Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Жолооч хүн хариуцлагаа умартаж болохгүй

Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагватай цөөн хором хөөрөлдөв.

-Таны хамгийн анхны бүтээсэн дүр юу вэ?

-Анхны гэсэн бүхэн сонин дурсамж, сонин мэдрэмж төрүүлдэг. Ингэж бодвол би их азтай, одтой хүн.

-Яагаад?

-Тухайн үеийн урлагийн мастеруудын билгийн хараа их хурц, адтай, одтой хүмүүс байсан учраас өөрсдийнхөө залгамж халааг бэлдэх оюуны мэлмий нь их тунгалаг байж. Мөхөс би тэр хүмүүсийн хараа мэдрэмжид өртсөндөө одоо хэр баярлаж явдаг.
1968 онд юм. Намайг аравдугаар ангийн сурагч байхад БНМАУ-ын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, өнөөгийн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Гантөмөр нар манай нутагт очиж шалгалт авах нь таарсан.
Тэр үед л уран бүтээлийн баярлууштай, бахархууштай мөртлөө дэндүү бартаатай зам намайг дуудан далласан даа. Энэ хоёр их хүнийг Сэлэнгэд аваачсан хүн нь манай ангийн багш Дамдиндорж.

-Дамдиндорж багш тань урлагийн чиглэлийн хүн үү?

-Үгүй ээ. Алгебрийн багш л хүн шүү дээ. Тийм атлаа дээрх хоёр хүнд хандан “Манай сургуульд нэг ийм хүү байна. Та нарт хэрэг болох болов уу” гэсэн байдаг юм. Түрүүнд таны асууснаар театр гэдэг ариун сүмийн тайз хэмээх хүндтэй тавцан дээр бүтээсэн анхны дүр минь төрийн хошой шагналт Ч.Лодойдамба гуайн “Гарын таван хуруу” жүжгийн Баяр.
Энэ дүр нийслэлийн хүмүүсийн хараанд маш их өртсөн учраас намайг жүжигчний цаг наргүй ажилд хүчээ сорьж, цаашид эргэлт буцалтгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэхэд их нөлөө болсон доо.

-Тэр цагаас хойш өнөөгийн өндөрлөгт хүртлээ та тайз, дэлпцэнд асар олон дүр бүтээсэн. Харин хамгийн хайртай дүр чинь гэвэл…?

-Үүнийг уулзсан хүн болгон асуудаг. Энэ асуулт аль хүүхдэдээ илүү хайртай вэ гэж асууж байгаатай их адил сонсогддог. Эх хүн үр хүүхдүүдээ бүгдийг нь л аятай тухтай, сайхан хүн болгох сон л гэж хүсч мөрөөддөгийн нэгэн адил ямарч жүжигчин дүр болгондоо эхийн сэтгэлээр ханддаг. Тийм учраас тэр дүрдээ би илүү хайртай, энэндээ тааруухан хайртай гэж эх хүн хүүхдээ дугаарладаггүй шиг дүрээ дугаарладаггүй. Гэхдээ хүүхдүүдээс чинь олны хайрыг хүртсэн хүүхэд байна. Хэнд ч анзаарагддаггүй амьдраад байдаг хүүхэд байна. Түүн лүгээ миний бүтээсэн дүрүүд дунд олны болон мэргэжлийн хүний анхааралд өртсөн дүр байна. Тэр бол үнэхээр бусдаасаа онцгойрч гарч ирсэн байдаг. Тэр нь л хүмүүсийн анхааралд өртсөн учраас намайг тантай ойр дотно байхад нөлөөлдөг болов уу. Уран бүтээлч хүн бол бүтээсэн дүрээрээ дамжаад үзэгч олонтойгоо эчнээ танил болдог. Миний хувьд “Гарын таван хуруу”-гийн Баярыгаа илүүтэй хайрладаг. Жүжигчин болоход минь нөлөөлсөн гол ажил учраас.

-Өршөөгөөрэй. Таны мэргэжлээс огт ондоо зүйл асууя. Хотын амьдралтай холбоотой. Та жолоо мушгиад хэр удаж байна вэ?

-Өө, удаж байна, удаж байна. Би чинь натур явж байхдаа л натурын тэрэг бариад сурчихсан хүн. 1968 онд теарт ороод л бригадаар явж байлаа. Тэр үед хүүхэд байсан болохоор ядарч зүдрэхийг мэддэггүй байж. Ахмадуудынхаа халамж хайранд л бөөцийлөгдөж явж дээ.
Бригадаар явах бол амьдралд суралцах том сургууль байлаа. Тэр ч утгаараа “аавын бийд хүнтэй танилцаж, агтын бийд газар үз” гэдгийг л мэдэрсэн дээ. Тухайн үеийн бригад гэдэг юм залуу уран бүтээлчдэд маш их онцгой үүрэг гүйцэтгэж байв.

-Жолооч мэргэжил үү, хэрэглээ юү?

-Анхандаа би мэргэжил л гэж ойлгодог байв. Одоо бол хэрэглээ болсон л доо. Гэхдээ анхны ойлголтоороо мэргэжил рүү нь л дөхүүлэхийг хичээдэг. Мэргэжил гэдэг мэдлэг, соёл гээд юм юм л шаардана шүү дээ.

-Хөдөлгөөнд оролцохдоо та бүсээ байнга зүүдэг үү?

-Нэг зүйл ажиглагддаг юм. Бид зах зээлийн нийгэм рүү шилжсэнээсээ хойш хорин хэдэн жилд эрхээ хангалттай эдэлсэн. Хүн эрхээ их эдлээд ирэхээр хариуцлагаа умартдаг. Жолооч нарт хэлмээр сануулмаар нэг санаа надад байдаг юм.

-Тэр нь юу юм бол оо?

-Үнэхээр чи унаа хөсөгтэй болчихсон бол яаж жолоодох нь таны эрх. Харин эрхээ эдэлье л гэж бодож байгаа бол бидэнд хүлээх үүрэг хариуцлага гэдэг зүйл байдгийг санах хэрэгтэй юм. Тэр нь юу вэ гэхээр замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио.
Энэ бүхнийг анзаарч хэрэгжүүлсэн тохиолдолд замын цагдаа бидний хооронд гарах зөрчил багасаад л явчихна шүү дээ. Жолооч бид харьцаан дээр их алдаж байна. Замын цагдаа ч тэр, жолооч би ч тэр. Харьцаа юунаас эхэлдэг вэ гэхээр бидний мэндчилгээнээс л эхэлнэ. Гэхдээ жолооч бид замын цагдааг нэг удаа уучлан өнгөрөөх боломж олгох ёстой байгаа юм.

Ухаан нь дөрвөн зам дээр зогсч байгаа цагдаа гурав, дөрвөн ээлжээр гарч байгаа ч тэнд нэг л хүн байгаа. Гэтэл бидний хүчний харьцаа жолооч нарын талд асар их. Нэг удаагийн эргэлтээр тэнд хэдэн арав, зуугаараа машин өнгөрч байгаа. Магадгүй чамайг, намайг зогсооход цагдаа “За алив үнэмлэх ээ” гээд ширүүхэн дуугарчихаж магадгүй. “Амрыг эрье” гээд хатуухан ч дуугарч магадгүй шүү дээ. Хатуу дуугарлаа гэдгийг нь та ойлгонгуутаа л миний өмнө энэ хүнийг нервтүүлэх нөхөр өнгөрч дээ гэж бодоод дуугаа намсган ярих юм бол учраа ололцоход дөхөм болно оо доо.
Аа бас, замын цагдаагийн “амрыг эрье” гэсэн мэндчилгээ өөрийг тань нервтүүлж ч болно. Замын цагдаа дараагийн жолоочтой уулзахдаа тэрнээсээ асар хурдан хугацаанд салдаг чадвартай байх ёстой юм болов уу.

Миний хувьд бүсээ байнга бүсэлдэг. Сүүлийн үед бүснээсээ салахаа больсон. Энэ бол нөгөө л үүрэг ухамсраа жигтэйхэн ойлгосондоо бүсэлдэг юм биш. Эхлээд цээж бариад ч байгаа юм шиг бодогдоод тээртэй санагдан бүслэхгүй явдаг байв. Гэтэл “Бүс” хэмээх арга хэмжээ яваад эхлэнгүүт л салгахаа больсон. Ер нь хүн чинь заавал нэг түншүүлж байж ойлгодог юм шиг ээ. Сая “Зогс, шугам” арга хэмжээ эхэлснээс хойш уулзвар дээр ирээд зогсоход хөдөлгөөн үнэхээр эмх цэгцтэй болсон байна лээ. Ядаж явахад чөлөөтэй болж байгаа юм. Нервтэж уурлахгүй байна гэдэг чинь үр өгөөжөө өгдөг юм байна.

2 Сэтгэгдэлүүд

  1. mash zuv zuitei bi lav tsagdaa nartai inegeed buruugaa hulegeed unenee helhed neeh uchir zuggui torgood baidaggui ee, jolooch naraa uuchlaarai bi zurchil gargachihlaa buruugaa oilgoj bna geed tsagdaad neg heleed uzeerei namuuhan duugaar daraa ni huleetstei sain sons tegeed dahij bi iim zurchil gargahgui bahiig hichie geed guij neg uzeerei tegeed l ok shuu

  2. er duu uurlaj bolohgui ee mun deerengui handaj bolohgui ee

Сэтгэгдэл үлдээх