sonin.mn

Би бусдын л адил амьдралаас хүссэн, хүсээгүй олон зүйлээ авч, тэр чигээрээ алдсан нэгэн. Гэвч амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй зүйл болох хүсэл мөрөөдөл, итгэл найдвараа алдсан тэр өдрийг бүхнээс тодхон санаж явдаг.


Тэр нэгэн өдөр манай ан­гийнхан “Цусаа хан­дивлая” гэсэн санал дэвшүүлсэн нь олны дэмжлэгийг хүлээснээр бид Цус судлалын үндэсний төвийг зорьсон юм. Бид “Хүний амь аварна гэдэг хамгаас том буян” хэмээн бодож, бүгд л энэ өдрийг хожмоо хамгийн сайн сайхнаар дурсан ярина гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл энэ өдөр миний хувьд амьдралын минь хамгийн хар өдөр байх юм гэж яахан санах билээ.


Урьдчилан бэлтгэсэн текстийг бөглөсний дараа цусаа хандивлахаас өмнө шинжилгээ өгдөг аж. Тэрхүү шинжилгээгээр манай ангийн дөрвөн ч хүүхэд “элэгний өвчтэй” гэсэн дүгнэлт гарсан юм. Гурав нь элэгний В болон С вирусээр халдварласан байсан бол би элэгний ямар нэгэн ноцтой өвчтэй болж таарав. Эмнэлгээр олон хоног явсны эцэст миний зөв байсныг олж мэдсэн.

 

Эмч нар надад “элэгний хорт хавдартай” гэсэн онош тавихын зэрэгцээ “Чамд одоо 6-7 жилийн л нас байна” хэмээн хатуу анхааруулав. Би тэр үед 17 настай, их сургуулийн босгыг дөнгөж алхан ороод, амьдрал хэмээх их далай руу хөл тавихаа тэсэн ядан хүлээж байлаа.

 

Их сургуулиа амжилттай төгсөж, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргасан бүжигчин болохсон гэж мөрөөддөг. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд оюутан байхдаа хийж амжуулах мөн ч олон ажлын төлөвлөгөөг би өөртэйгөө зөвшилцөн байж баталсан юмсан. Гэтэл...



Гэтэл бурхан надад долоон жил л өгчээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлж, төлөвлөсөн бүхнээ хийж, аав, ээж хоёрынхоо ачийг хариулахад ийм ахархан хугацаа хүрэлцэхгүй шүү дээ. Миний хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, амьдрах, сурах, мэдэх урам зориг нуран уналаа. “Элэгний хорт хавдар эдгэрдэггүй өвчин”. Энэ ганцхан өгүүлбэр л тэр бүхнийг минь надаас хормын зуурт булаагаад авчих нь тэр.


Би өмнө нь “Хүсэл мөрөөдөлтэй хүн л энэ дэлхийн хамгийн баян хүн байдаг” гэдэгт итгэдэг байлаа. Надад тэр бүхэн байсан. Харин одоо алга.

Эмнэлэг, эмч, эм тариа... элэгний хорт хавдар. Одоо надад энэ бүхэн л байна. “Яагаад заавал би гэж” гэсэн асуултыг өдөр бүр өөртөө болоод аав, ээж хоёртоо тавьж, хариулт шаарддаг байв. Хэтэрхий олон “э” үсэгтэй “нөхөрлөсөөр” жил болсны дараа ээж минь надад нэгэн зүйлийг зориглон хэлсэн нь намайг бүр цочролд оруулсан. Тэрбээр “Би чамайг төрүүлснийхээ дараа л элэгний В вирустэйгээ мэдсэн.

 

Тухайн үед сумын эмнэлгийн залуухан эмч энэ талаар мэдлэг муутай байснаас ч тэр үү, эсвэл хайхрамжгүй хандсан ч юм уу, элэгний В вирус жирэмсэн эхийг төрөх үед цусаар дамжин хүүхдэд халдварладаг гэдгийг надад хэлсэнгүй. Надаас л болж, чи минь ийм өвчтэй болчихлоо” хэмээн хоолой зангируулан хэлсэн юм.


Аав, ээж хоёр минь малчин хүмүүс. Эмэг эх маань угийн гөжүүд хүн учир ээжийг минь араг түшүүлж төрүүлнэ хэмээн зүтгэсээр эмнэлэг бараадуулалгүй нярайлуулж, өөрөө эх барьж авсан гэдэг.


Зарим судлаачийн тоо баримтаас үзэхэд В вирусын халдвартай насанд хүрсэн хүмүүсийн 90-95 хувь нь архагшилгүй эдгэрдэг байна. Харин С вирусын халдвар авбал дийлэнх нь архагшиж, хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг аж.


Ээж маань намайг хүнд өвчин туссаныг мэдээд, шалтгааныг нь хайж, Хавдар судлалын үндэсний төвийн эмч нараас асууж лавласаар “В вирусын өвчлөл сүүлийн үед буурч байгаа. Үүний шалтгаан нь манай улс 1992 оноос хойш төрсөн бүх хүүхдэд В вирусын эсрэг вакцинжуулалт хийдэг болсон.


Таваас доош насны хүүхэд В вирусын халдвар авбал хавдар болох магадлал 95 хувь байдаг” гэсэн мэдээ олж сонсчээ. Харин манайд С вирусын халдвар тээгчид шивээс хийлгэж байгаа өсвөр насныханд их тохиолддог байна. Мөн В, С вирус бэлгийн замаар дамжих өндөр магадлалтай байдаг аж. Тухайн иргэн В, С вирусын халдвар авлаа гэж бодъё.

 

Вирус нь хүний биед удаан хугацаанд архаг хэлбэрээр байрладаг байна. Хүний биеийн дархлаа муудах, архи дарс хэтрүүлэн хэрэглэх болон нас ахих явцад вирус идэвхжиж, элэгний эс дотор орж эсүүдийг үхүүлж эхэлдэг. Бид гартаа олон удаа шарх авахад сорви овойсон хатуурал болдгийн адил элэгний эс үхэж, задарсаар байгаад хавдар бий болдог аж.



ХСҮТ-д эрт үед буюу хавдар 3.5 см-ээс бага үед нь ирвэл хагалгаа хийхгүй эмчлэх бүрэн боломжтой гэнэ. Энэ нь дүрс оношилгооны хяналт дор элгийг түлэх эмчилгээ юм. Хавдрыг гаднаас нь зүүгээр хатган цахилгаанаар халааж, түлэх эмчилгээ нь хамгийн зардал багатай, мэс засал хийхгүй, хялбар эмчилгээ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Манайхан хавдрыг ангийн мах идэх, шашин шүтлэгээр эдгээнэ хэмээн төөрөлддөг. Элэг хамгийн их нөөцтэй, маш хурдан төлждөг эрхтэн. Элэгний 70 хувийг тайрахад долоо хоногийн дараа үйл ажиллагаа нь сэргэж, 21 хоногийн да­раа бүрэн төлжиж дуусдаг гэж мэс заслын эмч нар онцолсон. ХСҮТ-д жилд элэг тайрах эмчилгээ 250, су­дас бөглөх эмчилгээ 450, элэг түлэх эм­чилгээ 80-90-ийг хийдэг байна.



Элгийг тав хүртэл см хорт хав­дартай үед болон элэгний хатуу­рал хэвлийдээ устай шарласан, ду­­таг­далд орсон тохиолдолд элэг солиу­лах мэс засал хийлгэх боломж­той. Манайхан ихэвчлэн Хятадад элэг солиулах мэс засал хийлгэдэг бөгөөд энэ нь дунджаар 20-80 мянган ам.долларын өртөгтэй байдаг аж.



Элэгний хавдрыг мэс заслаар авах боломжгүй тохиолдолд эрсдэл ихтэй, өндөр настан, бусад эрхтний архаг өвчтэй өвчтөнд судас бөглөх эмчилгээ хийдэг. Энэ нь рентгений хяналт дор элэгний хавдрын тэжээгч судсанд нарийн гуурс оруулан түүгээрээ хавдрын эсрэг эмийн судас бөглөх эмтэй хольж хавдрын өсөлтийг зогсоохыг хэлдэг байна.



Гэвч надад элдэв эм тариа, эмчилгээ судалж байх сонирхол ч, хугацаа ч үгүй байлаа. Харин “үхтэл үр харам” гэгчээр хөөрхий аав, ээж хоёр минь улаа эргэтэл эмнэлгээр явж, хэрэгтэй, боломжтой гэсэн эмчилгээ бүрийг хийлгэсэн. Хоол унд, үйл хөдлөл бүхэн минь хязгаартай. Эмчийн заасан горимыг жаахан л зөрчвөл “үхэл” намайг тосоод авна. Гэр бүлийнхэн, хайртай хүмүүс минь миний төлөө зовж байгааг харах бүр ч хэцүү.



Амьдрахаас үхэх нь илүү хялбар санагдах үе надад олон тохиолдож байлаа. Шинэ өглөө бүр “Үхэлд нэг алхам ойртсоны минь гэрч” мэт санагдана. Өдөр ирэх тусам “Би хэнд юу гэж хэлээгүй билээ. Хэзээ, хаана юу хийхээ орхигдуулсан бол” гэсэн бодол намайг хэмэлнэ. Хайртай найзууд, дотны хүмүүстээ захидал бичиж, хүн бүртэй уулзаж, хийх гэсэн бүхнээ амжуулахыг хүсч байв. Учир нь, эмч “6-7 жил” гэж хэлсэн ч би маргааш ч “үхэл”-тэй нүүр тулж болох шүү дээ. Хорт хавдар өдөр өдрөөр биеийг минь “бүчсээр л”...

 

Тиймээс ч би өдөр бүр “орчлонгоос буцахад” өөрийгөө бэлэн байлгадаг. Ийм л байдалтайгаар дөрвөн жилийг ардаа үдэв.


Эх сурвалж: "Өглөөний Сонин"