sonin.mn
Цас бударсан амралтын өдөр зорин очсон айл маань Монгол Улсын Зэвсэгт хүчний отгон генерал Ч.Цогтжаргалынх байлаа. Өнгөрсөн 10 дугаар сард тохиосон Монгол Улсад генерал цол бий болсны 76 жилийн ойн өдрөөр гурван хүн мөрдэс дээрээ цэргийн дээд цолыг гялалзуулсны нэг нь Чимэдгочоогийн Цогтжаргал  юм.
Тэр бээр хуучнаар Сайн ноён хан аймгийн Баатар бэйсийн хошууны хүү юм. Сургуулийн захирал, багш аав, эмч ээжтэй тэрээр айлын ууган хүү бөгөөд хичээл зааж буй аавыгаа, өвчинд шаналсан олныг эмчилдэг ээжийгээ харж өөрөө гавьяа байгуулсан дайтай баярлахын зэрэгцээ энэ хэрээрээ ээж, ааваараа бахархан төрсөн нутаг Идэрийн голынхоо усанд шумбаж хүүхэд ахуй цагаа өнгөрөөжээ.
 
МИНИЙ АМЬСГАЛАХ АГААР БОЛ ЗЭВСЭГТ ХҮЧИН
 
10 дугаар ангиа төгсдөг жилээ мэргэжил сонгох талаар хэд хэдэн сонголт байсан хэдий ч цэргийн хүн болохоор шийдсэн ажээ. Учир нь гурван жил цэргийн алба хаагаад ирсэн, цэргийн дүрэмт хувцсаар ижилдэн гоёсон нутгийн ах нарын  цэгцэрсэн бие, жавхаатай байдал, хүнтэй харьцах харилцаа, хандлага зэрэг нь тухайн үед түүнд гүнзгий сэтгэгдлийг төрүүлснээр цэргийн хүн болох сонголтоо хийжээ. Ээжийнхээ эсэргүүцэлтэй тулан байж хийсэн сонголт нь эхэндээ түүнд хүндхэн, халшрам даваа байсныг тэрээр нуугаагүй. Учир нь цэргийн сургуульд орсон даруйдаа "карантин"-д гарсан нь дээд сургуульд орсон бус цэргийн албанд ирсэн мэт санагдаж. Шувуу шиг эрх чөлөөтэй байсан түүнд унтах, босох, идэх, сурах гээд бүхий зүйл нарийн хуваарийн дагуу үргэлжлэх бөгөөд энэ хязгаарлагдмал байдал нь дасан зохицоход хүндхэн байж.  Хожим бодоход энэ л үед дасан зохицож, тэсэж үлдсэн нь цэргийн хүн болох эхний бөгөөд хамгийн чухал даваа нь байсан гэдэг.
Сонсогчоос эхлээд бага даргаар дамжин өөрийн биеэр бүхий л зүйлсэд суралцаж эхэлсэн энэ үеэс л эх орон гэдэг чинь маш ариун нандин, үүнийхээ төлөө зүтгэнэ гэдэг аминаас үнэтэй зүйл юм гэдгийг ухаарчээ. "Хүн болж төрөөд амьд явна гэдэг хамгийн том эрх ашиг гэж боддог. Гэтэл үүнээс давсан эрх ашиг нь эх орныхоо төлөө зүтгэх байдаг. Үүнийг цэргийн бид мөн бидний гэр бүл л мэдэрдэг болов уу" гэж тэрээр хэлсэн юм.
 
 
АРМИА ӨӨРЧЛӨӨД ӨГЬЕ
 
Түүний ажлын анхны гараа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл байлаа. Хуваарилагдан очоод нэг их удаагүй байхад нь тус дивиз татан буугдахтай зэрэгцэн ардчиллын салхи сэвэлзэв. Бүхнийг өөрчлөх, шинэчлэх суртал ухуулга ихээр явж байсан тухайн цаг үед тэрээр "Армийг өөрчлөөд өгье" гэсэн санаачилгыг өрнүүлэн хэсэг нөхдийн хамт ухуулга хуудас бэлдэж Зүүнбаян руу явах хүсэлтээ өгч байсан түүх бий. Нийгмийн сэтгэхүйгээ дагаад бид ер нь л арга  барилаа өөрчлөх хэрэгтэй, арай өөрөөр сэтгэх хэрэгтэй, алсыг харах хэрэгтэй гэсэн  ойлголтоо тухайн үед олж авсан бөгөөд энэ л ухагдахуунаа өнөө хэр сэтгэлдээ тээн алхам тутамдаа хэрэгжүүлж явахыг эрхэм болгож ирсэн нэгэн юм.
 
Түүний дараагийн томилолт нь дөнгөж шинээр байгуулагдаж байсан элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар анги байлаа. Мэргэжлийн цэргийн анги байгуулах түүхэн цаг үед тулгын чулууг нь тавилцсан тэрээр тухайн үед сургалт хариуцсан офицер байв. Бүхий л зүйл нь шинэ болохоор анхны сургалтыг зохион байгуулахад тухайн үед багагүй хүндрэл гарч байжээ.
 
Тухайлбал, түүний хувьд өмнөх ангиудад ажиллаж байсан аргачлалаар буюу хугацаат цэргийн алба хаагчидтай явуулж байсан сургалтаа явуулах гэсэн чамлагдаад байв. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн төлөвлөгөөгөөр явах гэсэн мөн л таарч өгөхгүй байж. Ингээд сургалтаа төлөвлөж чадахгүй байсан хүн аав дээрээ очиж зөвлөгөө хүсэхэд багагүй зүйлийг хэлж өгснөөр мэргэжлийн анхны ангийн сургалтын төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд энэ нь цаашид улам төгөлдөржин өнөөгийн дүр төрхөд хүрчээ. Тус ангийн захирагч нь Цэрэнчимэд хурандаа байсан бөгөөд тэрээр тухайн залуу үеийн офицеруудад ихийг зааж, чиглүүлж өгсөн гавьяатай нэгэн. Мөн Чимээ хурандаа бол хойч үеэ бэлдэх, шинийг санаачлах, төлөвлөгөө боловсруулах зэрэгт залуучуудад мундаг үлгэр дуурайлал болсон цэргийн дарга хэмээн байнга баярлаж явдаг гэдгээ энэ үеэр хэллээ. Учир нь түүний эрдмийн ажил хийх, бичиг цаастай зууралдах дуртай болсон нь Чимээ хурандаагаас эхтэй бөгөөд ямар нэгэн ажлыг эхэлж чадахгүй бол зүгээр л барьж аваад бичиж эхэл, санаандаа орсон бүгдээ бич, тэгж байхад голдиролдоо орно гэдгийг анх хэлж байсан бөгөөд үүнийг өдий хэр нь хэрэгжүүлсээр байгаа аж.
 
АХИСАН ТҮВШНИЙ МЭДЛЭГИЙГ НОМООС АВЧ ЧАДНА
 
Хойч үеэ бэлдэх, дараа үеэ хэрхэн гаргаж ирэх талаар энэ үеийн дарга болсон бид бүхэн тухайн үеийн мундаг дарга нараас чамлалттай санагддаг бөгөөд тиймдээ ч одоо хэр нь суралцсаар, судалсаар, боловсорч байдгаа энэ дашрамд дурдсан юм. Мөн түүний ажил, амьдралын нэгээхэн хэсэг нь ҮБХИС-тай холбоотой бөгөөд 14 жилийг тухайн сургуульд суралцаж, шат дараалсан албан тушаалуудад томилогдон үүрэг гүйцэтгэж байсан юм. Боловсролд тулгуурласан цэргийн сургалт гэдэг бол түүний баримталдаг зарчим хэдий ч хатуужил, тэсвэр тэвчээрийг нь мөн алдагдуулалгүйгээр яг л алх дөшинд давтсан офицеруудыг бий болгох нь түүний мөрөөдөл аж.
Түүний цэргийн эрдэмд, аливаад судалгаатай, ул суурьтай ханддаг байдал нь олон эх сурвалжаас мэдлэг, мэдээллээ баталгаажуулдагтай нь холбоотой. Тийм ч учраас эх сурвалжаа үргэлж хоёр хэлээр уншиж баталгаажуулдаг байсан нь чамлалттай санагдахдаа гурав дахь хэл сурах шаардлага тулгарсан гэдэг. Учир нь тэрээр барууны цэргийн боловсролд нэвтрэх, судлах, мэдлэгийн хүрээгээ тэлэх үүднээс англи хэлийг 48 настайдаа сурч эхэлсэн байна. Сурахад нас хамаагүй ч хурд удааширдаг юм билээ гэх хэдий ч тэрээр англи хэлээ чамгүй сайн сурч нато-ийн цэргийн академид суралцаж чадсан байна. Үүгээрээ тэрээр барууны цэргийн номлол юу байв, орос дээр тулгуурласан бидний стратеги, тактикаас юу нь өөр байв гэдгийг өөрийнхөө хэмжээнд судалж чадсан гэдэг.
Хүн сурч боловсрох хэрэгтэй, сурсан бүхнээ ажил амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй, өөрийн хүлээсэн үүрэг, эрхэлсэн ажлаа сайн хийх ёстой гэсэн бидний үеийн зарчим сүүлийн үед бага зэрэг өөрчлөгдөж өндөр албан тушаалтай хүнтэй ойр байж, шат дамжихгүй дээгүүр ажил хийх сонирхолтой залуус гарч ирж байгаад сэтгэл дундуур явдгаа ч мөн энэ үеэр хэлж байсан.
 
Мөн залууст хандан, сонголт их болсон өнөө үед ахисан түвшний мэдлэгийг авахын тулд өөрт чинь, ажил, албан тушаалд чинь  хэрэг болох номыг сонгож мэдлэгийн хүрээгээ тэлэхийг уриалж байсан. Зав чөлөө, боломж гарахаар уншина гэж хойш тавих, боломжийг хүлээх бус хэрэгтэй цаг, боломжийг өөртөө бүрдүүлж сурах хэрэгтэй хэмээн зөвлөхийн зэрэгцээ хамгийн сүүлд уншсан “Томоор мөрөөд” номыг манлайлагч болох, тэргүүнд явах хүсэл сонирхолтой залуусыг уншаарай гэж захисан юм. 
 
ГЕНЕРАЛ МӨЛХҮҮЛДЭГ ХЭН БЭ?  
 
Гол  баатрын маань ханийг Т.Амаржаргал гэдэг бөгөөд тэд оюутан ахуйн "шип"-үүд аж. Ханилан суугаад 30 гаруй жилийг хамт элээж байгаа хоёр маань өдгөө охин, хүү, хүргэн, бэр, ач, зээ гээд ам бүл наймуулаа болж өнөр өтгөн айлын эгнээнд орсон.
Цэргийн хүний ар талыг авч явах хүндхэн бөгөөд хариуцлагатай албаа тун сайн авч явсны илрэл нь ханийнх нь хашиж буй албан тушаал, цол бэлхнээ илтгэн харуулна. Өдрийн цагаар ажлаа хийж, шөнийн цагаар ном бичих, эрдмийн ажлуудад нь ч тусалж "Pentium-4" компьютер дээр бичээчийн хийж байсан түүх тэдэнд бий. Анх ханилан суухдаа бүхий л зүйл дээр өөр өөр байр суурьтай байсан бол өдгөө тэд нэг хэвэнд цутгасан аятай хоёр биедээ ээнэгшин дасжээ.
Цэргийн хүний хань болсондоо баярлах үе миний амьдралд бишгүйдээ л байсан. Жишээлбэл, олон сайхан орноор явж, аялж байлаа. Мөн хамгийн чухал нь охин, хүү хоёроо хамгийн сайнаар өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ нэг нь Орос, нэг нь Япон улсад боловсрол эзэмшүүлж, эх орондоо иргэн хүнийхээ үүргийг хүлээж байна. Залуу байхад бид хоёр хүүхдийн хүмүүжлийн талаар их л зөрчилддөг байсан юм. Миний бодлоор хүүхдүүдээ их зөөлөн хандаад байсан. Гэтэл одоо харахад зөөлөн ч хатуу зарчимтай байж, хүүхдүүдээ хүний дээдээр хүмүүжүүлсэн байна гэж боддог талаараа хэлж байсан.
Том охины хувьд аавынхаа ном унших зуршлыг яг өвчсөн нэгэн байдаг гэнэ. ОХУ-д сургуулиа төгсөөд ирэхдээ ачаа нь багтахгүй байхад нь хувцас хунараа шатааж орхиод, бүх номуудаа авчраад ээждээ зэмлүүлж байсан удаатай. Мөн Хятад улсад аяллаар явж байхдаа, гэр бүлээрээ гадуур гарах болоход аав, охин хоёр номын дэлгүүр явах сонирхолтой. Ээж, хүү хоёр дэлгүүр хэсэх сонирхолтой байснаар хоёр хуваагдаад явж байсан аж. Гол баатрын маань хувьд хамгийн их баярласан үе нь хэзээ юм бол хэмээн асуухад анх аав болохдоо урд хожид мэдрэгдэж байгаагүй их баяр баясал мэдэрч байсан бол өвөө болоод мөн л тэр мэдрэмжээ ахин авч магнай нь тэнийж байсан гэнэ. Өвөө болгосон зээ охин нь гурван настай, бол ач охин нь тун удахгүй нэг ой хүрэх аж. Өвөөгийн амь зээ охин нь Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд хотод ирэхээрээ өвөөгийн "энгэрийн зүүлт" болдог гэнэ. Ач охины хувьд хамт амьдарч байгаа бөгөөд генерал дагуулаад мөлхөх бүрэн эрх тэр жижиг “атаманд” л байна даа хэмээн инээмсэглэн ярьж байсан. Гэр бүлээ хэрхэн, яаж авч явах, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг бол аав хүний нийгмийн өмнө хүлээсэн чухал үүрэг. Харин ажил үүргээ нэр төртэй, мадаггүй биелүүлэх нь эх орныхоо өмнө хүлээсэн цэргийн бидний аминаас үнэтэй үүрэг гэж боддог. Түүнчлэн хүүхэд байхдаа цэргийн хүн болбол гоё харагдана гэж  сэтгэлийн хөөрлөөр бодож явсан нь одоо миний амьсгалах агаар бол Зэвсэгт хүчин юм гэж хэлсэн нь хэчнээн бардам, хэчнээн бахархам гэлтэй. Мөн тэрээр ярилцлагынхаа төгсгөлд “Хүн ямар ч замыг туулсан хувь заяагаараа явж байгаа гэдэгт би итгэдэг. Энэ хувь заяа гэдэг зүйлээс бурхан хүртэл айдаг” юм гэв.  
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин