Орших уу эс орших уу...
 
/АН-ыг аврах миний санал/
 
Монголд төр хэрэгтэй байна, бүр нэн даруй хэрэгтэй байна. Төртэй байна гэдэг нь их хурал, засгийн газар, ерөнхийлөгчтэй, төрийн яам, бусад бүтцүүдтэй байх хэлбэр төдий хэрэг биш.Хамгийн товчоор хэлбэл, Монгол гэдэг үндэстэн мөнхөд орших эс оршихын тухайд хариулт өгсөн алсын хараатай бодлого, түүнийг системтэй тасралтгүй хэрэгжүүлэх төрийн тухай асуудал юм. Алсын хараагаа 2050 он гэж харж, түүн рүү л нийтээрээ зорих ёстой гэж үзэж байгаа бол үүнийг төрийн үйл хэрэг бүхэлдээ гэж үзэх үнэхээр төвөгтэй. 30 жил! Ямар богинохон "алсын хараа" гээч нь вэ?! Гэвч энэ удаа тэр тухай ярихгүй. 
Төр шиг төртэй байх эсэх нь уул шугамандаа ковидоос ч чухал тулгамдсан асуудлын нэг мөн бөгөөд энэ хүрээнд намуудын шинэчлэлт, өөрчлөлтийн хэрэг гарцаагүй багтаж таарна. Ардчиллын 30 жилийн ойг АН айж ичин даруухан өнгөрөөсний хойноос МАН-ын сүрт 100 жилийн ой болох гэж байна. Монголын улстөржилтийн хэтийдэл, балайрал хэрхэн газар авсан нь зөвхөн эндээс харагдаж байгаа юм. Уг нь аль алинд нь нийгмийн өөрчлөлт явагдсан Монголын түүхэн үйл явдлууд. Түүнийг тэмдэглэн үнэлэлт дүгнэлт өгч алдаа оноогоо цэгнэж цаашдын зам мөртөө тусгах нь аль нэг намын хэрэг биш юм л. Дээрээс бөхөөхөн хадагдсан намжиж хуваагдсан сэтгэлгээний энэ гажгийг засахад харин хичнээн жил шаардлагатайг хэлж эс мэднэ. 
 
МАН 100 жилийн ойгоо хэрхэн сүр төгөлдөр тэмдэглэхээс гадна энэ ойгоор болох сонгуулиа авч чадвал бууршгүй мандан бадрах, эс чадваас түүхийн оршуулгад орох тухай санаашрал тархинд нь хадаатай чилж суугаа. Харин АН ерөөс орших эс оршихын ирэн дээр хэрэлдэн, хэлэлцэн байна. Сайн ч муу ч эрх барилцсаар ирсэн, барилцаж байгаа, бүтцийн хувьд хоёр дахь “том” нам учраас  АН-ын шинэчлэлийн хэрэг явдал нийгмийн хэлэлцүүлгийн нэг сэдэв яах аргагүй мөн. Тиймээс төрийн, болон улстөрийн намуудын шинэчлэлийн том хүрээний асуудлаас юу юугүй цааш харчих гээд байгаа АН руу фокус шилжье. 
 
