sonin.mn
Засгийн газрын баталсан тогтоолоор  2025 оноос төрийн албан хэргийг крилл болон үндэсний Монгол бичгээр хөтлөн явуулж, бүх нийтээр монгол бичигт шилжихээр болсон. Энэ хүрээнд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Тиймээс боловсролын салбарт энэ хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
 
-Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталж, 2025 он гэхэд хос бичигтэй болно гэсэн зорилт дэвшүүлсэн.  Ингэхдээ салбар тус бүр өөр, өөр ажлыг хариуцан хэрэгжүүлэх юм билээ. Энэ хөтөлбөрийн онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
 
-Үндэсний бичгийг бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн гэсэн хэд хэдэн салбарын бодлоготой цогц уялдуулсан нь“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын гол онцлог юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ монгол бичгийн бүх нийтийн хэрэглээний орчинг бүрдүүлэхэд инновац, технологийн дэвшлийг ашиглан төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан.Ингэхдээ салбар, байгууллага тус бүр өөр өөр чиг үүргийг хариуцан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тухайлбал, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах бол Стандарт хэмжилзүйн газар төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг нэвтрүүлнэ. Архивын ерөнхий газар хос бичгээр албан хэрэг хөтлөх журам, тавих шаардлага, заавар, зөвлөмжийг батална.  Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгоно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэх, нийтлэх журмыг хэрэгжүүлнэ. Харин  төрийн бүх шатны байгууллагууд монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах гэсэн олон талаас хамтарч, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажиллана.
 
 
 
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд монгол бичгийн хичээлийг заавал судлах зохицуулалт, бэлтгэл ажлаа эртнээс хангаж, хүний нөөцөө төлөвлөж байх нь чухал.
 
-Өмнө нь Монгол бичгийн үндэсний хоёр ч хөтөлбөр хэрэгжсэн. Бодит үр дүн нь чухам юу байна вэ?
 
- Хамгийн эхний буюу 1995-2005 онд хэрэгжүүлсэн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I” монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтааж, бүх нийтийг сургах, монгол бичгийг хэрэглэх орчин бий болгох зорилготой байсан. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн V-IX ангийн монгол бичгийн хичээлийн стандарт, хөтөлбөрийг баталж, сурах бичгийг хэвлэн, энэ чиглэлийн багш нарыг бэлтгэсэн. Харин 2008-2015 онд хэрэгжүүлсэн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”монгол бичгийн сургалтын орчныг сайжруулж, хэрэглээг өргөтгөх зорилготой байсан. Тиймээс  төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд монгол бичгийг хэрэглэх, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошгыг монгол бичгээр бичих,монгол үсгийн цахим программ нэвтрүүлэн ашиглаж сургах, хэрэглээ болгох гэсэн тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд монгол уран бичлэгийн төрлийг дэлхийн яаралтай хамгаалах биет өвийн жагсаалтад бүртгүүлж чадсан.
 
-Шинэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдын монгол бичгийн хичээлийн цагт өөрчлөлт орох уу?
 
-Одоогийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөгөөр сурагчид VI ангиасаа эхлэн  үндэсний бичгийг судалж байна. Ингэхдээ VI-XII ангийнхан долоо хоногт  хоёр цаг буюу жилд 66 цаг монгол бичгийн хичээл судалдаг. Өөрөөр хэлбэл, дунд ангидаа 264 цаг, ахлах ангидаа 198 цаг үндэсний бичгээ судална. Мөн ахлах ангид монгол хэл, бичгийн хичээлийг сонгон судлах боломжтой.Энэ оны тухайд БШУЯ-наас мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөсөн. Үүний дараа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эсэх тухай хэлэлцэнэ.
 
-2021 онд боловсролын салбарт хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ. Монгол хэл бичгийн багш нарын орон тоог нэмэх, чадавхжуулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
 
-“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг хэрэгжүүлэхэд ерөнхий боловсролын монгол хэл, бичиг, уран зохиолын багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зорилгоор “Оюунбилгийнсоёрхол” цахим сургалтыг энэ сард зохион байгуулсан. Мэргэжлийн 1000 орчим багш оролцож онолын мэдлэг, аргазүйн чадвараа тодорхой түвшинд дээшлүүлсэн. Мөн цахим хичээлийн сан, даалгаврын сан бий болгож, эхний 100 гаруй хичээлийг төвлөрүүлсэн. Цаашид  энэ сургалтыг орон нутагт зохион байгуулна. Учир нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн багш нарын үүрэг, оролцоо хамгийн чухал.
Боловсрол, шинжлэх ухааны яам “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй. Манай яам хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын мэдээллийг улирал тутам нэгтгэн гаргаж, танилцуулж байхаар төлөвлөсөн. Монгол хэл бичгийн сургалтын чанар, арга зүйн шинэчлэл, мэргэжлийн багшийн хөгжлийн асуудлаар бүсийн болон улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөгөөнөөс гарсан санал, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх бодлогод тусгахаар төлөвлөсөн. Мөн Боловсролын хүрээлэнгийн дэргэд монгол бичгийн сургалт, арга зүй, судалгааны чиг үүрэг бүхий нэгж байгуулахаар судалж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын хүрээлэнд түшиглэн монгол хэл, бичгийн хичээлийн арга зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
 
-Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн монгол хэл, Монголын түүх, уран зохиол гэсэн хэд хэдэн хичээлийн сурах бичгийг монгол бичигт хөрвүүлэн хэвлэнэ гэж хөтөлбөрт заасан. Үүнийг хэзээнээс, хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?
 
-Эхний ээлжинд холбогдох стандарт, дүрэм журмыг боловсруулах, юникод нэвтрүүлэх  ажлыг хийнэ. Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежид судлах монгол бичгийн сурах бичиг, толь бичиг, сургалтын бусад хэрэглэгдэхүүнийг шинэчлэн боловсруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. Хүүхдэд зориулан хялбар­шуулсан аргачлалтай мон­гол бичиг сургах мобайл аппликэйшн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Facebook, Youtube гэсэн нийгмийн сүлжээнд монгол бичгийн цуврал хичээлийг шинээр хөгжүүлнэ. Мөн суралцах ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд монгол бичгийн хичээл заахад шаардлагатай стандарт, сурах бичиг, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинээр боловсруулах ажлыг эхлүүлнэ. Энэ бүгдийг мэргэжлийн олон байгууллага хамтарч хийнэ.
 
-Их дээд сургуульд элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалт авч, босго оноо тогтоодог. Энэ шалгалтын агуулгад ямар нэг өөрчлөлт орсон уу?
 
-Монгол Улсын Засгийн газар 2013 онд тогтоол гаргаж эх хэлний хэрэглээний соёл, дархлааг сайжруулах зорилгоор их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг заавал авахаар шийдвэрлэсэн. Шалгалтын үр дүнд суралцагчдын эх хэлний боловсролын чанар жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Гэхдээ өнгөрсөн жил удаан хугацаагаар хөл хорио тогтоосонтой холбогдуулан энэ шалгалтыг аваагүй. Монгол хэл, бичгийн шалгалтын агуулга нь монгол хүн бүрийн мэдэж байвал зохих мэдлэг чадвар, эх хэлний хэрэглээ, дархлааны түвшнийг тодорхойлох улмаар цаашид авах арга хэмжээг бодлогын түвшинд тодорхойлох зорилготой байдаг. Хүүхэд 600-700 үгтэй эх зохиол уншаад түүнийг хэрхэн ойлгосноо илэрхийлж бичих, 40-50 үгтэй зохион бичлэгээс түгээмэл гаргадаг зөв бичгийн дүрмийн алдааг олж илрүүлээд түүнийг зөв болгон бичих, монгол бичгээр хөрвүүлэх болон өөрийн үзэл бодол, саналыг зохион бичлэг болгон бичих чадварыг сорьж байгаа нь монгол хүн бүрд байх наад захын чадвар суулгаж байгаа юм.
 
-Ирэх намраас их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мон­гол бичгийн хичээлийг заавал судална гэж заасан. Үүнийг намраас хэрэгжүүлэх боломжтой юу?
 
-Хөтөлбөр, төлөвлөгөө албан ёсоор батлагдсан. Тиймээс их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд монгол бичгийн хичээлийг заавал судлах зохицуулалт, бэлтгэл ажлаа эртнээс хангаж, хүний нөөцөө төлөвлөж байх нь чухал.Цаашлаад их, дээд сургууль, коллежид суралцагчдаас монгол бичгийн хичээлийн шалгалт авах, шалгалтын дүнг бакалаврын дипломд баталгаажуулах чиглэлээр холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжүүлнэ.Багш бэлтгэдэг их, дээд сургуульд монгол бичгийн хичээл заах арга зүй, сургалтын технологийг шинэчлэх, багш нарын мэдлэг ур чадварыг сайжруулах сургалт семинар зохион байгуулж, “Монгол бичиг заах аргазүйн хичээл”-ийн хөтөлбөрийг сайжруулах, магадлан итгэмжлэхэд ач холбогдол өгч ажиллах шаардлагатай.
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин