Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Далаар минь тавьсан 70 мянга

Тэртээ бага насанд “тэрэгчин Сандаг” гэсэн нэг үлгэрийг ах, эгч нар маань ярьж өгдөг байж. Хожим сургуульд орж, бичиг үсэг тайлагдсаныхаа дараа тэрхүү Сандагтайгаа дахин танилцаж, тун амтархан уншдаг байв. Бас элгээ хөштөл инээнэ.

Утга нь Сандаг гэдэг нөхөр үхэр тэрэг хийх гээд бүдүүн гэгчийн мод цавчиж эхэлснээ нөгөөх нь жижгэрсээр адаг сүүлдээ шүдний чигчлүүр болоод дуусдаггүй юу. Одоо санав уу.

Хоёр намын өнгөрсөн сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөг ерөнхийдөө тэрэгчин Сандагийн үлгэр шиг тэмбэржүржиг болсон гэхэд хилсдэхгүй. Уг нь хоёр намынхыг нийлүүлбэл 2.5 сая төгрөг л дөө. Үүнийгээ хоёр нам тун зальтайгаар багасгах эхний алхам нь хамтарсан Засгийн газар байгуулсан явдал. Ингэснээр 2!5 сая төгрөг нь 1.5 сая болж хувирав. Түүнээс хойш энэ мөнгөний тоо үнэндээ улам нимгэрсээр адаг сүүлдээ 120 мянга дээр нэг ирснээ бас дахин гацлаа. Бэлнээр ч өгөхгүй юм шиг хэсэг шуугиснаа цагаан сар болох гэж байна хэмээгээд 70 мянга дээр буув. Гэхдээ хүүхэд, хөгшдөд гэсэн тодотголтой шүү. Ёр нь сүүлдээ ч цагаандаа гарсан л даа. Өгч чадахгүй гэхээр ирэх сонгуульд бүгдээрээ өвдөг шороодчих гээд, өгнө гэхээр хүний гар дээр тавих мөнгөгүй болчихсон улс ёстой л Зэлтэрийн гацаанд оржээ. Ингээд ямар ч байсан амласан 2.5 сая төгрөгөөсөө эхний ээлжинд ямар нэг хэмжээгээр жаахан ч гэсэн долоолгохоор шийдсэн юм. Мөн үүнтэйгээ зэрэгцүүлээд маниасаа нөгөө гар дээр тавьсан 70 мянган төгрөгөө хэрхэн хоромхон зуур буцааж авах аргаа ч бас бодож олжээ. Тэр аргаа олоод хамтарсан Засгийн газрынхан хоёр өгзгөө хорстол алгадацгаасан байна.

Тэд дулаан, цахилгааныхаа үнийг нэмээд орхив. Яамны сайд Д.Зоригт нь УИХ-д ороод ирсэн болохоор үүнийг түвэггүй хийв. Дулаан, цахилгааны үнэ өсөөд орхихоор гурил будаа, талх тарианы нь үнэ мэдээжийн хэрэг өсч таараа гэдгийг тэд мэдэхгүй бол хэн мэдэх билээ. Тэр хэрээр бас улсын төсөвт ордог татварын хэмжээ ч нэмэгдэж таарна шүү дээ. Ингээд эдгээр эрхмүүд миний гар дээр 70 мянган төгрөг тавиад намайг баярлаж амжаагүй байхад түүнийгээ эргүүлээд цахилгаан, дулаан, гурил будаа, талх тарианыхаа нэмэгдсэн үнээр буцаагаад авчихаж байгаа юм. Тэгэхээр тэд 70 мянган төгрөг өгөөд надаас 70 мянгыг буцаагаад авч байгаа хэдий ч хөөрхий намайг улам хүнд байдалд оруулав. Яасан гэхээр 70 мянга нэг удаагийнх. Нэмэгдсэн өртөг үүрдийнх. Ингээд л 70 мянган төгрөгөнд далаараа тавиулсан миний бие сар бүхэн ус цахилгаан, уух идэх юмаа нэмэгдсэн үнээр авах хэрэг гараад ирж байгаа юм. Ямар сохор номин шиг амьдарч, хоолоо сойн турж үхэлтэй биш.

Ингэхэд засаг зальтай гэж эртний мэргэд үнэн хэлжээ. Тэд надад 70 мянган төгрөг үзүүлээд далаар минь цэвэр тавив.

Д.Бат

4 Сэтгэгдэлүүд

  1. Bayarlalaa geed avah setgel baihgui bol bur ogohgui baisan ch bolno. Iluu garsandaa bish ard tumnee boddog toriin tusheed baigaa uchraas ogch baigaa yum.

  2. yamar ikh bayarlaav daa ta mini,

  3. aav!10n tugrug uguuch?
    aav:chi tiim ih munguur yahna uu?chamd 5 tugrug baihad l bolno.3tugrug bna.mai,1 tugrug

  4. he he….yag l aaviin onigoo shig ym bna daa……gehdee yahav bi 70 myangaa avaad yamarch bsan Nomin orood tog hemnedeg ter aihtar lampiig ni avlaa….80% hemnene genee…..

Сэтгэгдэл үлдээх