Монголын дунд үеийн түүхийг үечлэх асуудалд
Монголын түүхийн аливаа асуудлыг авч үзэхдээ Монгол төвийн үзлийн үүднээс харахул сая түүхийн үнэнд илүү ойртсу. Ингэх нь Монголын түүхийг үечлэхэд онцгой байр суурьтай.
Монголын дунд үеийн түүхийг ямар хүрээнд авч үзэх, хэрхэн ангилах талаар нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй байна. Монголын эзэнт гүрний үеийг дунд үе, Монголд Манжийн засаглал тогтсон үеийг шинэ үе, XX зууны эхний тусгаар тогтнолын сэргэлтээс эхлэн орчин үе буюу ойрхи үе гэж ангилах нь дэлхий нийтийн түүхийн үечлэлтэй илүүтэй нийцнэ.
Нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн дотоод зүй тогтлыг судалсан Н.Д.Cosмо Монгол нутагт ноёрхож байсан төр улсуудыг 1. Алба гувчуурын гүрнүүдийн үе (НТӨ 209–НТ 551) 2. Худалдааны алба гувчуурын гүрнүүдийн үе (551-907), 3. Давхар засаг захиргааны гүрнүүдийн үе (907-1259), 4. Шууд татварын гүрнүүдийн үе (1260-1796) хэмээн 4 том үе болгон авч үздэг.
Хятадад Монголын түүхийг, тэр дотроо Монголын түүхийн үечлэлийг өөрөөр авч үзсээр ирсэн билээ. Хятадууд нэн эртнээс Монголын түүхийг Хятад дахь төр улсуудын түүхийн хавсарга, түүний нэгэн хэсэг хэмээн үзсээр ирсэн бөгөөд энэ нь Монголын дунд үеийн түүхийг тойроогүй дайрсан байна. Хятад төвийн харгис, дээрэнгүй үзлээр монголчуудын байгуулсан Юань улсыг Хятадын төр улс байсан хэмээн гуйвуулж, “Дөчин, дөрвөн хоёр”-ын Монгол улсыг “Мин улсын үеийн Монгол”, “Хойд Юань улс” гэх зэргээр буруугаар нэрийдэж бичсээр байна.
Мөн Чингис хааныг Хятадын умард нутгийн нүүдэлчдийн удирдагч байсан ба умард нутагт нэгдсэн Монгол улсыг байгуулсан, түүний ач хөвүүн Хубилайн үед Юань улс байгуулсан нь Хятад эх орноо нэгтгэсэн гавъяат хэрэг болсон хэмээн бичиж тайлбарлаж байна.
Бид Монголын дунд үеийн түүхэнд 800 гаруй жилийн урт удаан хугацааг багтаан үзсээр ирсэн билээ. Монголын дунд үеийн түүхийг түүхэн он дарааллын зарчмын дагуу дөрвөн том үе болгож болно.
Энэ нь
1. Их Монгол улсын үе
2. Монголын эзэнт гүрний үе
3. XIV-XVII зууны Монгол улс
4. XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон буюу Манжийн эрхшээлийн үеийн Монгол орон зэрэг юм. Эдгээрийг бас жижиг бага үеүдэд хуваан дэлгэрүүлж үечилдэг.
Чингэж үечлэхэд гарах нэг гол ялгаа бол XVII-XX зууны эхэн үеийн Монгол буюу Манжийн эрхшээлийн үеийн Монгол орныг түүхийн дунд үед оруулах уу ?, эсэхүл шинэ үед оруулах уу ? гэдэгт байна. Энд уг үеийг дунд үед багтаан авч үзсэн нь уг асуудлыг шийдсэн гэсэн үг бус, зөвхөн түүний мөн чанарыг тодорхойлох зорилго төдий юм.
* * *
Их Монгол улсын үе. Энэ үеийг Хабул Монголын хаан болсон 1130-аад оноос эхлүүлж, 1220-иод оны үеийг хамруулна. Энэ бол Монголын түрүү төр улсын үе юм. Хабулыг хаан суух хүртэлх үеийг монголчууд овог, аймгийн зохион байгуулалтад оршиж байв. Уг үеийг түүхэн он дарааллын дагуу 5 хуваан авч үзэж болох талтай. Тэр нь
1. Хабул хааны үеийн Монгол улс
2. Амбагай хааны үеийн Монгол улс
3. Хутула хааны үеийн Монгол улс
4. Чингис хааны үеийн Монгол улс (1189-1201-1206-1211)
5. Их Монгол улсын үе (1211-1227) болох ажээ.
Монголын дунд үеийн төр улсын түүх Хабул хааны эх суурийг нь тавьсан Монгол улсаас эхлэлтэй юм. Монгол улсын түүхчид Онон, Хэрлэн, Туул гурван голын монголчуудын эл улсыг “Хамаг Монгол” хэмээн нэрийдсээр байгаа нь бүх, нийт гэсэн утгаар хэрэглэсэн “хамаг” гэх үгийг улсын нэр хэмээн ташаа ойлгосонтой холбоотой ажгуу. Хабул хаанаас Хутула хаан хүртэлх Монгол улсыг эрдэмтэд жинхэнэ улс бус крупное объединение–хүчирхэг нэгдэл , ханлиг, төр улсын бүрдэл , толгойлогчийн эзэмшил гэх зэргээр тодорхойлдог ч тэр бол эхэн үеийн улс (early state) байсан байна.
1189 онд Монгол улсын дөрөвдэх хаан болсон Тэмүжин–Чингис хаан 1201 онд нөгөө нэг хаан болох Гүр хаан Жамухын цэргийг ялж доройтуулсныхаа дараа жинхэнэ ёсоор Монголын хаан хэмээн хэлэгдэх бүрэн эрхтэй болжээ. Тэрбээр удалгүй хөрш зэргэлдээ аймаг, улсуудыг эрхэндээ оруулан 1206 онд нэгдсэн улсыг байгуулснаар Монголын түрүү төр улс хөгжлийн дараагийн үе шат буюу төгөлдөржсөн улсын үедээ дэвшин орсон байна. Монголчууд 1211 онд Зүрчидийн Алтан улсыг довтолж доройтуулан идэрмэг хүчирхэг байдлаа баталсны дараа нэрэндээ “Их” гэх тодотгол нэмж, “Их Монгол улс” хэмээн нэрийдэх болсон билээ.
Чингис хаан Умардын Алтан улс, Си Ся хэмээх Тангуд улс, Хар Кидань буюу баруун Ляо улс, Сартуул буюу Хорезм улсуудыг довтлон заримыг нь эзлэн авч, Монголын эзэнт гүрний үндэс суурийг тавьснаар энэ үеийг дуусгавар болгоно. Тодруулж хэлбэл, Чингис хаан нас барснаар эл үеийг төгсгөнө. Харин “Их Монгол улс” хэмээх улсын нэр Монголын эзэнт гүрний нэр болон хувирч, 1271 оныг хүртэл хэвээр хэрэглэгдсээр байв.
* * *
Монголын эзэнт гүрний үе. Энэ үеийг хоёр байдлаар тусгайлан авч үзэж болно. Эхнийх нь Язгуур Монгол гүрний үе буюу Өгэдэй хаанаас хоёр хаант Монгол гүрэн буюу Хубилай, Аригбөх хаад хүртэлх Их Монгол улсын үе юм. Язгуур Монгол гүрэн 1229-1271 онуудад оршиж байв.
Уг үеийг төр барьсан их хаадын он дарааллаар нь
- Өгэдэй хааны үеийн Монгол гүрэн буюу Их Монгол улс
- Гүюг хааны үеийн Монгол гүрэн буюу Их Монгол улс
- Мөнх хааны үеийн Монгол гүрэн буюу Их Монгол улс
- Хоёр хаант Монгол гүрэн буюу Хубилай, Аригбөх хаадын үеийн Монгол гүрэн хэмээн тухайлан үзэж болно.
Чингис хааны үндэс суурийг нь тавьсан нүүдэлчдийн эзэнт гүрэн Өгэдэй хааны үед төгөлдөржин тогтсон бол Гүюг ба Мөнх хаадын үед Монгол гүрэн нүүдэл ба суурьшмал иргэншил хосолсон дэлхийн хэмжээний эзэнт гүрэн болон хөгжсөн ажээ. Хубилай гол өрсөлдөгч Аригбөх хааныг 1264 онд цэргийн хүчээр дарж хаан болсон бөгөөд тэр үе хүртэл буюу 1260-1264 онуудад Их Монгол улс хоёр хаантай байв. Харин 1271 онд Хубилай хаан “Их Монгол улс” гэх нэрийг халж, “тэнгэр тэргүүн их” гэсэн утгатай Их Юань улсыг байгуулснаа зарласан ажээ.
Хоёрдахь үе бол Монголын аугаа эзэнт гүрэн биеэ даасан эзэнт улсуудад хуваагдан оршсон үе юм. Эл үеийг газарзүйн байрлал болон харъяалал, угсаа залгамжлалын байдлаар нь хэдэн хэсэгт ялгаж, тусгайлан судалсаар ирсэн билээ. Эдгээр нь
- Монголын Юань улс буюу Хубилайн угсаа залгамжлал
- Монголын Алтан ордны улс буюу Зүчийн угсаа залгамжлал
- Монголын Цагадайн улс буюу Цагадайн угсаа залгамжлал
- Монголын Иль хаадын улс буюу Хүлэгү-гийн угсаа залгамжлал болох юм.
Тэрхүү Монголын бие даасан эзэнт улсуудын үеийг 1271-1368 оноор авч үзнэ.
Их Монгол улс, эзэнт гүрний түүх судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг Ш.Бира абугай Монгол улс хэрхэн хөгжиж, хувьсаж ирсэн түүхийг
1. Монголд тулгар улс буюу эхэн үеийн улс буй болсон үе (1206-1227)
2. Монголын эзэнт гүрэн буюу хөгжингүй улсын төлөвшлийн үе (1229-1259)
3. Монголын эзэнт гүрний өрнөлтийн үе буюу Монголын Юань улсын үе (1260-1368) гэсэн үндсэн 3 үед хуваан үзжээ. Энд хэдэн эргэлзээтэй зүйл байгаагийн зарим нэгийг дурдваас, 1206 онд Монголд анхны тулгар төр байгуулагдаагүй, харин нэгдсэн Монгол улсыг байгуулсан , 1260-1264 онд Их Монгол улс Аригбөх ба Хубилай гэсэн хоёр хаантай байсан, Юань улс 1260 онд бус албан ёсоор 1271 онд байгуулагдсан, бас Их Юань 大元 улс нь Монголын эзэнт гүрний өрнөлтийн үе бус, харин гудайлт, бууралтын үе гэлтэй. Учир нь хууль бусаар хаан ширээг булаасан Хубилайг эсэргүүцэн бослого гаргаж тэмцсээр байсан язгуур Монгол нутгаа 40 орчим жил бүрэн захирч чадахгүй байсан Юань улсыг Монголын эзэнт гүрний өрнөлтийн үе гэхэд нэн төвөгтэй. Тэдний Юань улсын эсрэг эл тэмцэлд нэг үе Цагадайн улс ч нэгдэн орсон байсан байв. Мөн Алтан ордон, Цагадайн, Ил хаадын гэсэн улсуудыг бүхэн орхисон алдаа байна.
Тэр үед язгуур Монгол нутаг Их Юань улсад багтаж байсан агаад их хаадын төвийн үе залгамжлалын үүднээс Юань улсыг төв улс, монголчуудын байгуулсан Алтан ордон, Ил хаадын зэрэг бусад улсыг нь түүний хараат түшмэг улс хэмээн тооцсоор ирсэн юм. Тэдгээр улсууд ч эхэндээ Их Юань улсад ёс төдий боловч захирагдаж байв. Харъяалагдах газар орны нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн бааз суурь зэргээрээ Юань улс бусад улсуудаас арай илүү байсан байж ч магадгүй. Харин энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд XIV зууны эхэн үеэс дээрх улсууд бүрэн биеэ дааж тусгаарласан билээ. Энэ бүхнээс үзэхэд, Их Монгол улс хэд хэдэн бие даасан бага улсуудад хуваагдсан үеийг Монголын эзэнт гүрний оргил үе хэмээх нь түүхэн үнэнд харшилна.
Монголын эзэнт гүрний үеийг 1229 онд Хэрлэний Хөдөө аралд Өгэдэйг Их Монгол улсын хаанд өргөмжилсөн үйл явдлаар эхлүүлж, 1368 онд Их Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр Бээжингээс зугадан гарсан хэрэг явдлаар төгсгөж байна.
* * *
XIV-XVII зууны Монгол улсын үеийг судлаачид “Мин улсын үеийн Монгол”, “Улс төрийн бутралын үеийн Монгол”, “Ар Юань улс”, “Умард Өн улс” гэх зэргээр нэрийдэж томъёолсоор ирсэн билээ.
“Мин улсын үеийн Монгол” гэдэг нь Хятад төвийн үзлийн үүднээс гарсан нэрийдэл хийгээд монголчуудыг Хятадад оршиж байсан Мин 明朝 улс (1368-1644)-ын хавсарга байдлаар авч үзсэн дээрэнгүй, доромж нэр юм. Чингэж нэрлэснээр Монгол нь тусгаар тогтносон улс бус, Мин улсын хойд талаар оршдог хэсэг эзэмшлүүд гэж ойлгогдоно. Монгол, Хятадын хоорондох худалдааг хүртэл “алба барих” хэмээн гуйвуулан томъёолдог нь ч Хятадын их гүрний дээрэнгүй үзэлтэй холбоотой. Бодит байдал дээр Монгол нь биеэ даасан, бүрэн эрхт улс байв.
“Улс төрийн бутралын үеийн Монгол” гэдэг нь анх Монгол–Оросын түүхчдийн гаргаж ирсэн нэр томъёо бөгөөд судалгааны ном зохиолд машид тархаж, бараг тогтсон зүйл билээ. Өгүүлэн буй үеийн Монголын нийгмийн түүхийг зөвхөн улс төрийн үйл явц, хандлагаар нэрийдэх нь ихэд өрөөсгөл юм. Аливаа нийгмийн амьдрал олон талтай бөгөөд улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хууль зүй, шашин шүтлэг, оюун санаа, нийгмийн давхраажилтын байдал зэрэг илрэл, үйл явцуудаас бүрдэж байдаг. Иймд нийгмийн амьдралын зөвхөн нэг үзэгдэл, илрэлийг дөвийлгөн хэтрүүлж, түүгээр бүхэл бүтэн түүхэн үеийг төлөөлүүлэн томъёолж тодорхойлох нь агуулга ба хэлбэрийг зөрчилдөхөд хүргэдэг.
Монголчууд улс төрийн талаар тархай бутархай байсан тэр үед хувь ноёд язгууртнуудын эзэмшил дэх эдийн засгийн байдал сайжирч, соёл урлаг боловсрол хөгжиж, нийгмийн оюун санаанд шашин шүтлэгээ дагасан эерэг өөрчлөлт бий болж байв. Бид XVI зууны Монгол улсыг соёл боловсролын хөгжлийн байдлаар нь “Сэргэн мандалтын үеийн Монгол” гэж нэрлэж болох талтай ч энэ нь нийгмийн амьдралын бусад талуудыг бүрэн харуулж төлөөлж чадахгүй тул ингэж нэрлэхгүй нь мэдээж хэрэг юм.
Эдгээр алдаатай байдлаас зайлсхийх гол арга бол түүхэн он цагийн хязгаараар нэрийдэх явдал юм. Ингэнэ гэвэл уг түүхэн үеийг “XIV-XVII зууны Монгол улсын үе” хэмээн нэрлэнэ. Нөгөө нэг арга нь тухайн үеийн хууль эрх зүйн баримт бичигт тэмдэглэгдсэн улсын нэрээр нэрийдэх явдал юм. 1640 онд баталсан “Их цааз” хуулийн эхэн хэсэгт “döčin dörben qoyar-un noyad ekilen jokiyaba” (Дөчин дөрвөн хоёрын ноёд эхлэн зохиов) хэмээн өгүүлдэг нь тухайн үеийн Монгол улсын албан ёсны нэрийг дурдсан хэрэг бүлгээ. “Дөчин, дөрвөн хоёр–döčin dörben qoyar” гэдэг улсын нэрийг анх Монголын алдарт түүхч Саган сэцэн өөрийн зохиолдоо баримталсан билээ.
“Ар Юань улс” буюу “Умард Өн улс” гэдэг нэр нь мөн л Хятадын түүхчдийн баримталдаг үзэл баримтлалын нэг юм. Хятад дахь монголчуудын засаглал унаж, эх нутагтаа ирснээс хойш 20 хүрэхгүй жилийн зурвас үед хэрэглэж байсан “Хойд Юань улс” гэдэг нэрээр бүхэл бүтэн 200 гаруй жилийн түүхэн үеийг нэрийдсэн алдаатай юм. Монголчууд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, эргэж довтлон Их Юань улсыг сэргээн тогтоохыг зорьж байсан тул улсдаа түр зуур “Хойд Юань” гэдэг нэр өгсөн байв. Хэргийн явцаар тавьсан зорилгодоо хүрэх цэрэг ба эдийн засгийн боломж үгүй болсноор энэ санаархлаа орхисон юм. Гүйличи хаан (1402-1408)-ы үеэс “Хойд Юань” нэрийг халж Татар буюу Монгол хэмээн нэрлэх болсон байдаг.
Энэ үеийн Монголыг эдгээр элдэв зохиомол, гуйвуулсан, доромж нэрээр бус, “XIV-XVII зууны Монгол улсын үе” эсэхүл “Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улс” гэсэн нэрээр нэрийдэх нь зүйтэй болов уу.
“Дөчин дөрвөн хоёрын” Монгол улсын үеийг урьд өмнө нь 2 үе болгож ирсэн билээ. Тэр нь
1. Билигт хаанаас Мэргүрис үхэгт хаан хүртэлх үе
2. Мэргүрис үхэгт хаанаас эхэлсэн “Бага хаадын үе” юм.
Мэргүрис үхэгт хаан (1455-1456)-ыг Мин улсын албан түүх “Мин ши” (明史)-д “Бага хаан” – xiao wang zi – шяо ван зы – 小王子 хэмээн тэмдэглэснээр “Бага хаадын үе” гэсэн нэрийн үүсэл тавигдсан юм. Гэхдээ энэ нь Хятадын Мин улсын түүх судрын мэдээнд тулгуурласан үечлэл тул шүүмжлэлтэй хандаж эргэж нягтлах хэрэгтэй болдог. Үүний энгийн нэг жишээ гэвэл, бүх Монголыг нэгтгэн захирч байсан Даян хааныг бага хаан хэмээн үзэх нь түүхийн үнэнд нийцэхгүй юм. Тус үеийг төр барьсан хаан тус бүрээр нь дэлгэрүүлэн үзвэл сонирхолтой дүр зураг гарах нь гарцаагүй. Харин олон хаад богинохон хугацаанд төр барьсан хийгээд тэдэнд холбогдох мэдээ сэлт харьцангуй бага тул чингэх нь ихэд хүндрэлтэй ажээ.
Дээрхээс арай өөрөөр, хоёр янзаар бас үечилж болох юм. Юуны өмнө тухайн үеийн Монгол улсыг
1. “Хойд Юань улс”-ын үе (1370–1388)
2. “Дөчин, дөрвөн хоёрын” Монгол улсын үе (1388 оноос 1520-иод он)
3. Биеэ даасан бага улсуудын үе (1520-иод оноос хойш) гэсэн 3 том үед хувааж болох талтай.
Монголын хаад эхэн үедээ Хятад дахь ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй хийгээд эргэж Юань улсыг сэргээн тогтоохыг чармайж байсан тул түр хугацаанд Юань улсын төр арын нутагтаа ирсэн хэмээн “Хойд Юань улс” гэсэн нэрийг анх Билигт хаан (1370-1378) авч хэрэглэжээ. Энэ талаар Монголын түүхч Рашпунцаг “Тэндээс Шуньди хааны хальсны хойно, хунтайж Аюушридара гучин дөрвөн насандаа, цагаан нохой жил Инчанфу хотноо хааны их тавцанд залгамжлан сууж, Хойд Юань улс хэмээн нэрийдээд хотол Монгол улсаа эзлэн суув” хэмээн өгүүлсэн байдаг.
Хожим Төгстөмөр Усхал хаан (1378-1388) алагдснаас хойш Монголын язгууртнуудын Юань улсыг сэргээх тогтоох санаархал бүтэхгүй нь тодорхой болсон агаад уг нэрийг хэрэглэхийг больж, Монголын үндсэн хоёр хэсэг болох дөчин түмэн зүүн Монгол, дөрвөн түмэн Ойрад буюу баруун Монголын нэрээр нэрлэгдсэн “Дөчин, дөрвөн хоёрын” Монгол улсын үе эхэлдэг.
Улмаар Монгол дахь улс төрийн тогтворгүй байдал, хаант төрийн хүчин чадал суларсан, салан тусгаарлах хүчний идэвхжил зэргээс шалтгаалан “Дөчин, дөрвөн хоёрын” Монгол улс харьцангуй биеэ даасан хэд хэдэн бага улсуудад хуваагдан задрах үйл явц эхэлжээ. Батмөнх даян хаан нас барсны дараахнаас биеэ даасан бага улсуудын үе эхлэх бөгөөд тэдгээр нь Ойрад Монгол, Халх Монгол, Өвөр Монгол, Хөх нуурын Монгол, Хотгойдын Алтан ханы улс зэрэг юм. Харин Буриад монголчууд Халхын, Ижил мөрний монголчууд Ойрад Монголын хараат түшмэг байдалтай оршиж байв.
Мөн XIV-XVII зууны Монгол улсыг үүнээс арай өөрөөр, доорхи байдлаар 2 үе болгон авч үзэж болох юм.
1.Билигт хаанаас Элбэг хаан хүртэлх нэгдсэн улсын үе. Энэ нь 1370-1402 он буюу Билэгт хаанаас Элбэг нигүүлсэгч хаан хүртэлх үеийг хамарна. Монголын Юань гүрний үеэс эхлээд биеэ даах байдалтай болж ирсэн ойрадууд их хаанд захирагдахын эсрэг байсаар ирсэн хийгээд тэд Элбэг хааны үйлдсэн бурангуй хэргээр шалтаглан бүрмөсөн тусгаарлан салсан ажээ. Тийнхүү энэ үеийн төгсгөлөөр Монгол улс зүүн, баруун хэмээсэн хоёр хэсэгт хуваагдсан юм.
2.Тогоон тайшаас Түмэн хаан хүртэлх улс төрийн нэгдлийг сэргээх тэмцлийн үе. Ойрадын Тогоон тайш, түүний хөвүүн Эсэн тайш, Мандухай сэцэн, Даян хаан, жонон Алтан хаан, Түмэн засагт хаан нарын Монголыг нэгтгэн захирах талаар явуулсан бодлого, үйл ажиллагааг үүнд хамааруулан үзнэ. Тэдгээр хүмүүсийн бүх Монголыг нэгтгэн захирах хувийн хүсэл санаархал нь нийт Монголын түүхийн тавцан дээр дэвшилтэт үйл ажиллагаа болж харагддаг жамтай. Тус хугацаанд нэг талд, нэгдлийн төлөөх үйл явц явагдаж байхад нөгөө талд, задралын үр хөврөл түүнээс ч дутуугүй эрчтэй өрнөж байв. Гэхдээ Даян хаанаас хойш Монгол улс дахин нэгдмэл байж чадаагүй юм.
Тэр үед Монголыг улс төрийн болон шашин–оюун санааны талаар нэгтгэн захирах хэмээсэн хаад ноёдын бодлого, үйл ажиллагаа хэсэг үе амжилт олж байсан боловч биеэ даан хүчирхэгжсэн ноёд язгууртнууд нэгдсэн төрд захирагдахыг хүсэхгүй, байнга салан тусгаарлахын төлөө байв. Энэ бүхний эцэст Монгол харьцангуй биеэ даасан Өвөр Монгол, Халх Монгол, Буриад Монгол, Хөх нуурын Монгол, Ойрад Монгол, Хотгойдын Алтан ханы улс гэсэн хэдэн том эзэмшил–улсуудад хуваагдан жижгэрэв. Тэдгээрээс Буриадаас бусад нь нэгэнт биеэ даасан улсын шинжтэй болсон байв.
“Дөчин, дөрвөн хоёр”-ын Монгол улсын үеийг 1370 онд их ор залгасан Билигт хаан Аюуширдара-гаас эхлүүлэн Монголын сүүлийн хаан Лигдэн нас барж, Өвөр Монгол Манжид эзлэгдсэн 1636 он, 1689 онд Хаант Оросод эзлэгдсэн Буриад Монгол, 1691 онд Халх Монгол Манжид дагаар орсон, 1723 онд Хөх нуурын Монгол, 1755 онд Ойрад Монгол Манжид эзлэгдснээр дуусгана.
Монголын түүхийн дунд үеийг төр улсын шинж чанараар нь –Монголын түрүү төр улсын үе, –Монголын төгөлдөржсөн төр улсын үе гэсэн хоёр том үе болгож болно. Монголын түрүү төр улсын үе 1130-аад оны үед Хабул хааны байгуулсан Монгол улсаас 1206 онд Чингис хааны байгуулсан нэгдсэн Монгол улс хүртэлх үеийг хамарна. Тэр үеийн Монгол улс хэмжээгээр бага хийгээд төрийн үндсэн шинжүүд нь бүрэн гүйцэд төлөвшөөгүй байсан тул тийнхүү түрүү төр улс хэмээн үзнэ.
Монголын төгөлдөржсөн төр улс нь 1206 оноос XVII зуун хүрнэ. Чингис хаан төрийн үндсэн бүтцүүдийг зохион байгуулснаар жинхэнэ ёсоор төр улсын шинж бүрдэн тогтсон юм. Өгэдэй хааны үеэс Монгол төрийн бүтэц улам боловсронгуй болж, Эзэнт гүрэн жинхэнэ ёсоор байгуулагдсан билээ. Монголын эзэнт улс унасны дараагаас Монголын нэгдмэл төр удсангүй задарч, биеэ даасан бага улсууд бий болсон билээ.
* * *
Монголын уламжлалт түүх бичлэгт XVII-XX зууны эхэн үеийн Монгол орон буюу Манжийн эрхшээлийн үеийн Монгол орныг түүхийн дунд үед багтаан үзсээр ирсэн юм. Дэлхий нийтийн түүхийн үечлэлтэй уялдуулан авч үзвэл Манжийн эрхшээлийн үеийг Монголын түүхийн шинэ үед оруулах нь зохистой юм.
Энэ үеийн түүхийг үндсэнд нь гурван үе болгон судлах ёстой. Чухамхүү ингэж Манжийн төрийн бодлого хэрхэн өөрчлөгдөж байсныг цаг хугацааны хувьд ялгавартай авч үзэхгүйгээр тус түүхэн үеийг үнэн зөв тодорхойлж, ойлгож чадахгүй. Аль нэг богинохон үеийн хэрэг явдлаар бүхэл бүтэн үеийг төлөөлүүлэн авч үзэх нь алдаанд хүргэнэ.
1.XVII-XIX зууны дунд үе хүртэлх Монгол орон. Энэ үеийн Манжийн төрийн бодлого нь монголчуудыг уламжлалт аж төрөх байдлаар нь байлгаж, хэрэгтэй цагт ашиглах, түшиг тулгуур болгох зорилго бүхий байв. Чингэхдээ нийт монголчуудыг хошуу, чуулганы зохион байгуулалтанд оруулж засаглан захирав. Монголыг хууль зүйн үүднээс баримтлан захирах шаардлагаар хууль–эрх зүйн дарангуйлах тогтолцоог бий болгов. Монгол нутагт уул уурхай нээх, газар хагалахыг хориглож, худалдааны хятад иргэдийг зөвхөн тодорхой зөвшөөрөл, хугацаагаар орохыг зөвшөөрч байв.
2.XIX зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэлх Монгол орон. Манжууд Хятадад улам бүр уусч, хааны ордон дахь хятад түшмэд олшрохын хэрээр Манжийн бодлого аажмаар Хятадын бодлого болон хувирч ирэв. Энэ үед Монголын талаарх Манжийн төрийн бодлого алгуур өөрчлөгдөж, Монголын талаар тавьсан элдэв хөнгөлөлтүүд суларчээ. Монгол газар хятадууд олноороо хараа хяналтгүй орж ирэх болсон. Монгол орныг Хятадын худалдаа–мөнгө хүүллийн сүлжээ бүрхэж, хүн амын дийлэнх хэсгийг өртөн болгосноор Монголын нийгэм–эдийн засгийн хөгжлийг улам бүр боогдуулах болжээ.
3.XIX зууны сүүлээс XX зууны эхэн хүртэлх Монгол орон. Үүнд Монгол оронд Манжийн шинэ засгийн бодлого явагдсан цаг хугацааг хамруулан авч үзнэ. Улс төр, эдийн засаг, соёлын гэсэн үндсэн гурван чиглэлээр өрнөсөн “Шинэ засгийн бодлогын” Монголд дахь хэрэгжилт нь харгис, сөрөг нөлөөтэй байв.
Монголчуудын малын бэлчээрийн зарим хэсгийг хурааж, худалдан авч, газаргүй ядуу олон мянган хятадуудыг зохион байгуулалттайгаар оруулан суулгаж, тэдний амьдралыг өөд татах нь язгуур Манжийн төрийн бус, харин мөн чанартаа Хятадын төрийн бодлого юм. Монголын язгуураас оршин амьдарч ирсэн үндэс суурийг устгах аюултай энэ бодлого монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, тусгаар тогтнолын төлөө босон тэмцэхэд хүргэсэн юм.
Дээрх гурван үеийг хураангуйлан томъёолбол, эхэн үед Монголын талаарх Манжийн төрийн бодлого явагдсан бол удаад нь Манж–Хятадын бодлого явагдсан үе, төгсгөлийн үед нь Монголын талаар Манж нэртэй Хятадын төрийн бодлого явагджээ хэмээнэ.
Дуутан Жамсранжав Гэрэлбадрах /Монгол улсын Боловсролын Их Сургуулийн Монголын түүхийн тэнхмийн профессор багш. Доктор (Ph.D). Монголын түүхийн дунд үеийн түүхийн асуудлууд, түүхэн газарзүйн судалгаа, ноёд язгууртнуудын хоч нэр, цол хэргэмийн судалгаа, түүхийн сурвалж бичгийн судалгаа хийдэг./




sonirholtoi talaas harsand bayarlalaa
ta daraagiin udaa Manjiin talaar bichvel ulam sain baina
yur ni ene uur olon tuuh sudlaachidiin anhaarch bichih sedev shuu
Бүхэлд нь дэмжиж байна. Түүхийн талаасаа ч, улс төр талаасаа ч зохистой санаа гэж хэлэх байна.
Харин Монголын Алтан Ордны улс, Монголын Ил хаадын улс, Монголын Туркестан буюу Цагаадайн улс,
Монголын Юань улс, Төв Монгол улс гэж авч үзэж тус бүрийн түүхийг судалж эмхэтгэх ажлыг хийх нь зүйтэй мэт санагдана. Дэлхийд, тухайлбал баруунд олон сайхан ном судар байгааг ашигламаар байна.Эдгээр хувь улсын талаарх монголчуудын мэдлэг дэндүү дульхан шиг. Эдгээр нь огт хоосноос бий болоогүй эзэн Чингисийн үр сад бүтээн байгуулсан, дэлхийн түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн улсууд билээ.
Эцэст тэмдэглэхэд Монгол төвийн үзлийн үүднээс түүх, соёл, бичиг, иргэншил, харьяалал гээд бүхий л асуудалд хандах нь зөв гэдгийг хэлье. Энэ талаарх зохиогчийн санааг ч дэмжинэ.