“Эзэнгүй арал дээр буусан далайн дээрэмчид мэт”
ТӨЛБӨРИЙН МӨНГӨ ТӨӨРӨХ НЬ ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, тэр дотроо уул уурхайн компаниуд “өндөр цалин” өгдөг гэдэгтээ дулдуйдан Монгол Улсын Хөдөлмөрийн Хуулийг зөрчдөг тухай хэл ам тасардаггүй. Тэд ихэвчлэн хятад ажилчид олноор нь оруулан ирж ажиллуулдаг нь хууль зөрчих боломж бүрдүүлдэг бололтой. Монгол Улсын хуулийг үл мэдэх тэдгээр ажилчид богино хугацаанд цаг наргүй ажиллаж хэдэн төгрөг олоод буцдаг учир хэрүүл тэмцэл хийх нь үгүй.
Хамгийн гол нь түр ирсэн тэдгээр ажилчдад Хөдөлмөрийн хуулинд заасан хөнгөлөлт эдлүүлэх, илүү цагийн хөлс олгох, ажлын байрны нөхцөл боломж, дүрэм журам мөрдүүлэх гэж илүү зардал гаргах шаардлагагүй давуу тал байдаг гэх. Тэдгээр компанийн эзэд манай төр засгийн эрх мэдэл бүхий хүмүүсийг аргалж (авлигаддаг гэвэл бараг л онох байх) ажлын байрны төлбөрөөс хэрхэн зугтдаг тухай өмнө бид бичиж байсан. Гадаадаас ажиллах хүч оруулах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх Засгийн газрын тогтоол нэг удаа гаргуулж аваад хичнээн ч удаа давуулан ашигладаг болохыг шалгаж хянадаг байгууллагууд мэдсэн ч мэдээгүй царайлна.
Мэдсэнийхээ дагуу арга хэмжээ авах гэсэн албан тушаалтныг элдэв шалтаг хайж олоод огцруулчихна. Тэгээд л хятад иргэдийг “ажлын байраар хангах” үүргээ гүйцэтгээд эхэлдэг бололтой. Ажлын байрны төлбөрөөс гадна, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 111.1, 111.2 дахь заалтын дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт”-тэй холбоотой заалт ч мөн зөрчигддөг юм байна. Энэ заалтаар бол 50-иас дээш ажиллагсадтай үйлдвэр байгууллагын тавин ажлын байр тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан байх учиртай.
Жишээ нь “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК гэхэд өнөөдрийн байдлаар 3081 хятад, 424 монгол ажилчидтай юм байна. Энэ тохиолдолд тус компанид 75 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байх ёстой гэсэн үг. Эсвэл нэг ажилчны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 хувьтай тэнцэх хэмжээний буюу ажлын нэг байр тутамд 32400 төгрөгөөр тооцсон төлбөрийг сар тутам Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх хуультай. Уул уурхайн компаниудаас уг төлбөрийг шударгаар төлдөг газар хуруу дарам цөөн байдаг аж. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авсан тохиолдолд төлбөр бүр их. Нэг гадаад ажилтан авсан бол сар бүр 216.000 төгрөг төлнө. Дээр дурдсан “Петро Чайна Дачин Тамсаг Монгол ” ХХК 3081 хятад ажилчид авчирсан юм чинь сар тутам 650 сая, жилд долоон тэрбум шахам төгрөг Монгол Улсад маань орох болж байна. Зөвхөн ганц компаниар л тооцоход шүү дээ. Бүгдээс авч чаддаг бол мөн ч олон хүнийг ажлын байртай болгохоор хөрөнгө босохоор байгаа биз.
