Улс төрийн үзэл баримтлал эргэн ирлээ
Монгол улсад төрийг дээдлэн сүслэсээр ирсэн тэртээх дундад зууныг хорьдугаар зуун шууд залган авсан билээ.
Хүн төрөлхтөн улс орныг хэрхэн жолоодвол зохилтой тухай гурван зуугаад жил маргалдсан маргаанд яг тийм хугацаанд Манж Чин гүрний хязгаар нутаг болж байсан үндэстэн татагдан орсон юм. Эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд бий болсон шинэ засаг ч улс орныг удирдах уламжлалт аргыг сэргээхээр оролдож байлаа.
Тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ ч, сэхээтнүүд ч үнэн хэрэгтээ онолын үзэл баримтлалын хувьд нүд нь хаалттай, чих нь бөглөөтэй байсан юм. Ихэнх ноёд язгууртнууд манж гүрний пүнлүүг идэж, ард олныг амирлуулсны шагналд хэргэм зэрэг нэмэх буухиад амжилт гаргахаар эрмэлзэж байсан тэр үед өрнөдөд юу болж өнгөрсөн талаар ойлголт ч үгүй байсан нь лавтай.
Харин орос оронд дээрх маргааны нэг тал болох хэт зүүний үзэлд тулгуурласан болшевизм газар аван дэлгэрсэнээр Монгол хөрсөнд орж ирлээ. Улаан үзэл гэж нэрлэгдэх болшевизм орж ирэхдээ өөрийгөө уухайлан дэмжих залуусыг бэлтгэн хүч түрж эхэллээ.
“Иргэн бүр баяжигтун!”, ”Бид Шивцаар лугаа хөгжинө”, “Иргэн баян бол улс баян” зэрэг үгс халуун гал дээрх ус шиг ширгэн алга болсон бөгөөд хожим бид эсэргүү, нугалаа гэсэн хэдэн үгээр далдлан утга санааг нь дарж иржээ.
Өрсөлдөгчгүй тамирчин 70 жил сажлан өеөтөж уналаа. Унахдаа дотроосоо муудаж өнгө орсон байлаа. Түүнийг өнгөлөн хурцлах юу ч байсангүй. Уриа лоозонд нь дарагдсан, унших сурах нь хязгаартай мянга мянган сэхээтэн бэлтгэгджээ. Ард олон үнэн хэрэгтээ эрх чөлөөний тухай ойлголт ч авч чадалгүй хэдэн арваныг үдэж, хорвоо ертөнцийн харанхуй талд нь их гүрний сүүдэрт санах сэдэх нь байтугай буруу зөрүүгээ олж харж чадалгүй бусдын үгээр амьдрах оршихын завсарт үлдэв.
Эсэргүү гэж буудуулагсадаас сургамж авалгүй зөрүү зүтгэсэн хэдэн зуун сэхээтнүүд ч бас л энэ үед бий болсон бөгөөд хорвоо ертөнцтэй өөрийгөө харьцуулан өвчин шаналалаа олж мэдэхийг хичээлээ. Тэд ядаж юу болж байгаа юу болохгүй байгаагаа мэдэхийг хүсч байсан байх гэж бодогдоно.
Ерээд он гарсанаар Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж улс төрийн олон намын тогтолцоо бий болж, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрлөө.
Харин социалист уралдаан зарлан байж улс орныг хөгжүүлэх гэж оролдсоор ирсэн, хэт зүүний онолд суурилж, хамт олны өмнө хар толгойг минь ганцаардуулж ирсэн тогтолцооны маань эзэн тэр чигээрээ улс төрийн нам болон орж ирлээ. Түүнийг түлхэж унагаагүй өр өвдсөн нь буруу гэдэг нь өнөөгийн өндөрлөгөөс тод харагддаг юм. МАХН-ыг өр өвдөн үлдээж улс төрийн шинэ хүчин болон төлөвших боломжийг нь олгохын зэрэгцээ улс төрийн орчин үеийн үзэл баримтлалаар зэвсэглэсэн цоо шинэ улс төрийн хүчнүүд бий боллоо.
Өнгөрсөн далан жилд дэлхий нийтээр сөргөлдөгч үзэл санаанууд бие биеэ өнгөлөн хурцалсаар дутуугаа гүйцээн дундуураа дүүргэж үзэл баримтлалуудын сөргөлдөх байр суурь дайн дажинд хүрэлгүйгээр асуудлыг шийдээд зогсохгүй шинэ магадгүй шалгарсан арга замуудыг нээн өмнөө NEO гэх угтвар аван сэргэжээ. Бидний үүлэн чөлөөний завсараар үнэрийг нь аваад өнгөрсөн онолууд өдгөө төрөл арилжин хөгжилд дэвшилд хөтлөх зам мөр болж гэрэлтсэн байна.
Монгол оронд орчин үеийн ил тод нээлттэй нийгмийн өнгө төрхийг өөртөө агуулсан социал демократ, ардчилсан үзэлтэй намууд төлөвших шатандаа орлоо. Энэ завсарт пост коммунистууд цаст Гималайн цаанаас төв үзлийн онолыг авчран нутагшуулах гээд амжилтгүй болж яах учраа олохгүй гайхаж байлаа. Олон нийт шинэ үзэл санаануудыг ойлгон мэдэрч тууштай дэмжиж эхэлсэн энэ үед Намбар гуайн хүү МАХН-ын үзэл баримтлалыг зүүн төвийг сахьсан хэмээн зарлалаа.
Энэ завсарт шинэ үзэл баримтлалаар бялхаж, амжилтаас толгой эргэсэн ардчилагчид харин нэг талдаа гарч нэгэн дээвэр дор орлоо. Нийгмийн ардчилал, эрх чөлөөний үзэл хоёр хуримласнаар тэднийг ерөнхийд нь ардчилсан гэх боллоо. Бие биенээ өнгөлөн засч, буруу дутууг нь илчлэн явах хувь зохиол тоонотой гэрт толгой холбосноор чимээ алдарч пост коммунистуудтай байлдахаар зэхэж эхлэв. Үнэн хэрэгтээ энэ нэгдэлт нь үзэл баримтлалыг бүдгэрүүлж самуун цагийн салхийг нээсэн үйл болсон юм.
Чимээгүй дайн улс орныг самууруулж МАХН зүүн төвийг сахисан нэртэй боловч хуучин дарангуйллийн хүнд тогтолцоогоо улс оронтойгоо хөлдөө чирэн олигарх, анархизмруу гулслаа. Түүнийг дэмжихэд Ардчилагчид гэгдэх шинэ Монголчууд ч оролцсоныг байгааг нуух юун.
Цаг үймсэн он жилүүд үргэлжил ардчилагчид дотроо гадастай, зүүнийхэн жигүүртэй болцгоов. Шинэ цагийн түүчээ болон хорвоо дэлхийгээр тэнэсэн залуус олсон, сурсан, мэдсэнтэйгээ эх нутагтаа хөл тавьж эхэллээ. Тэд будилж байгаа эх орон, төр засгаа одооноос засан тохинуулах их ажлын гараанд байна.
Саяханаас МАХН-ын удирдлагаас гадаад яваад юм ойлгож ирсэн нэг нөхөр “Ууг нь мөнгө тараахаар амлах ёстой нь бид нар юм байгаа юм, даанч энэ Ардчилсан намынхан бас амлаад…” гэж онол будлиулж байгаа тухай дуу алдсан нь бас яамай болж байна.
Ардчилагчидад ургасан Алтангадас
Ардчилагчид дунд Алтан гадас ургалаа, ургахдаа үзэл баримтлалгүйгээр ургасан нь олигархжих замдаа гарсан үед таарсан бөгөөд ямар ч хамаагүй аргаар бэлжих хөлжихийг гол болгов. Энэ нь ардчилагчдыг муухай харагдуулаад ч зогссонгүй бүр хэн ч биш болгон хувиргасан юм. Зэр зэвсэгээсээ салсан зүтгэлтэнүүд үнс нурманд дарагдах дээрээ тулав. Тэдэнд үзэл баримтлал байтугай улс төрийн намын үндсэн зорилго ч хамаагүй болж эрх мэдлээс хуваалцахын төлөө ёстой л эхийгээ зарахаас сийхгүй боллоо. Тиймээс ч хүчтэй сөрөг хүчин байх үедээ бүү хэл олонхи байх үедээ ч засгийн эрхийг ХУ-д бүтнээр нь өгөөд хишиг хүртэн суух болсон юм.
Зүүнийхний жигүүр
Зүүний хүчинд жигүүр ургасан нь үзэл баримтлалын гэхээсээ насны бүлгүүдэд эрх мэдлийг жигд хуваарилахыг шаардсан лоозогнол байлаа. Залуучуудын эрх мэдэл хангалттай биш, ихэнх нь эрх мэдэлтний хэтэвчийг зузаалах ажил хийж яваадаа гутсан л хэрэг. Аавдаа ирж агсам тавьж байгаа эрх хүү шиг л харагдсан. Хөгшид ч зовлон жаргалыг нь өөр дээрээ авч ойлгон, түрүүлж дугарсан ганц нэг хүний зоригийг нь үнэлэн сандал суудлыг нь зассан бөгөөд энэ хүрээд далавч болж чадалгүй хумигдлаа.
