“Кливленд” Леброныг эзгүйд хожиж чадна гэдгээ харууллаа
Өчигдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын таван тоглолт боллоо. Кливлендийн “морин цэргүүд” өөрийн талбай дээр “Сан-Антонио Спэрс”-ийг хүлээн авч 97:95-аар буулган авсан. Ингэснээр тэд ҮСБХ-ны 200/ 2010 оны улиралд 50 ялалт байгуулсан анхны баг болж байна. “Кливленд” лидер Леброн Жеймс болон төвийн тоглогч Шакил О’Нил гэмтлийн улмаас талбайд гараагүй. Дээр нь энэ тоглолтын явцад Антуан Жеймисон мөн гэмтэл авсан. Гэвч “морин цэргүүд” лидерүүдээ эзгүйд ялалт байгуулж чадна гэдгээ харууллаа. Талбайн эздээс Мо Уильямс лидерийн үүргийг гартаа авч, 17 оноогоор багаа толгойлов. Харин зочин багаас аргентин легионер Ману Жинобили энэ өдөр гараанд гарсан. Тэрбээр гайхамшигтай тоглолт үзүүлж 38 оноо авсан ч багаа аварч чадсангүй.
“Даллас Маверикс” энэ удаа “Миннесота Тимбервулвз”-ын талбайд зочлон 12 дахь дараалсан ялалтаа байгуулж чадлаа. Тэд “ойн чононууд”-ыг 125:112-оор хялбархан буулгаж авсан. “Ойн чононууд”-ын ялагдлын гол шалтгаан тоглолтын турш 25 удаа бөмбөгөө алдсан явдал боллоо. “Миннесота” ингэснээр сүүлчийн 13 тоглолтын 12-т нь ялагдал хүлээж байна. Тоглолтын гол баатраар “Даллас”-ын лидер Дирк Новицки биш 29 оноо, 14 удаа самбараас бөмбөг авсан Шон Мэрион тодров.
Энэ өдрийн хамгийн өндөр үзүүлэлттэй тоглолт Шинэ Орлеанд болов. Талбайн эзэн “Хорнетс” “Голден Стэйт”-ийн тоглолт жинхэнэ довтолгооны сагсан бөмбөгийн баяр болж, хоёр баг нийлээд 266 оноо авсан байна. Тоглолтын цаг дуусахад Шинэ Орлеаны “хэдгэнүүд” “алтан мужийн баатрууд”-ыг 135:131-ээр буулган авлаа. “Хэдгэнүүд”-ийн гурван тоглогч дабл-дабл хийсэн байна. Ялангуяа 28 оноо авч, 20 оновчтой дамжуулалт өгсөн залуу тоглогч Даррен Коллисон онцгойрлоо.
“Нью-Йорк Никс” талбай дээрээ “Атланта Хоукс”-ыг хүлээн авч ганц оноогоор (99:98) ялалт байгуулав.
“Алтанта”-гийн Эл Хорфорд цаг дуусах эцсийн мөчид амжиж шидэж чадаагүйгээс түүний оруулсан бөмбөгийг тооцсонгүй ялагдав. “Нью-Йорк”-т ирээд муугүй тоглолт үзүүлж байгаа Трэси МакГрэдди гэмтлийн улмаас энэ өдрийн тоглолт оролцсонгүй.
“Нью-Жерси Нетс” энэ улирлын 56 дахь ялагдлаа “Мемфис”-ээс хүлээлээ. Тэд “Мемфис”-ийн талбайд зочлон тоглож 101:107-оор ялагдав.



