Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

“Цондон” хийгээд “цондоглох”

(Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчис долгис, соёл хэрэглээ)

“Өнгөрсөн, одоо, ирээдүйн гэгээрэгсэд
Төгс чанарын зам мөрөөс өөрийг туулахгүй…”
(“Ламрим буюу Бодь мөрийн зэрэг”-ээс)

Намайг дааган хүлэгтэй, даавуун цүнхтэй, сумын дунд сургуулийн сурагч байх цагт клубийн урансайханч нар “Цондонхүү” гэдэг нэг шог холбоо уншдаг байж билээ. Тэр холбоо шүлэгт:

Айл айлаар хэсэх нь
Архичин болохын цондон.
Араншин муутай ярих нь
Агсам болохын цондон… гэж байдаг сан.

Энэ шүлгийн нэрэнд буй “Цондонхүү”, мөрөнд нь буй “цондон” гэдэг үгийн утга учиг нь өдөлж гүйцээгүй цурав ухаанд минь төдий л сайн ухагдаж буудаггүй. “Цондон” гэж юу гэсэн үг, ямар юмны шинж юм бол доо?” гэх ухааны юм бодогддог байж билээ. Яльгүй ч атугай эргүүлж тойруулж бодвоос “Нэг л базаахгүй юм, болох үйл явдлын тэмдэг…” гэхээс цаашлахгүй явсаар байв аа.

“Цондон”-гийн хажуугаар бас нэг сонин үгтэй хааяа хааяа тааралддаг байв. Аав, ээж, ахмад, эгчмэд хүмүүсийн амнаас “цондог мод”, “цондоглох” гэдэг үг хаа нэгтээ унаж, чихнээ сонстоно. Зуны улиралд бороо хуртай үед айл амьтан, гэрийнхээ янданг буулгаж өрхөө бүтээсэн байдаг. Өрхний цоорхой хийгээд өрхөн зайцаар дусаал дусна. Тэр үед нүүдлийн амьдрал сайн мэддэг монгол хүмүүс саваа мод, тэнзэн ташуур, яндан, энэ тэрхнээр гэрийн өрх, майхны хаяа зэргийг “цондоглоно”.

-“Өрхөө жаахан, яльгүй цондоглочих!” гэнэ. Энэ өгүүлбэрийн утга санаа нь гэрийн өрх, майхны хаяа хавирга тэргүүтэнг ямар нэгэн юмаар хатгуурдаж, дээш төмбийлгөн тулж, цондойлгож ус тунахгүй болгох, улмаар дусаалаас хамгаалж буй нэгэн зүйл арга, эс бөгөөс өөр нэг утга нь гэрийн өрх, майхны хаяа тэргүүтэнг цондог модоор хатгаад, гэрэл гэгээ орох яльгүй зайц гаргах арга ажээ. Ингээд л монгол хэлний үгийн сан, түүний хэрэглээнд “цондон” гэдэг нэр үг, “цондоглох” гэдэг үйл үг байдгийг мэдэж, “цондон” хийгээд “цондоглох” хоёртой танилцаж эхэлсэн бололтой, одоо бодоход…

Хожмоо их сургуулийн хэл бичгийн ангийн оюутан болсон үед нөгөө “цондоглох”-той нэг их тааралдахгүй болов. Харин нөгөө “цондон” нь уранзохиолын, ярианы, сонин нийтлэлийн найруулгад мэр сэр тааралдана. Энэ үгийг би, эхлээд нутгийн аялгууны үг байх гэж боддог байлаа. Гэтэл үгүй бололтой, төрөл бүрийн найруулгад харьцангуй идэвхтэй хэрэглэгддэг, монгол хүн болгон эх бичвэрийн доторх “утгаар” нь бараг гадарладаг, ойлгодог үг гэдэг нь мэдрэгдээд байв. Тухайлбал, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын аман хууль, хорио цээрийн ёстой холбоотой: Нүгэл! Олс дээс бүсэлдэггүй. Бүсэлбээс ядарч доройтохын цондон. Ялангуяа эмэгтэй хүн, эх хүн олс дээс бүсэлбэл хүүхдийнх нь хүй орооцолдоно… Энэ өгүүлбэрийн утга санаа, энд хэрэглэсэн “цондон” гэдэг үгийн утгыг монгол хүн бүр л бараг гадарлана. Харин тэрхүү “цондон” гэдэг нэр үг, “цондоглох” гэдэг үйл үгийн уг гарвал, бүтэц, хувирал, амь амьдрал, эерэг сөрөг эрчис долгис, хэрэглээ давтамж, өнгө аясын талаас нь тусгайлан судалж, тунгаан бодож, доторлож үзвэл бас л сонин содон зүйл байгаа нь ажиглагдаад байна.

Монгол уранзохиолын хэлний баримтыг ажваас зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд энэхүү “цондон” хийгээд “цондоглох”-ыг уранзохиолд ч, энгийн ярианд ч янз янзаар л хэрэглэсэн байна. Гэхдээ энэ үгсийг монгол үг үү, аль эсвэл харь үг үү? Дууриах үг үү, аль эсвэл дүрслэх үг үү? Шинэ үг үү, эс бөгөөс хуучирсан үг үү? Нэг язгууртай юу, аль эсвэл өөр өөр язгууртай юу? гэдэг талаас нь эргүүлж тойруулж үзсэн хүн цөөн бололтой. Зарим нэг толийг сөхөж үзвэл энэ үгс тэмдэглэгдсэн байгаа. Харин хэрэглээний талбарт гэмээр юм уу даа, “Шар хэвлэлүүдээр” “…ийм цондон…”, “…тийм юмны ёр цондон…” гэх маягаар их л давтамжтай үзэгдэх боллоо. Энэ нь өнөөгийн монголчууд, өрлүг түүх, уламжлалт эрхэмсэг ёс заншил, утга соёл, үнэт зүйлсээ уландаа гишгэж, ямар ч ёс суртахуунгүй шахам болж, нийгэм-соёлын экологи нь орвонгоороо эргэн доройтож, сөрөг үнэлэмж, эрчис долгистой үг хэллэг амны уншлага болж, бие, хэл сэтгэл нь цөвтөж, билгийн мэлмий нь бүүдийн байгаагийн дохио тэмдэг, муугийн ёр цондон гэлцэх хүн ч цөөнгүй тааралдах болов оо.

Бидний энэ бяцхан судалбарын нэг гол зорилго бол монгол хэлний “цондон” гэдэг нэр үг, “цондоглох” гэдэг дүрслэх үйл үгийн уг гарвал, утга, хувирал, соёл хэрэглээ, эрчим долгионы талаар хэрэглээний хэлшинжлэл, угсаа-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, соёл-хэлшинжлэлийн чиглэлтэй ганц хоёр санаа тайлбар хэлэхэд оршиж буй билээ. Юуны өмнө төрөл бүрийн найруулгад “цондон”-г хэн, хэрхэн яаж, ямар утгаар хэрэглэснийг харуулах хэдэн баримтаар эхэлье. Үүнд: Харин Монгол эх орондоо төрж өсөөд, монгол хэлээрээ хэлд орж, монгол зан суртахуунаараа төлөвшиж байгаад, европеидүүдээс ялгарах юмгүй болчихвол монгол үндэстэн уусч үгүй болохын цондон юм. (Л.Түдэв), Хун шувуу чуулахаа больчихвол Ганга нуур үгүй болохын дохио. Хүн чулуун хөргөө эвдээд зөөчихвөл Дарьганга нутгийн эрчимлэг сүнс үгүй болохын тэмдэг. Суу билэгт хөвгүүдээ мартвал оюуны мандал бадралгүй болохын цондон. (Г.Мэнд-Ооёо), Ноён хонзогномхой болох нь буурахын ёр, нохой хонгодомхой болох нь буудуулахын цондон. (Т.Галсан), …дэвшихийн цондон (дэвшихийн бэлгэдэл), муугийн цондон (муугийн бэлгэдэл), сайны цондон (сайны бэлгэдэл), үхэхийн цондон (үхэхийн бэлгэдэл…) (Монгол хэлний хураангуй тайлбар толь, Уб., 2009)… Ямартай ч долларших нь дордохын цондон. (“Монцамэ мэдээ” сонин, 2009, 10.21, 1206 (1808), Монгол улсын газар нутгийн 70 орчим хувь нь 6000 орчим лиценз нэртэй баримт бичгээр бусдын мэдэлд орсон нь юуны цондон болоод байна? (Ө.С. 2010, 02.04, 028(3418),Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон (Мэргэн үгээс) г.м.