“АН-аас дэвшдэг чинь л алдаа боллоо” гэж сонгуулиар амтай болгон залхтал үглэв. Тийм ч биз, үгүй ч биз. Хэрэв бие даасан бол “Энэ санал дээрээ АН-ын суурь саналыг нэмэхэд л гарчих байсан байна шүү дээ” гээд бас л амаа бариад сууж байх байсан биз. Их хурлын танхимд очих нь чухал биш, харин тэнд очоод яах гээд байгаагаа мэддэг хүнд бол арга замуудаа үнэлээд нэгийг нь сонгоно. Сонголт болгон ямар нэг эрсдэл заавал дагуулдаг, түүнийгээ л дагуулсан хэрэг. Энэ ч яахав. Бидний сонголт жижиг хэрэг. Чи сонгуулийн дүнг өрдөг хүмүүст сонгогдоогүй л бол бусад нь нэг их чухал сонголт биш. Сонгууль бол эрсдэлтэй мөртлөө адтай эд. Хүнийг маш богино хугацаанд бүрэн таньж болох маш сайн, алдаагүй индикатор мөнөөс гадна намаа бол гэдэс дотрыг нь уудалж харах сайхан боломж байлаа. 
Нэр дэвшигчид анхан шатны нам дээр очлоо. Ча гэх ямаагүй, ту гэх нохойгүй гурван “гуйлгачин” ирсэнд олон хүн сэтгэл дундуур байгаа нь мэдэгдэж байв. Өмнөх нэр дэвшигчид цалингаа өгөлгүй хаяж явж хашраасан тул аргагүй гэнэ. Тийм зүйл гаргахгүй гэж амлаад сонгууль хэмээх дажин руугаа явж орчихлоо. Намаа нэгтгэх, гишүүддээ итгэл үнэмшил төрүүлэх, тэднийхээ багц саналыг алдахгүй байх эхний зорилго тул тэдэнтэй уулзаж, ярилцаж хэд хоногийг авав. Би сонгуулийг уулзаж ярилцах, улс орны нөхцөл байдлыг ойлгуулах, түүний төлөө юу хийх шаардлагатай байгаа талаар ярилцаж, өөрийн төсөл төлөвлөгөөгөө танилцуулах, үүгээр итгэл үнэмшил, сэтгэлийг нь, улмаар саналыг нь авах үйл явц гэж ойлгосоор байгаа дэндүү хоцрогдсон нэгэн болохоо энэ сонгуулиар машид сайн ойлгов. Сонгууль цэвэр математик болж хувирсан байв. Хүмүүсийг хэд хэдээр нь “багцалсан” бүлэг хүмүүс байна. Тэд тэрхүү багц саналаа наймаалах тухай асуудал л болж хувирсан байв. Түүнээс тэр сэтгэл мэтгэл, оюун ухаан мухаан огт падгүй хэрэг болжээ. Ааль хэдийн ийм болчихсоныг нь би л тэгтэл сайн ойлгоогүй, биеэрээ төдийлөн мэдрээгүй явсан мангар юм билээ л. Тэгээд асар өндөр төлбөр төлж байж ойлгосон хэрэг. Гэхдээ тэр жижиг наймаа яахав, том “наймаа”-нд оролцоогүй л бол бусад нь хүүхдийн тоглоом. 
 
Сонгуульд сэтгэл хөдлөл падгүй болсонтой адил намд үзэл санаа, итгэл үнэмшил бас падгүй болсон байв. Аргагүй дээ, гучин жил намынхаа анхан шатанд ажиллаж орон нутгийн   улстөр хийхдээ өөдийн нар хараагүй, дандаа ялагдаж байсан намын гишүүд ийм болохоос өөр яана гэж? Тэдэнд одоо тэр ардчилал нь гарна уу, МАН нь гарна уу хамаагүй, аль нь ч гарсан тэдний амьдралд онцын өөрчлөлт гардаг биш. Тэгэхээр прагматик хандах нь илүү ухаантай шийдэл болж алсын эрх ашгийг биш хамар дорх ашгийг урьтал болгох нь ч зөв. Ийм  хүмүүсийн бөөгнөрөл дунд шидэгдэн орлоо. Гэхдээ энэ бол ганц миний нэр дэвшсэн тойргийн дүр зураг огтоос биш. Энэ бол АН-ын нийтлэг дүр зураг юм.
 
