Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Их бүтээн байгуулалтын эзэд номын дуу сонсож байна

Монгол улсын хөгжил говиос, говийн хөгжил хүнээс эхлэх гэгээн цаг айсуй. Энэ цагийг угтан хүний хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор ЗТБХБЯ, ЭБЭХЯ, НХХЯ-ны хамтарсан шийдвэрээр 3500 мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд МСҮТ-өөс 100 замчин бэлтгэх сургалт Сайншанд зангилаанд явагдаж байгаа билээ.

Энэ сургалтын явц, үр дүнтэй танилцахаар ЗТБХБЯ- ны сургалт суртал­чилгаа аргазүйн газрын дарга Алтангэрэл, “UBS” телевизийн сэтгүүлчид, МСҮТ-ийн захирал Ю.Идэр­чулуун нар болон албаны хүмүүс Сайншанд зангилааг зорьсон билээ. Өвлийн жавар ид тачигнан байгалийн сүр хүч замчдын ажлыг шалгасан энэ үеэр замчнаар бэлтгэгдэж буй залуучууд дадлагат гарч байлаа. Өмнө, Дорнын их говиудыг холбох Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замыг тавих их бүтээн байгуулалтын эзэд маань гурван сарын турш номын дуу сонсож замчны мэргэжилд суралцаж, төмөр замчин хүний сурах ёстой бүхий л зүйлд сэтгэл оюунаа зориулж явна. Энэ үеэр залуу замчдын ажлын дадлагыг удирдаж яваа Замын дөрөвдүгээр ангийн 12 дугаар хэсгийн мастер Д.Отгонцэцэгтэй уулзахад” МСҮТ-ийн төвөөс ажиллах хөтөлбөрийг гаргаж өгсөн эн хөтөлбөрийн дагуу ажиллаж байна. Хүүхдүүд маань замчны мэргэжилд сайн суралцаж байгаа. Манай хэсэг дээр 29 хүүхэд ирснийг дөрвөн ахлах замчиндаа бэхэлж өглөө. Одоо бид нар зам цасанд дарагдсан үед яаж ажиллах, боолт тослох, хөөлтийн тээг шахах талаар ажил дээрх сургалтыг явуулж байна” хэмээн өгүүлж байв. Замчны мэргэжлээр суралцаж байгаа Г.Баасанжав “Төмөр замын мэргэжилтэй ажилчин болж байгаадаа баяртай байна. Замчин хүний нөр их хөдөлмөрийн зах зухаас нь амсаж эхэллээ. Хариуцлагаа ямагт өндөр байлгах зорилго тавьсан. Цаашдаа энэ мэргэжлээрээ улам өсөн дэвшиж замын мастер, инженер болох зорилготой байгаа. Энэ сургалт бидэнд маш их өгөөжөө өгч байна” хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа. Замчин бэлтгэх сургалтыг гардан явуулж байгаа Хичээлийн эрхлэгч “Хүндэт төмөр замчин” З.Доржготов “ Замын дөрөвдүгээр ангийн баазыг түшиглэн ажиллаж байна. Сургалтын үр дүн сайн байгаа. Би төмөр замд 40 жил ажилласан хүн. Энэ хэдэн хүүхдүүдэд өөрийнхөө мэддэг, чаддаг бүхнээ заагаад өгчих юмсан гэж зүтгэж байна. Надтай хамт төмөр замын инженер, багш Н.Өсөхтуяа, Р.Ариунболд нарын залуу багш нар ажилладаг. Замын онолын мэдлэгийг өндөр хэмжээнд зааж байгаа. Энэ сургалтын таван долоо хоногт онол, найман долоо хоногт дадлага хийхээр хөтөлбөр гаргасан. Оюутнуудаа өдрийн хоолны 1500 төрөл, формын хувцас, ажлын хувцас хамгаалах нэг бүрийн хэрэгсэлээр хангасан. Сүүлийн нэг сард нь 108 мянган төгрөгний тэтгэлэг өгнө. Ер нь ажил боломжийн хэмжээнд явагдаж байна” хэмээлээ. Багш Н.Өсөхтуяа “Манай оюутнууд 192 цагийн онолын хичээл үзлээ. Замын мэргэжилд шаардлагатай бүхнийг багтаасан. Онол үзсэнийхээ дараа шууд дадлага дээр гарч байгаа. 100 замчин төгсөөд гарахад энэ хэмжээгээр хүмүүсийн амьдрал дээшлэнэ. Тиймээс энэ сургалтын үр дүн нутаг орны хөгжилд томоохон нөлөө үзүүлэх нь дамжиггүй” хэмээн ярив. Орон нутгаас мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтын үр өгөөжийн талаар нутаг орныхон ч ам сайтай байгаа ажээ. Энэ талаар Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг “Өмнөд бүсийн төмөр зам манай аймгаар тавигдах гэж буйд бид ихээхэн баяртай байгаа. Үүнийг дагаад хүнд үйлдвэрийн цогцолбор бий болно. Ийм цогцолбор байгуулах бүрэн боломж байна. Аймгийн ойролцоо хуучин Зөвлөлтийн цэрэг ашиглаж байсан ачааны онгоцны буудал бий. Усны томоохон нөөц илэрсэн. Авто зам ашиглалтанд орно. Энэ бүхнийг дагаад олон ажлын байр бий болно. Одоогийн байдлаар 300-400 мянган хүн ажилтай болно тооцож байна. Манай аймгаас 10 гаруй мянган залуучууд энэ хөтөлбөрт оролцоно гэсэн судалгааг бид хийсэн. Орон нутагт боловсон хүчин бэлтгэх энэ сургалт үр дүнтэй явагдаж байна. Цаашид энэ сургалтыг илүү өргөн хүрээтэй явуулах шаардлага гарч байгаа. Аймаг орон нутгаас боломжтой бүхнээр дэмжин тусалж байна “ хэмээн ярьж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар олон санал хэлж байлаа. Өмнө, Дорнын их говийг төдийгүй Монголын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд шууд хүргэх их замыг бүтээн бай­гуулах залуу замчид сэтгэл өөдрөг, ирээдүйдээ итгэл төгс алхаж байна. Тэднийг их ажлын тоос багшрах ирээдүй тосож буй. Их бүтээн байгуулалтын эзэд номын дуу сонсож, замын мэргэжилдээ шамдацгааж байна.

Сэтгэгдэл үлдээх