Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Афганистан, Пакистан терроризмтэй хамтран тэмцэнэ

ИСЛАМАБАД. /СИНЬХУА/. Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай нар лхагва гарагт уулзан терроризмтэй хамтран тэмцэх талаар ярилцжээ.

Афганистаны Ерөнхийлөгч хоёр хоног айлчлахаар Исламабад хотод лхагва гарагт ирсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд болсон харилцан үл ойлголцсон асуудлаа шийдвэрлэн зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. “Афганистаны бүс нутгийн нэгдэл, бүрэн эрхт байдал чухал зүйл бөгөөд терроризм гэсэн ойлголт Пакистан, Афганистаны өмнө тулгарсан ижил сорилт” гэж Пакистаны Ерөнхийлөгч Зардари мэдэгджээ. Афганистаны Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Ерөнхий сайд зэрэг 45 төлөөлөгч Пакистанд ирсэн бөгөөд Пакистаны Ерөнхий сайд Сиед Иосуф Раза Гиланитай уулзах аж. Афганистаны эрх баригчид талибуудтай хэлэлцээ хийхэд Пакистанаас дэмжлэг авахаар ажиллаж байгаа бөгөөд Пакистанд хоригдож буй Афганистаны талибуудын толгойлогчийг нутагтаа шилжүүлэн авах хүсэлтэй байгаа гэж Ойрхи Дорнодын улс төрийн мэргэжилтнүүд дүгнэж байна.

С.Отгонбаяр

Сэтгэгдэл үлдээх