 Дээрээ дээр дороо орж зодолдож байгаа дүр эсгээд хувааж хуйвалдсан гучин жил жирийн гишүүдийг элгээр нь хэвтүүлсэн тул намынхаа төлөө итгэл үнэмшлээрээ, зүрх сэтгэлээрээ хөдөлдөг  миний мэдэх  АН огт биш болсон байлаа. Хөдөөнөөс өөрийнхөө зардлаар ирсэн гишүүд “Хэрэв Л.Гүндалайг үг хэлүүлэхгүй бол машин дор чинь орж үхнэ” гээд тракторын дугуйн өмнө хэвтдэг гэгээн хувьсгалчид хаашаа ч юм алга болж, ийм романтизм АН-ын хувьд түүхийн шарласан хуудас болсон байлаа. 
Сонгууль бол тулаан биш, мөнгө олох сезон төдий болж хувирчээ. Гучин жил эрх мэдлийн зий хараагүй, орон нутагтаа дарлуулж дээрэлхүүлсээр эцэст нь залхаад амьдралаа бодсон намын гишүүнийг буруутгах эрх хэнд байгаа юм бэ? Нэг дүүрэг, нэг аймаг, нэг суманд гучин жил эрх мэдэл эдэлж, шийдвэр гаргаж үзээгүй, ялалтын уухай хадааж, хариуцлага хүлээж үзээгүй тэдэнд одоо үзэл санаа гэгч ямар хэрэгтэй юм, тэр нь юу ч байдаг юм цус. Байдаг ч байсан үр хүүхдээ хоолтой байлгах эцэг хүний заяагдмал үүргийн дэргэд тэр чинь юу юм бэ?! Нохойн жогорхой! 
Одоо мөнгөтэй нэр дэвшигч ирэх хэрэгтэй, хэрэв мөнгөгүй бол түүнийг өөр хэн нэгэнд зарж орхино. Гучин жил ялах итгэл найдвараа нэгэнт алдсан тул одоо тэд амьдралаа бодох прагматик хандлага руу шилжсэн. Хувь хүний хувьд буруутгах учиргүй сонголт. Аль намын хэн гарахаас илүү хэрхэн хэдэн төгрөг хийж авах нь тэдний бодтой эрх ашиг. Нам доторх нэр дэвшигчдээ уралдуулна, өөр бусад намынхантай бас уралдуулна. Үнэ хаялцуулна. 
Харин нөгөө талд МАН-ыг нэгдмэл, сахилга баттай гэж магтацгаана. Элэнцгийн нь сахилга бат байхав, сонгуулиар ялагдаад ажлаа алдчихвал амьдралаа алдах учраас гарцаагүй энэ эрх ашиг дээрээ яс нэгдэж байгаа нь тэр! Ажлаа алдвал бүхнээ алдана. Үмх талхнаас гадна дэл сул өчнөөн орлого олоод сурчихсан, түүнийгээ алдана гэдэг бол амьдралын асуудал. Тиймээс нохой ч ирсэн, нэгдмэлээр саналаа өгнө. Энэ бол зөвхөн намын өмнө биш амьдралынхаа өмнө, ар гэрийнхээ өмнө хүлээсэн үүрэг нь юм л. Түүнээс бас л тэр нам мам, үзэл санаа манаа бол тэдний хувьд ч даший шог. 
Тэдэнд хамгаалах бодтой эрх ашиг-эрх мэдэл байна. Харин АН-д алдах юм байхгүй учир олдсон боломж бүрээс аль болох ахиухан “цус гаргаж” авах нь хамаагүй бодтой эрх ашиг. Орон нутгийн сонгууль бол дүүргийн намын гишүүдээ ажилтай болгох л амьдралын, амьжиргааны төлөө тулаан болохоос дүүргийг хөгжүүлэх тулаан огтоос биш юм шүү дээ. 
Ариун нандин үзэл санаа гэгч намуудыг эгнэгт орхин оджээ. Ер нь угаас байсан юм уу даа...?! 
Одоо АН ядарсан. Олон том тулаанд орж ялагдал хүлээлээ. Одоо тэнд гаргах “цус”-тай хүн ч ховордоо биз дээ. Тэгвэл одоо яах билээ?! Ямар ч муу зүйлд сайн тал заавал бий!  
 
Намын дарга хэн болох нь чухал, гэхдээ хамгийн чухал нь бас биш. Одоо л суурь руугаа, үндсэн үзэл санаа руугаа өнгийх түүхэн сайхан боломж гарч байгаа нь юутай их завшаан. Ялагдлын, уналтын, цөхрөлийн хамгийн сайн тал нь энэ билээ. Өөр рүүгээ өнгийж, өөрийгөө олж, түүндээ түшиглэн өндийх! 
 
Хувьсгалын мөн чанар
 
Ардчилсан нам үзэл санааны сууриа хувь хүний эрх чөлөө гэж үздэг. Энэ эрх чөлөөг хувьсгалаар тунхаглаад гучин жил болсон. Харин эцсийн дүндээ хувь хүн нь ч, улс үндэстэн нь ч бүрэн эрх чөлөөгөө олж авч чадсангүй, хувьсгалын зорилго тунхаг хэвээр үлдлээ. /Ингэхэд анхны лоозонгууд дунд хувь хүний эрх чөлөөний тухай лоозон би олж хараагүй/ 
МАН АН хоёр бол “хувьсгалтай нам”. Хоюулаа хувьсгал хийсэн учраас ч түүндээ дулдуйдан арай илүү амь бөхтэй байдаг биз. МАН-ын 1921 оны хувьсгал яалт ч үгүй 1911 оноос эх үндэстэй үндэсний тусгаар тогтнолын асар том тулгуур. Бүх л хувьсгалын үндсэн санаа, суурь агуулга, үнэт зүйл нь үндэсний тусгаар тогтнол, эрх ашиг, гаднын нөлөөллөөс салах, үндэсний эрх чөлөөгөө /хувь хүний биш!/ олоход л оршиж байсан. Харин хувьсгалын шалтгаан болсон эхний дөнгөнөөсөө салав уу үгүй юу анхны зорилгоосоо гажиж дараагийн савартаа ордог нь бас л жам шиг дагалдаж иржээ. 1921 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан даруйдаа Коминтернийн саварт шилжиж МАН анхны хувьсгалт үндэсний үзэл санаанаасаа бүрмөсөн гажиж коммунист нам болсноор Монгол Улс дэлхийн бөмбөрцгийн улаан талд хүч нэмсэн билээ. 
1990 оны хувьсгалын үзэл санаа мөн л үндэсний шинжтэй байлаа. МАХН-аар дамжсан ЗХУКН-ын хэт ноёрхлыг түлхэн унагах, тэдний гар хөл бологчдоос улс орныг чөлөөлөх, нэг улсаас хэт хараат эдийн засгийг таягдах, цөөнхийн дарангуйлал, хүнд суртлын аппаратыг халах, Эрдэнэт үйлдвэрийн ашгийг монголчууд биш оросууд илүү хүртэж байгаа шударга биш байдлыг зогсоох, байгаль ээжийг сүйтгэж байгаад шүүмжлэлтэй хандаж ашигт малтмалыг зохистой ашиглах, тусгай хангамж, хээл хахуулийг халах үнэн үгтэй урианууд... ЗХУКН-ыг нь “неолибералууд”, Эрдэнэтийг “Оюутолгой” болгож өөрчлөөд л одоо ч хэрэглэж болох сэтгэл хөдөлгөм лоозонгууд. Яалт ч үгүй үндэсний уриа, үндэсний хувьсгал. 
 
Аливаа хувьсгал эхлэхдээ заавал үндэсний эрх ашигт дөрөөлдөг. Үндэсний эрх ашиг зөрчигдөж байгаа нь л хувьсгал хийх үндсэн шалтгаан байдаг билээ. Тэгж байж түмэн олны уухайлсан дэмжлэгийг хүртэнэ. Бод л доо, хэрэв тэр үед “Бид л баяжаад, та нарын олонх хэцүүхэн амьдарна, гэхдээ үг хэлэх эрх чөлөтэй байна” “Эрдэнэтээ бид авчихна, гэхдээ түүнээс долоо дахин том ордоо Австрали Канадын компанид алдаад бүгдээрээ үүнээс ч аймаар өрийн дөнгөнд орох юм”... гэвэл хувьсгалыг хэн дэмжих билээ дээ. 
 
Бүх хувьсгал үндэсний суурьтай байдаг. Харин дараа нь хоромхон зуур зорилгоо өөрчилж гаднын гар хөл болж хувирах нь гачлант түүхийн парадокс, эмгэнэл, бас дээрээс нь “жижиг” улсын зовлон гэлтэй. 
АН өнөөдөр гучин жилийн өмнө лоозогнож байсан үндэсний эрх ашгаа ор тас мартчихаад үндэсний эрх ашгийг хувь хүний эрх ашгаас доогуур тавьж “Бид бол либерал нам” гэх нь хэний ч гайхлыг төрүүлэхгүй болжээ. Түүх давтагдав. Хэрэв анхны хувьсгалт эрх ашгаасаа урвасан л бол нэгэн цагт хувьсгалаар түлхэгдэн унах нь гарцаагүй.   
АН-ын дэмжлэг нийгэмд байнга буурч, улам бүр ангалын ирмэг рүү түлхэгдсээр байгаа нь АН-ын өөрийн нь болон удирдагчдын нь муу муухай гэхээс илүү нийгэм, түүхийн тодорхой учир шалтгаантай. Хэрэв түүн рүү л өнгийхгүй бол АН өөрийгөө бүрэн оношилж чадахгүй. 
Нийгмийн хувьсгалууд нийгмийн хөгжил дэвшилтэй уялдан шинжлэх ухаанчаар үнэлэгдэн дүгнэгдэж байсангүй, намуудын өмч мэт явж ирлээ. Монголд Ардын хувьсгал ялсан нь монголчуудын бахдал, төрийн үйл хэрэг биш МАН-ын санаа тавих асуудал болж хувирсан. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой төрөөс ангид, харин АН-ын л зохион байгуулах ажил болж байв. Өөрсдийн нь сэтгэж байгаа яг энэ логикоор өнгөрсөн 30 жилийг зөвхөн АН-тай холбож ойлгодогт гомдож, 26 жилд нь МАН эрх барьсан шүү дээ гэж гоншгонох ямар ч шаардлагагүй юм. Яг өөрсдийн нь сэтгэдэг логикоор ард түмэн 30 жилийг АН-тай буюу АН-ын хийсэн хувьсгалтай холбон ойлгож нийгмийн дүгнэлтээ өгч байна. Учир нь нийгмийн энэ өөрчлөлт-хувьсгал өөрөө АН-ын “өмч” учраас. “АН бараг эрх бариагүй шүү дээ” гэх хүүхдийн гоморхол, гоншгонолоос АН-ыг бас өөрийг нь уншиж болно. АН хийсэн хувьсгалынхаа үзэл санаа, агуулгад санаа тавьж эвийлэн бөөцийлсөнгүйгээр барахгүй харин ч өөрсдөө гажуудуулан хазайлгасаар ирсэн юм. Одоо анхны тэр хувьсгалын үнэр ч байхгүй болоод “Бид либерал нам” гэж зарлах хэмжээнд хүрчээ. Ингэж ойлгодог, ийм хандлагаар сэтгэдэг бүтэн үе АН-д гарч ирсэн. 
Намууд нэгэнт ийнхүү бие даасан хүмүүсийн, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн бөөгнөрөл болж, үзэл санаа, үнэт зүйлийн тулгуургүй болсноос хойш ганхан унах нь зөвхөн цаг хугацааны асуудал билээ. Харин түрүүлж унасан нь хожиж мэднэ. Түрүүлж унавал түрүүлж босох тулгуураа хайна. Тэр тулгуур нь мөнөөх өөрдөөс нь алдуурсан үзэл санаа. Үзэл санаа бол мөнөөх хувьсгал хийх болсон үндсэн шалтгаан- үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл санаа билээ. Өөр юу ч биш. Либерализмаа тулаад өндийнө гэвэл тэр нь Монголын хөрсөнд гүн бат зоогдоогүй, хувьсгалын нь тулгуур үзэл санаа биш учраас удаан тогтоохгүй. Үндэсний үзэл санаа бол ард түмэнд өөрт нь байдаг зүйл. Түүнийг нь илэрхийлж, томьёолж гаргаж ирэх бол намуудын хийх ажил. Өөрийгөө олох нь хувь хүнд хичнээн чухал байдаг билээ дээ. Хэрэв үндэстэн өөрийгөө олж хараагүй бол бас л хаачихаа мэдэхгүй. Түүний чиглүүлэгч алсын хараа нь байж чадаагүй нам бас л түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, энэ үндэстнийг хол авч явж чадахгүй гэсэн үг. 
Тиймээс ийм суурь хэлэлцүүлэг, маргаан өрнөхгүй, ердөө л Эрдэнийг муучилж шинэ даргаа хайх, Женкогийн тал, Элбэгээгийн тал болж талцах, их сайндаа МАН-ыг ялах нь намын нь, бас хувь хүний амьдралын нь зорилго байсаар байвал энэ намгаасаа намаа байтугай өөрсдийгөө аварч чадахгүй. Улс төр бол үзэл санаа. Улстөрч бол үзэл санаатан. Тэр тусмаа үндэсний үзэлтэн байх ёстой гэж шууд хэлье!
1911 онд үндэсний хувьсгалт үзэл санаагаар өөрчлөлтийн салхийг тууштай эхлүүлээд  арван жилийн дараа хэдийн Коминтернийн сурталч болж хувирчихсан байсан МАН 70 жил эрх барьж дараагийн хувьсгалаар түлхэгдэн унасан. МАН ард түмний тархинд коммунизмын төлөөлөл, төсөөлөл, илэрхийлэл байснаас ардчиллынх биш. Тиймээс “26 жилд нь МАН эрх барьсан шүү дээ” гэх гоншгонолыг хэн ч ойлгохгүй, ойлгох ч учиргүй. Өнгөрсөн гучин жил зөвхөн АН-д хамаатай гэж нийгэм ухамсаргүйгээр ухамсарлаж байгаа нь ч логиктой сэтгэлгээ. АН хувьсгал хийж нийгэм өөрчилсөн шүү дээ! Хэрхэн өөрчлөгдсөнийг АН-тай холбох нь ч мөн л логиктой сэтгэлгээ юм шүү. “100тай өвгөнтэй 30-тай хүүхдийг харьцуулах гэлээ” гэсэн эвийлэлтэй гоморхол нь ч яг л 30-тай хүүхдийн сэтгэлгээ.  
Тэгэхээр намууд аль аль нь үзэл санааны хувьд нуран унасан. Одоо нэгийг нь эрх мэдэл ёс төдий тулж байна. Эрх мэдэл нь нуран унахад үхэтхийн унана. Эрх мэдэл-мөнгө- албан тушаал... Энэ бол амьдрал нь учраас үүнийг л МАН алдаж болохгүй! Тиймээс энэ бол туйлын зорилго нь. Үүнээс цааш алсын хараа үгүй. Удирдагчийг нь хар л даа! АН бол бүр удирдагч ч үгүй болсон! 
Харин АН-ыг утасны үзүүрт уясан чихэр шиг ойрхон харагдаж байгаа эрх мэдэл амь голтой төдий байлгаж байна.
 
Хувьсгалаа зарж бор ходоодоо божийлгосон хөгшин ардчилагчид нуувчинд орж, олон удаагийн сонгуулиар орж байдгаа барж халаасаа сэгсэрсэн дунд үеийнхэн аргаа барахдаа улангасан улайрч, мөнгөтэй болбол ялах амархан болохыг олж харсан гучтангууд мөнгөө базаасаар... нам сэхээнд байна. 
 
Хэн тэнд үзэл санаа ярина вэ? Гучин жилийн өмнө талбай дээр цагаан хоолой барин өөрөө ч ухаагүйгээр Зөвлөлтийн дарангуйллын эсрэг үндэсний эрх ашиг, эрч чөлөөгөө ярьж байсан туранхай хөвгүүн Монголын тэргүүн баян болоод зогсоогүй, олсон хууль бус мөнгөө зураг болгон хадгалах уран аргыг өөрийг нь ийм болтол тэжээсэн харийн “ах нар”-аасаа сурчихаад, хэдэн саяын костюмандаа чихэлдэн, өлөн зэлмэн ардын нүдэн дээр “Хувь хүний эрх, эрх чөлөө...” гэж хоолой шахан пээдэлзэх нь даажин. Тэр 30 жилийн өмнө хэлж байсан үгээ утгыг нь гуйвуулан өнөөдөр тоть шиг давтахдаа өөрийнхөө хөрөнгөө нуусан “эрх чөлөө”-г дотор нь багтаан залбирах гутамшиг. Тэр үүнийгээ ҮЗЭЛ САНАА гэж өөртөө итгэнэ. Энэ АХ өнөөдөр энэ намын олон залуусын төдийгүй намын өөрийн нь үзэл санааны луужин, туг нь шүү дээ! Хувь хүний эрх чөлөө хувь хүний итгэл үнэмшил, зорилго байж болох байх. Харин үндэстнийг авч явах төрийн үзэл санаа огтоос биш! Ард түмэн хувьсгалч хүүгээ танихаа байгаад тасчин хаяхад бэлэн үзэн ядах болжээ. Энэ гучин жилд түүнийг хайрлах учиртай ард түмэн үгүйрээд, өөрөө төрөл арилжталаа язарсан учраас тэр. 
Он улирах тусам гэрэлтэн тодорч үндэстэнд ойлгогдох үзэл санаа гэж бий. Цаг хугацааны шалгуур шаардлагагүй тэр дороо ухаарагдах үйл гэж бий. Тэр үзэл санаа тээгч байж чадсангүй, харин үйлийн үрээ амьддаа эдлэх тавилантай байж...
Тэгэхээр хэн хамгийн түрүүнд ард түмний зүрхэнд байгаа үндэсний мөнхийн үзэл санаа, эрх ашгийг тодорхойлон томьёолж, үйл болгож чадна, тэр түрүүлж босно, сэхнэ, амьдарна. Хэрэв тэгж чадвал үндэсний эрх ашгийг оочин цоочин, системгүйгээр ярьж, үйлдэж яваа бусад нам, хөдөлгөөн, бусад хүмүүст орон зайн боломж байхгүй болж сая цэгцрэх юм. Өнөөдөр ийм үзэл санааны томоохон орон зай эзгүй байгаа учраас жижиг жижиг нийтлэгүүд, хөдөлгөөн, хувь хүмүүс түүнийг нөхөх гэж оролдсоор байна. 
 
Үндэсний үзэл 
 
Надаас нэг л залуу “Таны ярьж байгаа яриа, үйл хөдлөл огтоос АН-ын либерал үзэл баримтлалтай нийцэхгүй, харин МАН-тай илүү ойр атал яагаад АН-д орчихдог байнаа?” гэж ганц логиктой зөв асуулт асуусан юм. Үзэл санааны тухайд аль алинд нь байхгүйтэй адил. Хэрэв “байгаа” гэж  хүчлэн мэтгэх юм бол би МАН-тай илүү ойр нь үнэн л дээ... 
 
Үндэсний үзлийг шинэ улстөрийн хүчинд амилуулахыг хэдэнтээ оролдсон. МҮАН болон ТТЭНН. Гэсэн ч ойрын ирээдүйд Монголын ойрын нөхцөлд өөр улстөрийн хүчин, тэр тусмаа үндэсний үзэлтэй хүчин амьдрах байтугай соёолох бодат боломж байхгүйг биеэрээ нэгэнт туулсан билээ.  
 
Одоо тэгвэл юу байж болох вэ? Ямар ч байсан зохион байгуулалттай боловч үзэл санаа дутаж байгаа тэр хэсэгт үр суулгах. Уг нь үрээ хувьсгалаар суулгасан юм л, даан ч тэр үрийг соёолж амжаагүй байтал харийн хогийн ургамал тархчихлаа. Хогийн ургамалд дарлуулсан тэр үрийг хайж олоод арчилж тордох ёстой. Энэ бол улстөрийн шинэ арга зам, дараагийн алхам. Жаахан ярвигтай урт зам л даа. Түргэтгэе гэвэл хувьсгал! 
Хувьсгалын үр дүн бол Үндсэн хууль. Үндэсний эрх ашгаас улбаатай хувьсгал Үндсэн хууль батлах завсар л зүсээ хувиргаж амждаг байлаа. 1921 оны үндэсний хувьсгал 1924 онд хэдийн үндэсний биш болж батлагдсан. 1990 оны хувьсгал 1992 онд Үндсэн хууль болж баталгаажихдаа үндэсний чанараа хэдийн гээж амжсан байлаа. Харин 2000 оноос Иргэний хөдөлгөөнүүдийн, бидний эхлүүлсэн хувьсгалт үзэл санаа, ужиг зовлонт тэмцлийг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цурманд оруулав. Гэхдээ үзэл санаа нь хэвээрээ байгаа. Цаг нь болохоор уугин шатах бизээ. Харин хувь заяаны цагийг хүлээлгүй, тэр цагийг наашлуулах боломжийг бүх талаар хайж эрэлхийлж байх ёстой. Тэр арга зам бол АН-д анхны хувьсгалын нь үрийг сануулж, үндсэн үрийг нь шинэ үзэл санаагаар баяжуулсан Үндэсний эрх ашгийг цоо шинээр томьёолох гэж би харж байна. 
Одоо нэгдэж хамтаръя, найз нөхрөө эндээс олъё, жинхэнэ үндэсний хувьсгалын үзэл санааны үрийг соёолуулъя, түүнийгээ арчлан ургуулан тордоё, томруулъя, улмаар намын, цаашлаад төрийн үзэл санаа болгоё!
 
Одоогийн АН бол эрх барихаараа МАН-ын нөгөө тал, сөрөг хүчин болохоороо МАН-ын эсрэг тал. Жирийн гишүүнээсээ эхлээд УИХ-ын гишүүнээ хүртэл МАН-ын өө сэвийг харж эсэргүүцэхийг хийх ёстой гол ажлаа гэж сэтгэдэг болчихоор нам өөрөө  хол алхахаа больж байгаа юм. МАН-ыг нэг нүдээр үздэггүй бол, тэднийг МАНгар гэж хэлдэг бол АН-ын хамгийн сайн, үнэнч шударга гишүүнд тооцогдоно.
 
Ард түмнээ хуваан талцуулах ажлыг ингэж нам өөгшүүлдэг. Нам ингэж биежин бүрэлддэг, үр дүнд нь ард иргэд эмгэнэлтэйгээр хуваагддаг. Нам гэж нөгөө намаа үзэн ядагчдын арми байж болох юм уу?! Энэ нь дээрээ улстөр л юм байгаа биз, харин иргэнд, гишүүнд очихоороо эмгэнэл болдог. Их хурлын гишүүн суманд намын ид бахтай дайн дэгдээгээд явж болно. Харин намын гишүүн гэр бүлээрээ сумандаа үлдэж эрх баригч намынханд зуугдан хавчигдан гадуурхагдах болно. Ухна ишигний зовлон ойлгохгүй, УИХ-ын гишүүнд жирийн намын гишүүний зовлон падгүй. Нэр дэвшчихээд нисэн одох нүүдлийн шувуу шиг нэгнээс өөр нам ч гэсэн хамтдаа амьдрах нутгийн хүн илүү. Нэр дэвшигчийг яаж ийгээд эвтэйхэн хорин хэд хоног байлгаад шилийг нь харъя. Нэр дэвшигч ч бас сезон нь орсон намын гишүүдийг яаж ч чадахгүй тул шүдээ зуугаад 21 хоногийг өнгөрөөнө. Намаар жинхэнээсээ хуваагдах бодат боломж амьдралд байхгүйг АН-ын жирийн гишүүн гучин жил амьдралаараа нотоллоо. Одоо хангалттай бус уу?! 
Товчхондоо бол АН улсаа, иргэдээ хуваадаг либерал биш хүний өөрийнгүй нэгтгэн зангиддаг үндэсний нам болох ёстой. Ингэж чадвал сэргэж, сэхэж чадна. Эс чадвал арай л залуудаа сайндаа эрэмдэг болж, муудвал мажийх нь дээ... 
Үзэл баримтлалаа цоо шинээр томьёолох нийгмийн томоохон хэлэлцүүлгийг зөвхөн дотооддоо биш нийгэмд өрнүүлж, өөрийгөө өөрчлөх биш цоо шинэ болгон шинэчлэх шаардлагад тулж ирлээ.
Үндэсий үзэл бол шинэ үеийнхний Монголын төрийг авч явах аугаа том үзэл санаа. Үүнийг ч бас АХ НАР мэдэрч нэг бус удаа ашиглаж, амжилтад хүрч байсан юм. Гэхдээ үндэсний үзэл бол үеэ өнгөрөөсөн хөгшин АХ НАР-ын сүүлчийн хоргодох орон зай биш, шинэ үеийнхний босох тулгуур, төрөө авч явах туг үзэл санаа байх ёстой. 
АН алдсан газраа эргэж харъя. Тэр бол хувьсгалт үзэл санаа-үндэсний эрх ашгаа гээсэнд л байгаа юм. Бусдын алдаанд дөрөөлж биш өөрийн алдаагаа тулж босно.
МАН-ыг энэ өрсөлдөгч гэж үзэн ядаж биш энэ үндэстний нэг хэсэг хэмээн дотроо багтаан сэтгэ, бидний алдааны нөгөө тал гэж хар! Тэгвэл үндэсний үзлээр сэтгэж байгаа нь тэр. Нийгмийн ядуу хэсгийг “Арчаагүйдээ ингэж байгаа юм, хохь нь. Нийгмийн ийм хэсэг цэвэрлэгдэн алга болох ёстой” гэж биш “Бид цөөхүүлээ учраас нэгийг нь ч гээлгүй сайн сайхан авч явах ёстой” гэж сэтгэ. Энэ бол үндэсний үзэл. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хангахгүй бол тэд орж ирэхгүй гэж айн дагжихаасаа өмнө монголчуудын эрх ашиг хэрхэн хангагдах болж байна гэж асууж чадаж байвал тэр үндэсний үзэл. Аливаа асуудлаас “Тэгээд энд чинь Монголын эрх ашиг хаана нь байна?” гэж нухацтай харж сурвал тэр үндэсний үзэл. Намаар биш төрөөр сэтгэх нь үндэсний үзэл. Товчхондоо өнөөдөр амьдарч байгаа 3,2 сая хүний ходоодыг хоолтой байлгах эдийн засаг, төсвийн хүрээнд биш, үеийн үед энэ газар шороонд амьдрах монгол хэмээх үндэстний эрх ашгаар зуун дамнан сэтгэх нь үндэсний үзэл. Үндэсний үзэл санаа бол ярьдаг сэдэв биш, аливааг харах өнцөг, сэтгэлгээний хэлбэр юм. Ард түмнийхээ мөнхийн эрх ашгийн нь илэрхийлэл байж сэтгэлийг нь эзэмдэж чадвал санал нь хаа холдох вэ...
/үргэлжлэл бий/
 
Ардчилсан намын гишүүн Гантөмөрийн УЯНГА