Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Яруу найрагч, зохиолч В.Нэргүй: Хүүхдийн зохиолыг өөрчлөх цаг нь болсон

Ванягийн Нэргүй
1975 онд Завхан аймгийн Алдар хаан сумд төрсөн.
1993 онд Төв аймгийн Баянхангай сумын 10-н жилийн дунд сургууль төгссөн.
“Эрх хайр”, “Гэрэлт шувуу” зэрэг шүлэг, өгүүллэгийн номууд нь удахгүй уншигч таны гар дээр очих гэж байна.
Түүний хүүхдийн зохиолын талаархи бодол болон сүүлийн үеийнх нь уран бүтээлээс уншигч танаа хүргэж байна.

-Ер нь, ямар улиралд илүү уран бүтээлээ туурвидаг вэ?

-Өдөр бүхэн шүлгээ бичиж л сууна. Удахгүй “Эрх хайр”, “Зүүдний эх орон” гэсэн нэртэй шүлэг өгүүллэгийн номоо гаргах санаатай бэлдэж байгаа. Хаврын тэнгэр хүртэл нялхарч одод нь шив шинээр төрдөг. Тиймээс хаврын тэнгэр дор шүлэг бичихгүй байж чаддаггүй. Урьд өмнө хараагүй танихгүйн бүсгүйн ялдам харц шиг уяхан бас ухаан нь тэлэгдсэн сэтгэл шиг цэлэлзсэн цэнхэр тэнгэрийг би ажих дуртай. Хүмүүс газарт ургасан цэцэг олж хараад баярладаг бол тэр цэцгийнх нь гэгээг би тэнгэрээс олж хардаг.

-Таныг хүмүүс хайрын шүлэгч гэдэг. Хайрын шүлэг, хайрын тухай ярих уу?

-Залуу нас хэн нэгнийг хайрлах гэж бас хэн нэгнээр хайрлуулах гэж хүнд заяадаг. Хайрыг хэт их хайрлаж болдоггүй юм шиг надад санагддаг. Бас дутуу хайрлаж болохгүй. Би бүсгүй хүнээс сайхныг нь гэрэл гэгээтэй талыг нь олж харах дуртай. Эмэгтэй хүний гар, сэтгэл хоёр шиг ариун юм байхгүй байх. Би хүний нүдийг харах дуртай. Тухайн хүний амьдрал, бодол, хүсэл мөрөөдөл нүднээс нь л харагддаг. Гэгээ татуулсан сайхан инээмсэглэлийг нүднээс нь олж харсан хүн тэр хүний тухай яаж муу юм бодож чадах билээ дээ. Хайрын шүлэгнүүд минь надад хайр авчирдаг. Дал хүрсэн ч гэсэн би хайрын тухай шүлгээ бичсэн хэвээрээ л байх болов уу гэж боддог шүү.

-Өнөөдөр хүн бүхэн яруу найрагч болчихож…?

-Залуу нас, хайр сэтгэл хоёр байгаа болоод л тэр. Гэхдээ яруу найрагчийг цаг хугацаа шалгадаг. Үгийг урлаж сурна гэдэг хэцүү. Би өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй. Миний бичсэн шүлэг хүнд битгий хэл надад ч гологддог. Харин би бол сайн яруу найрагчдын найз.

-Сүүлийн үед өөрийг тань хүүхдийн зохиол руу нэлээн орж байгаа гэж сонссон?

-Би хүүхдийн зохиол бичих шиг амархан юм байхгүй гэж бодож явсан. Харин одоо түүн шиг хэцүү зүйл байдаггүй юм байна гэдгийг л мэдэрч байна. “Адмон”-ы захирал Р. Энхбат, “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн редакцийн эрхлэгч Б. Нарантулга хоёрын ачаар хүүхдийн зохиолын эхлэн бичигч болоод байгаа. Үнэндээ манайд хүүхдийн зохиол бичдэг хүн их ховордсон байна шүү дээ.

-Хүүхдийн зохиолчид зөндөө л байгаа биз дээ.?

-Хүүхдийн зохиолчид нэг гарын таван хуруун дотор багтаж байна. Д.Гармаа, Д.Давааням гуай, Д.Батжаргал, О.Сундуй ах гээд л бараг дуусаж байна. Яахав өөрийгөө хүүхдийн зохиолч гэсэн хүмүүс байна л даа. Гэхдээ тэд хүүхдэд биш өөртөө зориулж юм биччихээд түүнийгээ хүүхдийн оюун ухаанд нийцүүлэх гэж шууд тулган шаардаж байна гээд хэлчихвэл их хилсдэхгүй болоод байна. Яг хүүхдэд зориулсан ном ховор байна шүү дээ.

