Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Монгол улсын залуу начин Э.Энхбат: Ойрын хоёр жилдээ жүдогоо голлох бодолтой байгаа

Улсын цолтон булангийнхаа энэ удаагийн зочноор Булган аймгийн Могод сумын харъйат Монгол улсын залуу начин Эрдэнэбилэгийн Энхбатыг урьж ярилцсан юм.

-Бэлтгэл дажгүй юу, хаагуур бэлтгэлээ хийж байна?

-Дажгүй дээ. Жүдогийн шигшээгийнхэнтэйгээ СТО-нд л байнга бэлтгэлээ хийдэг юм.

-Ойрын үед оролцох жүдогийн тэмцээн, уралдаан байгаа юу?

-Одоогоор байхгүй. Миний хувьд хөлний бэртлийн улмаас ойрд тэмцээн уралдаанд оролцсонгүй. Намар монголд болсон дэлхийн цом, саяхан Зүүн Азийн наадам хоёрт л оролцох шив дээ. Бэртэл гэмтлээ сайн эмчлүүлэх шаардлага байсан болохоор үндсээрээ ч гэсэн наадмаас хойш бөхийн өргөөнд хоёр л удаа барилдсан.

-Цагаан сарын барилдаан болоод удаагүй байна. Энэ барилдааны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Ерөнхийдөө сайхан барилдаан боллоо. Би гурвын даваанд Т.Санчир арсланг амалж барилдаад унасан.

-Нэлээд хэдэн бөхөөс амлах шиг болсон…?

-Тэгсэн. Санчир ахтай өмнө цөөнгүй барилдаж байсан болохоор хэн хэнийхээ барилдааныг мэднэ. Бас нөгөө талаараа барилдаан мэддэг хүн чинь хүн гэмтээчихгүй, гэмтэл бэртэл хөндөх магадлал бага байдаг юм шүү дээ. Тиймэрхүү талуудыг бодолцоод Санчир ахыг амалж барилдсан юм. Ойрын үед тэмцээн уралдаан байхгүй болохоор барилдаанууддаа барилдана гэж бодож байгаа.

-Үндэсний бөхийн бэлтгэлээс илүү жүдогийн бэлтгэлээ голлодог уу?

-Тийм шүү. Наадмын өмнө л нутгийнхантайгаа наадмын бэлтгэлд гардаг. Бусад үед бол жүдогийн бэлтгэлээрээ л барилдчихдаг юм. Харин энэ жил манай Булганы бөхчүүд анагаахын дээд сургууль дээр бэлтгэл хийж байгаа. Тэнд очиж долоо хоногт ядаж нэг өдөр ч болсон үндэсний бэлтгэл хийгээд байх бодолтой байна.

-Ep нь өмсгөлтэй бэлтгэл хийх шаардлага зайлшгүй гарна биз?

-Өмсгөлдөө дасах гэж нэг зүйл байдаг. Тэрнээс биш адилхан л бэлтгэл болохоор нэг их ялгаагүй л дээ.

-Өнгөрсөн зуны наадмын талаар хоёулаа ярилцах уу?

-Наадмын өмнө нутгийнхаа бөхчүүдтэй 7 хоног бэлтгэл хийгээд барилдсан. Жилийн суурь бэлтгэл бол ерөнхийдөө гайгүй байсан.

-Гурвын даваанд хэн амлалаа, таныг…?

-У.н Б.Адъяахүү багш авсан. Дөрөвт у.х Г.Элбэгтэй оноолт таараад, тавд у.г И.Доржсамбуу амалсан. Тэгээд зургаа дээр у.н М.Өсөхбаярт унасан.

-Дөрвийн даваанд у.х Г.Элбэгтэй нэлээд удаан барилдсан шүү?

-Харин тийм. Элбэг харцага их том болохоор би бараг хөдөлгөж чадахгүй байсан.

-Жингийн хувьд их харьцангүй харагдаж байсан?

