sonin.mn

Орхон аймгийн “Орхон” цогцолбор сургуулийн бага ангийн багш, Монгол Улсын гавьяат Д.Ганчимэг багштай хүүхдийг хоцрогдолгүй сургадаг аргынх нь тухай товчхон хөөрөлдөв.

Хүүхдийг хоцрогдолгүй сургадаг аргаасаа товчхон яриач?

-Би боловсролд бага ангийн багшаар тасралтгүй 40 жил ажиллаж байгаадаа, энэ сайхан мэргэжлийг сонгож авсандаа үргэлж бахархаж байдаг. Хүүхдийг хоцрогдолгүй сургана гэдэг нь багшийн ур чадвараас шалтгаалдаг. Хүүхэд хөдөлж байгаа цагт байнга хөгжиж байдаг гэж би боддог. Тиймээс хүүхдийн хөгжиж, хөдөлж байгаа хандлага нь зөв байвал хүүхэд бусдаас хоцрохгүй сурч болдог.

 

Хоцрогдолгүй сургахын тулд хүүхдийг 1 дүгээр ангиас нь эхлэж хөтөлдөг арга барилтай. Энэ нь Булган аймгийн МУГБ-Рэнцэндорж гэж тайлбартай дасгалын аргыг хэрэглэж, улсад нэр алдар нь түгсэн багштай сургууль төгсөж ирээд анх хамт ажиллах болсон маань миний ажлын амжилтын үндэс болж өгсөн юм.

 

Тэр үед багшийнхаа хичээлд олон дахин сууж байхдаа бага ангийн хэмжээнд хэрэглэж болох юм байна гэж бодоод багаас нь эхлээд дундтай нь нэг систем болгож ажилласан маань таван жилийн дараа миний тэр туршлага улс, аймгаар түгэж, хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй нэлээд аймгуудаар явж байсан. Тэрхүү тайлбартай дасгалын арга хүүхдийг хоцрогдолгүй сургадаг учраас энд үүнийг сөхөж ярьж байгаа юм.

 

Хүүхэд ярьдаг, бичдэг, боддог гээд зэрэг үйл ажиллагаа явагддаг учраас хүүхдийн толгойд байнга сууж, олон дахин давтсан юм дадал болдог өгдөгөөрөө уг аргын онцлог юм. Ангийн 40 хүүхэд дөчүүлээ ярьж чаддагт миний ажлын амжилт байгаа болов уу гэж боддог. Миний хичээлд Бүндэн, Гончиг, Цэрэндавга багш нар суугаад гайгүй болж байна гэж үнэлж дүгнэлт өгч байсан.

 

Тэр ч байтугай бүтэн 7 хоног хичээлд суухаар багш хичээлээ эхний 3 хоног маш их бэлтгэдэг. Сүүлийн 4 хоног ерөөсөө масс байгаагаараа л ордог юм билээ.



Цэрэндавга багш хэлэхдээ:

-Чиний сүүлийн хичээлүүд эхний өдрийн хичээлээсээ илүү сайн боллоо гэж байсан. Би бүхий л хичээлээ нээлттэй байлгахыг боддог. Хүүхдүүд бие биенээсээ суралцаж, хамт олноосоо төлөвшиж, хүмүүжиж, хандлага нь өөрчлөгддөг. Багш хэдийгээр хүүхдийг хөгжүүлэх ажлыг хийдэг ч хүүхэд бусдаасаа асар их хөгждөг. Тэр аргыг би их зүйтэй гэж үздэг.

 

Түүгээрээ миний ангийн хүүхдүүд хэл ярианы хөгжил сайтай, ямар нэгэн сэдвийг уншаад өөрийнхөө бодол санааг илэрхийлэхээс гадна тухайн текстийг уншиж ойлгоод дөрвөн мөртийг хоёр минутад шүлэг болгоод зохиодог аргын нууц нь хүний тархийг задалж чаддагт оршиж байна уу даа гэж би дүгнэдэг. Анги хамт олон 40-үүлээ математикт мундаг байдаггүй. Ямар үед мундаг байдаг вэ гэвэл бүгдээрээ хүмүүжилтэй байх даа.

 

Хүүхдүүдэд та нар бүгдээрээ аав, ээжүүд болно гэхлээр тэд инээцгээдэг. Эцэг эхийн хурал дээр хүүхдийн хүмүүжлийн талаар ярихад дараагийн хуралд идэвхтэй ирдэг. Манай ангийн ангийн хүүхдүүд төлөвшил хүмүүжлээрээ аймагтаа “Шилдэгийн шилдэг анги”-иар хоёр удаа шалгарч байна. Өмнөх ангиуд маань хотын болон аймгийн аваргаар бас шалгарч байсан. Тэгэхлээр массаар нь сайн сургаж, төлөвшүүлэх юмсан гэж мэрийж ажилладаг.



Та энэ заах аргаасаа залуу багш нартаа хэр зааж өгч байна?

-Манай сургуулийн багш нарын ихэнх нь залуучууд. Хэдийгээр чадварлаг байлаа ч алдах тохиолдол гардаг. Миний хувьд залуу багш нарын хичээлд сууж зөвлөгөө өгч тусалдаг. Миний бодлоор багш бэлтгэдэг сургуулийг маш өндөрт тавьж, болж өгвөл төлбөргүй сургаж, эсвэл элсэлтийн шалгалтын нэг хоёр дугаарт шалгарсан хүүхдийг багш болгох сургуульд оруулж бэлтгэж байгаасай гэж боддог.

 

Хүн дунд сургуульд хэр зэрэг сурна түүгээрээ ирээдүйгээ тодорхойлдог. Залуу байхад гараад ажлаад өгнө дөө гэж боддог ч яг амьдрал дээр болохгүй зүйл зөндөө тулгардаг. Багш хүн хүүхдээ л хайрлаж байвал л “сайн багш” болж чадна. Эцэг эхтэйгээ их дотно байх хэрэгтэй. Тухайн хүүхэд даалгавраа хийгээгүй байж болно. Шалтаг шалтгааныг нь тодорхойлоогүй цагт тэдэнд мулгүй шаардлага битгий тавьж байгаарай. Ер нь багшийн хөдөлмөр нэлээд хүнд юм шиг хэрнээ их энгийн аргаар аваад явчихдаг тийм л сайхан мэргэжил дээ.

 

Эх сурвалж: "Багш"