Вячаслав Тихонов: 12 дугаар сард амьдралын минь төгсгөл ирнэ гэж Ванга хэлсэн…
Одоогоос 30 жилийн өмнө Болгарын үзмэрч Ванга түүний ирээдүйн амьдрал, уран бүтээлийн амжилтын талаар биелэлээ олсон олон зүйлийг хэлж өгөхдөө ийнхүү зөгнөжээ. “Яг хэдэн оны 12 дугаар сарыг та хэлж байна вэ?” хэмээн Оросын нэрт жүжигчин Вячаслав Тихонов сохор зөнчөөс лавлахад “2000 оноос хойш” гэснээс илүү тодорхой зүйлийг хэлээгүй гэдэг.
Тагнуулч Штирлецийн дүрээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшсон тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард таалал төгсөөгүйсэн бол өнөөдөр 83 насыг зооглох байжээ. Оросын нэрт жүжигчин Нона Мордюковатай гэр бүл байхад нь төрсөн анхны хүү нь мөн л эцэг эх шигээ олны танил, чадварлаг жүжигчин байсан юм. Харин ид сайхан залуу насандаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс амиа алдсан явдал эцэгт нь томоохон цохилт болсон нь мэдээж. Энэ явдал Вячаслав Тихоновыг зүрхний өвчтэй болоход нь нөлөөлсөн гол зүйл хэмээн хүүгийх нь эхнэр, “Кавказад болсон явдал” киноны эмэгтэй гол дүрээр үзэгчдийн танил болсон Наталья Варлей өгүүлсэн байдаг. Эцэг, хүү хоёр хамтдаа цорын ганц удаа кинонд тоглож байжээ. Вячаслав Тихонов амьдралынхаа сүүлийн жилүүдэд бие нь хүнд байдалтайгаар эмнэлэгт хэдэнтээ хүргэгдэн, эмчлүүлж байсан юм. Ийм нэгэн тохиолдлын үеэр дуугарах ч тэнхэлгүй шахуу эмнэлэгт хүргэгдэн ирэхэд нь эмч түүнээс “Цэргийн цол?” хэмээн лавлан асуухад “Штандартан фюрер” гэж хошигносон гэдэг. Тихонов “Сэтгэлийн их хаттай, ямар ч тохиолдолд алиа хошин зангаа гээдэггүй, агуу хэрнээ энгийн нэгэн байсан” хэмээн ойр дотныхон нь дурсан ярьдаг. Ингээд нэрт жүжигчний хамгийн сүүлийн бөгөөд өмнө нь хэвлэлд огт гарч байгаагүй ярилцлагыг хүргэе.
…Би одоо дурсамжаараа илүү сайхан амьдрах болсон. Их сургуульд сурч байсан үеэ дурсана. Элсэлтийн шалгалтандаа тэнцэж чадаагүйдээ гомдон, шатанд дээр уйлж суутал Борис Бибиков багш минь анзаарч, өрөвдсөндөө сургуульд авч байж билээ. Эхний улирал туршилтаар явж байгаад тэнцэж, жүжигчин болох гараагаа эхэлсэн дээ. 1948 он. Манай ангийнхан хоёрдугаар курст байхдаа шалгалтад зориулан “Залуу гварди” хэмээх жүжиг тоглосон нь хожим кино дэлгэцийн томоохон бүтээл болсон.
-Таныг Оросын бүх цаг үеийн хамгийн сайхан эрэгтэй жүжигчин гэдэг?
-Хүний сайхан нь царайндаа бус сэтгэлдээ байдаг гэж боддог. Тэр тусмаа жүжигчин хүний сайхан нь авьяас, чадвар нь болов уу.
-ЗХУ-ын үе болон өнөө цагийн жүжигчид ялгаатай юу?
-Асар их. Одоо цагийн залуу жүжигчдийн тоглож буй кино зохиол бидний үетэй харьцуулбал маш сул. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Бүх зүйл цаг үеийн тогтолцоотой холбоотой. Би ихэнхдээ хуучны кинонуудаа үзэх дуртай.
-Өөрийнхөө тоглосон кинонуудаа үздэг үү?
-Тийм ээ, заримдаа тэр сайхан үеийг дурсан нулимс унагаж суудаг/инээмсэглэв/.
-Та ямар киноны дүрдээ илүү их хайртай вэ?
-Бүгдэд л хайртай. “Пеньковт болсон явдал” киноны дүрээр минь үзэгчид намайг таньж, мэддэг болсон болохоор арай илүү санагддаг юм.
-Таныг кинонд тоглохоос гадна дуу оруулдаг гэж сонссон?
-Тийм тохиолдол бий. Гадаадын кинонд Ален Делоны дууг хэд хэдэн удаа оруулж байсан. Ингэж байхдаа гадаадын жүжигчдээс туршлага судалдаг байлаа.
