sonin.mn

Сэлэнгэ аймгийн Сүх­баа­тар суманд Орхон гол га­талж явсан хүмүүс усанд осол­дож, 27 настай залуу бүсгүй наймхан сартай хүүгээ тэвэрсээр хил даван урсан одсон дүр зураг одоо ч сэт­гэлээс минь гарахгүй,  яа­гаад ч юм хаа нэгтээ амьд бай­гаа юм шиг санагдаад байх юм. Нэхийн чинээ мөсөн дээр өөдөс­хөн хүүгээ тэврэн үхэл амьд­ралын заагаас зуурал­дан байхдаа ч тэр бүсгүй гай­халтай зоригтой байж, усанд живж байсан нөхөртөө амьд­рах тэнхлийг үгээрээ хайр­ла­жээ.

 

Тэрбээр нөхөр Ш.Ган­батыгаа усанд живж байхыг хараад “Миний хань чадна. Зүтгээд байгаарай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүхдүүддээ амьд үлдэх ёстой. Чи чадна аа” хэмээн зоригжуулж байжээ. Ш.Ганбатынх гурван хүүтэй айл аж. Том хүү нь зургаан настай, дунд хүү гурван настай. Харин бага хүү нь өнгөрсөн хавар төрсөн Г.Шинэбаяр аж. Н.Саранчимэг гурав дахь хүүгээ төрөхөд ихэд баярлаж, нөхөртөө  “Ганбаа найз нь чамд хөөрхөн хүү гаргаж өглөө шүү. Их бадриун биетэй бор хүүхэд байна.

 

Яг чам шиг том биетэй болох байх аа. Найз нь ингээд дархан бэр боллоо шүү дээ. Гурван хүү төрүүлбэл  дархан бэр гэдэг юм гэсэн. Тавуулаа сайхан амьдарна аа” гэж ярьж байжээ. Гэвч одоо бүх юм орвонгоороо эргэв. Хэрвээ тэр нэгэн өдөр гол гатлан аймаг орчихоод буцаж явахад нь мөс цөмрөөгүй бол. Аврагчид техник хэрэгслээр бүрэн хангагдаж, тэрнээсээ ч илүү сэтгэл, зориг зүрхтэй байж шуурхай ажилласан бол эх, хүү хоёрыг аварч болох байжээ гэж бодохоос гол зурагдаад байх юм.



Тэгсэн бол өдийд дархан бэр маань халуу дүүгсэн гэр­тээ нөхөр хүүхэддээ будаа­тай цайг нь хийж өгөөд инээ­гээд Монголын минь нэг гэр бүл аз жаргалтай элэг бүтэн байх байсан гэж бодогдоно. Аврагчид олон хоног хайгаад олоогүй болохоор нэг л муу совин татаад байх юм. Тэр их хүйтэн ус мөсөн дунд эх хүү хоёр тэслээ тэслээ гэхэд хэдэн цаг тэсээ аж.

 

Ямартай ч үхэл амьдралтай тэрсэлдэн зургаан  цаг амьд байж. Хамт урсаж явсан  Г.Цэрэнням гуайд “Би чанга орилохоор хүү айж, уйлаад байна. Харин та чимээ өгөөд орилоод байгаарай” хэмээн хэлж байжээ. Эх хүйтнийг яс махаараа мэдэрч байсан ч хүүгээ халуун энгэртээ тэвэрч, бас хөхөө хөхүүлж, хүүгээ айж цочоохгүй гэсэндээ аврал эрэн чанга ч орилж чадахгүй явж.

 

Эх хүний үрээ гэсэн сэтгэл ийм хүчтэй ажээ. Бүх биеэр нь мөс гүйх мэт хүйтнийг хэдэн цагаар тэвчин байхдаа ч тэр биднийг хүмүүс ирж аварна даа гэсэн итгэлээ гээгээгүй гэдэгт нь итгэж байна. Тэр үхэлтэй эцсээ хүртэл тэмцэлдэхдээ үрээ халуун энгэрээсээ салгалгүй байж, үхэл айдсыг тэр бяцхан зүр­хэнд мэдрүүлэлгүй тас тэврэн мөнхий харанхуй руу одохдоо гэрэлт наран тэр хоёрыг түмэн цацрагаараа бүчин авч, эвлэг зөөлөн энхрий дулаанаар ээж бай­гааг мэдэрч, нөхөр гур­ван хүүгээ сүүлчийн удаа  хар­сан байх гэж бодохоос өр өв­дөх юм.



Бүсгүйн аврал эрэх чимээ шөнө хилийн цэргийнхэнд сонсогд­сон гэх авч очоод эх, хүү хоёрыг аварчих зоригтой аавын хүү тангараг өргөсөн эрсээс минь нэг ч байсангүй. Гавьяат Жагаагийн дуулсан “Эрхүүгийн хавар” дууны клипэнд гардаг шиг тосгоны буриад баавай тэр хоёрын минь амийг аварч, асран тэнхрүүлж суух вий гэж дэмий л өөрийгөө хуурах юм.


Үрээ тэвэрсэн бүсгүй хүн хамгийн жаргалтай байдаг ч үхэл­тэй нүүр тулахаараа эх хүний үрээ гэсэн сэтгэл юу­наас ч айхгүй хатан зоригтон бол­­дог аж. Монголд минь ийм Саранчимэгүүд олон бай­гаа. Хатан зоригт монгол бүс­гүй­чүүдээ хайрлая, эрчүүд ээ.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"