sonin.mn

Мэргэжлээрээ ажиллахын тулд тэдэнд ажлын байр хэрэгтэй. Шинэхэн төгссөн залуус ажлын байртай болсоноор нэг талаас ажилгүйдлийг бууруулах оновчтой бодлого хэрэгжинэ. Тэд ажилтай болснооор орлоготой болно. Гэр бүл нь амьдралын хувьд баталгаатай болж өрхийн орлого нь тогтмолжсоноор ирээдүйд итгэх итгэл нь нэмэгдэнэ.

 

Нөгөө талаас хөдөлмөрлөх чадварынхаа хувьд илүү өндөр гэдэг нь хэнд ч тодорхой асуудал юм. Ш и н э мэдээлэл,    шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барил, энэ бол орчин үеийн залуу багш нарт байх хамгийн том давуу тал гэдэгт онцгой анхаарвал зохилтой. Дээрхээс гадна боловсролын салбарын ажлын байрны эрэлтэнд шууд нөлөөлж буй хэсэг бол хөдөлмөрийн насаа хэтрүүлэн ажиллаж буй хүмүүс.

 

Ахмад багш нарын ажлын туршлага, арга барил зэрэг нь үнэт капитал болдог гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Гэвч тэд ажлын байрандаа үлдэхийн оронд шинээр бэлтгэгдэн гарч буй залууст боломж олгох хэрэгтэйг ухамсарламаар байна. Үүнийг өнөөгийн нийгмийн чиг хандлага, сэтгэлгээ улам тод харуулсаар байна. Тодруулж хэлбэл хүүхдээ сургаж буй эцэг, эх, асран хамгаалагчид, суралцаж буй сурагчид өнөө цаг үед залуу багш нараар заалгах сонирхол нэмэгдсээр байгаад оршино.

 

Харин ингэж багшласаар байхынхаа оронд тэд зөвлөх багшаар ажиллаж өөрийн сурсан мэдсэн, арга туршлагаа мэргэжил нэгт ирээдүйн залууст өвлүүлж үлдээх нь нэр төрийн хэрэг байлтай. Уг асуудал өнөөгийн боловсролын тогтолцоонд бодит хэлбэрээр оршиж буй дутагдалтай үзэгдэл бөгөөд түүнийг нэн даруй хуулиар зохицуулах шаардлагатай байна.

 

Учир нь төрөөс тэдэнд хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрлөх нас нь дууссаны дараагаар тэтгэвэр олгодог. Энэ бол нийгэм дэхь хөдөлмөрийн тэгш хувиарлалтыг бий болгох гэсэн дэлхийн нийтийн нэгдсэн бодлого бөгөөд аль ч улс оронд тэтгэврийн тодруулбал халамжийн тогтолцоо эртнээс оршсоор байсан. Энд нэгэн зүйлийг зориуд тодотгон хэлмээр байна.

 

Өнөө үед МУБИС-ийг хуучин нэрээр /Монгол улсын багшийн их сургууль/ нь үлдээх хэрэгтэй гэдэг дээр зарим мэргэжлийн болон жирийн иргэд байр сууриа илэрхийлдэг. Үүнийг  дэмжигсэдийн нэг нь би бөгөөд наанадаж хөрш зэргэлдээх улсуудад багшийн сургуулиуд нь нэрээ өөрчлөлгүйгээр үйл ажиллагаагаа улам сайжруулан ажилласаар байгаа нь тохиолдын хэрэг огт биш гэдгийг эрхэм шийдвэр гаргагчид анхааралдаа авах буй за.

 

Энэ бол тэдгээр улсуудын хувьд ирээдүйн багшлах боловсон хүчний залгамж халааг алдагдуулахгүйн тулд төрийн зүгээс бодлогоор хэрэгжүүлж буй чухал алхам. Ер нь дэлхий дахинд ч ийм нэртэй /боловсролын их сургууль/ сургууль барга байхгүй бизээ. Харин манай улсад л боловсролын их сургууль хэмээн гажуу нэрээр нэрлэгдэж, үндсэн багш бэлтгэх чиг хандлагаасаа хазайж судлаач бэлтгэх нэрээр өөрчилсөн нь бодлогын хувьд буруу юм.

 

Энэ нь эргээд нийгэмд далд бизнесийн ашиг олох хэрэгсэл, шалтаг болж байна. Харин эсрэгээрээ боловсролын гэхээсээ илүү багшийн сургууль нэрээрээ үлдэж манай улс дахь цорын ганц багшлах боловсон хүчин бэлтгэдэг их сургууль байх шаардлагатай бөгөөд элсэн орох сурагчдын босго шалгуурыг өндөрсгөж, чанартай боловсролыг эзэмшүүлэх хэрэгтэйг эргэн харах шаардлагатай байна.

 

Хэрэв ингэж чадвал олон сургуулиас төгсөн бэлтгэгдэж буй илүүдэл нийлүүлэлтийг бууруулж, цор ганц сургуулиас бэлтгэгдэн гарсан бүтээгдэхүүнийг зах зээл нь шингээхэд илүү дөхөм гэдгийг хэлэх гэсэн юм. Өмнөх нийгмийн үед элсэлтийн шалгалтаар / конкурс өгч/ эхний байруудад шалгарсан сурагчдыг багш, эмч, хуульч зэрэг улс орны онцгой чухал салбарт ажиллах өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэхэд төрөөс бодлогоор шалгаруулан авч сургадаг байсныг энд дурьдахад илүүдэхгүй биз ээ.

 

Тогтоосон босго оноог давж суралцаж чадвал тухайн оюутны хувьд өмнөө тавьсан зорилгодоо хүрэх том хөшүүрэг болно. Эс чадвал бүтэн жил бэлтгэл хийж хүссэн мэргэжлээрээ Дахин шалгалт өгч суралцах боломжтой. Ийм жишиг бол дэлхий дахины өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй их, дээд сургуулиудад тавигддаг нийтлэг шалгуур үзүүлэлт юм.

 


Энд нэгэн зүйлийг хатуухан хэлье. Дунд сургуулиа төгсөгчид ирээдүйд цалин хөлс сайтай мэргэжлүүдэд хошуурцгааж байгаа нь тэдний буруу биш л дээ. Тэд ингэх ч эрхтэй. Багшийн мэргэжлийн төлөө чадварлаг сурагчид өрсөлдөхөө хэдийнээ больсон. Олны жишгээс хоцрохгүйгээр Дээд боловсрол эзэмшиж диплом авахын тулд, сургуульгүй үлдчихгүйн тулд л багшийн ангийг сонгон суралцаж буй тааруухан суралцагсад олширсныг өнөө үед хаанаас ч төвөггүй мэдэж болно.

 


Нийгмийн дунд багшийн сургуулийн оюутнууд бол хувиаргүй үлдэхгүйн тулд орцгоосон хүүхдүүд гэсэн буруу ойлголт, нэгэнт хэвшил болон тогтсоныг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Гэхдээ улс орны амин сүнс бол боловсролын салбар, бусдаас онцлог мэргэжил нь багш байх ёстой гэдгийг сайтар эргэцүүлэн тунгаамаар байна.

 

Нэг талаас суралцаж буй оюутан өөрөө маш зөв сонголт хийж, зорилготой, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцах, нөгөө талаас сургаж буй сургууль ч өөрөө маш өндөр шалгуур тавьдаг, тухайн оюутанд өндөр шаардлага, шалгуур тавьдаг тийм тогтолцоог бүрдүүлмээр байгаа нь цаг үеийн шаардлага болсон гэдгийг бодолцоход илүүдэхгүй болов уу?....

 


Зах зээлийн эдийн засгийн харилцааны гол хэлбэр бол чөлөөт өрсөлдөөн. Өрсөлдөөний үр дүнд / тэгэхдээ шударга өрсөлдөөний үр дүнд/ нийгэмд хөгжил дэвшил бий болдог гэдэг нь өнөө цагт хэнд ч илэрхий ойлголт. Зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ эрэлт, хэрэгцээг нь сайтар судласны үндсэн дээр нийлүүлэлтийг хийдэг.

 

Илүү нийлүүлэлт хийвэл алдагдалд орно гэдгийг тэд маш сайн мэддэг учраас барагтай бол алдагдалд өртдөггүй. Төрөөс нийгмийнхээ амин чухал салбаруудад бодлогоор зохицуулалт хийхгүй бол нийгэмд оршсоор байгаа сөрөг үзэгдэлийг хөхүүлэн дэмжсээр л байх болно гэдэг нь өнөө үед бүр ч тодорхой болсоор байна. Учир нь нийгмийн аль ч салбарт улс орны хөгжил, иргэдийн эрх ашиг гэхээс илүүтэйгээр ашиг олохыг урьтал болгосоор байна.

 

Боловсролын салбар бол бизнесийн салбарын ашиг олдог хэрэгсэл байх учиргүй. Харин улс орныхоо өмнө мэдлэг боловсролтой, чадвар, төлөвшилтэй оюунлаг иргэнийг бэлтгэн гаргах үүрэгтэй ашгийн бус салбар байх ёстой. Тиймээс оновчтой зохицуулалт хийхийг цаг үе өөрөө шаардсаар байна.

 

Тэр ямар зохицуулалт байх вэ? гэхээр дурьдан буй асуудалтай холбоотойгоор зөвхөн багш бэлтгэх гол төвийг МУБИС дээр төвлөрүүлж, үйл ажиллагааг нь улам сайжруулж, нийгмийн эрэлт хэрэгцээ, ард иргэдийн эрх ашигт нийцсэн боловсролын үйлчилгээг нэр төртэйгээр үзүүлэх шаардлагатай байгаад оршино. Хэдий чинээ чадварлаг сайн багшаар заалгана төдий чинээ нийгэмд сайн сурагч, сайн мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарна.

 

Энэ тухай ардын зүйр үгэнд “Багшийн эрдэм шавиас” хэмээн тодорхой өгүүлсэн нь бий. Энд нэгэн багахан тооцоо хийгээд үзье. Жишээ нь :
МУБИС дангаараа багшлах боловсон хүчнийг эргээд бэлтгээд эхлэхэд жилд математик-мэдээлэлзүйн багш мэргэжлээр 35-40 оюутан төгсгөдөг гэж бодъё. Эдгээр төгссөн оюутнуудад ажиллах ажлын байр нийгэмд түүнээс дутуугүй хэмжээгээр байж таарна.

 

Яагаад гэвэл Нийслэл болон аймгуудын ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад тэдгээр мэргэжилтнүүдийг шингээх ажлын байрны эрэлт тодорхой хэмжээгээр бий болдог. Тодруулбал тэтгэвэртээ гарах, амаржих, ажлаас чөлөөлөгдөх, албан тушаалаа ахиулах гэх зэргээр тухайн мэргэжлийн оюутнууд нь ижил мэргэжлийн багш нарынхаа оронд нөхөөд ажиллах бололцоо жил бүр тодорхой хэмжээгээр урган гардагт оршино.

 

Өөрөөр хэлбэл тодорхой тооны шилжилт хөдөлгөөн гарсанаар мэргэжлээрээ ажиллах бололцоо бий болно гэсэн үг. Ийм ажлын байрны орон зай, эрэлт нийгэмд байгаа учраас тэрхүү эрэлт, хэрэгцээнд тулгуурласан нийлүүлэлтийг хийхэд л өнөө үед бидний өмнө тулгараад байгаа боловсролын салбар дахь ажилгүйдлийг бууруулах томоохон гарц болох юм.

 

Нийгмийн энэ салбар дахь ажилгүйдлийг бууруулснаар /гэхдээ энэ нийгмийн томоохон салбар юм/ улс орны өмнө тулгарч буй бэрхшээлтэй том асуудлыг шийдвэрлэнэ. Улмаар улс орны болон ард иргэдийн нуруунд тохогдож буй хүнд ачааг чөлөөлж өгөх чухал шийдэл болж байгаа юм.

 

X. Баяр-Арвижих
/ “Гурван тамир ’’ бүрэн дунд сургуулийн Нийгмийн ухааны багш /


Эх сурвалж: "Багш"