-Таны анхны эхнэр Нона Мордюкова та хоёрын хамтын амьдралын талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг? Харин та энэ талаар өөрөө ярьж өгөөч?
-Ярьж, сонирхуулаад байх ч зүйл байхгүй дээ. Бид хоёр “Залуу гварьд” киноны үеэр анх танилцсан. Гэр бүл болцгоосон ч бүтээгүй. Бид хоёрыг хүү минь холбож байсан боловч нэгэнтээ тэр хоёрын аль аль нь одоо энэ хорвоод үгүй болсон. Олон ч найз, нөхөд минь амьдралаас явсан. Тэднийгээ үгүй болох тоолонд амьдралтай холбож байсан зүйл минь бага багаар тасарч, ганцаардлыг улам мэдрэх шиг. Миний төгсгөл ч удахгүй ирнэ. Бидний амьдрал өнгөрсөн үед бидний бүтээсэн кино шиг хар, цагаан өнгөөр л үлдэнэ.
-“Хаврын 17 учрал” киног өнгөт болгосон нь танд таалагдсан уу?
-Үнэндээ анхныхаараа л байсан нь илүү санагдсан. Өнгөтэй болсон нь нэг л сэтгэлд бууж өгөхгүй байсан шүү.
-Штирлецийн хоёр хуруугаа чагталдаг зангааг энэ киног үзсэн хүүхэд бүр дуурайдагсан. Ингэхэд хэн үүнийг зохиосон юм бэ?
-Би өөрөө. Дүрээ ямар нэгэн зүйлээр онцлог болгомоор байсан юм л даа.
-Тэгвэл киноны мөн л сэтгэл хөдөлгөсөн нэгэн хэсэг болох эхнэртэйгээ огтхон ч ярилгүйгээр амьд гэдгээ харуулах гэсэн цайны газар дахь уулзалтыг таныг өөрөө зохиож, кино зохиолд нэмж оруулсан гэдэг?
-Тийм. Кино зохиолыг анх уншиж байхад сэтгэл хөдөлгөсөн, нэг тийм… хүнлэг зүйл дутагдаад байгаа юм шиг санагдсан. Өөрөөр хэлбэл Штирлецийг ажил мэргэжлийнх бус хувь хүн талаас үзэгчдэд сонирхолтой болгох гэсэн юм. Гэтэл азаар кино зохиолыг уншихаас өмнө би онгоцонд нэгэн тагнуулчтай танилцаж, тэр надад тагнуулчид ойр дотныхондоо амьд байгаагаа хэрхэн харуулдаг тухай ярьж сонирхуулсан юм. Гэхдээ бодит амьдрал дээр кинон дээрхээс арай л өөр байна л даа. Ингээд л тэр яриаг кинонд ашиглан жаахан хэтрүүлэг, сэтгэл хөдлөл нэмсэн нь энэ хэсэг. Ер нь энэ амьдралд хүн аз жаргалтай байхад маш жаахан л зүйл хэрэгтэй байдаг юм шүү дээ.
-Аз жаргал гэж таны хувьд?
-Арван жилийн өмнө бол аз жаргалын талаар бүхэл бүтэн лекц унших байсан /инээмсэглэв/. Одоо бол миний хувьд өнгөрсөн амьдралын минь дурсамж л гэж хэлнэ дээ. Ер нь бол аз жаргал гэдэг нь чиний амьдралын үргэлжлэл болох үр хүүхэд, тэдний эрүүл энх гэж боддог.
…Таны хувьд залуухан, амьдрал дөнгөж эхэлж байна. Харин би хүндхэн хэрнээ сонирхолтой амьдралаа хэдийнэ өнгрөөчихсөн. Бүгдийг орхиод явах ч цаг минь ч ойртжээ…
Тэрбээр ийн гунигтайхан өгүүлснээс хойш хоёр сарын дараа таалал төгссөн юм.
Э.Оджаргал




uneheer goyo dur shuu. saihan bichjee. setguulchid n ajliin
amjilt husei
Ямар агуу юм бэ?
Natalia Varlei huutei ni suuj baihad torson huuhed ni baih estoi, Tihonov. Mordiukova 2-iin udam tasraagui gej bodohod setgeld saihan bn.
bolomj.xuuxed baixdaa sterlitsiig shutdeg baij bilee odoo ch uzex oddyyd olon boljee derrick bsan odoo tom cruiser zondoo olon shuu…
shtandarten fvvrer. unter..reihs fvvrer.
uneheer goy zaluu baisan shu
Bi mash ih bishirdeg baij bilee
unheer saihan hun shuu huurhii tuuniig burhan iveeg
setgeld xonogshson dvr shv. sayxan neg vzsen. estoi mundag. xariltsan yarian deerees yamar xurdan setgej oilgoj bgaig n vnexeer mundag gej bodoggdmoor.