-Унагааж ч чадахгүй, унаж ч чадахгүй, их зууралдсан л даа. ёстой бөөн юм болсон. Би өмнө Элбэг харцагатай огт барилдаж үзээгүй байсан. Өрөхөд хүртэл их эвгүй юм билээ. Харц нь хүртэл сүртэй шүү дээ. Хүнд жинтэй мөртөө тэнцвэрээ их сайн хадгалдаг. Барагтай мэхэнд тэнцвэр алдахгүй байгаа юм чинь. Биеэ зөв суллачихаад барилдахад үнэхээр хэцүү юм билээ. Надад өмнө нь барилдаан зааж байсан у.н П.Ганбаяр ахтай минь их төстэй санагдсан. Өрж байгаа нь, харж байгаа нь, барилдаан нь гээд л. Тэгж, тэгж барьц сонгох болоод, эхлээд харцагын талаар буусан. Дараа нь би сонгоод, дахиж харцага сонгоод, дахиж би сонгоод, тэгээд л давсан даа.

-Тэр том хүнээс барьц сонгох хэцүү байсан байх даа?

-Ойролцоо жинтэй бөхчүүдийн хувьд ихэнхдээ барьц сонгосон нь л даваад байх шиг байдаг. Миний хувьд барьц сонгоход ерөнхийдөө гайгүй байдаг юм аа.

-Тавын даваа эхлэхийн өмнө хэр түгшиж байв?

-Хэн авах бол гээд чагнаад л сууж байсан. Өмнөх жил нь тавын даваанд унасан болохоор энэ жил дахиад тавын даваанд уначихвал яана гээд түгшиж байсан шүү. Зургаад Өсөхбаяр амалсан. М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр бид гурав чинь хар багын найзууд. Анх хотод орж ирээд хамт амьдардаг байлаа. Тэр даваанд намайг авахад нь би зөв л гэж бодсон. Харгүй сайхан барилдаад хэн давсан нь цолоо ахиулах юм чинь.

-Багын найзууд нэг наадмаар зэрэг цол авахад их сайхан байсан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Өсөхөө маань намайг даваад, дараа нь долоо даваад заан болоход нь өөрөө давсан юм шиг л баярлаж байгаа юм чинь.

-Наадмаар бөхчүүдийн дээлийн захыг хэн нэг хүн мушгиад сууж байдаг. Таны дээлийн захыг хэн мушгиж байсан бол?

-Түвшээ, Отгоо гээд найзууд маань л мушгиж суусан даа. Манай Булганы а.а А.Отгонбаатар бид нар чинь бас их сайхан найзууд л даа. Тэд маань л дэргэд байсан.

-Одоо цолондоо хэр дасч байна?

-Аа, мэдэхгүй /инээв/. Нэг их барилдаагүй болохоор тийм ч сайн дасаж амжаагүй гэж болно оо.

-Бөхийн багш гэвэл олон л байгаа байх...?

-Би аймгийнхаа спорт хорооны Эрдэнэ-Очир багшийнхаа бөхийн секцэнд анх хичээллэж байлаа. Манай Булганы “Авзага трейд” гээд барилгын компани бий. Тэр компаний захирал Мэндбаяр ах Түвшинбаяр бид хоёрыг 10-р анги төгсөхөд хотод авч ирээд “Аварга” БТДС-д оруулж байсан юм. Аваргад сурч байхад үндэсний маань багшаар у.н Б.Адъяахүү, жүдогийнх нь Марал гэж багш байсан. Тэр үед манайх Ганбаяр ахынхтай ойрхон гэртэй. Тэгээд л Ганбаяр ахтайгаа хамт бэлтгэл сургууль их хийдэг болсон.

-Бөх болох хүсэл юунаас үүдэлтэй бол..?

-Намайг жаахан байхад өвөө минь бөх болгоно гэж их ярьдаг байсан юм. Тэгээд л барилдах сонирхолтой болчихсон хүн дээ. Бага байхдаа үе тэнгийнхэнтэйгээ барилдаж, ноцолдоод л явдаг байсан. Харин яг барилдаж эхэлсэн үе гэвэл 10-р анги төгсөх жилээсээ л жүдогоор барилдаж эхэлсэн. Бас 10-р ангид байхдаа үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд оролцоод дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Тэр үеэс л барилдах сонирхол минь бүр их нэмэгдэж, жүдогоор тогтмол бэлтгэл хийсэн.

-Одоо ч гэсэн жүдодоо л илүү анхаарал тавиад байгаа бололтой?

-Олон жил энэ спортод зориулж бэлтгэл хийсэн болохоор ойрын хоёр жилдээ жүдогоороо тууштай барилдах бодолтой байгаа. Дараа нь 10 жил үндэсээрээ тогтмол барилдах нас байна даа /инээв/.

-Начин одоо хэдтэй вэ, бас жин, өндөр?

-26 настай. Миний өндөр 182 см, жин 90 кг байгаа.

-Үндэсний бөхөө бодохоор жингээ нэммээр, жүдогоо бодохоор барилдах жиндээ тохируулаад нэг их нэмчихмээргүй санагдаад л байна уу?

-Нэг хэсэг жингээ нэмье гэж их боддог байлаа. Жин нэмчихвэл арай л өөр болчих юм шиг санагддаг л үе байсан ч харин нэмчихсэн хойноо дэмий нэмж гэж бодож магадгүй л байх. Тийм болохоор одоо бол жин нэмье гэж нэг их бодохоо больсон. Өөртөө л таарсан барилдаантай байвал болно доо гэж боддог. Ямар бөх том биетэй бол томдоо, жижиг биетэй бол жижигдээ тохирсон барилдаантай байхад л болно шүү дээ. Сайн барилдахын тулд заавал жин ихтэй, заавал өндөр байх шаардлагагүй байх гэж боддог юм.

-Жүдогийн мэхүүдийг нисэлттэй их гоё гэж ярих юм билээ. Танд хамгийн их тохиромжтой, хийх дуртай мэх тань ямар мэх байдаг вэ?

-Надад өөрт таарсан мэх гэвэл хутгах л юм даа. Хийхэд бяр орохгүй, хийхэд их эвтэй, нэг их ядрахааргүй юм шиг санагддаг. Зарим нэг мэхийг хийхээс төвөгшөөгөөд, бэлтгэл дээр хүртэл хийх дургүй байдаг шүү дээ. Харин хутгах мэхийг бол би гудамжинд хүнтэй ноцолдохдоо хүртэл хийхэд залхахааргүй юм шиг байгаа юм /инээв/. Үндэсний бөхдөө голлож хийдэг юм.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ, зав зай хэр гарч байна?

-Гарна аа, гарна. Найз нөхөдтэйгээ нийлээд зааланд сагс тоглох дуртай. Зарим нь өдөржин барилдаж, барилдчихаад үргэлжлүүлээд сагс тоглоод байх юм гэж байдаг л юм. Сагснаас бол ёстой уйдахгүй дээ.

-Танай нутаг харьцангуй ойрхон болохоор нутаг руугаа үе үе давхичихна биз?

-Явна аа, явна. Манайх хотоос 300 гаруй км болохоор цагаан сараар явна, зун амрахаараа очино.

-Булган аймаг адуутай, айрагтай нутаг. Адуунд хэр вэ?

-Хөдөө байхдаа ч гайгүй л байсан юм. Одоо ч адуу малаас хөндийрөөд удчихлаа даа. Би багадаа эмээ, өвөөтэйгээ мал маллаж, өссөн. Зундаа бол айргаа уугаад л өөр хоол унд ч бараг идэхгүй дээ. Өдөрт нэг удаа хоол идвэл иднэ, идэхгүй бол идэхгүй шүү дээ.

-Айрагтай нутгийнх болохоор дэмбээнд сайн биз дээ?

-Уг нь гайгүй л дээ. Даанч солгой хоолойтой /инээв/.

-Гэрийнхэн чинь нутагтаа байдаг уу?

-Тийм. Аав ээж хоёр минь нутагтаа бүр хөдөө мал дээр байдаг юм.

-Спортоос өөр зүйл сонирхдог уу?

-За, бараг байхгүй дээ.

-Гэр бүл…?

-Эхнэр охинтойгоо амьдардаг. Эхнэр минь манай Булганых, охин минь одоо ой хүрэх гэж байгаа.

-“Аварга” дээд сургуулийн нэг ангийнхан чинь хэр барилдаж байна?

-Манай ангид Н.Түвшинбаяр байсан. Бас Дамланпүрэв гэж жүдо барилддаг, байлдааны самбын дэлхийн 2 удаагийн аварга залуу бий. Говь-Алтайн а.а Л.Цэрэнтогтох байна. Яг манай ангиас барилдаж байгаа нь гэвэл бид хэд л юм даа. Харин нэг төгсөлтөөс гэвэл у.н Н.Батзаяа гээд бөхчүүд бий, бий.

-Түвшинбаяр аварга та хоёр үргэлж хамт бэлтгэл хийдэг гэж байсан. Одоо хэвээр үү?

