С.Батболд: Эмзэг эдийн засгаас тогтвортой эдийн засаг руу шилжих эхлэл байгаасай /фото/
Монгол улс Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засагт шилжээд 20 жил болж байна. Гэсэн ч энэ хугацаанд зах зээлийн эдийн засаг нь жинхэнэ утгаараа хөгжиж чадаагүй өдий хүрсэн. Эдийн засаг нь ганц ашигт малтмалын түүхий эдийн экспортоос хамааралтай, төрийн оролцоо чамгүй нөлөөтэй байгаа, төсвийн шинэчлэл, ногоон эдийн засаг, санхүү хөрөнгийн зах зээл, дэд бүтэц гэх мэтчилэн чухал тулгуур салбаруудад олон саад бэрхшээл гарах болсон.
Энэ бүх бэрхшээл саадыг давж, төр болоод төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийнхэнтэй зөвшилцөлд хүрэхээр Монголын эдийн засгийн анхдугаар чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Урьд өмнө нь эдийн засгийн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохиож байсан ч энэ удаагийнх оролцогчдын хувьд ч тэр, хөндсөн сэдвийн хувьд ч тэр илүү өргөн цар хүрээг хамарсан гэхэд болно. Нөгөө талаар энэ чуулганыг олон нийтэд нээлттэй ил тод байлгасан нь илүү үр дүнтэй болж байна гэхэд болно. Гэхдээ доктор Н.Дашзэвэг, Ч.Хурц, С.Авирмэд болон зарим иргэний хөдөлгөөнийхнийг оруулсангүй хэмээн бухимдах хүмүүс ч байв. Энэхүү чуулган хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөнө. Монголын эдийн засгийн анхдугаар чуулганд УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн, Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагынхан гээд өргөн цар хүрээг хамарч чадсан гэхэд болно. Чуулганы нээлтэн дээр гэхэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт гээд төрийн өндөр албан тушаалтнууд бүгд ирсэн. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ, “Төр засгийн бодлого амьдралаас хол хөндий байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Тэр хол хөндий гэгдээд байгаа зайг ойртуулахад энэхүү чуулган тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Бид хөгжлийн талаар өргөн агуулгаар нь ярьсаар өдий хүрсэн. Одоо ажил хэрэг болгож, бодитой алхам хийх цаг нь болжээ. Яагаад стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн үйлдвэрлэж чадахгүй байна вэ гэдэг тодорхой асуудлаар санал бодлоо солилцож, нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй байна. Засгийн газар Таван толгойг ашиглах асуудалд нухацтай хандаж, 100 хувь төр, ард түмний мэдэлд байлгаж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг цогцоор нь бүтээн байгуулж, олон мянган ажлын байр бий болгохыг зорьж байна. Мөн Засгийн газраас энэ жилийг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан нь ард түмэн, бизнес эрхлэгчдийнхээ эрх чөлөөнд нь зам тавьж өгч байгаа бодит алхам юм. Энэхүү эдийн засгийн анхдугаар чуулганыг эдийн засгийн ардчиллыг хөгжүүлэх, эмзэг эдийн засгаас тогтвортой хөгжлийн эдийн засаг руу, эрүүл бус далд эдийн засгаас нээлттэй эдийн засаг руу, хөрөнгө мөнгөний хязгаарлагдмал байдлаас хөрөнгийн зах зээл рүү хийх эрс шийдэмгий алхмын эхлэл байгаасай хэмээн хүсч байна” гэсэн юм. Энэхүү чуулганаар зургаан үндсэн чиглэлээр салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа. Уул уурхайн чиглэлээр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, төсвийн шинэтгэлийн чиглэлээр Сангийн сайд С.Баярцогт, улсын бүртгэлийн шинэтгэлийн чиглэлээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, ногоон эдийн засаг, байгаль орчны чиглэлээр УИХ-ын гишүүн Д.Энхбат, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, хөрөнгийн зах зээлийн шинэтгэлийн чиглэлээр эдийн засагт Д.Жаргалсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг нар тус бүр салбар хуралдааныг удирдан явуулсан юм.
