sonin.mn

Эрх мэдэлтнүүдийн эрээ цээргүй авирлах хэрээс хэтэрлээ. Хэн нэг нь шийдвэр гаргаж хэсэг бүлэг нөхдүүд хэрэгжүүлэх гэж иргэдийн ундуйцлыг хүргэдэг боллоо. Хийх ажилгүй юм шиг хэдэн жолооч нарын үйлийг үзэж, үстэй толгойг нь “ширэлдүүлдэг” болов. Жолоочийн хариуцлагын даатгал хэмээн хүч хэрэглэн байж даатгуулсан. Төд удалгүй улсын дугаараар нь ангилж замын хөдөлгөөнд оролцуулна хэмээн төвөг удав.

 

Харин одоо хүрдний байрлалаар нь хөдлөх ч эрхгүй болгохыг санаархаж байна. Ингээд ч зогсохгүй эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуугаар нь замын хөдөлгөөнд оролцуулдаг болох уу. Бүүр цаашлаад нийслэлд явж буй машинууд “миний өмч” хэмээн мангартаж мэдэхээр нөхцөл байдал бий болох янзтай.

 

Өнгөрсөн долоо хоногт “Хэрвээ буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү” гэсэн асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж эргүүтэв. Эл шийдвэрийг дэмжих нэгэн байхад эсэргүүцэж ундуйцах иргэд түүнээс олон байгааг нуугаад яах вэ.  Нийслэлийн хэмжээнд замын хөдөл­гөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 49 хувь нь буруу талдаа хүрдтэй аж.

 

Тэгвэл эдгээр автомашинууд нэг л өдөр нийслэлийн удирдлагуудад адлагдаж мэдэх нь. Авто замын ачааллыг буруулах арга үүнээс өөр алга гэж үү. Хотын дарга Э.Бат-Үүлийн гаргасан шийдвэрүүд оновчтой гэхээсээ илүү олны дургүйцлийг хүргэж байна. Улсын дугаараар ангилж явуулснаа улсын баатрын гавьяа мэт санаж явна. Иргэдийн итгэлээр сонгогдсон эрхэм та  жолооч нарын эрхэнд халдах учиргүй.

 

Хотын даргын хийх ёстой ажил замын түгжрэл, машин дугаар, хүрдний байрлалаар ангилах биш байлтай. Тэрбээр нийслэлийн иргэдийн амьдрал ахуй, утаа, хальтиргаа, гулгаанд анхаарал тавьж ажилламаар. Гэтэл Замын цагдаагийн албан хаагч шиг зам дээр зогсох нь холгүй үүрэг гүйцэтгэх болов. Тэгж байхаар Замын цагдаагийн газрыг татан буулгаад дэргэдээ хэлтэс болгон авчихвал яасан юм бэ.



Энэ өвөл өнгөрсөн онуудыг бодвол цас их орсон. Үүнээс болж нийслэлд мөсөн коток үүсч хаа сайгүй хальтирсан хүн, шүргэлцсэн машинууд байна. Нийс­лэлийн удирдлагууд хальтиргаатай замд анхаарлаа хандуулж өнөөх давс, элсээ цацчихвал дээрсэн. Элс давс цацах нэрийдлээр томчуудын зорчдог замыг цэвэрлэчихдэг. Харин хотын захын гэр хорооллын замыг нэг нүдээрээ ч харахгүй орхигдуулдаг нь нууц биш.

 

Жишээлбэл, он солигдох мөчид нийт гарсан ослын ихэнх хохирогчид буюу 46.3 хувь нь Гэмтэл согог судлалын үндэсний төв ханджээ. Эдгээр өвчлөгсдийн 30.1 хувь нь хугарал, гэмтэлтэй хүмүүс байв. Энэ бүгд хальтиргаа гулгаанаас үүдэлтэй. Жилийн жилд цас мөсний асуудал хотын дарга нарын сэтгэлийг чилээдэг. Өмнөх жилүүдэд сонгогдож байсан хотын удирдлагууд муу муухайгаараа цоллуулж байсан ч хотын замыг ингэтэл нь  мөстүүлж байгаагүйг хэлмээр байна.


Б.Чанцал

Эх сурвалж: "Нийгмийн толь"