Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хөрөнгө оруулагчид хувьцаа гаргахыг зөвшөөрөх болов уу

Өнгөрөгч оны зургадугаар сард УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн хэрэгжих хугацаа дууссан юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас “Төрийн өмчийг 2009-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулж 2009 оны зургадугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Энэ хугацаанд эдийн засгийн салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн талаар баримталж ирсэн хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд зарчмын шинжтэй зарим өөрчлөлт оров. Тиймээс Засгийн газар уг тогтоолын төслийг эргүүлэн татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзээд “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан юм.

Уг төсөлд “Монгол эрдэс”, “Монгол эрчим”, “Монгол дэд бүтэц” зэрэг хувьцаат компаниудыг шинээр байгуулах талаар тусгасан байлаа. Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам гэх мэтээр манай улсын төсвийг бүрдүүлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийг төрөлжүүлэн нэгтгэж дээрх компаниудыг байгуулах аж. Тухайлбал, Оросын талтай тохиролцсоны үндсэн дээр Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Монголын талын хувь, Оюутолгой болон стратегийн ач холбогдол бүхий бусад ордыг түшиглэн Монгол Улсад ногдох хэсгийн зохих хувийг оролцуулсан төрийн өмчийн оролцоотой “Монгол эрдэс” ХК байгуулахаар тусгагдсан. Харин “Монгол эрчим” нь ураны ордод түшиглэн төрд ноогдох хэсгийн зохих хувийг оролцуулсан төрийн өмчит байгууллага байх аж.

Тэгвэл “Монгол дэд бүтэц” гэдэг нь шинээр баригдах төмөр зам болон эдийн засгийн ач холбогдолтой авто зам болон дэд бүтцийн бусад хэсэгт байгаа төрийн өмчийн активыг нэгтгэсэн төрийн өмчийн оролцоотой байгууллага болох юм. Ингээд дээрх гурван компанийн хувьцааг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалах төлөвлөгөөтэй байгаа.

Харин энэ асуудал дээр иргэд ч, гишүүд ч хоорондоо нэлээдгүй маргалдсан. Үнэндээ ч аливаа юм сайн, муу хоёр талтай байдаг хойно.

Хувьцаат компани болгож хувьчлах нь тухайн салбарын өрсөлдөх чадварыг бууруулж, монополь шинжтэй ганц хоёрхон компани зах зээлд ноёлох нөхцөлийг бий болгоно гэж зарим нь үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол орны өмч хоёр, гуравхан хүний гарт орох боломжийг бүрдүүлнэ гэж эмээж байх жишээтэй. Нөгөө талаар, 1990-ээд оны өмч хувьчлалын үр шимийг жирийн иргэд өнөөг хүртэл хүртээгүй учир энэ тал дээр манай улс туршлагагүй гэж үзэх нэгэн ч бий.

Тэгвэл Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдсанаар улс орны эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн зохистой хэлбэрийг бий болгох зорилтыг хангахад тодорхой дэвшил гарна гэж үзэж байгаа. Тэгээд ч энэ үзлийг нь УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дэмжлээ. УИХ-аар батлагдаж л орхино. Тэгэхээр удахгүй олон улсын харангийн биржүүд дээр манай амин сүнс болсон байгууллагуудын хувьцаа арилжаалагдаж эхлэх бололтой. Гэхдээ ойлгомжгүй ганц нэг асуудал байна.

Засгийн газраас оруулсан тогтоолын төсөлд уралдаант сонгон шалгаруулалтаар хувьчлана гэсэн нь мөнгө их хаяж, хахууль атгуулсанд нь л өгөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм биш байгаа даа. Нөгөө талаар, тухайлбал, “Эрдэнэт”-ийн хувиа хувьцаагаар арилжаалахын тулд нөгөө талын эзэмшигч болох Оросын талтай зөвшилцөх ёстой. Харин тэд зөвшөөрөх болов уу.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулагчид үүнийг дэмжих болов уу. Өөрсдөө хувьцаагаар мөнгөө босгож байгаа улсууд шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын дараагийн алхмыг харах л үлдлээ. Ямар нөхцөл, болзлоор тэдэнтэй зөвшилцөх нь сонин л байна.

Б.Уянга

Сэтгэгдэл үлдээх