Сүүлийн үед бид Голланд өвчин, баялгийн хараал гэсэн нэр томъёог чамгүй сонсох болсон. Баялгийн хараалд өртөхгүйн тулд ашигт малтмалын ордуудаа зөв ашиглаж, орж ирсэн хөрөнгийг зөв зарцуулах зайлшгүй шаардлага урган гарч ирчихээд байгаа. Нөгөөтэйгүүр дэлхий дахинаа ногоон эдийн засгийн талаар хүчтэй ярьж байгаа энэ үед бид ч бас ногоон эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн бүх салбарт байгаль орчинд ээлтэй цэвэр технологийг нэвтрүүлэх нь зүй ёсны хэрэг. Тиймээс ч эдийн засгийн анхдугаар чуулганы нэг гол сэдэв нь ногоон эдийн засаг байв. Энэ мэтчилэн дээрх зургаан салбар өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой байгаа учир хооронд нь зангидаж, бодлогын төвшинд нэг цул болгох нь энэ удаагийн чуулганы гол зорилгын нэг. Мөн чуулганы үеэр саяхан өндөрлөсөн Давосын уулзалт дээр хүчтэй яригдсан капитализмыг шинэчлэх үү, өөрчлөх үү, үндэстэн дамнасан томоохон банкуудыг жижигсгэх, хөрөнгө оруулалтыг нь хумих зэрэг асуудлын талаар ярилцах ёстой гэдгийг ч чуулганд оролцогчид хэлж байв.
Дээрх асуудлаас хамгийн анхаарал татсан нь яах аргагүй уул уурхайн салбар байсан. Ялангуяа Оюу толгойн орд газрыг ашиглах гэрээний үр дүнгийн талаар, Таван толгойн орд газрыг хэрхэн үр өгөөжтэй ашиглах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татах, дэд бүтцийн асуудлыг хэрхэн зохицуулах гээд олон асуудлыг ярилцсан юм.
Тэр дундаас Таван толгойн ордыг хэрхэн ашиглах, хөрөнгө оруулагчидтай хэрхэн харьцах талаар эрдэмтэд, бизнесийнхэн өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байв. Таван толгой бол барагцаагаар 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй дэлхий дээрх нүүрсний хамгийн том орд. Тиймээс ч эдийн засгаа хөгжүүлэхэд энэ ордыг зөв зохистой ашиглах нь нэн чухал байгаа. Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Таван толгойн ордын талаар санаатай, санамсаргүй байдлаар олон нийтийг төөрөгдүүлэх элдэв яриа гарч байгааг нэг мөр цэгцлэхийг зөвлөж байв. Таван толгойн ордын лиценз, хувьцаа, эсвэл ордыг бүхэлд нь төр 100 хувь эзэмших гээд байна уу гэдгээ тодорхой болгож зарлах хэрэгтэй гэдгийг ч анхааруулж байсан юм. Хэрэв хувьцааг нь 100 хувь эзэмшинэ гэвэл төр өөрөө 100 хувийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болох бөгөөд тийм хэмжээний хөрөнгө төрд байхгүй. Мөн лицензийг нь 100 хувь эзэмшвэл гадны компаниудтай гэрээ байгуулж, менежментийг нь хариуцуулж ажиллах уу зэрэг олон ээдрээтэй асуудал тулгараад байгаа юм. Хөрөнгө мөнгө босгох тал дээр ч тодорхой саналуудыг хэлж байсан юм. Оюу толгойгоос ойрын таван жилдээ мөнгө орж ирнэ гэж горьдолтгүй учир өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж мөнгө босгох зарим саналыг ч эрдэмтэд хэлж байв. Одоогийн байдлаар Таван толгойгоос хоёр сая гаруй тонн, Нарийн сухайтаас гурван сая орчим тонн нүүрс олборлож, экспортлоод байгаа. Ойрын дөрөв таван жилдээ энэ хоёр ордоос 60 орчим сая тонн нүүрс олборлож экспортолж, хэрэгтэй байгаа мөнгөө босгох боломжтой аж. Ингэж чадвал тэр мөнгөөрөө дараагийн хөрөнгө оруулалтаа хийж, үйлдвэрлэлээ барих бүрэн боломжтой юм.
