Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Нүүдэлчин удмын мөнхийн тавилан

С.Норовцэрэн гуайг дэд хурандаа цолтой, энгэр дүүрэн одон медальтайг нь мэддэггүй хүнд сүрдмээр эр биш, хаана ч тааралддаг намхан бор өвгөн. Түүнийг төмөр замын Хэвлэх үйлдвэрийн жижүүрээр түр ажиллаж байхад алба амины ажлаар яваа хэнбугай ч хэрэг явдлаа хэлж, дотносон харилцаж харагддаг. Үйлдвэрийн ажилчид түүнийг даргаасаа дутуугүй хүндэтгэнэ. Хэвлэх үйлдвэрийн дарга агсан Ц.Бэгзжав тэр үед:
-Үүрэг хүлээлгэсэн цагт ямар ч ажлын цаана гарчихдаг хөгшиндөө байгаа юм. Сурвалжлага бич гэвэл муухан сэтгүүлчээс дутахааргүй юм хийчихнэ. Одоо ч ахмадуудын авъяас чадвар, мэдлэг туршлагыг тоохгүй болоо шив дээ гэж билээ.

Тэр үгийн үнэнг хожуу мэдсэн. “Ган зам”-ын редакци хүн бүлгүй, мэдээ материал хомс үед С.Норовцэрэн гуай сурвалжлага тэмдэглэл бичиж, түүгээр зогсохгүй бүтэн нүүр бэлтгэн сонинд түшиг болдог байж. Мөн дал гарсан хойноо “Үүлэн зулаатай Батхаан”, “Аж Богдын нутаг”, “Хүний үр”, “Намрын бороо” зэрэг шүлэг найраглал, намтар дурсамжийн ном бичжээ.

-Төмөр замыг тулж хөгжүүлсэн нэг гол хүч нь бэлтгэлээр халагдсан офицер дайчид байсны нэг нь та байж…

-1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо тунхагласны дараа ах дүү социалист хоёр их гүрний дунд орших Монгол улс гадны аюул заналхийлэлгүй боллоо хэмээн 1953 оны хавар Хязгаарын ба Дотоодын цэргээ татан буулгасан юм. Тэндээс бэлтгэлээр халагдсан захиран командлах дээд, дунд тушаалын офицер, техникийн болон улс төрийн ажилтнууд төмөр замд шилжиж Удирдах газрын алба хэлтэс, аж ахуйн газарт ажилласан шүү дээ. Дараа нь Ардын армийг цомхотгоход бас олон дайчин төмөр замчин болцгоосон. Тэд чинь 1939 оны Халхын голын тулалдаан 1945 оны чөлөөлөх дайн, 1947-1948 оны баруун хязгаарын тулгаралтад оролцож, эх орноо харийн дайснаас хамгаалж явсан дайчид. Замын даргаасаа эхлээд бүх шатны удирдлагад Аугаа эх орны дайны хүндийг туулсан, зарим нь цэргийн цол формтой зөвлөлтийн мэргэжилтнүүд төмөр замд ажиллаж байлаа. Тэдний хүнтэй ажиллах арга дадал, төмөр замын тээврийн онцлогоос улбаалан төмөр замчид цэрэгжсэн чанд сахилга, хатуу дэг журмаар хүмүүжиж ажилладаг болсон санагддаг. Миний хувьд 1950 онд Говь-Алтай дахь хилийн зургадугаар отрядад улс төрийн орлогчоор томилогдон гурван жил өмнөд хилийн торгон шугам дээр алба хааж, ахлах дэслэгч цолтой бэлтгэлээр халагдсан.

-Тэгээд 1953 онд төмөр замын техникумд орсон хэрэг үү?

-Тиймээ. Биднийг цэргээс халаад л “Баяртай” гээд зөнд нь орхиогүй. Намайг Намын дээд сургуульд хуваариласан юм. Дотоод яамны төв сургууль төгссөн болохоор цаашид сурч чадна гэж үзсэн хэрэг. Төмөр зам ашиглалтад ороод удаагүй, түүний мэргэжилтэн бэлтгэх техникумд нээгдэх сураг бидний санаа сэтгэлийг минь даллан дуудсан даа.
Тэгээд л Ж.Жамсран, М.Жигдулам, Гомбо, Гүнжин зэрэг бидний хэдэн бэлтгэл офицер 1953 оны есдүгээр сарын 1-нд төмөр замын техникумын ууган оюутны эгнээнд багтсан юм. Бид энд тэнд нүүдэллэн хичээллэсээр төгсөх жилээ шинэ байранд орсон юмдаг. Манай төгсөгчдөөс цэрэг удирдаж хүнтэй ажиллах аргатай гэж үзсэн юм болов уу, бидний хэдэн хуучин офицерийг өртөө зөрлөгийн жижүүр даргаар томилсон.

-Таныг техникум төгссөнөөс хойш Мандал, Улаанбаатар, Замын-Үүд зэрэг томоохон өртөөний даргаар ажиллуулсан байдаг. Яагаад тийнхүү өөрчилсөн юм бол.

-Миний анхны томилолт 295 дугаар км-т буюу Шатанги зөрлөгийн жижүүр. Тэнд 1957 оны долдугаар сард очиж хоёр сар ажиллуулаад л Мандал өртөөний дарга болгосон. Гэргий Сайнзаяа маань тэндхийн бага сургуулийн багш. Багшийн сургуулийг надтай зэрэг төгсөөд анх ажилд орсон нь тэр.
Мандал өртөө замын хойд хэсэгтээ Зүүнхараагийн дараа орох ажил ихтэй газар байлаа. Төмөр замын тусгай мэргэжилтэй анхны монгол дарга гэж үзсэн үү, хүн бүртэй дотно харьцдаг минь болсон уу хамт олон сайхан хүлээн авч, санал шийдвэр бүрийг минь дэмжин ажил урагштай байсан. Бид 1958 оны ажлын үзүүлэлтээр ижил зэрэглэлийн өртөөдөөс тэргүүлж байлаа. Ажлын амжилт бүтээл бүр шагнал дагуулж, манайхан ихэд урамшдаг байв. Намайг хүртэл Замын даргын үзлэгээр толгой пүүсүүгээр шагнасан юмдаг. Мөн1959 оны эхээр Улаанбаатар хотноо болсон улсын тэргүүний ажилчдын II зөвлөлгөөнд оролцуулж, “Засгийн газрын хүндэт жуух бичиг”-ээр шагнасан. 1.6 жил ажиллаад л бүх өртөө зөрлөгийн дарга нараас шалгарч, улс орны шилдэг сайчуултай зэрэгцэн сууж, засгийн шагнал хүртэнэ гэдэг их хувь шүү. Харин зөвлөлгөөний дараахан “Улаанбаатар өртөөний ерөнхий инженер” гэсэн шинэ томилолт намайг угтсан даа.

-Улаанбаатар өртөөний анхны монгол дарга нарын нэг нь таныг гэдэг биз дээ?

-Нийслэлд ирж шинэ ажил хүлээн авахад тээвэр ч их, ажил үйлчилгээ ёстой “буцалж” байлаа. Хоёр хөршийг холбосон төмөр замын ачааны болон суудлын тээвэр үйлчилгээний хамгийн том, гол төв нь Улаанбаатар өртөө болохоор хөл хөдөлгөөн ихтэй байлгүй яахав. Тэр үед Суудлын вагон депо байгаагүй учраас өртөөний нэг цех “проводник резерв” зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлдэг байлаа. Буудлын дан байшингийн буурин дээр одоогийн давхар барилга баригдаад удаагүй учраас зорчигчдоос жаахан тустай, тухтайхан ажиллах боломж бүрдэж эхэлсэн Ерөнхий инженерийн хувьд орохгүй хүрэхгүй ажил үйлчилгээ гэж нэгээхэн үгүй. Ажилдаа овоо зүгширч байтал 1960 оны босгон дээр өртөөний даргаар томилдог юм байна. Ингэж инженер Чулууны Оюундэлэг, техникч Дүдлээн Баярдамбын дараа Улаанбаатар өртөөний гурав дахь Монгол дарга болоодхов. Ашиглалт эрхэлсэн орлогч маань зөвлөлтийн мэргэжилтэн С.Белов, бусад нь Монголчууд хөдөлгөөнчин нөхдөөсөө ихийг сурсаан. Ийнхүү ажиллаж байтал Замын дарга Г.П.Запорожцев нэгэн өдөр дуудаж:

-“Замын-Үүд өртөөний ажлыг сайжруулаад ир!” үүрэг өгдөг байгаа. Төмөр замд Замын даргын тушаал хууль байдаг хойно яая гэхэв вэ. Тэгээд л1960 оны аравдугаар сард солих хэдэн хувцсаа чемадонд хийгээд говийг зорьж билээ.

-Таныг тэнд ажиллаж байхад Зөвлөлт-Хятадын харилцаа ямар байв?

-Миний Замын-Үүдэд ажилласан 1960-1961 онд хоёр орны хилээр дамжин өнгөрөх төмөр замын тээвэр хэвийн, Монгол-Хятадын төмөр замчдын хооронд зөрчилдөөн байгаагүй. Хилийн боомтын хоёр өртөөний удирдлага ээлжээр бие биедээ зочилж арав хоног тутмын ажлаа дүгнэн илэн далангүй нөхөрсөг ярилцдаг байлаа. 1960 оны сүүлээр Улаанбаатар төмөр замын 10 жилийн ойн баярт ажил мэргэжил нэгт хятад нөхдөө урихаа мартаагүй. Зочид маань бэлэг сэлт идээ будаатай ирэхэд нь үзвэр үзүүлж тарган хонины мах, цагаан архи тэргүүтнээр дайлж цайлсан юмдаг. Тийнхүү дуу хуур болж шөнө орой болсон хойно биднийг дагуулаад буцацгаасан. Эрээн өртөө, гааль, байцаан өнгөрүүлэх нь нэгдээд өргөн цайллагад бэлтгэсэн байж билээ.
Тэр үеийн Эрээн гэдэг төмөр замын өртөөг тойрсон навтгар хэдэн шавар байшин, хилийн боомтод ажилладаг тоотой хэдхэн хүнтэй, алслагдсан хязгаарын бөглүүхэн суурин байсан санагдана. Түүний дэргэд Замын-Үүд өртөөний өндөр шовгороос эхлээд алсаас бараа сүртэй, цэвэр цэмцгэр, юм юмтай шинэхэн тосгон байлаа шүү.
Хилийн өртөөний дарга гэдэг төмөр замын төдийгүй улс орны нэр хүндийг өргөх нэн хариуцлагатай чухал алба гэдгийг очсон даруй мэдсэн. Зөвхөн өртөөгөөр хязгаарлагдалгүй, бусад аж ахуйн нэгж, хилийн цэрэг, гааль, орон нутгийн засаг захиргааны байгууллагатай нягт холбоотой ажиллана. Жишээ нь, 1960-1961 оны өвөл вагонд нуугдан хил нэвтрэн уван цуван ирсэн 70 гаруй хятад иргэнийг баривчлан буцаасан юмдаг. Онгож гандсан, ноорхой хувцастай тэднийг өрөвдөх үе ч гарна. Гэхдээ л улсын хил зөрчсөн харийн хүн шүү дээ.
1961 оны дундуур томилолтын хугацаагаа дуусаад буцахад Эрээн өртөөний дарга намайг хүндэтгэн бяцхан цайллага хийж, халуун дотно үг хэлснийг мартдаггүй юм. Тэр үед, тэндэхийн орчуулагч, Монголд элэгтэй ухаалаг өвгөн; “-Би та нарын хооронд сайн сайхныг чадах ядахаараа дамжуулж байлаа. Одоо миний бодох ганцхан муу муухайг дамжуулахгүй юмсан…” гээд ийш тийш хулмалзан хэлж билээ. Тэр үгний учрыг хэдхэн сарын дараа мэдсээн. Өөрөөр хэлбэл, 1962 оноос Монгол-Хятадын харилцаа эрс муудаж, түүний горыг хамгийн түрүүн төмөр замчид амссан даа.

-Таныг Замын-Үүдэд ажиллах томилолтын хугацаа дуусахад хуучин албанд тавилгүй Ашиглалтын албанд инженер болгосон нь дэвшүүлсэн хэрэг биз?

-Тэгэлгүй яахав. Дээд боловсролгүй орос хэлээр маруухан над суудлын тээвэр хариуцсан ахлах инженер гэдэг ахадсан алба байв. Намайг Замын-Үүдэд томилсон нь жирийн хэрэг биш байсан биз. Гадаадын хүмүүстэй харилцах, хамтран ажиллахад бэлтгэсэн болов уу гэж боддог. Би төмөр замынхаа суудлын тээврийг хариуцах болсноор Москва, Варшав, Бээжин, Пхеньян, Эрхүү, Улаанбаатар хотноо болсон Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагууд (ОСЖД)-ын гэрээ хэлэлцээрт оролцож явлаа.
Тус албанд миний ажил­ласан 1961 оны зургадугаар сарын 1-ээс 1964 оны хоёрдугаар сарын 15-нд болон түүнээс хойших хугацаанд орон нутгийн ба олон улсын суудлын галт тэрэг, түүний үйлчилгээ нь Монголын төмөр замын төдийгүй улс хоорондын ялангуяа, БНХАУ-тай харилцах харилцааны гол зангилаа болж байв. Манай оронд түр ажиллаж байсан олон мянган хятад ажилчдыг 1963 оны сүүлээр нутаг буцах тээврийг нь хариуцсан минь яггүй даваа байсан шүү. Тэр ажлыг богино хугацаанд зохион байгуулах Улсын төлөвлөгөөний комиссын дэргэдэх хятад ажилчны Хэрэг эрхлэх товчооны дарга Л.Пүрэвдоржоор ахлуулсан комиссын бүрэлдэхүүнд намайг оруулсан юмдаг. Манай суудлын олон галт тэргээр хятад ажилчдыг Өвөр Монголын Улаан цав аймгийн Зинин хотод хүргэж бүртгэл тооцоогоо нийлдэг байв. Харин эцсийн тооцоогоо хоёр талын комисс Бээжинд хийсээр 27 хоног маш шахуу ажилласан. Тэр үед Зөвлөлт Хятадын харилцаа ид хурцдаж хавсарганд нь Монголыг элдвээр гоочлон шүүмжлэн байхад тэнд яваа бидэнд ямар сайхан байхав. Дуулсан ч дуулаагүй юм шиг дотор арзганан алхаж явсан даа. Харин тэр ажлын дараа 1963 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ-ын байгуулагдсны ойн ёслолд биднийг (Таван монгол) оролцуулж, гадаадын 110 орны зочдын адил их юм үзүүлсэн. Тэр ч байтугай Тянь-Ань Миний талбайд болсон сүрлэг жагсаалыг Мао Цзэ Дунгаас хөлгүй зогсон харж, Төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лайн хүлээн авалтад оролцсон шүү. Засгийн ордны 5000 хүний багтаамжтай хүлээн авалтын тэр танхим үнэхээр гоёмсог, тансаг байр байж билээ. Бас болоогүй. Халаасны мөнгө гэж өгсөн 300 юаньтай, улаан тууз энгэртээ хадчихсан алхаж явсан гээч.

-Улаанбаатар өртөөний даргаар хоёр дахь удаа томилогдоод хийсэн ажлаасаа онцлох зүйл юу байв?

-1966 оны хавар Улаан­баатар өртөөний арын өргөн талбайг бетондох их өртөгтэй нүсэр ажлыг эхлүүлчихлээ. Намын Төв хорооны захиргааны хэлтсийн дарга С.Батаа биднийг дуудаж; “-Ардын хувьсгалын баяр тэмдэглэх эгзэгтэй үед зочид хүлээн авах гол талбайд газар шорооны ажлыг хятадуудаар хийлгэлээ. Хариуцлагыг хэн хүлээх юм бэ” гээд бууж гарлаа. Цаад учир нь Монгол Хятадын харилцаа муудсан үетэй асуудлыг холбосон хэрэг. Засгийн газрын ордноос гараад Замын орлогч дарга Н.Цэрэнноров; “За Норовцэрэн минь! Энэ ажлыг чамд даатгая. Би тусална” хэмээн зоригжуулсан. Даргынхаа итгэлийг алдахгүй тулд өдөр шөнөгүй зогсож, хятадууд ч богино хугацаанд сайхан талбайтай болгосон. Ажил хүлээлцэх актанд “Хорин жилд засвар хийхгүй. Чанарын онц үнэлгээтэй” хэмээн бичээд надаар гарын үсэг зуруулж байлаа. Түүнээс хойш 44 жил өнгөрөхөд уг талбайд засвар хийсэнгүй, анхных шигээ л байна.

-Та төмөр замд нэр хүндтэй сайн ажиллаж байснаа яагаад эргээд армид “урвачихсан” юм бэ?

-Урвах ч гэж дээ, төмөр замчин хэвээрээ л байсан. Би цэрэг эр, бэлтгэл офицер. Эх орон дуудсан цагт бэлэн байх тангарагтай. Төмөр замын удирдлагын санал санаачилгыг дээд газраас дэмжиж БХЯ-ны сайдын 1967 оны тавдугаар сарын 15-ны тушаалаар төмөр замд цэргийн анги байгуулсан юм. Тэнд төмөр замд ажилладаг хэсэг бэлтгэл офицер, инженер-техникийн ажилтан дайчлагдсны дотор би багтсан юм. Манай ангийн захирагчаар хурандаа М.Чимэд (БОС-ны II ангийн дарга) штабын даргаар хошууч Д.Лувсангомбо (Замын ҮЭ-ийн зөвлөлийн) улс төрийн орлогчоор дэд хурандаа П.Үл-Олдох (Замын намын хорооны) зэрэг гучаад офицер томилогдсоны нэгээс бусад нь төмөр замчин байлаа. Тэдний ихэнх нь ахмад дайчид, залуу насандаа авсан цэргийн цолоо зүүгээд хувцсаа өмсөөд ажилдаа орцгоосон. Манай анги үүссэн цагаасаа төмөр замын хамгаалалтын далан шуудуу, гүүр хоолой, Улаанбаатар өртөөний сэлгээний дов, диспетчерийн давхар байшин, салбар зам зэргийг барьж байгуулахын зэрэгцээ байлдааны бэлтгэл сургууль хийдэг байсан.

-Төмөр замын цэргийн анги сүүлдээ хэрхсэн бэ?

-Иргэний хамгаалалтын газар болоод өргөжсөн. Одоогийн Онцгой байдлын газрын суурь гэсэн үг.

-Монголчуудын уламжлалт их баяр цагаан сартай золгож буй энэ агшинд төмөр замчидад хандаж юу хэлэхсэн бол…?

-Угтан золгох төмөр бар жилд төмөр замчид тэдний гэр бүл, үр хүүхэд цөм эрүүл энх байж, юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай. Төмөр замын ахмад үеийнхэн эв эеийг эрхэмлэн хамтын хүчээр бэрхшээл саадыг давдаг баялаг өв, их туршлага хуримтлуулан зорьсондоо хүрдэг байсныг дашрамд хэлье.

5 Сэтгэгдэлүүд

  1. Saihan ajillaj, tor zasgiinhaa hii gesen ajliig sain idevhi zutgeltei hiij yavsan S.Norovtseren guaid urt nasalj, udaan jargahiig erooe.

  2. Tanii hiij bvteej ongorvvlsen ter tcag hugtcaa tanii eh oron ireedvin sain saihnii toloo asgaruulsan dusal holsnii achiig hariulah tanii olon shawi nar tomor zamchid dund min baigaa gedegt itgeerei Ta urt nasalj udaan jargaarai. TOMOR ZAMCHNII ARIUN VILS YARUU ALDAR BADARTUGAI GAN ZAM MIN TASARSHGVI MONHIIN BILEE HURAI .HURAI

  3. Ийм сайхан хүмүүсээ Төмөрзам нь харж үздэг болов уу.

  4. Avarga ni baina aa . Yasan saiha nbichsen yum ve nadad uneheer taalagdlaa. Ushuu olon saihan yum bicheerei. USA

  5. САЙХАН ХҮН БАЙНА УРТ НАСЛААРАЙ УДААН ЖАРГААРАЙ

Сэтгэгдэл үлдээх