-Хийнэ ээ, хийнэ. Бид хоёр хоёулаа шигшээгийнх болохоор спортын ордонд байнга л хамтдаа бэлтгэлээ хийж байгаа. Түвшээ маань хөлдөө хүнд хагалгаа хийлгээд саяхнаас бэлтгэл сургуулиа хийж, тэмцээндээ оролцож эхлээд байгаа. Бэртэл нь овоо гайгүй болсон. Гэхдээ хэдийгээр тэмцээндээ оролцоод эхэлсэн ч гэсэн бэртэл гэмтэл гэдэг жилийн дараа л бүр мөсөн эдгэнэ шүү дээ.

-Танай гэрээс өөр барилддаг хүн бий юу?

-Би эхээс дөрвүүлээ, хоёр охин, хоёр хүү. Эрэгтэй дүү маань жүдо барилдах гээд бэлтгэл хийж эхлээд байгаа.

-Булган аймаг бөхөөрөө алдартай. Нутгийнхаа бөхчүүдийн тухай?

-Тийм шүү. Одоогоор у.г И.Доржсамбуу ах маань нутгийнхаа бөхчүүдийг удирдаад ахлаад бэлтгэл сургуулийг нь хийлгэж байгаа. Нэг хэсэг И.Доржсамбуу гарьд, И.Ёндонсамбуу начин, Ц.Цогтжаргал начин гурав нутгаа төлөөлөөд барилддаг байсан. Сүүлийн үед улсын цолтнууд маань нэмэгдсэн, аймгийн цолтнууд ч олон болсон. Бэлтгэл дээр очоод харахад их олуулаа болсон байна лээ, манайхан.

-Шигшээ багаас өөр ямар байгууллагад харъяалагддаг билээ?

-Эрдэнэтийн Хангарьд хороо, Мэдээлэл харилцааны сүлжээ компаний бөх.

-За, цаг гаргасан таньд баярлалаа

С.Бадамгарав

10 Сэтгэгдэлүүд

  1. surie

  2. найрааны начин шив дээ… Адъяахүү багш нь аваад л бас нутгийн Доржсамбуу ах нь унаж өгөөд л….

  3. aimag tsergiin barildaand 1 ch turuulj uzeegui baisaar nairaagaar nachin bolson nohor bna daa.gehdee zugeeree nachinii havid barildah zaluu baih shuu .muu bish. Tungalag tamir kinonii ERDENE shig l boh doo he he . amjilt husie.

  4. nairaanii nachin gej ene barilddag ymu haayaa neg haragddagiin baarand l yavj bdagshdee

  5. ochoon jil huch hodolmoroo gargaj odort 1-2 beltgel togtmol hiij , oorsdoo herhen beltgel hiij yaj huch hodolmor gargadgiin medeh uu. Ulsiin tsol-g abah estoi hun l abdag bolohoos bish hen dyrtai ni abch chadahgui shuu dee.
    Hen durtai ni hunii ner tord haldah uchirgui l ymsan

  6. 1-t gewel manai mongolchuud bitgii tegej bie bienee ygyisgej medehgyi yumaa meddeg yum shig bichij bai belen amaar.
    2-t gewel bulganii enhbatiig yaaj barildaj yaaj beltgel hiidegiig ni sain medehgyi ch gesen herhen shudraga er hyn shig saihan barilddagiig ni sain mednee,ireedyitei sain barilddag sain boh shy de,mongol bohiin ner hyndiig awch yawj chadah sain boh bolow uu gej bodoj bna.
    3-t gewel mongolchuudaa bid mash ewtei baij bygdiig hiij byteej chadma shy gedgiig niit mongolchuuddaa urialmaar baina.Mongol uls mandan badrah boltugai !

  7. Enkhbat sain buh shuu

  8. энхбат ахдаа амжилт хүсье

  9. энхбат ахдаа амжилт хүсье мөн дүү амгаландаа ч гэсэн амжилт хүсье

  10. uneheer goe barildaantai boh shuu. enhbat nachinaas odoo barildaj bgaa yamar ch ulsiin tsoltoi boh aidag yum . tanid amjilt husie tsaashid ulam sain barildaarai hutgah homroh meh tani ih goe boldog shuu amjilt olipiin awraga ulsiin garid boloooroi…

Сэтгэгдэл үлдээх