Нөгөө талаар ганц Таван толгой гэлтгүй Нарийн сухайт зэрэг олон орд газрыг ашиглахдаа хэрхэн мөнгө босгох, хөрөнгө оруулагчдад ямар шаардлага тавих зэрэг дээр ч ярилцсан. Бизнес эрхлэгчид манай улс хөрөнгө оруулагчдад тун хүнд болзол тавьдаг гэдгийг онцолж байсан. Нэг орд газрыг ашиглая гэхээр тухайн бүс нутгийн дэд бүтцийг давхар шийд гэсэн болзол тавьдаг нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол хөшүүрэг болдог гэнэ. Цаашдаа энэ тал дээр анхаарч, ашигт малтмалын арвин нөөцтэй гэгдэх дэлхийн 50 гаруй улстай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг чуулганд оролцогчид санал нэгтэй хэлж байлаа.
Ийнхүү эдийн засгийн засгийн анхдугаар чуулган өнөөдөр үргэлжлэх бөгөөд банк, санхүүгийн зах зээл өнөөдрийн гол сэдэв байх юм.
Нээлтийн хуралдааны дараа УИХ, Засгийн газрын гишүүд сэтгүүлчидтэй уулзсан юм. Сэтгүүлчид чуулганы талаар төдийгүй бусад асуудлаар тодорхой хариулт авсан.
-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Гэхдээ ТЭЗҮ-г нь хийгээгүй, нөөцийг тогтоогоогүй байсан гэсэн яриа байгаа?
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
-Оюутолгойн орд газрын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан. Энэ талаар гэрээ байгуулах ажлын сүүлийн шатанд зарласан байгаа. Таны хэлсэн ташаа мэдээлэл байна. Хөрөнгө оруулалтын гэрээг баталснаас хойш дөрөвдүгээр сарын 6 хүртэлх хугацаанд Техник эдийн засгийн үндэслэлийг авч хэлэлцэнэ гэж заачихсан байгаа. Гэрээг уншаад үзэх юм бол тодорхой байгаа л даа.
-С.Баярцогт сайд Нью-Иоркийн бирж дээр очиж биржийн арилжааны нээлтийн хонхыг цохисон нь “Айвенхоу майнз”-ыг сурталчилсан хэрэг боллоо гэсэн мэдээлэл гарсан?
Сангийн сайд С.Баярцогт:
-Оюутолгойн орд газрыг ашиглаж эхэлснээр Монгол улсын хөгжлийн гарцыг нээж байна. Нью-Иоркийн биржийн арилжааны хонхыг Монголын төлөөлөгч цохино гэдэг бол “Айвенхоу майнз”-ыг бус Монгол улсыг дэлхий дахинд сурталчилсан хэрэг болсон гэж би ойлгож байгаа. Нью-Йоркийн биржийн хонхыг дэлхийд нэр алдартай хүмүүс уригдан цохидог.
Өглөөний арилжааг нээх энэ ёслолыг биржийн арилжаатай амьдралаа холбосон, нийгмийн хамгийн идэвхтэй 120-160 сая хүн телевизээр шууд дамжуулан үзэж байдаг гэдэг утгаараа энэ бол Монгол улсыг сурталчилсан нэр төрийн хэрэг гэж үзэж байна.
-Энэхүү чуулганд зарим хүн оролцож чадсангүй. Зөвхөн хэдхэн хүний шоу боллоо гэж зарим хүн үзээд сая Төрийн ордноос гараад явлаа?
Ерөнхий сайд С.Батболд:
-Асуудлыг ингэж улстөржүүлж байгаа нь сайн л байна. Бидний хамгийн гол зорилго бол эдийн засгийн асуудлаар, зургаан сэдэвт багцлаад нээлттэй ярилцъя л гэсэн. Яг ярилцах болохоор гараад явчихдаг айлын эрх хүүхдүүд шиг байж болохгүй ээ. Танхимын багтаамж болон зардалтай холбоотой зарим нэг бухимдал байж болохыг үгүйсгэхгүй. Шоу гэж байгаа бол дэлхий дахин ийм шоу маягаар явдаг л юм байна. Асуудал руу хүмүүсийн анхаарлыг хандуулж чадаж байна гэдэг сайн хэрэг.
С.Болд-Эрдэнэ























Bugdiig chini amitan bolgono doo
Obama says “We Can CHANGE…”