-Ном гэснээс өнөөдөр хүүхдийн ном их байгаа юм биш үү?

-Хүүхдийн номоор бизнес эрхлэгчид их болсон байна. Би бол хүүхдийн оюун ухааныг хөгжүүлье гэхээсээ илүү өөрийнхөө халаасанд мөнгө хийх гэж ном бүтээдэг хүмүүс их болж гэж хэлэх гээд байна л даа. Тухайлбал өөрөө буддаг ном байна. Тэр номыг бүтээгч нь өөрийнхөө сэтгэлгээгээр л хэдэн хагас зураг зураад гаргачихсан байгаа. Тэр ном нь хүүхдэд яаж нөлөөлөх үү? хүүхэд юуг сонирхож байна?, гэдгийг огтхон ч судлаагүй байх жишээтэй. Өнөөдөр хүний толгой цавчиж байгаа сэлэм будаж байгаа хүүхэд маргааш найзынхаа тархийг хага цохих бол юу ч биш шүү дээ.

-Хүүхдийн хүмүүжилд ном их нөлөөлнө л дөө. Гэхдээ ном бүтээгч нар үүнийг мэдэж байгаа байлгүй дээ?

-Мэддэгээсээ мэддэггүй нь их болоод байгаа юм. Тухайлбал, Нарантуул зах дээр гурван ширхэг нь 1000 гээд үлгэрийн номнууд зарагдаад л явж байгаа. Тэр номыг хэн гэдэг хүн бүтээсэн нь байдаггүй шүү дээ. Үндсэндээ үлгэр бол ардын аман зохиол, ард түмний хөрөнгө ч гэлээ түүнийг хүүхэд багачуудад хүргэж байгаа хүний нэр тухайн номон дээр байх ёстой биз дээ. Тэр номнуудын найруулга, зураг чимэглэл гэж авах юм байхгүй. Бодоод үз дээ. “Аавыгаа алаад амар сайхан жаргажээ” гэж төгсгөсөн байгаа юм. Хэзээ байхад монгол хүн үр хүүхдэдээ аавыгаа алчихвал амар сайхан жаргадаг гэж сургаж байлаа. Тэр бүү хэл ганц ааруул хэлэхгүй авахыг “Хулгай” гэж цээрлэдэг ард түмэн биз дээ.

-Тэгэхээр та хүүхдэдээ битгий ном авч өг гэж хэлэх гээд байна уу?

-Үгүй. Хүүхдэдээ ном сайн авч өг. Харин хэн гэдэг хүний бүтээсэн, аль хэвлэлийн компаниас гарсан ямар ном авч өгөх вэ? гэдэг сонсголтоо л зөв хий гэж хэлмээр байна. Би бусад хэвлэлийн компаниудыг сайн мэдэхгүй юм. Миний бодлоор хүүхдийн ном тал дээрээ “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн редакциас гаргаж байгаа номнууд илүү өгөөжтэй санагддаг. Өөрөө дотор нь ажилладаг болоод зусардаж байгаа юм биш. Энэ байгууллага Монголд анх удаа 0-3 настанд зориулсан ном гаргалаа. Хүүхдийн насны ангилал сэтгэн бодох чадвар, үг хэллэгийг нь хүртэл судалж байж хүүхдэд зориулсан ном бүтээж байна

-Залуучуудаас хүүхдийн зохиол бичиж байгаа хүмүүс алга уу?

-Залуу уран бүтээлчид их гэнэн боддог юм шиг байна лээ. Манай Р.Энхбат захирал, эрхлэгч Б.Нарантулга хоёр хүүхдийн зохиолчийг төрүүлэхийн тулд сэтгэл зүрхээ зориулж ажилладаг хүмүүс. Тэд залуу хүмүүсийг хүүхдийн уран бүтээл рүү чиглүүлж, тэднийг дэмжиж ажиллахыг зорилгоо болгодог. Харамсалтай нь өөрийгөө их зохиолч, гайхамшигтай яруу найрагч гээд цээжээ дэлдчихсэн хүмүүс ирээд “Өө хүүхдийн зохиол чинь амархан. Одоо бичээд өгье” гээд эхэлдэг. Гэвч тэд өнөөх л хөдөө, хонь хурга, аавын уурга, ээжийн ааруулын л тухай нуршсан урт өгүүлбэртэй өгүүллэг ч биш эссээ ч биш, бодрол ч биш юм бичээд аваад ирдэг. Түүнийг нь үзээд засвар талаас нь ганц хоёр үг хэлчихлээр зүрх нь үхээд алга болчихдог юм шиг байгаа юм.

-Хүүхдийн зохиол бичих тийм их хэцүү гэж үү?

-Би хүүхдийн редакцид нэлээд их нухлагдаж байна. Зүгээр нэг өгүүлбэр холбоод болчихдог ажил биш юм. Үндсэндээ хоёр настай хүүхэд яаж ярьж, ямар түвшинд сэтгэдэг билээ. Тэд ямар үлгэр, дуу, шүлэг тогтоох чадвартай байдаг билээ. Тэгвэл зургаан настай хүүхэд ямар билээ. Энэ бүхнийг харж судалж, хүүхдээр амьсгалж байгаа уран бүтээлчдийн дунд байгаа болохоор бага сага юм мэдэж сурч байна. Хүүхдийн зохиол бичнэ гэдэг маш хэцүү юм.
Үүний зэрэгцээ моринд хайртай хүүхдийн тухай өгүүллэг бичдэг үе аль эрт өнгөрч. Цаг үе, нийгэм, орчин нөхцөл өдрөөр биш хором хормоор хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс уран бүтээлч хүн нэг хором ч оюун ухаанаа амраах эрхгүй болсон байна. Хүүхэд өөрөө аливаа гайхамшигийн нээлт, шинэ цаг хугацааны эзэн болохоор тэдэнд зориулж уран бүтээл туурвина гэдэг тийм ч амар биш шүү дээ. Хэдийгээр хүүхдийн зохиол хэцүү ч хүүхдийн зохиолч олон төрөөсэй, ээж аавууд хүүхдээ багаас номтой нөхөрлүүлж номын амт шимт ямар гайхамшигтай байдгийг мэдрүүлээсэй гэж хүсэж байна.

-0-3 настай хүүхэд ном уншина гэж байхгүй биз дээ.

-Байна. Манайханд нэг өрөөсгөл ойлголт яваад байгаа. Ном гэхээр л текст боддог. Унших юмгүй номыг ямар ном гэхэв дээ гэдэг. Энэ бол буруу юм. Хүүхэд хамгийн эхэлж аливааг танин мэдэх гэж, хатуу зөөлнийг ялгах гэж үмхдэг, хаздаг шүү дээ. Бид хүүхдээ аясаар нь өсгөдөг. Ой хэдэн сартай хүүхдийг өмд чинь хаана байна гэхлээр цамц чирээд ирдэг биз дээ. Тэгвэл энэ ном бүтээгдснээр хүүхэд нэг ойтойдоо өмд, цамц, аяга, тоглоомоо ялгаж салгаж сурдаг болох жишээтэй. Бас ээж үр хоёрын улам ойр дотно байхад зориулагдсан. Хүүхдийн хамгийн эхний танин мэдэхүйн хөгжил бол зургийг харж унших шүү дээ.

-Хэр их судалгаа хийж байж хүүхдийн ном бүтээх үү?

-Хүүхдийн номыг нэг хүн бичээд хэвлүүлээд болчихдог зүйл бас биш юм. Гэхдээ энэ бол насны онцлогоос нь шалтгаална шүү дээ. Ямар төрлийн ном бичиж байгаа гэдгээс шалтгаалах байх. Одоо манайд хүүхдийн богино өгүүллэгийн ном огт алга. Сонирхолтой адал явдалт бүтээлүүд үнэндээ алга. Гарч байгаа цуврал нь Цондоолой, Цүндээлэй хоёр. Нэрнээсээ эхлээд л хүүхдээ цондгор, цүндгэрээр нь доромжилсон байгаа. Одоо хүүхдийн зохиолыг өөрчлөх цаг нь болсон юм шиг санагддаг. Тиймээс өөрийнхөө хирээр өөрчлөж тодорхой хэмжээгээр хүүхдийн оюуны санд хувь нэмэр болохыг л бодож явна.

-Хүүхдийн зохиолыг яаж өөрчлөх гэж ?

-Тухайлбал, наадмаар даага унаад түрүүлсэн хүүхдийн баярыг хотын хүүхдүүд хуваалцаж мэдэхгүй шүү дээ. Үндсэндээ хотын хүүхдүүд хөдөө гэхээр уул, ус, зэрлэг амьтад л бодох байх, Тэрнээс гадна даага битгий хэл морь мэдэхгүй болоод байна. Харин машиныг бол сүрхий сайн мэдэх байх. Тэгэхлээр хот хөдөө хоёрыг яаж холбож тэр хүүхдийн тархийг зөв талаас нь жаахан цэнэглэх үү? гэдэг чинь бас нэг санаа болоод байгаа биз.
Төгсгөлд нь хэлэхэд галт тэрэг мэт он цаг явж буй энэ үед бид зогсоолоо л зөв олж буух хэрэгтэй байна. Тэгэхгүй бол буруу өртөөн дээр буучихвал Монголын хүүхдүүд ирээдүйд номгүй өссөндөө энэ цаг хугацаанд амьдарч байгаа уран бүтээлчидэд жаахан гомдох байх. Мартах шахаж гэр бүлийн номын санг хүмүүс их байгуулах болж энэ бол арвин их түүх, хүмүүжил, ёс суртахууныг хадгалах шинэ цагийн том архив юм шүү.

Зөөлөн үсэнд чинь эрхэлсэн салхи байсан ч болоосой
Зүүдээ хүртэл хуваадаг амраг чинь байсан ч болоосой
Дурлалд бадмалсан сэтгэлийн чинь гэгээ байсан ч болоосой
Дурсгалд авсан бөгжний чинь шигтгээ байсан ч болоосой
Нандин сэтгэлийнхээ нөмөрт намайг багтаах зайгүй бүсгүй минь
Намрын шаргал саранд шувууд буцахыг ажаарай
Жаахан алаг нүдэнд чинь гуниг тороод өнгөрвөл
Жаргалтай бодлынхоо үзүүрт намайг дурсаад өнгөрөөрэй
Нөмгөн бодол шиг асгарсан шөнийн шиврээ бороонд
Нүцгэн хөлийн мөр шиг ганц нэгхэн навчис унана
Ханьтай үртэй хүний зүүдний цэцэрлэгээс төөрчихөөд
Хамгийн сүүлчийн автобусаар харих л гэж яваа
Ядмагхан шүлэгчийн тамхины цог од болоод
Яг одоо цонхон дээр чинь гэрэлтэж байгаа
Худлаа гэвэл үүлсийн хормойг сөхөөд хар
Хувьхан заяаны учрал минь ээ.

* * *
Бэр цэцэг үлгэрийн эхлэл шиг дэлбээлэхэд
Бийрийн торгон үзүүрээр би чинийхээ үнсэлтийг зурнам
Ялдамхан уруулын чинь торгон хээг тодруулж
Яг л нар руу тэмүүлсэн амраг сэтгэл бүтээхэд
Ангир шаргал шанзны эгшиг шиг янагшаад
Алтанзулын гэгээнд үүлэн хөнжилөө нөмрөхөд
Атаархсан салхи үе үехэн хуулж хаяад
Аньсган дундаас чинь шүүдрэн бөмбөлөг унана
Жаргалаа цалгиасан арван тавны сартай үдэшсэн
Жаахан алганд минь энхрийлэгдэж хонодог бүсгүй цэцэгсэн
Сэтгэлийнхээ сүүнд бийрээ дүрж бүтээсэн чинийхээ галбирыг
Сэрээхийн тулд надад мянган шөнө хэрэгтэй байна

* * *
Зурвас надад ирлээ, уншаад ч яахав
Зуун жилийн ганцаардал минь баяртай
Намар болдогийг мартчихаад
Навчин дээр хаягийг минь бичиж авсан
Тэр бүсгүйн нутагт зун хэвээрээ юм байх даа
Тэгээд л захидал бичээ байлгүй дээ
Хар өдөр, хачин бодлууд минь баяртай
Хамгийн сайхан бүсгүй надад дурлаж
Хамгийн сайхан үгтэй захидлаа илгээж
Үүнийг уншаад ч яах вэ дээ
Үнэндээ түүнтэй уулзахын хүслэн алга
Зуун жил дахин зуун жил амьдарсан ч
Зунаар намрыг мартдаг бүсгүйтэй би уулзахгүй

Ээжийн баяр…

Би цэцэрлэгтээ явахгүй. Яасан ч явахгүй. Та хоёр цэцэрлэгт явдаггүй болохоороо муухайг нь мэдэхгүй байна. Тэр цэцэрлэг чинь нойр хүрээгүй байхад унтуулах гээд байдаг. Би явахгүй л гэсэн бол явахгүй. Төөдгөө ингэж хамаг чангаараа орилоод орны толгой, сандал, хаалга гээд юу таарсан бүхнээсээ зуурсан боловч ямар ч нэмэр болсонгүй. Түүнийг шууд л аав нь хувцсыг нь өмсгөж, ээж нь тэврээд гэрээсээ гарлаа. Тэд замдаа дэлгүүрээр ч орсонгүй. Хүний урманд ганц иштэй чихэр ч авч өгсөнгүй. Төөдгөө орилж бархирч, багш муухай, багш муу гэж хичнээн орилоод ч нэмэр болсонгүй цэцэрлэгтээ оров. Хагас хугас хувцасаа сольсон болоод ангидаа гүйн орж тоглоом өрдөг шкафныхаа буланд очиж суув. Төөдгөө өнөөдөр тэндээс босохгүйгээр шийджээ. Багш нь түүнийг босгох гэж аргадаж, загнаж үзээд ямар ч нэмэр болсонгүй. Тэр ангийхныгаа юугаар тоглож юу хийж байгааг харж дотороо тоглохыг маш их хүсэж байлаа. Гэтэл ангийнх нь багш “Өнөөдөр ээжүүдийн баярын өдөр. Тиймээс өнөөдөр бүгдээрээ ээжүүддээ цаасаар цэцэг хийж бэлгэлье” гэлээ. Төөдгөө би лав хийхгүй тийм муу ээжид цэцэг хийж өгөхгүй гэж бодлоо. Яагаад гэвэл өглөө цэцэрлэгтээ уйлж ирсэн гомдол нь тайлагдаагүй л байлаа. Гэтэл хүүхдүүд энэ тэнд өөр өөрийн ээжийнхээ тухай ярьж чадах чинээгээрээ л гоё гоё цэцэг хийнэ. Зарим нь “Ээж минь надад гоё цамц авч өгсөн, орой би ээжээрээ амттай чихэр авахуулна” гэхэд нөгөө нь “Хэзээ баяраар нь ээжээрээ юм авахуулж байлаа” гэж ярих нь Төөдгөөд сонсогдсоор л байв. Гэтэл гэнэт Төөдгөө ээжтэйгээ хамт хүүхдийн тоглоомын хүрээлэнгээр явснаа саналаа. Тэр дуртай бүхнээ авахуулж, хүссэн болгоноо идэж, өнгө өнгийн бөмбөлөг, тоглоомууд барьсан болохоор хоёр гар нь маш завгүй байлаа. Төөдгөөгийн ээж инээмсэглэн хүүгээ өхөөрдөж, заримдаа үнсэж, тэврэн өхөөрдөж байсан нь санагдав. Тэр ээжийгээ бодох тусам ээжийгээ улам их хайрламаар санагдлаа. Тэгээд тэр багш дээрээ гүйн очиж өнгө өнгийн цаас аваад цэцэг хийж эхлэв. Эхлээд дэлбээг нь хайчлан дараа нь ишийг нь нарийсган имрээд дараа нь навч хийв. Төдгөөгийн хийсэн цэцэг ангийхан дотроосоо хамгийн гоё нь боллоо. Одоо тэр ээжийгээ ирж авахыг л хүлээж байлаа. Яагаад гэвэл “Ээжээ би танд хайртай. Энэ цэцгийг тандаа зориулж хийсэн юм” гэж хэлэхийг маш их хүсэж байв. Төөдгөө цэцгээ барьсан хэвээрээ л байлаа. Хэрвээ хаа нэгтээ тавьчих л юм бол муухай болж магадгүй шүү дээ. Тэгээд ч тоглож байгаа хүүхдүүд санаандгүй унагаж дэлбээг нь гэмтээчихвэл яана. Төөдгөөг харих болоход ээж нь биш аав нь ирж авлаа. Тэр урамгүйхэн цаасан цэцгээ барьсаар цэцэрлэгээсээ гарч ирэв. Гэтэл гадаа машин дотор ээж нь сууж байв. Түүний ээж маш хөөрхөн харагдаж байлаа. Ингээд Төөдгөө ээждээ хайртай гэдгээ хэлж хийсэн цаасан цэцгээ өгөв. Түүний ээж маш хөөрхөн улам хөөрхөн санагдаж байлаа. Тиймээс Төөдгөө ээжийгээ үнсээд уртаар санаа алдав. Төөдгөөгийн ээж нь ч хүүгээ үнсээд энгэртээ чанга тэврэхэд нь баярын нулимс нүдийг нь дүүрч бэлэгний цэцгийн дэлбээн дээр тусав.

Сармагчинд хэл заасан нь

Баяраа ангийхантайгаа цирк үзэж яваад нэгэн эгдүүтэй хөөрхөн сармагчин олж харав. Тэр олсноос олс дамжин үсэрч тоглоно. Түүний нэрийг Манлай гэдэг. Баяраа бүр гайхаж орхив. Учир нь Баяраагийн аавыг бас Манлай гэдэг. Гэхдээ Баяраагийн аав тийм жижигхэн биш бас торон дотор дүрсгүйтээд жимс идээд сууж байдаггүй шүү дээ. Иймээс л Баяраа тэр сармагчинтай танилцаж яагаад ийм нэртэй болсныг нь асуухаар шийдэв. Ингээд Баяраа өдөр бүхэн Манлай дээр очдог болов. Харамсалтай нь энэ сармагчин ерөөсөө хүний хэл мэдэхгүй байлаа. Баяраа түүнд хэл зааж өгөхөөр болов. Тэгээд халааснаасаа шоколад гарган торон дотор байсан Манлай руу сарвайхад тэр ихэд гайхан харж байгаад авахаар дөхөхөд нь Баяраа “Энэ бол шоколад. Чи шоколад гэж хэлбэл үүнийг чамд өгье” гэв. Манлай алгаа ташин ойртож байснаа ухас хийн өнөөх шоколадыг аваад зугтчихав. Гэвч Баяраа дараагийн удаа шоколадаа гарган торны гадна талд бариад “Хэрэв чамайг шоколад гэж хэлбэл үүнийг өгнө шүү” гэхэд Манлай “бау, бау” гэж хэлэв. Баяраа “За яахав. Чи буруу л хэлж байна даа” гээд школадаа өгөв. Үүнээс хойш Манлай Баярааг харахаараа ихэд баярлан алгаа ташиж шоколадаа авах болгондоо бау бау гэдэг байв. Хүүгээ өдөр бүхэн цирк явах болсныг анзаарсан аав Манлай нь “Хүү минь ээ. Чи яагаад байнга цирк яваад байгаа юм бэ?” гэхэд Баяраа “Би сармагчинд хэл зааж байгаа” гэв. Аав нь түүний толгойг илж өхөөрдөн инээгээд “Энэ чинь бүтэхгүй байхаа” гэхэд Баяраа “Та намайг анх яриулж сургасан биз дээ. Харин би түүнд хэл зааж байгаа юм. Одоохондоо сайн ярьж чадахгүй байгаа л даа” гэж тунирхсан янзтай хэллээ. Баяраагийн энэ бүхэн аавд нь ихэд сонирхолтой санагдсан тул хүүгээ даган циркт очив. Баяраа халааснаасаа шоколадаа гаргахад сармагчин “Бау бау” гээд алгаа ташин ойртон ирлээ. Гэтэл аав нь түүний дэргэд байсан хувинтай усыг харснаа “Халуун байна шүү; Усанд орж сэрүүцэх юмсан” гэж хэлэв. Гэтэл өнөөх сармагчин буцаж очоод хувинтай усаа авчиран Баяраагийн аав руу цацчихав. Үүнийг харж зогссон Баяраа аавдаа хандан “Та харж байгаа биз. Хүний хэлийг сайн ойлгож байгаа биз” гээд инээмсэглэн нүдээ ирмэв.

2 Сэтгэгдэлүүд

  1. Hir unertuulsen huduuhii gar daa.Mongol uner gej shuleg bicheed onigoond orj baisan nuhur duu.Bichig useg l medne.

  2. SOYOLGUI MONGOLIIG BII BOLGOSDON SOYOLIIN YAM UY HIIJ BNADAA
    ZAVHANII HAN SOYOLIIG UNGAAJ BNADOO

Сэтгэгдэл үлдээх