Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдэг шиг осол гэмтэл ч хаалга тогшилгүй хүрээд ирэх нь даанч элбэг. Манай улсад ахуйн, зам тээврийн, үйлдвэрлэлийн ослоос гадна гэмт хэргийн улмаас гар хөлийнхөө хурууг таслах тохиолдол их гардаг. Гайхалтай нь хуруу, гарыг нь залгаж, хуучин хэвэнд нь оруулах мэс заслыг ДОКТОР ҮҮР эмнэлгийн эмч, клиникийн профессор Бямбасүрэнгийн Үүрийнтуяа бүсгүй нөхөртэйгээ баг болон ажиллаж, хийдэг байна. Тэд амаргүй хүнд  мэс заслыг сонгож авснаас хойш 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа аж. Маш нарийн чимхлүүр мэс засал хийж олон хүний эрхтэнг бүтэн болгож өгдөг түүнтэй уулзаж, ярилцлаа. Б.Үүрийнтуяа эмч 2005 оноос БНХАУ-ын Хөх хотын Анагаах ухааны их сургуулийг төгсөөд мэргэжлээрээ ажиллах хугацаандаа БНХАУ-ын Тонглиа Анагаахын сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан клиникийн профессор юм.
 
–Хүний гар, хөлийн хуруу залгах мэс засал бол хэн ч бодсон маш нарийн мэдрэмж, ур ухаан шаарддаг ажилбар. Та яагаад энэ чиглэлийг барьж авах болов?
 
-Энэ төрлөөр нарийн мэргэших сонирхол миний нөхөр Очирпүрэвтэй холбоотой.  Хань маань гар сарвууны эмчийн мэргэжилтэй хүн болоод ч тэрүү “Монголд эмчлэгддэггүй байсан энэ мэс заслыг дотооддоо хийдэг болохгүй бол олон хүн хөдөлмөрийн чадвараа алдаж байна” гэж ярьдаг байсан юм. Яах аргагүй санаа зовох сэдэв мөн л дөө. Азаар ч гэх үү  миний судалгаагаа хийж байсан Хятадын эмнэлэгт тасарсан эрхтэн залгадаг байсан. Би ч тэр даруй ханийгаа дуудаад хамтдаа суралцсан. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Жан Донвэй, Ши Жуан нарын мундаг эмч нарыг дагалдаж нэлээдгүй их зүйл сурч мэдсэн. 
 
–Өөрөө хүсэл сонирхолтой, дээр нь анагаах ухаан өндөр хөгжсөн оронд их зүйл сурсан нь мэдээж. Буцаж ирээд нарийн мэргэжлийн ажил руугаа шуудхан орсон уу? 
 
-Ирээд  залгах мэс заслыг хэд хэдэн удаа хийсэн. Эхэндээ олон алдсан. Ёстой л азтай нь эдгэрч, азгүй нь үхэжсэн дээ. Тэгээд ирэхээр “Шал дэмий боломжгүй зүйл сурах гэж оролдож” гэж сэтгэлээр унах үе гардаг юм  билээ. Тэглээ гээд хүсч мөрөөдөн байж эзэмшсэн мэргэжлээ орхилтой биш, мэс заслаа зайлшгүй тохиолдолд хийгээд байсан чинь туршлагажаад, яваандаа хагас тасралыг 100 хувь, бүрэн тасралыг 90 хувь үр дүнтэй хийдэг болсон. Үлдсэн 10 хувь нь тухайн өвчтөнөөс хамаарна гэсэн үг л дээ. Эмчийнхээ зөвлөгөөний дагуу эмчилгээгээ таслахгүй хийвэл бүрэн эдгэрэх боломж бий.
 
–Их сонирхолтой хариулт байна. Энэ сэдвийг дараа дараагийн асуултаараа үргэлжлүүлье. Хуруу гарнаасаа сална гэдэг нь хөдөлмөрийн чадвараа алдана гэсэн үг. Гэтэл хүний амьдрал, хувь заяатай холбоотой энэ төрлийн мэс заслыг Монголд хийж эхэлсэн нь үнэлж баршгүй том гавьяа гэж би хувьдаа олзуурхаж байна. Яг ямар хүмүүс та хоёрт хүч урам өгсөн бол? 
 
-Надад энэ мэргэжлээр ажиллах урам зориг өгсөн хүний нэг бол тухайн үед ГССҮТ-ийн орлогч даргаар ажиллаж байсан (одоо МВG эмнэлгийн зөвлөх)  Мөнхбат ах маань шүү дээ. Тэр хүн “Тасарсан хуруу залгаад сурчихвал бусад бүх хагалгааг хийж чадна. Учир нь хурууны  судас  0,5-8 мм диаметртэй байдаг. Жижиг судсыг залгасны дараа хүндрэл ихтэй байдаг болохоор тийм бичил ажилбарыг  хийгээд сурчихвал томыг нь хийхэд хялбар байдаг” гэж хэлдэг байсан.
 
-Энэ мэс заслын нарийн чимхлүүр ажиллагаа нь яг юундаа байдаг бол? Мэдээж дахин дахин суралцах шаардлага гардаг байх? Тэгж байж үр дүн нь гарна биз дээ? 
 
-Хүмүүс хуруу залгахад амархан юм шиг төсөөлдөг. Үгүй л дээ. Гар, хөл мэт том мөч залгах нь хуруу залгахаас амархан байдаг юм. Харандааны үзүүр дээр зураг зурах, харандааны бие дээр зураг зурах хоёр шиг л ялгаатай гэсэн үг. Энгийн нүдээр харах аргагүй зүйлийг микроскопоор харж байж хийнэ гээд бодохоор амаргүй байгаа биз дээ. Харин бусад мөч эрхтэн том байдаг болохоор хийхэд илүү хялбар байдаг. Танай асуудаг зөв л дөө. Ийм нарийн мэс ажилбарыг хийхийн тулд эмчилгээ өндөр хөгжсөн орнуудаас суралцах шаардлага байнга гарч ирдэг. Миний хувьд ажилдаа овоо дадаж байгаад Энэтхэг рүү явж илүү олон шинэ мэдлэг, чадвар сурч ирсэн. Энэтхэгт их олон тохиолдол байдаг болохоор өдөрт 70 хагалгаа орж байгааг нүдээрээ харахаар туршлагажихаас аргагүй юм билээ. Тэнд 48 орны эмч нартай, бүр Harvard-ын эмнэлгийн эмч хүртэл суралцаж байсан нь тухайн сургалтын чансааг тодорхойлно гэж бодож байна.
 
–Таныг бас өөр хэд хэдэн оронд суралцсан, туршлага судалсан гэж сонссон. Улс болгоны эмчилгээний арга барил өөр биз?
 
-Тиймээ. Би Солонгос, Тайланд, Тайвань, Хятад, Америк, Энэтхэг улсуудад суралцсан. Цаашдаа ч жил болгон нэг улсад суралцахыг хичээдэг. Бүгд л өөр өөрсдийн давуу болон сул талтай юм билээ. Тасарсан эрхтнийг залгах мэс заслын дараа Энэтхэгт 38°с халуунтай уутаар ороодог бол Хятадад 60 w гэрлээр 40-60 см зайд шарах жишээтэй. Би хувьдаа Монголд  Хятадын арга нь тохирох юм гэдгийг ойлгож авсан. 
 
–Суралцсан орнуудаасаа ямар туршлагыг хамгийн чухал гэж харж, ойлгосон бэ?    
 
-Ер нь хүн бүр өөр байдаг болохоор туршлага чухал гэдгийг сайтар ухаарсан. Солонгос улсад суралцаж байхад шархыг өдөр болгон бооно. Хүнд шархыг өдөрт хоёр боогоод, хагалгаа орох шархыг мэс засал хийлгүйгээр эдгээж байсныг харж байлаа. 
 
-Тантай ярилцаж суухад цаашдаа гар сарвууны мэс заслын эмчээр мэргэшээгүй эмчид энэ төрлийн өвчний туршлага дутах юм байна гэж бодогдлоо. Цаашид гар саврууны нарийн мэс заслын эмчийг тусад нь бэлтгэж, чадваржуулж, төрөлжүүлэх ёстой юм байна? 
 
-14 настай суут математикч, хөгжимчин, тамирчин  байж  болно. Харин 14 настай суут эмч гэж хэзээ ч байдаггүй юм. Учир нь сайн эмчийг улиран өнгөрөх цаг хугацаанд алдаж оносон эмчийн туршлага нь бүтээдэг. Эмч л бол эмч биш, нэг зүйлээр дагнаад явах нь чухал гэдгийг ойлгож микро мэс заслыг сайн судалж суралцана гэж бодож байгаа. Солонгос профессор хэлж байсан. Бид нэг эмчийг бэлдэх гэж 13 жил болдог. Тэгэхэд танай эмч нар жил болгон солигдох юм гэж. Олон өвчин мэддэг эмч биш нэг зүйлийг л сайн хийхийн тулд хичээх хэрэгтэй юм байна гэж бодож хойшид хэрэгжүүлэхийг хичээж явна даа. Миний мэргэжлээс өөр өвчин асуухад их юм мэддэг хүн болж хүмүүсийг хохироомооргүй байдаг. Анзаараад байхад юм мэдэхгүй хүмүүс  л их зүйлийг мэдэмхийрч ярьдаг. Магадгүй ирээдүйд баруун гарын эмч, зүүн гарын эмч гэж гарах байх.
 
–Монголд ахуйн осол, зам тээврийн осол, үйлдвэрлэлийн осол, бас гэмт хэргийн улмаас гар хуруунаасаа салах тохиолдол цөөнгүй гарах юм.  Хуруугаа тасаллаа гэхэд “За ингээд л дуусаа” гэдэг ойлголт иргэдийн дунд их. Гэтэл боломж  байдгийг танаас илүү тодорхой сонссондоо баяртай байна. Мэс засал үр дүнд бүрэн хүрэх нь өвчтөнөөс бас шалтгаална биз дээ?
 
-Бид хувьдаа 2017 оноос хойш 4 дэх жилдээ хийж байна. Одоо бол хагас тасралыг 100 хувь залгаж, бүрэн тасралыг 90 хувь шийдэж байна. Гэхдээ энэ мэс заслын хувьд эмч 50 хувийн асуудлыг хийж гүйцэтгэнэ. Өвчтөнөөс бас 50  хувь хамаарна гэж боддог. Бид нэг хүүхдийн хурууг залгасан. Гэтэл хуруу нь үхжээд эхэллээ. Гайхлаа. Бас сандарлаа. Гэтэл гол учир нь хүүгийн ээж  тамхи татдагт байсан юм билээ. Сүүлд мэдсэн.
 
 
 
Мөн уламжлалт эмчилгээнд найдсан хүмүүст  бас буруу байдаг. Жишээ нь, хойлогийн мах сайн гээд л хүмүүсийн амаар давхичихдаг. Хойлогийн мах мэс засал төлөвлөгдөхөөс өмнө л гэхээс мэсийн дараа идэхээр гадуур нь эдгээгээд, дотуур нь идээлүүлчихдэг. Энэ мэт өвчтөнүүдийн алдаанаас болж амжилтгүй болох тохиолдол байна.  
 
 
 
–Манайд түгээмэл тохиолдог гэмтэл бол анхаарал болгоомжгүйгээс хуруугаа цавчиж таслах осол юм. Энэ мэс заслыг хийсний дараа хуруу нь хэвийн хэмжээндээ орох, эсэх нь өвчтөнөөс хамаарна гэсэн үг үү?
 
-Цавчигдаж тасарсан эрхтнийг  залгахад илүү хялбар. Гэхдээ бас л хувь хүнээс шалтгаална. Жишээ нь, залгуулсан хуруу нь  нугардаггүй шулуунаараа тогтсон өвчтөн бий. Өвдөөд байсан учраас хөдөлгөөгүй гэж хариулж байгаа юм. Хөдөлдөхгүй байсаар байгаад тэр. Нэг үеийг  45 өдөр хөдөлгөөнгүй байлгавал нугалж тэнийлгэж чадахаа больдог. Гэнэт 3 сарын дараа “Эмчээ энэ хуруу чинь хөдлөхөө больчихлоо” гээд ирэхээр нэмэргүй. Дутуу хаясны үр дагавар л даа. Эмчдээ үзүүлж, хянуулж явах нь эдгэрэлтийн гол үндэс. Эмч хүний ачаалал их учир ирсэн хүмүүсээ үзнэ, эмчилгээ хийнэ гээд цаг наргүй ачаалалтай байдаг болохоор тэр өвчтөн тэдэнд ирнэ гээд хараад, хүлээгээд араас нь хөөцөлдөөд байх боломжгүй. Тийм учир өвчтөн хүний хариуцлага их шүү гэдгийг дахин дахин сануулж анхааруулая.
 
-Эмчлэх хүнээ ч яахав бэлдчихье гэж бодоё. Гэтэл социализмын үе шиг техник, тоног төхөөрөмж, эд материал зэргээ шийдээгүй бол асуудал урагшаа явахгүй биз дээ?
 
-Манай улсын хувьд Шагдарсүрэн гэдэг эмч анх 4 эмчийн хамт 1983 онд гар залгаж байсан. Дэлхийд бол 1978 онд анх хуруу, гарыг залгаж эхэлсэн. Таван жилийн дараа Монголд анх хийгдсэн байгаа юм. Гэхдээ тухайн үед мэдээж микроскоп, материал зэрэг техник технологийн чадавхиас хамаараад хөгжөөгүй байх. Тэр талаасаа таны хэлдэг үнэн. Дэмжлэг чухал. Гол нь тэр  мэс заслын микроскоп, утас маш чухал. Яг зориулалтын микро багаж нь манайхаас өөр газарт бүрэн байхгүй. Дээр нь сургах бааз суурь хэрэгтэй. Хамгийн багадаа 2000 хулгана дээр дадлага хийж байж хуруу залгаж чаддаг болно гэсэн гаднын жишиг байдаг. Гэтэл манайд тийм боломж байхгүй. Гадаадад суралцаж мэдлэг, туршлага олж авахаас өөр аргагүй.  Тэгээд ч энэ бол гадаад руу явж хийж болдоггүй хагалгаа. Яагаад гэвэл гар,  хөлийг залгахад 4-6 цагт л амжиж хийхгүй бол нэмэргүй. Хурууг 8 цагт амжиж залгахгүй бол найдвар байхгүй. Ямар чадвартай эмч байгаад ч тус болохгүй. Тэгэхээр заавал дотоодод хийхээс аргагүй болж байгаа юм. Гэхдээ бас асуудал байна аа. Учир юу гэвэл хаа байгаа Увсын хүн хотод 4 цагт амжиж ирж чадахгүй. Ийм учир орон нутагт байгаа эмч нарыг бэлдэх ёстой. Тэгвэл аль болох олон хүн хөл, гар, хуруутайгаа үлдэнэ.
 
-Гар, хурууг залгахаас гадна яс нь ил гарсан гэмтэл, хугарлыг эдгээх боломж байдаг уу?  
 
-Хэрэв яс ил гарсан зөөлөн эд дутмагшилтай үед мөчийг тайрах эсвэл зөөлөн эд шилжүүлэх хагалгаа (судастай, мэдрэлтэй зөөлөн эдийг нэг газраас нь авч дутагдаж байгаа газар нь нөхдөг) хийдэг. Энэ мэс заслыг  2017 онд анх Монголд хийлээ гэж бодсон чинь Хавдар судлалын үндэсний төвийн эмч Денис Скуратов  багийнхантайгаа биднээс 4 жилийн өмнөөс хийдэг байсан байгаа юм. Энэ нь нэг талаас бид хоорондоо мэдээлэл бага солилцдогтой холбоотой юм шиг, бас мундаг хүмүүсийн өөрсдийгөө дөвийлгөх, ил гарах дургүйтэй ч холбоотой юм шиг.  Гэхдээ эрдэмтэй хүн даруу гээд байвал олон хүн хохирдог учир чаддаг зүйлээ ил гаргаж байвал олон хүнд хэрэгтэй болов уу. Нэг үеэ бодвол яс ил гарсан буюу ил хугарал, зөөлөн эдийн дутмагшилтай үед ясыг ч гэсэн нөхдөг болсон. Анагаах ухаан ч хөгжлөө. Манайд ч аятайхан хийдэг боллоо. Том мөч учраас судас шөрмөс гээд бүх эд нь нүдээр харагддаг учраас тэр.
 
-Их сонирхолтой юм. Өмнө нь энэ талаар бүдэг бадаг мэдээлэл авч байсан. Гэхдээ эмч хүнээс сонсоод анагаах ухааны хөгжил, эмч нарын чадварт биширч байна. Одоо түгээмэл тохиолддог өвчний талаар асууя. Та бүхнийг гэмтэл бэртлийн улмаас гар хөл нь мэдээгүй болсон хүмүүсийг эмчилдэг болсон гэж сонссон?
 
-Манайд 2017 оноос хойш төрөхийн хүндрэлээс болоод гар нь хатингаршсан, морь, мотоциклиос унаад гар нь мэдээгүй болсон хүмүүсийг эмчилдэг болсон. Тийм  хүнийг эмчлээд ямар ч байсан гартаа аягаа барьчихдаг, усаа өргөдөг болгох юмсан гэж хичээж байна. Гар, хөлийнх нь мэдрэл алдсан, бадайрсан үед эмчид хурдан хандах хэрэгтэй. Олон сарын дараа ирэхээр хагалгаа хийхээс аргагүй. Эрт ирвэл заавал хагалгаанд орох шаардлагагүй шүү дээ.     
                
-Одоо асуух асуулт маань арай өөр агуулгатай. Бас л манайд түгээмэл байдаг өвчний нэг л дээ. Манай монголчуудын хувьд осол аваар бас мэдрэлийн ядаргаанаас улбаатай хөл гар нь мэдээгүй болох тохиолдол байна. Та бүхэн энэ чиглэлийн эмчилгээг хэрхэн хийж байна вэ?
 
-Ер нь “50 насны мөр” гэдэг нэршилт өвчин дэлхийн анагаах ухаанд бий. Нэгдүгээрт, кальци, хоёрдугаарт бодисын солилцоо, гуравдугаарт, гэмтлийн үлдэгдлээс болоод мөр, үе мөч өвддөг. Тийм учраас “50 насны мөр” гэдэг болсон гэдэг. Манайд 45-аас дээш насны эмэгтэй голдуу хүнд тохиолддог. Төгс эмчилж болно. Ганцхан тариа тариулаад, зүү болон физик эмчилгээгээр шийдэхгүй. Шалтгааныг нь олоод шинжилгээг үндэслээд 1 дүгээрт суурь эмчилгээ,  2 дугаарт тариа (4 удаа хийдэг), 3 дугаарт зүү эмчилгээ, дараа нь физик эмчилгээ гэх мэт үе шаттайгаар 3 сар хийж байж эдгэдэг. 4 жил өвдсөн хүн манайхаар эмчилгээ хийлгэж байх явцдаа “Баярлалаа дүү минь, бүтэн нойртой хонох чинь ийм гоё байдаг билүү” гэж байсан юм.
 
 
 
Эмч хүний хувьд тийм үг сонсох л хамгийн сайхан. Хүмүүс дараа уулзъя гэж салдаг бол өвчтөнг эдгэрээд явахад нь “Дахиж уулзмааргүй байна шүү” гээд инээгээд явуулах гоё. Харин хичээж хичээж хийсэн хагалгаа маань амжилтгүй болох л хүнд дээ.
 
 
 
–Сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа. Монгол хүний эрүүл мэндийн төлөө ихийг хийж бүтээж байгаад уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Амжилт хүсье. Дахин ярилцлага авахдаа таатай байх болно.
 
Хүнд хөнгөн, том, бага үйлдвэрлэл хөгжихийн хэрээр элдэв осол аваар нэмэгдэх хандлага аль ч улсад байдаг. Тэгвэл анагаах ухааны салбарынхан ч зүгээр суусангүй, гэмтэж бэртсэн хүмүүсийг эд эрхтнийг бүтэн болгох, хөдөлмөрийн чадварыг нь буцааж өгөхийн тулд цуцалтгүй эрэл хайгуул хийж, тодорхой амжилтад хүрсний нэг нь тасарсан эрхтэнийг залгах мэс ажилбар юм.  Хэдийгээр хожуу ч гэсэн энэ төрлийн мэс заслыг хийх баг манайд бий болжээ. Ийм сэтгэл, зүтгэлтэй залуусаа дэмжих нь Монгол хүний эрүүл мэнд,  Монгол Улсын ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал билээ.
 
 
Ярилцсан Д.Лхагвадорж