Д.Лхагвадорж

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дагаврын талаар ярих л хэрэгтэй

Нийтэлсэн: 2017-07-10 10:24:01

“Хүний хамгийн үнэтэй зүйл бол нэр төр  юм шүү. Нэр бүтэн явахын тулд хулгай, худал хоёроос л хол яваарай”. Хүүхэд байхдаа эмээ, өвөө, ээж, ааваасаа ийм л үгийг  бараг өдөр бүр сонсдог байлаа.  “Хөрөнгө мөнгөнөөс илүү шударга, үнэнч байж гэмээнэ зөв хүн болж төлөвшдөг юм” гэж багш болгон  сургадаг байлаа. Буурлууд маань төрд жинхэнэ шударга, зөв хүмүүс ажилладаг гэж бат итгэдэг болохоор “Төрийн минь сүлд өршөөг” гэж үнэн сэтгэлээсээ залбирдаг байсан биз ээ. Төрдөө, төрийн түшээддээ бурхан шүтээнээсээ илүү итгэж, биширдэг  хүмүүс төр улсдаа үнэн сэтгэлээ зориулах нь дэндүү ойлгомжтой. Төрдөө итгэдэг болохоор хууль бус үйлдлийг төрийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэж үнэн голоосоо цээрлэдэг байсан юм чинь.
 
Тухайн үеийн том, жижиг албан хаагчдад улсын мөнгийг идэж уух нь бүү хэл ширхэг хадаас ч дутаах  эрх байгаагүй. Боловсон хүчний тухайд шийдвэр гаргах түвшний хүмүүсийг маш нарийн бодлогоор бэлтгэдэг байсан нь тухайн нийгэм, цаг үеийн үгүйсгэж, харлуулахын аргагүй давуу тал. Лав л одооных шиг мөнгө төгрөг хандивлаад ч юм уу цүнх барьж гүйгээд л дарга болох ойлголт байгаагүйг мартаагүй хүн олон.  Төр  цэвэр байхад  түмэн олон итгэхээс биш яах билээ.
 Сая бид Ерөнхийлөгчийн дуулиант сонгуулийн ард “нервтэйхэн” гарлаа. Сонгуулийн сурталчилгаа дуусахыг тэсэн ядан хүлээсэн нь цөөнгүй. 1992 оноос хойш чамгүй олон сонголт хийсэн монголчуудын хувьд энэ удаагийн сонгууль хатуухан, бас халуухан даваа байв. Сонгуулийн сурталчилгаанд давамгайлсан хар пиар,нэг нэгэн рүүгээ дайсан үгс арай хэтэрхий гашуун байлаа. 
 
МАН-ын нэр дэвшигчийг газрын наймаачин, төрийн албыг тэрбум тэрбумаар нь арилжигч гэх зэргээр улайхгүй цоллоход нөгөө “найзууд” нь сөргүүлээд 17 чингэлэг спиртний луйварчин, төмөр замын төслийн мөнгө завшигч, авлигын гэмт хэргийн сэжигтэн хэмээн Х.Баттулгыг балбаж  (С.Ганбаатарыг ч яаж зүгээр орхих вэ гэсэн шиг хуурамч диплом, хууль бус хандив зэрэг факт гаргаж ирээд баахан баалсан) өгсөн дөө. Сонгуулийн сурталчилгааны хэдхэн долоо хоногт ард түмний нүд, чих  мөн ч их хорсов. Ширүүн “байлдаан”-д  оюун бодлоороо нэрвэгдэж хохиров.
 
Өрсөлдөгч намууд үнэхээр хайр найргүй гөвөлцлөө, чулуу шидэлцлээ, шүлсээ хаялцлаа. Хүний нэр хүнийг гудамжны шороотой хэрхэн хутгахыг, мөс жудгийг яаж булшлахыг сонгогчид “амьдраар” нь харлаа, залхлаа, жигшлээ. Хамгийн гол нь “Танай нэр дэвшигч шоронд байх ёстой хүн шүү” гэж эргээд уулзах нүүргүй юм шиг хоёр талаас дайралцсан нь дотоодод болоод гадаадад ямар сэтгэгдэл төрүүлсэн бол? Бодлогын өрсөлдөөн биш гэмт хэрэгтнүүдийн тулаан болж байгаа мэт харагдсанд хэн хариулт өгөх вэ? Ерөнхийлөгчийн бол Монгол төрийн тэргүүн. Энэ утгаараа хамгийн цэвэр, үлгэр жишээч хүн байх ёстой гэж сонгогчид итгэж хардаг. Яагаад гэвэл Ерөнхийлөгч бол улсын эцэг. Хэдийгээр ялагч тодорч сонгууль өндөрлөсөн ч нийгэмд ямар үр нөлөө үлдээсэн талаар улстөрчид, улстөрийн намууд тооцоолох ёстой, ярилцах ёстой, дүгнэлт хийх ёстой.  Эрх баригчдыг “нугасалсан” гэх 60 тэрбумын бичлэгийн бодит үнэнг эцсийн байдлаар тогтоомоор байна. Хэдийгээр МАН “Энэ бол эвлүүлэг” гэж хатуу гүрийсээр, АН “Америк шинжээчид эвлүүлэг биш гэж нотлосон” гэж зүтгэсээр сонгуулийг дуусгасан ч эцсийн дүнд хэнийх нь зөв, хэнийх нь худлаа болохыг ард түмэн ойлгосонгүй үлдлээ шүү дээ. Х.Баттулгын сэжигтнээр татагдсан төмөр замын мөнгөний асуудал ч ард түмэнд бодит үнэнээрээ хэрэгтэй байна. Нэг нь ялж, нөгөө нь ялагдсанаар энэ маргаан өндөрлөх учиргүй. Яагаад гэвэл сонгогчдын бодол санаанд хариулт нэхсэн нэхэл хатуутай эргэлзээ үлдсэнийг мартах учиргүй. Жирийн иргэн хууль зөрчвөл хайр найргүйгээр шийтгэгддэг учраас л “Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэдэг зарчим хаана байна вэ” гэж энэ улсын эзэд-өргөн олон маань асуугаад байгаа юм. 
 
Төрийн жолоог цэвэр хүмүүс атгаж гэмээнэ төр тунгалаг байна. Төр тунгалаг байсан цагт түмэн олны амьдрал дэвжиж, төрдөө итгэх, дээдлэх иргэдийн ухамсар дээшилнэ. Төрдөө итгэж байсан цагт улс шиг улс байж чадна.
Иргэн та одоо Төрийн минь сүлд өршөөг гэж итгэл үнэмшилтэй сүсэглэж чадах уу гэж асуумаар ч юм шиг.
 
                                                                                        Дажсүрэнгийн Лхагвадорж

Энэхүү нийтлэлд сэтгэгдэл бичих боломжгүй!