сонин mn
(Хумбагарын Батмэндийн “Хайраар дүүрдэг тавилан” номын тухай)
 
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Хумбагарын Батмэндийн хэвлүүлээд удаагүй байгаа өгүүллэгийн анхны түүвэр нь “Хайраар дүүрдэг тавилан” нэртэй юм. Түүвэрт багтсан 22 өгүүллэгийг бүхэлд нь авч үзвэл хөдөөгийн монгол ахуй, хүн хүнээ хайрлах хайр, чинад ертөнц хүмүүн хоёрын амин холбоо гэсэн гурван үндсэн шугам тод мэдрэгдэж байна. Өгүүллэг тус бүрийн тухайд гэвэл дор дорын өвөрмөц санаа нь анхаарал татав. Урьд өмнө хэн нэгэн зохиолч бичээгүй санаа олж бүтээл болгоно гэдэг цонхоор харж зогсохдоо, эсвэл тааз ширтэн бодолхийлж хэвтээд олчихдог зүйл биш. Санааг үнэ цэнэтэй болгодог амин шүншиг гэж бий. Тэрхүү амин шүншгийг тэр болгон хүн сэтгэл зүрхээрээ олж мэдрээд, тархи оюунаараа шүүн тунгаагаад, үгийн ураар хувилган буулгахгүй. Гагцхүү зохиолч хүн л олж харж, онож буулгана. Зохиолчийн тэрхүү өгөгдөл Х.Батмэндэд байгаа нь анхны түүврээс нь харагдаж байна. Энэ нь цаашид түүнийг олон сонирхолтой бүтээл туурвих сайн зохиолч болно гэсэн итгэл төрүүлж байна.
 
Х.Батмэндийн өгүүллэгүүд агуулгын хувьд хүн хүнээ хайрлах хайр, хөдөөгийн монгол ахуйтай салшгүй холбоотой байгаа тухай өгүүлснээ тодотгоё. Хотжилт, технологийн хөгжлийн улмаас уламжлалт монгол ахуй орон зайн хувьд хумигдан утга агуулгаа гээж, хүмүүсийн харилцаанд цоо шинэ хандлагууд бий болж байгаа энэ цаг дор биднээс холдон одож байгаа, хүссэн ч эс хүссэн ч түрэгдэн арчигдаж эхэлж байгаа үнэт зүйлсийг бичиглэн үлдээнэ гэдэг буянтай сайн үйл юм. 
 
