Ш.Пүрэвсүрэн

Мянган галт уул түмэн цэцэгсийн арал

Нийтэлсэн: 2017-01-26 12:15:00

  АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөрт  2017 оны 1-27
 
                         
Сөүл хотоос хөөрсөн онгоц их Номхон далай дээгүүр долоон цаг гаруй чилтэл ниссэний эцэст Хавай муж улсын Хонолулу хотын олон улсын нисэх буудалд газардлаа. Жигтэйхэн төөнөсөн халуун л угтах байхдаа гэсэн миний айдас гадаа агаарын хэм 22  байна гэж үйлчлэгч зарлахыг сонсоод замхарлаа. 
 
 Нүд шүд, зүс царайгаараа хэдэн жилийн өмнө сумогийн ертөнцийг шуугиулж байсан Акебоно аваргын төрсөн ах дүүс болов уу гэмээр бие хаагаараа ч түүнээс хол  дутахааргүй булиа хүмүүс ирсэн зочдоо тосон  “Aloha” хэмээн уянгалуулан мэндэлж, нүүр дүүрэн инээмсгэлэн угтав аа. Ер нь хавайчууд бүгдээрээ л нэгэн эхээс төрсөн юм шиг жигд ланжгар том лагс биетэй, хүрэн улаан царайтай, махлаг мяраалаг хүмүүс юм билээ. 
 
Та Хавайд очихын тулд халаасандаа хэдэн ногоонтой, бага зэргийн англи хэлтэй, дээр нь алоха, махало гэсэн хоёр үгтэй байхад л хангалттай. Алоха гэдэг нь мэндчилгээний үг учир сайн байна уу ч гэж ойлгож болно, баяртай ч гэхдээ хэлж болно. Харин махало гэдэг нь баярлалаа гэсэн үг.
 
Хавайн арлыг амралт зугаалга, аялал жуулчлалын диваажин гэдгийг  дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдгийн учир нь Номхон далайн гүнд, эх газраас хэдэн мянган бээрээр тусгаарлагдсан, цэг шиг энэ арлууд  ямар ч улиралд айхтар халдаггүй, бас хөрдөггүй, манай эртний Жангар туульсад гардаг шиг
Бур бур хуртай 
 
Сэр сэр салхитай Бумбын орон ажээ. 
 
   Шөнө бүр жаахан бороо хаялчихаад л өглөө нь тэнгэр нь гэнэт цэлмэчих юм. Далайн зүгээс давс амтагдсан сэрүүн салхи байнга үлээх учир хэзээ ч халууцахын аюулгүй. Хааяахан хаанаас гараад ирэв гэлтэй атгынхан чинээ үүл нүүж ирээд л гэнэтхэн шар хийтэл жаахан бороо асгачихаад, гэр лүүгээ яарсан  эзэгтэй мэт өндөр шовх уулсынхаа зүг нүүн арилж өгөх нь бүр сонин.
 
Нийслэл Хонолулу хотын  хүн ам хагас сая хүрэхгүй, гэвч тийшээ жилд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх долоон сая зочид гийчидтэй хамт 10 гаруй тэрбум доллар өөрөө урсан орж ирдэг гэнэ. Өөрөөр хэлбэл эндхийнхний амьжиргааны эх үүсвэр нь ерөөсөө л цэвэр аялал жуулчлал.
 
    Түүхийг сөхөж үзвэл Хавайн арлын “Pearl Harbour” гэгч газар байрлаж байсан Америкийн усан флотыг Япончууд 1941 оны 12 сарын 7–ны үүрээр гэнэдүүлж бөмбөгдөн, хэдхэн цагийн дотор тэнд байсан бүх байлдааны хөлгүүд болоод цэрэг эрсийг энгийн иргэдтэй нь хамт газрын хөрснөөс бүрмөсөн арчсаныхаа хариуг дөрвөн жилийн дараа Хиросимо, Нагасаки хотууд дээрээ амсаж байсныг би санаж байна.  
 
Хонолулуд ирэгсдийн ихэнх нь Мона Ки хэмээх сөнөсөн боловч сүрлэг галт уулынх нь оргил дээр, алхаж мацаж амьсгаадалгүйгээр автомашиныхаа хурдаар салхи татуулан гарч, их далайн мандал дээр наран шингэхийг үзэх хийгээд одон орны хүчит дуран авайгаар сансар огторгуйн гүн рүү  аялахаар өөр нэгэн арал руу бас зорьцгоодог юм байна. 
 
     Нэгэнт мөнгө төгрөгөө үрж энэ холыг зорьж ирснийх далайн шорвог усанд умбаж, эргийн алтан элсэн дээр нь хэд хоног хөрвөөснөөс гадна бас хэрээ галууг дууриаж хүзүүгээ хугалахын үлгэрээр тэндхийн баячуудыг нь дагаж, өнөөдөр дэлхийд ганцхан гэгдэх газрын гүнээс үлгэрийн луу мэт улаан галаар тургин үлээгч өнөөх ЮНЕСКО-д данстай гэх алдарт “Галт уулынх нь паркийг” нь  үзмээр санагдаад явчихлаа. 
 
Англиар “Big Island” гэх буюу монголоор бол “Их арал” гэдэг нь нийслэл Хонолулугаас  40 мин орчим нисэж очдог, 400км орчим зайтай, зэргэлдээх хэдэн зуун арлуудаасаа хамгийн том нь юм байна. Билетийнх үнэ нь суух суудал болоод нисэх онгоцныхоо марк дугаараас хамаарч хоёр талдаа 100-1000 ногоонд хэлбэлзэнэ.
    Энэ арал дэлхийн өөр хаа ч тааралддаггүй хэд хэдэн гайхамшгуудаараа алдартай нутаг юм санж. Эх дэлхийн маань хамгийн сүүлд үүссэн залуу газар нутгийг үзье гэвэл та ийшээ зориорой.
 
Учир нь Их арлын анх дэлхийд мэндэлсэн нас нь  ганцхан сая жилээр тоологдох гэнэ. Нэг сая жил гэдэг бол дэлхий анх үүсэж эхэлсэн настай харьцуулбал юу юм бэ, бүр хормын төдийхөн л хугацаа гэсэн үг. 750 мянган жилийн өмнө Номхон далайн гүнээс оргилуун галаар тургилан дэлбэрч, урган гарч ирсэн, энэ хавьдаа хамгийн өндөр уулын нэрийг Мона Ки буюу монголчилбол Цагаан уул гэнэ.  
 
Их арал дээр сүүлийн мөстөлтийн дараа буюу арван гуравхан мянган жилийн тэртээгээс л амьтан ургамал бий болж эхэлжээ. Галт уул тэр үед 100 гаруй метр зузаан мөсөөр хучигдмал байжээ. Арлын  анхны оршин суугчид нь жигүүртэн шувууд. Тэд л мэдээж эндхийн анхны цэцэг ногооны үрийг хэдэн мянган бээрийн тэртээгээс амандаа зуун тээж авчирсан байж таараа. Эсвэл зарим нь гаргасан ялгадаснаас нь ч ургасан ч юм бил үү. 
 
Эхний үед энд мод бут ч огт байсангүй, харин хүн суурьшиж эхэлсэн үеэс эндхийн арлуудын дүр төрх танигдахын аргагүй өөрчлөгджээ. Одоо тэндхийн өвслөг толгодоор Шинэ Зеландийн нарийн ноост хонь бэлчиж, ширэнгэн ойд нь зэрлэг гахай энд тэндгүй тонтогонон гүйлдэж, аргаль янгир хадат ууланд нь дүүлж байна. Тэдгээр амьтад болоод цэцэг, жимс ургамлууд зуун хувь  гаднаас ирж суурьшсан уугуулууд. Тэр их өтгөн ой мод өвс ургамал дунд ганцхан могой л алга. Гаднаас хэн нэг нь могойн зулзага авчраад тавьж орхих бий гэхээс нутгийн иргэд сүнсээ гартал айдаг гэнэ. Учир нь тэнд хатгасан болгон ургаж, тавьсан болгон нь тун хурдан өсөж үржинэ. Иймээс ч хил гааль нь гаднаас оруулж ирэх мөн гадагшаа гаргах ХАА, хүнсний бүтээгдэхүүнд тун хатуу хяналт тавьдаг юм билээ. 
 
Нутгаас гарахдаа энд сурдаг охиндоо ганц хоол хийгээд өгчих санаатай авч явсан  атга борц, ганц лааз жигнэсэн мах хийсэн чемоданыг маань нөгөө айхтар гаальч нохой нь үнэрлэнгүүтээ нэг хуцаад л дашийн шог болгосон шүү. Ер нь ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн ийшээ авч орно, гарна гэвэл санасны гарз юм билээ. Энэ удаа харин ч торгууль, чиргүүлгүй л өнгөрсөн нь яамай боллоо. Гаалийн мэдүүлэг худлаа бөглөвөл ямар ялтай байдаг талаар надад тэд дахиад хэзээ ч мартахгүй болтол санууллаа.
 
Оройд нь биш хормойд нь хүрэхэд хэцүү уул
 
Мона Ки сөнөсөн галт уулыг  дэлхийн хамгийн өндөр нь гэвэл та лав үнэмшихгүй нь мэдээж. Англи хэлэнд өндрийн хэмжээсийг илэрхийлдэг хоёр үг бий. Highest mountain гэж хэлбэл мэдээж хүүхдүүд тань Эверестийг хэлж байна гэдгийг түвэггүй ойлгоно. Харин world tallest mountain гэж дуугарбал та Мона Киг хэлж байна гэж ойлгоорой. Цаст Эверестийн оройд гарахын тулд уулчид хормойгоос нь орой хүртэл 4000 метрийг яс махаа баран туулдаг бол та энэ уулын оройд гарахын тулд далайн эргээс өөд түүнээс 200 метрээр илүү буюу 4200 метр газрыг ердийн алхаагаар туулах хэрэг гарна. 
 
Хамгийн өндөр энэ уулын оройд ийнхүү хэнбугай нь ч атугай хялбархаан гүйгээд гарчихаж болох. Хар замтай учир дөрвөн дугуйгаараа мааждаг хүчтэйхэн жип хөлөглөсөн хүн бол гуравхан цагийн дотор таныг уулын оройд нь төвөггүйхэн хүргээд хаячихна. Харин хормойд  нь оччихоод ир гэвэл ямар ч аавын хүүгийн сачий хүрэхгүй ээ. Учир нь уулын хормойд хүрэхийн тулд та далайн гүн рүү 6000 метр шумбах хэрэгтэй болох болов уу. Чаддагсан бол яаж ийгээд хормойноос нь эхлээд авирбал 10 мянган метрийг туулж байж орой дээр нь гарч таарах нь ээ. Аргагүй л урт голигор хайрхан байгаа биз?. Эверестийг маань  далайн түвшнээс дээш 8848 метр гэдэг эс бил үү?
 
4500 жилийн өмнө сүүлийн удаа дэлбэрээд мөхсөн энэ галт уулын орой дээр одоо олон улсын багийнхан хүчит 24 телескоп зоожээ. Агаарын температур хамгийн бага хэлбэлзэлтэй учраас эрдэмтэд энэ газрыг сонгож авсан юм байх.  Найман орны одон орон судлаачид одоо тэндээс 12 тэрбум гэрлийн жилийн алсад байгаа оддыг хичээнгүйлэн дурандаж сууна.  Өөрөөр хэлбэл тэд манай дэлхий, нар үүсэхээс өмнө байсан зүйлсийг олж харж байна гэсэн үг. Зарим дурангийн жин нь 300 тонн хүрэх боловч ганц гараар эргүүлж болохуйц суурин дээр бэхлэгдсэн байгаа нь надад бүр сонин санагдсан. Жуулчдын нүдийг хужирладаг нэг үзүүлбэр энэ. Тэндээс та хүсвэл манай галактикийн арван тэрбум оддыг тоолж болох нь ээ.
 
    Уулын орой руу биднийг хөдлөх тэр өдөр далайн эрэг орчим учиргүй их бороо шаагиж байсан боловч, аажим өгссөөр далайн түвшнээс 3000 метрээс дээш гараад ирэхэд тэнгэр цэлмээд явчихсаны учир нь бид борооны үүлнээс дээш гарчихсаных аж. Тээр доор усан бороо шаагиж, бид түүний дээгүүр хүндрүүлэгч, мост бүх л юманд нь залгачихсан хүчит хөлгийн хөдөлгүүрийг ёнгинуулан тууж явна.
 
Сонин үзэгдэл юм билээ. Энэ уулын торгон оройд бороо жилийн аль ч улиралд бараг үл дусах учир өвс ургамал гэж бараг үгүй, нүцгэн цөл. Уулын оройд энд тэнд тааралдах цас мөсөн толбо халуун орны хүмүүсийн хувьд чухам чандмань эрдэнэ бололтой. 
    Уулын торгон оройд нарны хурц гэрэл нүд гялбуулан, бөртийх ч үүлгүй “Монголын” хөх тэнгэр цэлийх боловч, их далайн зүгээс зэврүүн хүйтэн салхитай байлаа. Одон орны асар том бөмбөлгүүдийн нэгнийх нь бөөрөн дээр нь хонхойсноос үзэхэд салхины хүч энэ орчинд ер бусын болох нь мэдрэгдэж байв.
 
Тэртэй алсад цайлалзах үзэсгэлэнт Мона Ло галт уул нь энэ ноён оргилоос зуухан метрээр нам аж. Мона Ло гэдэг нь монголоор Урт уул гэж орчуулагдана. Нутгийнхан энэ хоёр уулын дундуур явах тун дургүй гэнэ. Уулсын дундуур хамаагүй хэрж давхивал дайрлага дайрдаг гэж нутгийн газарчин жолооч маань айлдлаа.  
Эмээлийн бүүрэг мэт энэ хос галт уулууд ийнхүү урд хойноо орон дэлбэрч өөрийн эзэмшил нутгаа тэлсээр байгаа юм байна.
 
   Доошоо эргээд дурандахад хэдэн зуун том жижиг галт уулын тогоо багшран харагдана. Далай доор бүр үүнээс хэдэн арав дахин илүү олон бий гэх. Манай нутгийн Дарьгангын Алтан Овоо орчим л ийм олон сөнөсөн галт уулын олонлогийг харсан санагдана.
 
   1984 онд дэлбэрч эхлэн одоо хүртэл уухилан утаа үнс манаргаж, улаан галаар тургилан байгаа Мона Ло нь дэлхийн хамгийн залуу бөгөөд хамгийн том галт уул. Одоо энэ уулын хормойгоос өдөрт 300 мянгаас нэг сая шоо метр халуун лав далай руу урсан орж байгаа учраас сүүлийн хэдхэн жилд 600 гаруй га газрыг шинээр үүсгээд байгаа гэнэ. Хэдхэн жилийн өмнө жуулчид бужигнаж байсан алдарт хар элсэн эрэг  одоо далайн доор далан метрийн гүнд байна  Эх дэлхий маань зах хязгаар орон зайгаа иймэрхүү маягаар тэлдэг юмсанжээ.
 
    Бас нэгэн гайхамшиг нь дэлхийн хаа ч байдаггүй өндөр уулын арав гаруй бүслүүрийн өвс ургамлыг  энэ жаахан нутагт үзэж болох аж. Өвсөн бүрхэвч нь зарим газраа  тун хуурамч юм билээ. Би нутгийн зэрлэг тахианы зураг авах санаатай  машинаас буугаад замын хажуухан руу гүйж оруут  өвс мэт харагдаад байсан хөвд  цөмөрч, газрын ангал руу бүсэлхийгээ хүртэл живж ороод тун цочиж тэвдсэн билээ. Нөгөө дайрлага гээч нь дайрчихна энэ үү л гэж бодсон шүү, базарваань. Иймэрхүү маягаар газрын гав руу ороод сураггүй алга болчихсон жуулчид цөөнгүй байдгийг хөтчөөс сонсоод өөрийгөө бас азтайд  тооцож явлаа. 
 
    “Галт уулын цэцэрлэгт хүрээлэн” гэдэг нь юу байсан гээч. Газрын гүнээс түрж гаргаж ирээд овоолоод овоолоод хаячихсан хэдэн арван км үргэлжлэх үхэр хар барзгар чулуунууд. Зах хязгааргүй юм шиг чулуун “тэнгис” дотор явж байхад энэ дэлхийгээс өөр ямар нэг амьдралгүй харь гариг дээр оччихсон юм шиг сонин сэтгэгдэл төрж билээ. Болгоомжгүй хальт гишгэх юм бол унаж үхчих гээд тэр хадан дээгүүр нь зүгээр нэг алхаад явахын ч арга алга. Өдрийн хагас шахам алагдаахай аятай нааш цааш дэгдэж үсчсээр явж байж дөхөн нөгөө гайхал хайлсан төмрөөс халуун лавыг нь холоос арайхийж харлаа. Уулын бэлээс их далай руу галзуу нохойн хэл мэт улалзан цутгах лав буюу галт уулын энэ хайлмал чулуу 2000 хэмийн халуунтай.
 
Хайлмал чулуу цутгах тэр их далайгаас савсах уур манан болоод хүхрийн хийн үнэр танарт нь тэсэж тийшээ ойртохын ч арга алга.   Хэрэвзээ  халаасандаа ахиухан хэдэн ногоонтойсон бол нисдэг тэрэг хөлслөн энэ бүх “кошмарыг” дээрээс нь харвал хавьгүй дээр гэсэн. Арлыг нисдэг тэргээр тойроод бүх зүйлсийг өөрийн нүдээр хараад ирэх хөлс нь ердөө 200-300 ногоон юм билээ.
 
   Хоёр янзын хайлмал чулуу буй. Эндхийн хэлээр “АА АА” гэгч замын хар мэт гялгар хар лав нь аажмаар газрын гүнээс урсаж гарч, замдаа царцан, том том хар чулуу маягаар хойно хойноосоо газрын гүнээс түрэгдэн гарч ирнэ. Маньдаа гэм хор багатай. Нөгөө “ПҮ ЁО ЁО” гэдэг нь еэ бүү үзэгд, цагт 30 км хурдтай оргилон урсаж, замдаа тааралдсан бүхнийг ёстой будаа болгодог гэнэ. Хорь гаруй жилийн өмнөөс газрын гүнээс оргилж буй энэ халуун “булагийн” балагаар эндхийн 20 гаруй км хар зам сүйдэж, 200 гаруй байшин лаванд бүрмөсөн дарагджээ.
 
Ёстой жинхэнэ пү ёо ёо санж. Галт уулын чулуу барилгын сайн материал болдог юм байна. Манайхан очоод ачаад авч болдогсон бол мөн ч их “материал” байна аа тэнд. Юун дөчин мянган айлын орон сууц, хэдэн саяар нь  босгоход ч  хангалттай хүрэлцэхээр бэлэн эд энд байгаа юм биш үү?... Нэг хэсэг товарищууд түүнийгээ тээрэмдэж нунтаглаад  хар зам тавьж харагдана лээ. 
 
   Хэрэв та энэ арлыг зорихоор санаа шулуудсан бол монгол хүний хувьд бас анхааруулга байна аа. Алхам тутам тааралдах гудамжны самбарт “Та хог хаявал 1000 долларын торгуультай”  гэж бичсэн байгаа. Зажилсан бохь, татсан тамхиныхаа ишийг хээв нэг чулуудчихдаг бидний хувьд тун хатуу санамж байгаа биз? Бас айл болгоны хажууд “Танд сэжигтэй хүн харагдвал шууд утасдаарай” гээд цагдаагийн номер биччихсэн ч байх шиг. Арабын алан хядагчид гэж гайтай золигуудын “буянаар” мөрөөрөө зураг аван гэлдэрч яваа миний бие ч нутгийн индиануудад багагүй сэжигтэй харагдсанаас зайлаагүй дэгээ.
 
    Газрын болоод орон сууцны үнэ бол ёстой хаданд гарчихсан нутаг шиг санагдсан. Хотын төвдөө л гэхэд нэг га газрын үнэ 8-12 сая доллар, хөдөөдөө 300-400 мянган ногоон гээд бод доо.   Гайгүй шиг хоёр давхар жижигхэн байшин саяаас дээш,  хамгийн муу нурж унах дөхсөн нь хүртэл дор хаяж 300-400 мянган ногооноос  ярина гээд байгаа юм даа. 
 
    Ид шидийн энэ жижигхэн арлын бас нэг гайхамшиг нь хойт эргийнхээ Хило хотын хавьд жилдээ 7600 мм буюу Америкдаа рекорд хэмжээний хур тундас ордог байхад түүнээс ердөө жархан километр зайтай өндөр уулын бүсэд 200 хүрэхгүй мм бороо дусдаг байх жишээтэй. Манай Улаанбаатар хотод жилд ингэж долоон метр жаран саньт зузаан бороо орвол ер нь юу үлдэх бол гэхээс аймшигтай санагдаж байлаа.
 
“Bеасн” гэдэг ганц англи үгийг монгол хэл рүү буулгахад “далайн эргийн наран шарлагын газар” гэж таван үг болдог гэдэг. Бидний мэдэх алтан шаргалаас гадна  хар, улаан бүр ногоон элсэн бийч хүртэл тэнд байна.
 
    Хавайг би түмэн цэцгийн орон гэж нэрлэмээр санагдсан. Эргэн тойрон хаашаа ч харсан өнгө өнгөөр алагласан цэцэгсүүд. Бүр бут цэцгээр хашаагаа барьсан айл хүртэл байсан гээч. Цэцгэн дунд амьдардаг хүн муу санаатай байдаггүй юм гэнэ лээ. Үнэн л болов уу. 
 
   Цэцэг ногоо алагласан энэ нутагт би ганцхан зүйлийг олж мэдрээгүй. Энэ бол яруу найрагч Гүрбазарын шүлэглэсэнчлэн “Монголын үнэртэй салхи”... Магадгүй тэнд үлгэрийн тансаг зүйл олон байсныг үгүйсгэхийн аргагүй, гэхдээ миний нутгийн цэцэгсийн онцгой үнэр тэнд огт байгаагүй ээ...
 
Их арал дээр ердөө 150-хан мянган оршин суугчтай, Полонез, Меланез, Микронез гэсэн гурван үндэстний бүрдэл. Дээр нь Ази, Европ, Америкийн цагаачид энд тэндээс ирж суурьшсан нутаг.
 
Бяцхан гунигт түүх өгүүлсү. 
 
   Австрали, Шинэ Зеландаас авахуулаад Зүүн өмнөд Ази, Номхон далайн ихэнх орнуудыг анх нээн англи хүн байгаа газар нар жаргадаггүй агуу их колончилолын эхийг тавьсан алдарт далайчин, капитан Күүкийг 1778 онд энэ арал дээр ирэхэд нь нутгийнхан түүнийг амьд бурхан аятай хүлээж авчээ. Яагаад гэвэл энэ нутгийнхны шүтэн биширдэг байсан Лоно бурханыгаа тэд яг капитан Күүк маягийн цэнхэр нүдтэй, цагаан царайтай, намирсан хонгор шаргал үстэй хүнээр төсөөлдөг байж. Яг тэр үе нь Лоно бурхандаа талархдаг сар нь ч байж бас таарч. Ингээд л Лоно бурхан дагуулуудтайгаа ирлээ гэж гүнээ итгэсэн нутгийн ардууд холын аянд өлсөж ядарсан англи далайчдыг байгаагаараа башийтал нь дайлаад буцаажээ. 
 
 
Тэднийг явсны дараа суугчдын дунд бяцхан үл ойлголцол маргаан төрж. Хэрэв тэд бурхад юм бол яагаад охид эмэгтэйчүүдийг маань татаж чангаагаад байсан юм бол. Хэрэв Бурхад байсан бол яагаад согтчихоод хоорондоо нанчилдаад байсан юм бол гэх мэт. Гэтэл нөгөө бурхадууд нь жилийн дараа бүр олон болчихоод буу шийдэм агсчихсан эргэж ирснээр хэрэг бишдэж. Арлын нүцгэн эрчүүд нөгөө муу Күүкийг чинь нэгэн орой гэнэдүүлэн барьж авч төхөөрөөд модонд шорлож байгаад ил гал дээрээ тоорой мэт шараад зооголчихсон гэнэ билээ. Ум маани... Хэдийгээр тэд бүгдээрээ бүрмөсөн хүний махан хүнстнүүд байсан биш боловч, дайсныхаа удирдагчийн мах цуснаас олж хүртэж чадвал эр зориг, хүч чадал нь улам нэмэгддэг гэдэгт хатуу итгэлтэй байж л дээ. 
 
 
Ш.Пүрэвсүрэн
“Хорвоогоор аялахуй” номноос

17 сэтгэгдэл харуулж байна        

  1. залхуутай юм бичих юм. энэ өвгөн

    Зочин, 2017-01-26 14:22:38, 182.160.38.36Хариу бичих

  2. Xarin tiim,yun nurshuu uym

    zochin, 2017-01-26 16:01:14, 77.218.251.206

    Гоё сонирхолтой л бичсэн байнa шүү

    Зочин, 2017-02-07 15:56:23, 202.9.41.122

    GOE BAILAA

    Зочин, 2017-02-08 22:14:58, 103.229.121.228

    ochij uznee goe bichjee nudend haragdchihlaa baim na .bayrlalaa gej

    zochin, 2017-02-21 02:11:17, 70.139.219.77

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Маш сонирхолтой баярлалаа таньд

    Зочин, 2017-01-26 16:00:19, 59.153.112.147Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Сонирхолтой л байлаа, баярлалаа

    Зочин, 2017-01-26 18:35:58, 202.179.31.122Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Huuhdee ergeed yavaamuudaa. uyangiin halil n jaahan ihdeed baina.

    Bayarlalaa, 2017-01-26 19:50:34, 103.26.194.252Хариу бичих

  8. Tend Mormon-ii surguuli baidag. Ohin ni Mormon baih.

    irgen, 2017-01-27 06:10:20, 32.97.110.58

    Таны нэр:

    Тайлбар:

  9. аян замын тэмдэглэлийг ингэж бичих хэрэгтэй

    Зочин, 2017-01-26 20:46:23, 202.9.42.207Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Ochij uzmeer boltol bichsend bayarlalaa. Sain khun gedeg dee.

    Zochin, 2017-01-27 00:36:07, 172.56.40.36Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Mormon chin uls turuu chin nam chini baigal hamgaalagch chin odoo bur niitleech chin boljee

    kkkk, 2017-01-27 12:03:28, 103.26.194.52Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Хавай гоё шүү, Биг Айландэд очоогүй өөр 3 арал дээр очиж үзсэн, уг нь зураг оруулсан бол бүр сайхан тэмдэглэл болох байжээ

    lucky, 2017-01-27 14:41:46, 104.59.120.41Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. зургаа оруулаач ээ эргүү өвгөн чинь, худлаа өөртэйгээ ярьсаар байгаад дуусчихын

    Зочин, 2017-01-27 16:05:10, 202.21.112.37Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. сайхан зүйл уншлаа

    Зочин, 2017-01-27 16:45:00, 182.160.33.123Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. bayarlalaa.

    Зочин, 2017-01-28 15:09:01, 202.179.31.103Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. sYYLIIN GUNIGT HESGIIG UNSHAAD mONGOLIIN TOLOO GUNIG TORLOO. mONGOLCHUUD ENE 18-R ZUUNII HYNII MAH IDDEG ZERLEGYYDEES ILUU AMIDARCH EH NUTGAARAA DELHIID GAIHUULJ CHADAHGUI BAINA SH DEE mONGOLD OCHOOD GEED GADAADIINHAN IIMERHYY GAIHAL DYYREN ZYILS BICHDEG BOLOOSOI. tIIMEES dUUCHIN JAVKHLANGIIN MONGOLOO MONGOL GEDGEER DELHIID TANIULAHIIN TOLOO MONGOLCHUUD BODOJ SETGEJ HAIRLAJ SURVAL YASAN YUM BE? GAIHAL TORYYLEH JUULCHID TATAH YUM BYHEN BAIGAA SH DEE. YNDESNII TYYHT DURSGALT GAZRUUD, DUU HOGJIM, HUVZAS, NAADAM BYGD BAINA. ORCHIN YEIIN MANAJEMENT BAS MONGOL SETGELGEE BAHARHAL HEREGTEI. YADAJ UB HOTOO ZEVER ZENGEG BOLGOOD MONGOL HYYHED BYR INEEJ BAYARLAJ DUULJ HARAGDAH YOSTOI

    AYALAL JUULCHLAL, 2017-02-09 03:06:17, 99.195.96.2Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: