь барайгаад л хоцорсон байх. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ганц ч удаа 100 төгрөг ч халаасалж үзээгүй азгүй нэгэн байхад хэд хэдэн удаа 30-100 мянган төгрөгийн орлого 30-50 сая төгрөг олсон нэгэн ч байх. Манайхны ярьдгаар “ёндоотой” хүн ондоо ч байдаг биз. Харин үүний эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаар мэргэжлийн хүмүүс арай өөр байр суурьтай байдаг аж. Тухайлбал, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ, “Энэ талаар олон жилийн турш маргаантай явж ирсэн ч үнэндээ татварын тогтолцоогоор дамжуулан мөнгө төгрөг шамшигдуулж, олон нийтэд хандсан сайн тоглолт мэт харагдуулах арга хувилбар гэж хардаг. Сугалааны үйл ажиллагааг зохион байгуулдаг IТ-гийн ажилтан болон түүний хамаарал бүхий иргэн 20-25 удаа ч бил үү, азтан болно гэдэг байж боломгүй асуудал. Тиймээс үүнийг болих хэрэгтэй. Яг үнэндээ НӨАТ нь бүртгэлийн системд суурилж явах ажил болохоос сугалааны урамшууллаар хийгдэх ажил биш. НӨАТ нь татварын дотроос хамгийн их хуримтлал үүсгэдэг хэлбэр юм. Үүнийг ашиглаж орлогын эх үүсвэр болгож байгаа нь маш буруу жишиг. Түүний оронд НӨАТ-ын ашгийг 100 хувь буцааж олгодог болох хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Тийм ч учраас ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаа хэр шударга явагдаж байгаа, үр өгөөж нь худалдан авагчдад хэрхэн хүрч буй талаар хяналт шалгалт хийж эхэлсэн тухай тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ сүүлийн үед нэлээд эрч хүчтэй ярьж байна. 
 
Тухайлбал, НӨАТ-ын сургалааны тохирол явагдсаны дараа “азгүйчүүд” тус газарт санал гомдлоо олноор илэрхийлдэг байна. Нэг өдрийн нийт дуудлага, мэдээллийн 40-50 хувь нь сугалааны тохирол шударга бус явагдаж буй тухай гоморхол, хардалт сэрдэлт байдаг аж. Энэ талаар хяналт шалгалт хийж, нэгдсэн дүнг холбогдох байгууллагад ойрын хугацаанд танилцуулахын зэрэгцээ НӨАТ-ын сугалааг цаашид явуулахгүй байх талаар ШӨХТГ-ын санал боловсруулсан байна. “Их хэмжээний мөнгийг олон удаагийн үйлдлээр хожсон НӨАТ-ын сугалааны үйл ажиллагаанд хамаарал бүхий этгээдүүдийн талаар судалж, ажлаа өгсөн хүмүүст ч хяналт шалгалт, тулгалт хийж байна. Ер нь 2016 оноос зхэлсэн НӨАТ-ын сугалааны тохирол, азтан шалгаруулах үйл явц өнгөрсөн хугацаанд үүргээ хангалттай биелүүлсэн гэж бид үзэж байна. Тиймээс цаашид ийм сугалааны тохирлыг цуцлах тухай саналыг манай байгууллагаас Монгол Улсын Шадар сайдад хүргүүлнэ” гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм. Тухайн сугалааны тохирол, урамшуулал явагдаж ирсэн өнгөрсөн хугацаанд иргэд төлбөрийн баримтаа баталгаажуулж сурахад маш том нөлөө үзүүлснийг үгүйсгэх аргагүй. Гэвч НӨАТ-ын сугалааны тохирлыг болиулах эсэх тухай асуудал нь монгол хүний “муухай зан’’-гаар хэд гурван төгрөг хожсон нэгэндээ атаархаж, өөрийнхөө “азгүй хувь заяа”-ндаа гомдсон хэсэг бүлгийн хүсэлтээр хийгдэж байгаа ажил гэж ойлгож бас боломгүй юм. Учир нь, “ёндоо” бол азтай хүнийг л дагадаг сэтгэл зүйн асуудал бололтой.
 
 
 
Өнгөрсөн таван жилийн хугацаанд 1.2 сая орчим иргэнд НӨАТ-ын нийт дүнгийн 20 хувь буюу 541.8 тэрбум төгрөгийг буцаан олгосны дээр 1.8 сая гаруй худалдан авагч 59.5 тэрбум төгрөгийг НӨАТ-ын сугалаанаас хожсон гэх мэдээллийг Татварын ерөнхий газар гаргажээ Үүний дотор 50 саяас 30 мянган төгрөгийн хонжвор хожсон хүмүүс баггаж байгаа гээд бодвол олсон нь баярлавч “гологдсон” нь уруу царайлдаг “азын сугалаа”-гаа больсон нь дээр гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
 
 
 
Хамгийн ойрын баттай эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн оны сүүлчийн улирлын худалдан авалтын буцаан олголтоор 70 мянга орчим төгрөг дансанд нь орсон байна билээ. Зөвхөн хоёр хувийн буцаан олголтоор төдий хэрийн орлого орж байгаа бол НӨАТ-ын “сохор” сугалааг болиулснаар энэ мөнгө тав дахин өсөх магадлалтай. Тиймээс эдийн засаг дээшилж, иргэдийн санхүүгийн боловсрол төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулах үүргээ нэгэнт биелүүлсэн НӨАТ-ын сугалааны тохирлыг зогсоох цаг болжээ.
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин