sonin.mn
“Хооллох хугацаа дууслаа” гэвэл та хэрхэн хүлээж авах вэ. Бүх нийтийн бэлэн байдлыг сулруулан зарим ААН-ийг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулж эхэлсэн хэдий ч хоолны газруудыг 15 минут үйлчлэхийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Тэгвэл ресторан цайны газррууд, кофе шопууд нэг ширээнд нэг хүн сууж, 15 минутанд үйлчлүүлэх зөвлөмж хэрхэн мөрдөгдөж байгаа талаар сурвалжиллаа.
 
-“Хэдэн сар ажилгүй байчихаад арайхийн орлоготой болж байна” хэмээн “Зочин бууз” хэмээх зоогийн газрын ресепшин хэллээ. Тус зоогийн газарт ширээ бүрийн ард нэг сандал тавин, тусгаарлагчаар тусгаарлажээ. 
-“Халдвараас сэргийлэхийн тулд нэг ширээнд нэг л хүн гэсэн хэдий ч цайны цагаас бусад цагт хүмүүс дор хаяж 2-3-уулаа орж ирж үйлчлүүлдэг. Арванхоёрдугаар сард хэсэг хатуу хөл хориог цуцлан, зоогийн газар ресторануудыг ажиллуулж эхэлсэн. Тэр үед манайх ингэж тохижуулж, халдвараас  сэргийлэх арга хэмжээ авсан юм. Цайны цагаар тоотой хэдхэн л үйлчлүүлэгч орж ирдэг. Энгийн цагаас мэдээж үйлчлүүлэгч хэд дахин бага байна. Үйлчлүүлэгчгүй байгаагаас ялгаа алга. Дэмий нээж дээ гэж хүртэл бодогдсон. Гэсэн хэдий ч түрээс тооцогдож байгаа болохоор ажиллахаас өөр аргагүй.  Зарим ажилчнаа хүртэл чөлөөлсөн. Ашиггүй ч орлогоороо үлдсэн ажилчдынхаа цалинг тавъя гэж бодоод нээсэн. Манайд энгийн үед 8-10 хүн ажилладаг. Одоо дөрөв болгож цомхотгосон. Сүүлийн гурван сар түрээсээ төлөөгүй” хэмээн тус зоогийн газрыг түрээслэн ажиллуулдаг С.Наранцог хэллээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хоолны газруудад нэг ширээнд нэг хүн сууж, 15 минутын дотор үйлчлүүлнэ гэж мэдээллээд байсан. 
Тодруулбал, “Хоолны газрууд ширээгээ 1.5-2 метрийн зайтай байрлуулах, нэг ширээнд нэг хүн суухаар зохицуулалт хийх хэрэгтэй. Хоёр хүн нэг ширээнд сууж 15 минутаас дээш хугацаанд амны хаалтгүйгээр ярьж суух нь халдвар тархах эрсдэл дагуулна. Тиймээс үйлчлүүлж байгаа хүмүүсийн хоол идэх, кофе уух дээд хугацааг 15 минутаар тогтоох хэрэгтэй. 15 минутаас дээш хугацаанд үйлчлэхгүй. Хоол, кофегоо аль болох авч явж ажил дээрээ идэхийг эрмэлзээрэй” гэв.
 
“УОК-ын гэнэтийн шийдвэр дөрвөн сая төгрөгийн алдагдалд оруулсан”    
 
“Монгол зоог” зоогийн газрын менежер Л.Болормаа “Өмнө хөл хорио цуцлаад нээгээд хаасан. УОК-ын гэнэтийн шийдвэр дөрвөн сая төгрөгийн алдагдалд оруулсан. Авсан ногоо, мах гээд амархан муудах хүнсний бүтээгдэхүүнүүд хоёр хоноод л муудчихдаг. Өмнө нь хаширсан болохоор одоо их бэлтгэлтэй байгаа” гэв.
“Хаан бууз” түргэн хоолны газрын эзэн Н.Номин “Манайх энгийн үед 08:30-24:00 цаг хүртэл ажилладаг. Орлого 70 хувь буурсан. Манайх долоон ажилтантай.  Хоёр хоёроор нь ээлжлүүлэн амрааж байгаа. Энгийн үед сургуулийн хүүхдүүдийн хөл тасардаггүй байсан. Одоо гэтэл ашиггүй ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй ачааллыг, дарамтыг тэнцвэржүүлэх үүднээс өөрсдийн саналаа хэлж байна.
 
 
 
Тухайлбал, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан Б.Лхагважав “60 мянган компанид ажилладаг 770 мянган иргэнээ төрөөс анхаарах ёстой. Энэ хүмүүсийн цалингийн 50 хувийг өгөх хэрэгтэй байна гэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд төсвийн 200 мянган албан хаагчийн олонх нь ажиллахгүй, бүтэн цалин аваад явж байгаа. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед төсвийн ажилчдын цалинг танаж, сул зогссон, орлогогүй болсон хувийн хэвшлийнхэндээ тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх ёстой” гэв.
 
 
 
Ийнхүү хөл хориог сулруулж заррим ААН-ийг нээсэн хэдий ч ашиг орлого нь хумигдаж, олон айл өрхийн аж амьдрал доройтож, тэднийг бүрэн хямраах нөхцөл үүссээр байна. Тиймээс халдвар хумих арга хэмжээ нь хөл хорио биш, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, коронатай зэрэгцэн ажиллах нь зөв гарц байж болзошгүй юм. Дэлхийн бусад улс орон ч энэ арга замыг сонгохоос өөр аргагүй гэдгийг онцолсон байна.
 
 
Б.Тамир
Эх сурвалж: “Зууны мэдээ" сонин