МОНГОЛЫН ХУУЛЬ ТЭДНИЙ ХУВЬД ЕРДӨӨ Л ГУУЛЬ
ЭБЭХЯ, МХЕГ-ын хамтарсан удирдамжийн дагуу томоохон ажлын хэсэг гарч Дорнод аймгийн нутагт газрын тос олборлох үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК болон уг компанийн туслан гүйцэтгэгч ” Хуабэй ойлфилд вэлл тестинг”, “Зонгюуан петролиум эксфлорэйшн бюри синопекийн өрөмдлөгийн компани”, “Цагаан хэмэр өрөмдлөгийн компани” гэхчилэн ихэвчлэн хятад нэртэй 26 компанийн 33 өрмийн, есөн цооногийн үйлчилгээний, цементацийн, цооног хэмжилтийн, тээвэрлэлтийн, талбайн хяналтын, угсралтын гэх мэт 42 анги салбарын үйл ажиллагааг 2009 оны есдүгээр сарын 18-29-ний өдрүүдэд шалгажээ. Эдгээр компанид 3081 хятад, 424 монгол ажилчин ажилладаг гэнэ. Уг нь энэ газарт АНУ-ын “СОКО Тамсаг Монгол” ХХК анхны хөрөнгө оруулагч байгаад 2008 оны наймдугаар сард эрхээ Хятадын талд шилжүүлжээ. Ингэснээр Дорнод аймгийн Матад, Сүмбэр сумын нутагт байрлах Тамсагийн сав газрын “Тосон уул 19″, “Буйр-22″, “Тамсаг -21″- талбайд 1993 оноос хайгуул хийж байгаа гэж тооцогддог.
Тоймлон хүргэвэл тус компани 370 цооног өрөмдөж, 101 цооногоос нь олборлолт хийж байгаагаас 81 цооног хэвийн ажиллаж байна хэмээн шалгалтынхан үзэж. Тэд 50 га талбайд 744 барилга байгууламж босгожээ. Мөн 120-800 квт хүчин чадалтай 138 цахилгаан үүсгүүр ажилладаг гээд бүхэл бүтэн суурин боссон аж. Газрын тосны хаягдлаа ууршуулах зорилгоор 20х30 метрийн урт, өргөнтэй дөрвөн метр гүн 20 гаруй жалга ухсан ба энэ жалгандаа хаягдал тосоо хийж дүүргээд, ус нь хөрсөнд шингэж (газар бохирдуулна гэсэн үг биз), агаарт ууршсаны дараа үлдсэн хаягдлыг булаад орхидог гэнэ. Хожим энэ газарт өвс ургамал ургаж, мал бэлчин, хүн амьдарна гэхэд эргэлзээтэй. Гол нь эдгээр ажлыг ямар нэг зураг төсөл, технологийн баримт бичиг огт байхгүй, зүгээр л дур зоргоороо сэндийлээд, булаад орхидог гээд бод доо. Баялгийг нь цөлмөж яваад арилаад өгөх хүмүүст хожмын үр дүн юун хамаатай. Ганц энэ жалга биш, ер нь тэнд хийгдсэн барилга байгууламж, инженерийн шугам аль аль нь мөн л зураг төсөл, зөвшөөрөл байхгүй гэнэ. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг л энд ноёрхсон байхыг үзэж гайхсанаа ажлын хэсгийнхэн тайландаа бичсэн байна. Тайланд дурдагдсан зөрчлийг Монгол Улсын хуулиудыг зөрчсөн байдлаар нь бүлэглэн авч үзвэл “Хот байгуулалтын талаар” 14 бүлэг зөрчил, Барилга байгуулалтын талаар 11 бүлэг зөрчил, Газрын харилцааны талаар зургаан бүлэг, Автозамын талаар гурван бүлэг, Авто тээвэр, өргөх механизмын талаар хоёр бүлэг, Хөдөлмөрийн харилцааны талаар хоёр бүлэг, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар гурван бүлэг, урьд нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нэг бүлэг гээд нийт 42 бүлэг зөрчил гаргажээ. Зөрчилгүй ажил бараг үлдсэнгүй.
Ийм байтал тухайн орон нутагт төр төлөөлөн суугаа аймаг, сумын удирдлагууд, мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байцаагч нар юу хийж, хаагуур нь өнгөрч явдаг нь ойлгомжгүй. Эзэнгүй арал дээр “далайн дээрэмчид” буучихаад хүссэнээрээ цөлмөж байгаа мэт дүр төрх харагдаж байгаа биз. Бас болоогүй дээр дурдсан хорт бодис бүхий жалгуудыг Дорнод аймгийн МХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагц Б.Дашцэрэн гэж нөхөр ном ёсоороо хэмээн үзээд хүлээгээд авчихсан гэж байгаа. Дур зоргоороо хийв үү, эсвэл хэн нэгэн даргын даалгавар биелүүлэв үү гэдэг хариулт нэхэн үлдэв. Иймэрхүү эзэнгүйдсэн байдал ганц Дорнод аймагт биш л дээ. Бараг аймаг бүрт, тэр ч байтугай нийслэлд учир тоймоо алдсан. 1000 км-ийн цаана байгаа Дорнодыг байтугай дэргэдээ байгаа Богд уул, Зайсангийн амаа ч хямгадаж чадахгүй сүйдлээд дууссан төрийг хэлэх ч муу үг үл олдоно.
ЦӨӨХӨН МОНГОЛ АЖИЛЧИД БООЛ МЭТ АЖИЛЛАЖ, БАГА ХӨЛС АВДАГ АЖ
Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр амралтын цаг гэж тэнд байхгүйтэй адил болохыг тайланд дурдсан байгаа. Адил төстэй бусад байгууллагуудтай харьцуулахад хөдөлмөрийн хөлс нь харьцангуй доогуур байгааг тэмдэглээд нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна. Их л зөөлөн хандсан бололтой юм билээ. Ядаж ажлын байрны нөхцөл нь сайн, хөдөлмөр хамгаалал бүрэн хийгддэг бол бас яая гэхэв. Хүний хөдөлмөрийг хууль зөрчин мөлжиж буй “САМL” гэх компанийг (хувь хүнийг биш компанийг шүү) 250 мянган төгрөгөөр торгосон байна. Инээдтэй байгаа биз. Хуулиар хамгийн дээд шийтгэл нь энэ гэнэ. Тайланд мөнгөн торгууль бас нэг байна.
Тэр нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх ёстой хоёр сая 592 мянган төгрөгийг дарга нягтлан хоёрт даалгасан заалт. Оргүйгээс охинтой гэдэг шиг л юм. Газрын тос олборлогч улс болсноо дэлхийд сүр бадруулан зарлаад байдаг. Нөгөө тос олборлож байгаа байдал нь нэг иймэрхүү. Мэдээж энэ том компанид хийсэн бүтээсэн сайн зүйл олон байлгүй яав гэж. Харин шалгалтын тайланг уншсан хэнд ч гэсэн муу нь дэндүү олон болчихож гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Даруйхан засаж, залруулахгүй бол тун удахгүй олон “Толгой”-нуудын асуудал адил босч ирэх байх шүү. Төр нь төр шиг байдагсан бол түмэн олон нь иргэн шиг хандах нь гарцаагүй.
Олхонууд ШААБАР




ODOO NAADUULAA ZAILUUL
hezee ch hen ch uuniig oorchilj chadahgui gej uu
Газар тариалангийн төсөл шуурхай хямд хийнэ. 9199 9123
хууль зөрчсөн гадны компаниудыг хөөж гаргая. хөшөөтийн уурхай бол стратёгын орд. энэ гэрээг цуцлах хэрэгтэй. манай их зг– н луйварчидтай нийлж монголын ард түмний хөрөнгөд гар хүрсэн гадны нөхөд өөрсдөө л хохирох нь дээ.
gazar huuli busaar ugood baigaa archaagui luivarchdiig neg negeer ustgaj baival yasan yum be?.shuud zahialgaar aluulbal taarna.hairan minii eh ornii gazar shoroo.
Xorsond tani YR tarina, Xevliid n YREE boijyylbaa.