Ялгарал
Төрийн албан хаагчид улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах болсон нь үзэл баримтлал нэгтэй нөхдийг нэгтгэх төрийн бус байгууллагуудын орон зайг нийгэмд бий болголоо.
Зүүний хүчний холбоо: МАХН дотор зүүний хүчний гэгдэх төрийн бус байгууллага байгуулагдсан нь намын нэрээр албан тушаалд очсон нөхдийг нэгтгэх, хамгаалах зорилго агуулахын зэрэгцээ нам доторхи бүлгүүдийн хүчний тэнцвэрийг өөрчлөхөд чиглэгдсэн гэж ойлгогдож байна.
Учир нь МАХН дотор үзэл баримтлалын зөрүү байхгүй, МАХН-аас гадна үзэл баримтлалыг нь дэмждэг улс төрийн хүчин одоогоор үгүй тул өөр тайлбар байхгүй болж байна. Одоогийн хэт зүүний маягийн популист хандлагаас татгалзах зорилго агуулж байсан бол Зүүний гэж нэрлэхгүй байх байсан биз.
Ардчилсан хүчний холбоо: Ардчилсан намын доторхи үзэл баримтлал бүдгэрч байгаатай тэмцэж, энд тэндээс ургасан гадас энэ тэрээ цэгцлэх зайлшгүй шаардлага урган гарч байгаа юм. Эрх чөлөөний үзэл санааг дэмждэг боловч өнөөгийн ардчилсан намыг дэмждэггүй хүмүүс олон гэдэг нь маргашгүй үнэн. Ялангуяа Алтангадас бий болсоноос хойш үл итгэгчид нэмэгдсээр өнөөгийн засгийн газрын халаасанд багтах гэж яарагсадыг харан өрөвдөж байгаа нь ч багагүй.
Ардчилсан хүчний холбоо гэсэн нэрнээс үзвэл нам доторх үзэл баримтлалыг бататгах, намаас гадуурх дэмжигчдийг нэгтгэх зорилготой бололтой. Хэдэн жилийн хойно энэ л холбооноос Ардчилагчдын дүр төрх тодрох болно.
Энэ холбоо хэдий чинээ эрчимтэй сайн ажиллана улс төрийн намуудад төдий чинээ сайн үр дүнг авчирна гэдэгт итгэх хэрэгтэй. Цаашид хэтэвч, улс төрийн ашиг хонжоо биш бодлого, үзэл баримтлалаараа нэгдсэн улс төрийн хүчнүүдтэй болж гэмээнэ энэ улсын ирээдүйн хөгжлийн замнал зөв голдиролдоо орох юм.
Ногоон үзэл: Шинэ тутам үүссэн улс төрийн хүчнүүдээс бага боловч амжилтад хүрсэн нь Ногоон нам билээ. Орчин үеийн харьцангуй онолуудын үүднээс авч үзвэл эдийн засгийн хөгжлийн үе өнгөрч нийгмийн хөгжлийн үед бууриа тавьж өгөөд өдгөө нийгэм эдийн засгийн хөгжлөөс ч чухал болох ногоон үзлийн эрин эхэлж байгаа юм. Гэхдээ Монгол хөрсөн дэхь ногоон үзлийн орон зай тийм ч их биш байгаа бололтой. Гэдэс цатгалан, мөр бүтэн болж, иргэнийхээ төлөө хуруугаа хөдөлгөдөг төртэй болсоны дараа тогтвортой хөгжлийн хандлагад шилжих санаа юм биз. Уул уурхайн салбарын хөгжлийн сөрөг үр дагавар амьдрал ахуйд бодитоор харшлан, иргэн хүн махан бие дээрээ мэдрэхийн цагт дэмжлэгийн хүрээ аяндаа тэлж эхлэх болно. Тэр болтол уусаад алга болчихгүй л байх хэрэгтэй боловуу.
М.Чимэддорж
Эх сурвалж: http://chimeddorj.blogspot.com/




МАХН,АН гэх мафийжсан байгууллагуудыг ор мөргүй тарааж устгаагүй тохиолдолд монгол орон өөдлөхгүй. Тиймээс дахин хувьсгал хийх цаг нь болсон. 90 оны үйл явц бол үнэн хэрэгтээ МАХН-ын арга зальд хууртсан, хуйвалдсан л үйлдэл юм. Тиймээс нийгмийг жинхэнэ утгаар нь шинэчлэх хэрэгцээ шаардлага энэ үед гарч ирж байгаа билээ.