Ээждээ гутал авч өгөх гэж задгай хэдэн төгрөг атгаад сумын дэлгүүрт хааяахан ирдэг ховрын бараа руу шунган дайрч байгаа олны хөлд үрэгдэх шахсан бутач хүүг өмөөрөх Хажидмаа, Мятав нар, үүнд нь ач санасан хүү гучин хэдэн жилийн дараа зорьж очин золгож байгаа энгүүн мэт боловч цаанаа учир шалтгааны нарийн уялдаатай түүх (“Хайраар дүүрдэг тавилан”); үеийн бүсгүйдээ хайртай болчихоод хэлж чадахгүй ичингүйрч, “Нөхөртэй болчихсон байгаасай. Тэгвэл ингэж зовохгүй амар” хэмээн бодох Очбаяр, түүнийг сэтгэлийн үгээ хэлээсэй гэж хүлээх Думаа, усан борооноор цуваа нөмөргөсөн Очбаярыг нууцхан хүсэмжлэх Сувдаа нарын харилцаа (“Тэр жилийн намар”); сумын төвийн эрчүүдтэй арцаж сайхан бүсгүйд нүд сэтгэл унагах банди нарын адал явдал (“Агиймаа эгч”); өнгөтэй мөнгөтэй болсондоо аархаж өөрийн ах дүүсээ мартсан Пүрэвжав, “уруул дордойвч элэг дордойхгүй” байхын ухааныг мэддэг эгч нь түүний бизнес дампуурч, өөрөө үхлийн ирмэгт очиход хэрхэн халуун амиа золин байж тусалж байгаа тухай түүх (“Халуун элэг”); дайнд явсан дөрвөн сайхан хүүгийнх нь хоёр нь үрэгдсэн тухай мэдээ сонсоод дотроо өмөрч гаднаа хатуужин, нутаг нугынхандаа хатуу хахираараа хэлүүлж яваа Дулам эмгэн Ням өвгөний сөнгө хүү нь эсэн мэнд ирсэн сургаар өмнөөс нь баярлаж байгаа агшин (“Хүний ганц л ирсэн бол...”) гээд уншсаны дараа сэтгэлд заавал нэг ухаарал, бодрол үлдээх өгүүллэгүүд анхаарал татав.
Түүнээс гадна малын эрэлд яван хээр хөдөө хонож буй Гунгаагийн мэргэн атлаа жигтэй зүүд, түүний учрыг тайлж нөхөртөө туслах Содовын увдис, чамин хийцтэй гаансныхаа хойноос хөөцөлдөх догшин ноёны сүнс (“Гаансны эзэн”); намрын адаг сарын нэгэн өдөр гэнэ сэрэггүйхэн байтал аашаа хувиргасан тэнгэр хангай, аюул болохыг зөн совингоороо мэдэрсэн хөгшин банхар, зурхай зуран болох бүхнийг угтаж тооцоолсон Ажаа хөгшний адал сонин явдлууд (“Ажаа, Банхар хоёр”); Самжид эмгэн 85 нас хүрээд өдөр судраа өөрөө сонгон тэнгэрт хальж, төрсөн охин шиг нь түүнд тусалж явсан Самжид бүсгүй хөл хүнд болж, Дэндэв эхийгээ нутаглуулахаар гав ганцаараа явж байгаагийн цаана төрөх-амьдрах-үхэхийн гурвал холбоос, нарийн нандин ёс, өнгөрсөн ирээдүйн амин хэлхээ оршин буйн утга учрыг өгүүлсэн (“Буяны ерөөл”) зэрэг өгүүллэгүүдээ Х.Батмэнд хүн хийгээд байгал, чинад хийгээд бодот ертөнцийн ил далд холбоо хэлхээсийг уялдуулан сүлж урласан нь сонирхолтой болжээ.
Энэ ном бол Х.Батмэндийн анхны ном. Тэрээр хоёр жилийн өмнө буюу 2020 оны эхнээс өгүүллэг бичиж эхэлсэн шинэхэн зохиолч. Тиймээс ур чадвар, хийцийн хувьд өгүүллэгүүдэд нь өөлөх өө анзаарагдаж байгаа ч дараа дараагийн уран бүтээлээ туурвих явцад хий нь арилж, хийц нь чамбайрах биз ээ. Тэр бол өөрийгөө өмөөрөх шалтаг эрдэг хүн хөгждөггүй, өрөөлийн үгнээс санаж сэрдэг хүн хөгждөг гэдгийг сайн мэдэх насанд нэгэнт хүрчихсэн уран бүтээлч учраас санаа зовохгүй байна.
 
 
Х.Батмэндийн өгүүллэгүүдийн хэл найруулга ерөнхийдөө аятайхан болжээ. Монгол ахуйгаа сайн мэддэг хүний хувьд өнөөдөр тэр болгон хэрэглээд байхгүй байгаа ховор нандин үг хэллэг оруулж ирж байгаа нь олзуурхууштай.
 
Гэхдээ уран зохиол гэдэг уран байх ёсыг заримдаа умартаж, хар ярианы болхи хэллэг хавчуулж байгаа нь таалагдсангүй. Энэ бол ардын ярианы амьд хэл гээд В.Шукшинаар хэлээр жишээ татах хүмүүс гарах байх. Тэгэх ч ёстой. Гэхдээ тийм үг хэллэгийг хаана хэзээ, ямар тунгаар, ямар өнгө аясаар хэрэглэхэд бас учир бий. Бичих туурвих туршлага суугаад ирэхээр энэ бүхэн аяндаа цагааширна биз ээ.
Товчхондоо Хумбагарын Батмэнд гэдэг санаа уран, бичлэг өвөрмөц, жинхэнэ монгол ахуйг дүрслэн буулгадаг зохиолч мэндэлж байгааг “Хайраар дүүрэн тавилан” өгүүллэгийн түүвэр харууллаа. Хамгийн гол нь түүний өгүүллэгүүд хүнд ухаарал, өөрийн болоод өрөөлийн амьдралыг эргэцүүлэн тунгаах санаа сэдлээс гадна монгол ахуйтай холбоотой танин мэдэхүйн асар их мэдээллийг давхар өгч, монгол хэлний арвин баялаг үгийн сангийн гүнээс зарим ховор нандин үг хэллэгийг ухан гаргаж байгаад ач холбогдол нь оршино.
Урианхан түмэн бичгийн мэргэд, бэлэн цэцэн үгтэн олонтой билээ. Тэдний үргэлжлэл болж бийр элээж, бэх дундалж, бичиж туурвихуйн аянд мордсон эрхэм дүүд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
 
Урианхан Б.Галаарид