Төрөл бүрийн найруулгын эдгээр хэдэн баримтыг ажиглахад, монгол хэлний “цондон”, “дохио”, “тэмдэг”, “шинж”, “бэлгэдэл”, “ёр” г.м. хэдэн үг эх сэдвийн хүрээнд ойролцоо утгатайгаар хэрэглэгдсэн байна. Эндээс монгол хэлний “дохио”, “тэмдэг,” шинж”, “бэлгэдэл”, “ёр” г.м. үгс яагаад “цондон”-той утга ойролцоо хэрэглэгдсэн бэ? “цондон” нь харь хэлнээс орж ирж, нутагшсан үг биш байгаа? гэсэн сэжиг гарч ирэв. Үүнийг нягтлахаар эрдэмтэн О.Сүхбаатар агсны зохион найруулсан “Монгол хэлний харь үгийн толь” (Уб., 1999.) –ийг сөхөж үзвэл: “Цондон: Тө. Mtshon don; мo. б. condon; утга: билэг тэмдэг, тавилан, ёр билэгдэл, жиш: сайны цондон” (242-р тал) гэж тэмдэглэжээ. Эндээс үзэхэд, “цондон” бол төвд хэлнээс бурхан шашны ном зохиолоор дамжин, монгол хэлэнд орж нутагшсан ормол үг ажээ. Харин өдгөө цагийн хэрэглээний түвшин дэх өнгө аясыг нь ажиглахад, гол төлөв сөрөг үнэлэмжит утгаар нь, муухан юм үзэгдлийн дохио, шинж, ёрлол гэсэн утгаар нь олонт хэрэглэх болжээ гэж үзэж болмоор байна.

Байгаль, нийгэм-соёлын экологи үлэмж доройтож, хүмүүний явдал нь бие, сэтгэл, нас, үзэл, (буюу сайныг муу гэх, мууг зөв гэх, зөвөөс зугатаж, мууд автагдах эндүүрэл), цаг гэсэн таван зүйлээр цөвтөж, монгол хүмүүний явдал суудал хазайж, айл гэрийн эв түнжингээс төр, улсын эв эеийг хүртэл сахихаа больж, үнэний хуульгүй шахам болж буй энэ сул дорой зурвас үед монголоо алдсан, олон янз араншинтай “Цондонхүү”-нүүд шөнийн одод шиг тодрон гарсаар буйг цагийн жамыг тодруулагч цаасан шувууд хүртэл хэлсээр сануулсаар байгаа бус уу? Энэ цагийн тэрхүү олиг муутай “цондонгууд”-ыг Монгол улсын Бурханч лам, урлаг соёлын нэрт зүтгэлтэн Г.Пүрэвбат гуайн “Цөвүүн цаг, түүнийг гэтлэх өвгөдийн гэрээслэл буюу Богдын бошго”:-д тайлж сэнхрүүлэн, Түвдийн Мажиглавдонмаа хэмээх зочийн бошгыг эш татан өгүүлсэн нь: “Дайсан, садан солигдох, сайн, муу солигдох, буян, нүгэл солигдох, ноён, албат, түшмэл, зарц солигдох, ажил явдал, зан журам бүгд солигдох, үйлдвэр, үйлдэх бүгд солигдох, ярих үг, чихний гол сонсгол бүгд солигдох, чимэг хэрэгсэл, хувцас идээ бүгд солигдох, идээ эд хурааж, нөөцлөгдөх бүгд солигдох, нүгэлт баатарлаг зандалчинг магтан хүндэтгэх болно…” гэжээ. (Г.Пүрэвбат: “Их монгол оронд уламжлагдсан ирээдүйг эш үзүүлсэн бошгууд”, Уб., 2009 номыг үзнэ үү?) Энд буй олон “солигдох”-ууд ер нь сайны бэлгэдэл үү? Муугийн ёр цондон уу? Болоод өнгөрсөн үү?, болж явна уу?, болох гээд байна уу?! гээд л бодож болох… За, энэ ч яахав, ер тэгээд л үг олдож, үхэр холдоно гэгч болох нь шиг. Үг, өгүүлбэр маань хальсаар Дорно цастад хүрэх нь, үхэр сарлаг маань холдсоор Түвдийн өндөрлөгт гарах нь, “цондон” хийгээд “Цондонхүү”-гийн талаар одоо амаа татаж, харин нөгөө “цондог” хийгээд “цондоглох” хэмээх үгийнхээ тухайд цөөн хэдэн үг хэлье. Энэ хоёр үг бол харь хэлнээс ирсэн ормол үг биш, харин эх хэлнээсээ үүссэн төрмөл үг болно.

Манай монгол хэл бол гадаад дүр байдал дүрслэх болон авиа дууриах үгсээр үлэмж баян хэл. Үгсийн сан хөмрөгтөө, соёл хэрэглээний талбартаа тийм олон янз, сонин сайхан, өвөрмөц дүрслэх ба дууриах үгстэй хэл, дэлхийн олон хэлний гэр бүлд хаана ч байхгүй гэлцэнэ. Монгол хэл дүрслэх ба дууриах үгсээр, тийм үгсийн язгуураар нэн баян байдаг нь нүүдэлчдийн хэл-сэтгэхүйн онцлог, ялангуяа дүр төрхийн сэтгэлгээ, эгээрэл гэгээрэл, ертөнцийн зургийг дүрээр сэтгэж, үгээр урлах эрдэм ухаан, зүйрлэн нэрлэлт (метафор)-ийн утга соёлтой нь холбоотой юм. Үүнийг ер нэг сайхан хөдөөгийн амьдрал мэддэг, нүүдэлчдийн дундаас төрж өсөөд, “Сумаар гараатай, монголоор цараатай найрагч” гэгдэж явсан Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Сумын заан”, “Сумын эмч”, “Бальгай”, “Байрны хүүхдүүд”, “Сүрэн Паран”, “Бор морьт”, “Хөх сайрын тогоруу” г.м. наад захын хөөрхөн шүлгүүдээс эхлээд л цаад захын алдарт зохиолчдын шүлэг сайхан найраглалыг хүртэлх зохиол бүтээлийн баримтаас ажиглаад судлаад харахад л монгол хэлний дүрслэх ба дууриах үгсийн урансайхны найруулгад гүйцэтгэх үүрэг нь тодроод ирэх жишээтэй юм л даа. Тухайлбал, “Бор морьт” шүлэгт нь:

Бор бөөргийн дундаас
Бор морьтой
Боргоцой шиг өвгөн
Бодолдоо жаахан халамцуу
Бондогонон айсуй… гэж байдаг юм. Энд “бондогонох” гэдэг дүрслэх үйл үгийг ёстой л нэг утга зохилдох хэрэгтэй байранд нь, “боргоцой шиг бор өвгөн”-ий гадаад, дотоод дүр төрхийг уран дүрээр илэрхийлэхэд маш оновчтой болсон байдаг. “Бондогонох” гэдэг дүрслэх үг нь тэргүүн үеийн “о” эгшгийн сэлгэлт, үе-утгалбараас шалтгаалж, “бөндөгөнөх”, “бандаганах”, “бэндэгэнэх”, “бундаганах” г.м. хувилбаруудтай болдог бөгөөд “Бор морьтой, бодолдоо халамцуухан, боргоцой шиг бор өвгөн”-д (хүнд) “бондогонох” гэдэг хувилбар яг таарсан байгаа нь сонихон байна. Тэгвэл одоо “амьтны”, тухайлбал тогоруу шувууны гадаад дүр, араншин байдлыг яруу найрагч маань мэдрээд, ямаршуухан сонин дүрслэх үгсээр илэрхийлж, дүрсэлснийг “Хөх сайрын тогоруу” хэмээх шүлэг нотлоод өгч байна.

Бууцтай сайрнаа хөх гадас
Хуузтай тогоруу чойрго чойрго.
Буузтай шөлнөө ясан савх
Хуучтай хөл нь тайрга майрга.
Нүүсэн айлын шаасан гадас
Нүүгэл тогоруу сүүдэг бүүдэг.
Нүд рүү санжсан буурал санчиг
Сүүгэл зогдор нь саадаг саадаг
Сайран бууцны сахиул тогоруу
Салхин эргэхэд цүүргэ цүүргэ.
Зайран тэнгэрийн сахиус тогоруу
Сайшаал магтаалд тоодго таадга.
Замтай сайрын хөх тогоруу
Савтай дарс шиг туйвга туйвга.
Самтай гэзэгний хуван хавчаар
Цавтай хөл нь хайвга чойвго… г.м.-ээр харах эрхтэнд өртөгдөн үүссэн дүрслэх үгсийг давтан, хоршин, авианы найруулга зохицуулан машид сонин хэрэглэж, сүүл холбожээ. Ер нь гадаад дүр байдал заасан дүрслэх үгс нь тэгш хэмийн найруулгад үлэмж чухал үүрэгтэй гэдгийг хэн бүхэн мэдэж авмаар зүйл юм шүү! Жишээлбэл:

Алтай –
Алтаан дэлгэн ханхайнам.
Хангай –
Үүцээн задлан дунхайнам.
Хэнтий –
Нууцаан нээн дүнхийнэм.
Говь –
Гоёлоон өмсөөд гангарнам.
Тал –
Тариа нь алаглан шаширланам. (Жан.Шагдар) гэхэд, “ханхайх”, “дунхайх”, “дүнхийх”, “шаширлах” г.м. дүрслэх үгсийг гойд сонин, оновчтой хэрэглэсэн буй. Энэ мэт өдий төдий дүрслэх үгсийг ажиглахад, найруулгад дүр байдал заасан утгаар, үйлийн арга байдалтайгаар, ихэвчлэн давтан, хоршин, авиа сэлгэн хэрэглэгддэг нь монгол хэлний маань л нэг онцлог, зүй тогтол болой. Тухайлбал, халхайх, холхойх, хулхайх, хүлхийх, хэлхийх; бамбайх, бэмбийх, бомбойх, бумбайх, бөмбийх; пагдагар, погдогор, пүгдэгэр, пэгдэгэр, пөгдөгөр; цондогор, цандагар, цүндэгэр, цэндэгэр, цөндөгөр; шалхайх, шолхойх, шүлхийх, шөлхийх, шулхайх… г.м.-ийг ажиглаад үзэхлээр нөгөө бидний сонирхсон “цондог мод” хийгээд “цондоглох” бол гэрийн өрх, майхны үүд гэх зэрэг алив нэгэн юмыг дээш дөндийлгөх, овойлгох, цондойлгох, түмбийлгэх дүрс буюу гадаад хэлбэр байдлыг заасан утгатай дүрслэх үгс гэдэг нь тодорхой болоод байна. Язгуурынх нь авианы сэлгэлт, үе-утгалбараас шалтгаалж, цондогор, цэндэгэр, цундагар, цүндэгэр, цондой, цэндий, цундай, цүндий г.м. өөр өөр хувилбарууд үүсэж, утга ялгадаг зүй тогтолтой болжээ гэж үзэж болно. Жич, нэгэн зүйлийг тэмдэглэхэд, монгол хэлний халхайх, холхойх, хулхайх, хүлхийх г.м. эсвэл шалхайх, шолхойх, шулхайх, шүлхийх г.м. аль эсвэл бидний сонирхож үзсэн цондойх, цүндийх, цундайх, цэндийх юм уу, бүр нөгөө “цондоглох” г.м. үгсийг гадаад хэлэнд тухайлбал, орос, англи, герман, чех, япон, солонгос, хятад хэлэнд орчуулах, тэрчлэн дээр дурдсан мэт дүрслэх үг хэллэгийг гадаад хүнд заан сургахад, утгын ялгааг нь ойлгуулахад тун явдалтай байдаг. Гадаадын хүнд монгол хэл заасан зарим багш нарын дотор нөгөө “памбайх, пэмбийх, помбойх, пумбайх, пөмбийх”, “шалхайх, шолхойх, шулхайх, шүлхийх”-ийн утгыг ойлгуулах гээд хөглөж явсан хүн ч байдаг, бүр аргаа бараад, ойлгуулж чадаагүй “сайн багш” ч бий, элдэв зургаар ойлгуулсан овсгоотой нэгэн ч байдаг. Ер, тэгээд монгол хэлний авиа дууриах ба энэхүү гадаад дүр байдал заадаг дүрслэх үгс үү? тун явдалтай үгсийн аймаг байгаа юм даа! Үүнийг уншигч Та эх хэл соёлоо эрхэмлэдэг бөгөөд гадаад хэлэндээ гаргуун сайн болж яваа бол дараах хэдэн мөр, бадгийг орчуулах гээд оролдоод үз л дээ. Энэ үед эх хэлнийхээ эрхэм сайхан, тансаг баян хийгээд, бусад хэлнээс ялгардаг үнэт зүйлийг нь нэг мэдрэх болно, хэл соёлын боловсролоо нэг түншээд үзэхэд илүүдэх юун?!

Улжихийн улаан Хонгор баатар
Хүзүүгээрээ хүгдгэр мүгдгэр боловч
Хүчит арслангийн тэнхээтэй,
Далаараа далдгар малдгар боловч
Далан зааны тэнхээтэй….(“Жангар”-аас),

Ширмэл гөлмөө шижигнэтэл
Сэнжтэй дөрөөгөө хангинатал
Найман ганзагаа сугсартал
Нарийн уургаа дохилзтол
Шөнийн сарыг бүрэлзтэл
Шүүдрийн дуслыг бөмбөртөл
Салхи сөрөөд хатируулахад
Сайхан байдаг. Тийм ээ. (Ш.Сүрэнжав),

Хандгайн хүү ходол ходол
Ходлын эвэр цухас цухас.
Шилүүсний хүү ногуул ногуул
Ногуулын шүд ярзас ярзас.
Хярсны хүү зөнжиг зөнжиг
Зөнжигийн чих сэртэс сэртэс.
Зарааны хүү бөөдий бөөдий
Бөөдийн хамар шөнтөг шөнтөг.
Зурамны хүү цурд цурд
Цурдын хөл баацга баацга.
Туулайн хүү бүжин бүжин
Бүжингийн сүүл годос годос.
Гүрвэлийн хүү үрвэл үрвэл
Үрвэлийн хэл бултас бултас.
Загасны хүү тулбага тулбага
Тулбагын сэлүүр сэрвэс сэрвэс.
Галууны хүү цурав цурав
Цурвын жигүүр дэрвэс дэрвэс….(Ж.Дашдондог) г.м.

Ер, ингээд сүүлчийн жишээ-баримтаас үүтгэн хэлэхэд, монгол хэлний үгсийн сан, нэрзүй дэх амьтны үр, зулзагын нэрс, эдгээрийн зүйлчилсэн утгын орны онцлогийг ажваас, нэг бол, гол төлөв тухайн амьтны үр, зулзагын онцлог, гадаад дүр төрх, онцгой шинжээр нь, тухайлбал, хөдөлгөөнийх нь байдлаар, хэлбэр галбираар нь, бие эрхтнийх нь өвөрмөцөөр нь, төрмөл гаж араншингаар нь, гаргадаг дуу чимээгээр нь, аль эсвэл, “өхөөрдөл нэр”, “хоч нэр”-ээр нь нэрлэдэг уламжлалтай бөгөөд энэхүү “Иж үгс”-ээр нь эх хэлний үгийн сан жигтэйхэн сайхан баяжиж ирсэн байдаг юм. (Б.Пүрэв-Очир, Монгол хэлний эхийн өгүүлбэрзүй, 4-р дэвтэр, Уб., 2005, 69-р тал).

Байгаль дэлхий, амьтан, ургамлыг нүүдэлчин монголчууд ингэж л хайрлаж, машид эерэг сайхнаар нэрлэж, хэл, утга соёлоороо гайхуулж явжээ. Гэтэл өнөө цагт юу болж байна? Хүн, араатнаас дор болж, хүн хүнээ алдаж, аймшигт цэвүүн цаг болж байна гэлцэнэ. Хүн хийгээд эх дэлхийн хүйн холбоо тасарчих вий л гэлцэнэ. Оюуны харанхуйлалд орлоо л гэлцэнэ. Ер тэгээд их олон муугийн ёр цондон шүглэж, аргалахын аргагүй болж байна л гэлцэнэ. Тэгэхлээр уламжлалаа гээхгүйн тулд хэл, утга соёлоо хамгаалахын тулд, тэр олон базаахгүй эрчим долгионтой “цондонгууд”-ыг оюуны гэгээрлээр, эх хэл, утга соёл, улс үндсээ гэх сэтгэлээр цондоглож, гэрэл гэгээ оруулахыг бас бодууштай яа.

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

6 Сэтгэгдэлүүд

  1. iim urt yum nurshih hereg bainuu daa.tuwed garaltai l ug shdee.neg lam olood asuuwal medej boloh zuil.

  2. yamar ch utgagui hend oilgomjgui ur dungui ingej hunii tsag alduulan nurshih saihan l bdag yum bh daa erguu emitan

  3. хичнээн сайхан юм бичсэнийг нь ядаж нэг удаа анхааралтай уншаагүй байж битгий муулаач, хүний хөдөлмөрийг, эрдэм шинжилгээний ажил гэдгийг хүндэлж, үнэлж байгаач, муу юм бодох, муу юм сэтгэхийн тоогоор муу энерги хуримтлагддагыг мэдэхгүй бол бид өөрсдөө л болохгүй, бүтэхгүйг бий болгооод байгаа юм

  4. ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ, .. ДЭЭРХ ИХ МЭДЭХ ШИГ Л БҮЛТЭРХЭЭС БИШ БИД Ч МОНГОЛ ХЭЛЭЭ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙНА ДОО.

  5. ДЭЭРХ ЭХНИЙ 2 ХҮН МОНГОЛООРОО НЭГ ҮГ БИЧИЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ, ХҮНИЙ УРАМ РУУ УС ЦАЦАЖ БАЙХ АА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ОЛИГТОЙ САЙХАН ҮГ АМНААС НЬ ГАРДАГГҮЙ БОЛ ДУУГҮЙ Л СУУЖ БАЙХ САЙХАН.

  6. Baabaraar tarxia ugaalgaad unshaad baival ygiin utga sanaag oilgoxoo bolino. Zov zuil bichsend talarxlaa ilerxiilii

Сэтгэгдэл үлдээх