Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хувийн өс хонзонгоор хүнийг ажлаас халах явдал элбэг байна

Нийслэлийн ХМШЗСХ 2008 онд байгуулагджээ. Тэгвэл өнөөдөр энэ хороо нийслэлийн  төвийн зургаа, алслагдсан хоёр  дүүрэгт салбараа байгуулаад ажиллаж байна.

Нийслэлийн ҮЭХ-ны ХМШЗСХ-г хариуцсан мэргэжилтэн Л.Чимэгбаяр 2009 онд манай хороо сайн ажилласан гэж яриагаа эхэллээ.

-ХМШЗСХ хэрхэн бэхжиж байна вэ? Энэ жил ямар хороо сайн ажиллав?

-2009 он ажил маань жигдэрлээ. Манай салбар хороодод орон тооны бус хэлбэрээр нийт 90 хүн ажиллаж байна. Нэг дүүрэгт есөн хүн ажиллаж байна. АОЭХ-ны төлөөлөл , ҮЭ-ийн, төрийн захиргааны төлөөлөл тус бүр  гурван хүн байна. Төрийн захиргаанаас ихэвчлэн засаг даргын хуулийн зөвлөхүүд, хөдөлмөрийн улсын байцаагчид ажиллаж байна. ҮЭ-ийн талаас мэргэжлийн хуульчид, АОЭХ-оос хүний нөөцийн газрын дарга нар, менежерүүд  манай салбар хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа. Өнгөрсөн онд  Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн салбар хороо сайн ажилласан.

-Танайхаар шийдэгдэж байгаа маргаануудын гол шалтгаан юу байна?

-ХМШЗСХ-д ирж байгаа өргөдөлд судалгаа хийгээд үзэхэд ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан дийлэх хувийг эзэлдэг. Энэ нь иргэдийн, ажил олгогчийн аль алиных нь хөлөдмөрийн харилцаатай холбоотой хуулийн мэдлэг дутмаг байгааг харуулж байна. Өнгөрсөн жил 89 өргөдөл, гомдол хүлээж авсан. 51-ийг буцаасан. Салбар хорооны дүрмэнд зааснаар ажилтан иргэн ажлаас халагдсан шийдвэр гарснаас хойш 10 хоног дотор манайд хандах хэрэгтэй. Хэрэв маргаан манайхаар шийдэгдэхгүй шүүхээр явах бол  хугацааг нь  гаргаж өгөх үүднээс дүрмэнд ингэж заасан байдаг. Үүнийг бодолцоод 10 хоногт хүлээж авсан өргөдлийг ажлын тав хоногт багатаан шийдвэрлэж өгдөг. 1-3 хоногт шийдвэрлэж өгсөн асуудал ч бий. Хэрэв маргалдагч талууд манай зөвлөмжийг хүлээж аваагүй тохиолдолд цааш шүүхэд хандах эрх нь нээлттэй. Олон хүн манайхаар  асуудлаа шийдүүлж ажилдаа эргэж орсон.  Хүлээж аваагүй өргөдлүүдийн цаашдын хувь заяанд шүүхийн шатанд хяналт тавьдаг  Ингэхэдээ МҮЭХ-ны хуульч өмгөөлөгчдийн багаас өмнөөлөгч  томилоод эргэж мэдээлэл авдаг. Шүүхийн шатанд асуудал хэрхэн шийдэгдэж байгаад уялдаатай ажилладаг гэсэн үг л дээ.

Манай салбар хорооны дэргэд Хуулийн зөвлөгөө өгөх төв ажиллаж байна. Тэнд гишүүнчлэл харгалзахгүй зөвлөгөө өгдөг. Утсаар ч зөвлөгөө өгдөг.

-Ажлаас халагдаж байгаа хүмүүсийг харахад ямар байгууллагаас , ямар шалтгаанаар халагдсан хүмүүс давамгайлж байна?

-Ер нь хувийн ч, төрийн ч байгууллагаас хүмүүс  халагдаж байна. Төрийн байгууллагаас халагдсан хүмүүс дотор дүүргүүдийн тамгын газар, эрүүл мэнд боловсролын байгууллагаас халагдах явдал их байна. Халсан шалтгааныг үзэхэд хувийн чанартай өс хонзонгоос шалтгаалан хүнийг ажлаас халах явдал байна. Мэдээж тэр нь хууль эрхзүйн  үндэслэлгүй байдаг. Манай салбар хорооны гишүүд ажил олгогч, ажилтан хоёулантай нь уулзаж, зөвлөж, тайлбар өгдөг. Ийм хуулийг, ингэж  зөрчсөн байна гээд тайлбарлахад  ойлгоод, халсан хүнээ буцааж ажилд нь авдаг тохиолдол олон бий.

-Буцааж ажилд нь буцаан авсан ч элдэв өө сэв хайж, шахаж хавчин өөрийнхөө хүсэлтээр гарахаас өөр замгүй болгодог ажил олгогч байдаг гэдэг?

-Манайд одоогоор иймэрхүү зүйл мэдэгдээгүй байна. Манайхаар орсон нэг маргааны ажил олгогч манай зөвлөмжийг хүлээж аваагүй учраас шүүхэд  шилжсэн юм. Шүүх тухайн  хүнийг  ажилд нь буцаан авах шийдвэр гаргасан. Гэтэл тэр ажил олгогч маргааш нь өмнө нь гаргасан буруу шийдвэрээ өөрчилж зөв гэхээр шийдвэр гаргаад нөгөө хүнийг дахин  халчихсан байсан. Энэ маргаан гурван удаагийн шүүхээр орсон. Гэхдээ өнөөдөр тэр хүн ажлаа хийж байгаа л даа. Ийм алдаа гаргасан байна гэх зэргээр зөвлөөд байхаар ажил олгогч зөрчил гаргах нь  багасдаг. Эргээд ажил олгогч нар бидэнд  ханддаг. Хөдөлмөрийн гэрээ ямар байх ёстой вэ? Дотоод журам ямар байх хэрэгтэй вэ гэх зэргээр эргэж зөвлөгөө авдаг, асууж суралцдаг.Үүгээрээ давхар давуу талтай. Байгууллагууд дотор мэргэжлийн хуулийн зөвлөхтэй газар ховор. Хуулийн зөвлөхгүй газарт хүний нөөцийн ажилтан нь  тушаал төлөвлөөд гаргачихдаг. Тэндээс ч алдаа мадаг гарах нь бий.

-Энэ онд ямар зүйл дээр анхаарч ажиллана гэж бодож байна?

- 2009 оны сүүлээр манайд шүүхээс хэд хэдэн өргөдөл ирсэн. Шүүхэд гаргасан зарим маргааныг ХМШЗСХ-оор шийдэж болох зүйл байна гэж тэд үзээд манайх руу явуулсан байна лээ. Энэ нь шүүх ч гэсэн манай ажлыг ойлгож, асуудлыг хурдан хялбар шийдэж өгөх арга байна гэж үзсэн  хэрэг л дээ.  Энэ жил Багаханагай дүүрэгт салбар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлнэ.  Ажил олгогчдод зориулан сургалт зохион байгуулна. ХМШЗСХ зөвхөн ҮЭ-ийн гишүүдэд үйлчилнэ гэсэн дүрэмтэй ч энэ жилдээ манайд хандсан хүн бүрт үйлчилсэн. Дараагийн жилээс зөвхөн ҮЭ-ийн гишүүддээ үйлчилнэ. Бидний үйлчилгээг дагаад гишүүдийн тоо ч нэмэгднэ байх. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгаа.

7 Сэтгэгдэлүүд

  1. tanaih yamar baiguullaga ve aimguudad salbar bii yu j.ni: zavhan aimagtbna uu

  2. ХМШЗСХ – yamar baiguullaga yum be

  3. ХМШЗСХ энэ одоо юу гэсэн үг вэ?

  4. chi henii suul be ganaatarih uu

  5. ХМШЗСХ гэдэг нь Хөдөлмөрийн Маргаан Шуурхай Зохицуулах Салбар Хороо гэсэн нэрийн товчлол юм л даа, Хөдөлмөр сониныхон товчилсон үгийнхээ агуулгыг жирийн уншигчдад тодорхой байдлаар бичих хэрэгтэй шдээ..

  6. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн ганцаарчилсан болон хамтын маргааныг шүүхэд шийдвэрлэхээс өмнө Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороогоор дамжуулан шийдүүлж болно гэсэн байдаг.
    Энэ байгууллага нь, аймаг бүр дээр байх ба тухайн аймгийн төрийн захиргааны байгууллага, ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлүүдээс бүрдэх ёстой.
    Мөн иргэд, хөдөлмөрчид хохирсон бол заавал үүгээр дамжаад байх ч шаардлагагүй. Ялангуяа ажилд буруу шилжүүлсэн, ажлаас буруу халсан зэрэг ганцаарчилсан маргааныг шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжийг хөдөлмөрийн хуулиар зохицуулсан байдаг.

  7. Энэ байгууллагыг зөв байгуулж, сайн ажиллуулж чадвал явдал чирэгдэл багатайгаар учраа ололцох давуу талтай юм.

Сэтгэгдэл үлдээх