Их нүүдлийн цуваа буюу Ган өрмийн хошуу шигтгэх газар
Ази тив бол тектоникийн хувьд хамгийн сүүлд бүрэлдсэн залуу тив.Тектоникийн хөдөлгөөнөөр газрын хэсгүүд том том талбайтайгаар нүүж хөдөлж байдаг учраас нэг газар ийнхүү салж өөр өөр орчинд тогтдог. Ялангуяа энэ хөдөлгөөн Монголын газар нутгаас далай хүртэл үргэлжлэх магадлал өндөр байгаа гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Тиймээс Монгол эх орны минь өлгий нутагт хичнээн их баялаг нуугдаж байгааг сүүлийн үед мэдэж танихыг дэлхий нийт хүсэж байна. Дэлхийн цөөнгүй орны хөрөнгө оруулагчдад Монгол орны баялгийг ашиглах сонирхол их бий.Үүний хэрээр хөрөнгө оруулалт сүүлийн арав гаруй жил өссөн.Монголын эдийн засгийг хөгжүүлэх гол хөдөлгүүр одоохондоо уул уурхайн салбар билээ.
Улсын маань дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жингээрээ эхний тавд багтаж, нэгдсэн төсвийн орлогод төлж буй татвараараа эн тэргүүнд бичигдэж байгаа салбар. 1990-1999 онд манай улсад нийт 117 сая ам доллартай тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн, үүний 25 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт орсон аж. Харин 2002-2007 онд нийт 600 орчим сая ам долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсний 49 хувь нь алт, зэсийн түүхий эд олборлолтод зориулагдсан байна. Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн салбарт дэлхийд танигдсан туршлагатай хөрөнгө оруулагч сонгох нь их чухал гэдгийг бодитоор баталсан.Улс орны минь тогтвортой хөгжил, уул уурхайн олборлолттой холбоотой төдийгүй бидний халаасанд орж ирэх мөнгөнөөс ч илүү байгаль орчны хамгаалал, техник технологийн дэвшил, урт хугацааны төлөвлөлт, дэд бүтцийн хөгжил, найдвартай хөрөнгө оруулалт хамгаас чухал гэдгийг мартаж хэзээ ч болохгүй.
Тэр дундаа уул уурхайн салбар бол хамгийн хүнд бөгөөд эрсдэл ихтэй, олон арван жилийн нүсэр хөдөлмөр шаардсан үйлдвэрлэл болохын хувьд хангалттай зовлон бэрхшээлийг туулж хөгжих нь гарцаагүй билээ. Манай улсад бүртгэгдсэн том жижиг нилээдгүй хэмжээний орд газар бий. Одоогийн байдлаар хамгийн том хоёр орд газар бол маргахын аргагүй Эрдэнэтийн овоо хэмээх бэсрэгхэн уул, Оюу толгой гэж жижигхэн бор толгой.Ухаант өвөг дээдэс минь эрт дээр үеэс нутаг ус, уул толгодоо хэвлийдээ хичнээн их үнэт эрдэнэ баялаг хадгалж байгааг мэдсэн юм шиг, нэрийг нь өгөхдөө хүртэл онч мэргэн байсан нь үнэхээр бахархмаар.
Одоогоос 30 жилийн тэртээ Эрдэнэтийн овооны эрдэс баялгийг Монгол Чехословакийн хамтарсан экспедиц анх илрүүлсэн түүхтэй. Ийнхүү Монгол улсад анхны томоохон үйлдвэр байгуулагдсанаас хойш Эрдэнэтийн овоо хэмээх бэсрэгхэн уул энэ зууны бахархал болж Эрдэнэтийн Уулын Баяжуулах Үйлдвэрийг дэлхийн өнцөг булан бүрт мэддэг болсон. Анх 1996 оны есөн сард манай экспедицийн баг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зах хязгааргүй ээрэм их говийнхоо дундахь жижигхэн бор толгой орчимд судалгаа хийж “Бид эрсэн хайсан зүйлээ оллоо. Энд найдвар ирээдүй байна” хэмээн Оюу толгойн нүсэр их ажил ундарсан билээ.Оюу толгойн орд газар бол дэлхийд дээгүүрт орох үнэхээр том орд газар юм.
Одоогоор зэсийн 25,4 сая тонн, 6 мянган тонн мөнгө, 81,6 мянган тонн молибден 1 мянган тонн алтны нөөцтэй хэмээн бүртгэгдсэн. Үүнээс ч илүү байхыг үгүйсгэхийн аргагүй. Зэлүүд хоосон талд Эрдэнэт хот боссон түүх байхад зэрэглээ татсан говьд Оюу толгой гэсэн дэд бүтцийн хөгжил бүхий бас нэгэн хот үүсэн бүрэлдэх өдөр ирэх нь дамжиггүй. Ийнхүү Монгол эх орны минь хаа нэгэнтээ их нүүдлийн цуваа үргэлжилсээр, ган өрмийн хошуу шигтгэх гайхамшигт эрдэнийн газар олон бий болох биз ээ.
Э.Өсөх



