Монгол киноны хөгжим морин хуурчдын гарт оржээ
“Гадаадад бол биднийг сонсдог оо, эх оронд минь л нэг л тоохгүй юм” гэж сэмхэн ярилцдаг асан цаг үнэндээ ард хоцорчээ. Морин хуурын чуулгын тоглолтыг үзэх гэж тасалбар түгээгүүрийн орчмоор эргэлддэг, шагийн тасалбар хайдаг болсон байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн гээд барагтай хүн түрийвчнээсээ мөнгө гаргах дургүй болсон энэ цагт чуулгын уран бүтээлийг сонсох гэсэн хүмүүс үнэндээ олон болжээ.
Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгын шинэ уран бүтээл “Play-ing love”. Энэ тоглолтын үеэр туж киноны хөгжим эгшиглэв. “Улаан дарцаг”, “Би нисэх дуртай”, “Энэ хүүхнүүд үү”, “Алтан өргөө”, “Мандухай сэцэн хатан”, “Үхэж үл болно, Чингис хаан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг монгол уран бүтээлчдийн монгол хөрснөө буусан бүтээлүүд. “Legend of 1900″, “Crouching tiger hidden dragon”, “Schindler’s list” гэхчлэн гаднын бүтээлүүд ч бас байлаа. Хүмүүсийн илүү сайн мэддэг нь Солонгосын “Тэ Жан Гүм” хэмээх олон ангит ажээ. Чуулгынхан солонгос үндэсний хөгжмөөр тоглож буй мэт л “туялзуулахад” Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангийн 7-8 настай болов уу гэмээр солонгос хувцастай хөөрхөн жаалууд “У нар у нара…” гэж дуулахад нь танхимд шуугиад л явчихлаа. Алга ташиж байна, зарим нь дагаж дуулах ажээ. Дан хөгжмийн тоглолт үзээд удаан суух бас ч гэж амар биш. Хүүхдүүдийн ийм хөнгөн дуу, хөөрхөн жүжиглэлтийн үзүүлбэр дунд нь шигтгэсэн тоглолтыг найруулсан уран бүтээлчид талархаж суулаа.
Ер нь монгол киногоо үзсээр суугаад бид чинь цэг таслалыг нь ч андахаа больсон юм байна гэдгийг киноны хөгжим эгшиглэсэн энэ өдөр үнэндээ сайн ойлголоо. Заримаас нь тайлбарлах гэж оролдъё. Хөгжим хэрхэн сонсогдсон талаар бичих гэснээс сонсоод юу төсөөлснөө зураглах нь дөхөм ч юм шиг.
“Энэ хүүхнүүд үү” киноны хэсэг. Нэгдлийн дарга Жамц чамбай сайн зоотехникчээ дагуулаад Улаанбаатар хотод иржээ. Хүү нь тэднийг угтаж байна. Тэд таксинд суулаа.
…-Хүү минь ээ, чи нэг бүсгүйн тухай яриад байсан, юу болсон бэ?
-Архангай явна гээд л яваад өгсөн, хаана яваа юм мэдэхгүй ээ гэхэд зоо техникч “Одоо ч нөхөр дагаад талийсан байлгүй” гэх. Нэг нэгнээ жигтэй санасан амрагуудын харц мөргөлдөн, ширтэлцэхийг жолооч хархүү толиндоо харан гайхан алмайрна… Хөгжим сонсоод инээд хүрч, толгой хаялан, хөлөө дороо товшин суулаа. Хөгжимчид маань ч ялгаагүй. Эдгээр нь тэдний хувьд шинэ хэдий ч бэлтгэл сургуулилалт хангалттай хийсэн бололтой, аргагүй гарт нь оржээ.
Тэгтэл нэг л түгшүүртэй аялгуу яваад эхэллээ. Нэгдлийн орлогч дарга зоо техникчийг эмэгтэй хүн гэдгийг цонхоор нь хараад мэдчихлээ. Даргынх руугаа амьсгаа нь дээрдэн гүйж явна, мэдээж харснаа хэлж хов зөөхөөр тэр…. Дарга аа, дарга аа… Яг л харагдах шиг боллоо.
Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай кинонд, найрал хөгжимд зориулсан бүтээл нь морин хуурын татлагад ийн сонсогдохыг хэрэв сонссон бол хэрхэх байсныг бүү мэд. Л.Мөрдорж, Г.Бирваа, З.Хангал, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлүүд, чихэнд дасал болсон аялгуунууд… нэгэн үдэш сонсон суухад таатай байлаа.Ритмтэй аялгуу ийм өөр.
“Тань руу нүүж явна” киноны хөгжим эгшиглэлээ. Данхтай цай барин нүүдэл тосон алхалсан ээж өөрийн эрхгүй сөгдөөд суулаа, уйллаа. Түүнийг чиглээд хоёр охин эмээ, эмээ гээд гүйж явна. Араас нь хамгаас хайртай, долоон жил хүлээсэн хүүгээ эмээгийнх нь дэргэд өсгөхөөр тэвэрсэн аав нүүдэл ахлан айсуй… Суудал дээрээ бүжиглэх нь дөхөж байсан үзэгчид нам суулаа. Уяхан заримынх нь нулимс унасан биз.
Бүтэн оркестр, 60-70 хүнд зориулсан, ийм том хэмжээний бүтээлүүдийг хуурынхаа чуулгад зохицуулан хөрвүүлсэн нь Д.Түвшинсайхан. Түүнийг хөгжмийн орчуулагч гэвэл илүү ч ономоор ч юм шиг. Хөрвүүлсэн Д.Түвшинсайхан, удирдаач Д.Түвшинсайхан… Ер тэнд Түвшинсайхангүй юм алга.Тэр үдшийн од нь тэр байлаа.
Чуулгын менежер, хуурч Ж.Уугантуяагийн хэлснээр энэ тоглолт уг нь хоёр өдөр, өөрөөр хэлбэл энэ сарын 22, 23-нд л тоглох төлөвлөгөөтэй байж. Гэтэл тасалбар эрж хайсан үзэгч олноо хүндэтгэн 24-нд тогложээ. Гэтэл дахин бөөн захиалга. Ингээд энэ сарын 29-ний баасан гаригт дахин тоглохоор тогтож.
Морин хуураар зөвхөн морин хуурт зориулсан бүтээл л тоглоно, эсвэл уртын дуугаа л дагаж хуурдана гээд зөрүүдлээд суугаад байсан бол энэ чуулгыг гэх үзэгчдийн тоо ингэтлээ өсөхгүй байсан биз ээ.
Э.Тэмүүлэн




odoo tom hemjeenii hugjmiin zohiol bichij chadah hun er ni alga baina shuu dee. simfony baitugai iimerhuu chuulga toglochikh ch shine yum baihgui bna. harin yahav khuuchnaas ni tohiruulaad togloj bgaa ni bas yum khiigeegui bish hiij bna gesen ug l dee.
munhbold geed ug n nileen changa gariin hugjmiin zohiolch baidagshd…hugjim n nileen gunzgii yum shig.