Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Зүгээр л тэнгэр хангайгаа ”тослоод” баймааргүйсэн

Монгол хөдөө аж ахуйн орон мөн үү биш үү. Тал дүүрэн бэлчих таван хошуу малаа харвал ам бардам мөн гэмээр. Харин үнэтэй мах, цагаан идээ хэрэглэж буйгаа бодохоор биш гэсэн ч буруудах зүйлгүй. Нийт малынх нь тал хувийг ямаа эзэлдэг атал ноолууран хувцасыг хэдхэн бийлэгжүү хүмүүс нь л худалдаж авах чадвартай. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр малч удмынхан энэ өвөл зуд турханд дайрагдаж хот хөдөөгүй зутарч байна. Нийслэлчүүдийн зарим нэг нь хөдөөнийхөн махаа үнэтэй зардаг тэдэнд туслах хэрэг байна уу гэх. Харин нөгөө тал нь бидний гap дээр бэлэн мөнгө байхгүй тул цагаан идээ, махаа үнэтэй зарахаас өөр аргагүй хэмээн гүрийнэ. Үүний дундаас ченжүүд нь хөөрхөн хэдэн төгрөг унагаж олны дургүйцлийг улам дүрэлзүүлнэ. Орон нутгаас зудад үхсэн малын гуяны махыг шулж нийслэлд оруулж ирж байна гэсэн сураг чих дэлсэв. Үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад одоогоор ийм зөрчил гараагүй хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ юмыг яаж мэдэхэв ийм үйлдэл гарахгүй гэх баталгаа үгүй. Дөнгөж зудын сураг дуулдаж эхэлж байхад л Баянхонгор аймгаас чанарын шаардлага хангахгүй хэдэн тонн махыг нийслэлд нэвтрүүлэхийг завдсан удаатай.

Бид энэ өвөл хамгийн элбэг зүйл болох махныхаа үнийг дотооддоо хөөрөгдөж өөрт ч өрөөлд ч хэрэгцээгүйгээр малаа саяар нь үхүүлж орхилоо. Хэрэв зуданд хорогдсон 1.5 гаруй сая малыг доройтож муудахаас нь өмнө мах, махан бүтээгдэхүүн болгон экспортолсон бол зүгээр л нэг тэнгэр хангайгаа “тослохгүй” байх байсан биз. Бидэнд энэ өвлийнх шиг зуд дахиад лав тохионо. Ийм цаг үе ирэхэд өнөөдрийнх шиг дотоод гадаадаас хандив тусламж цуглуулах төдий ажил хийгээд сууж байх нь инээдтэй хэрэг. Монголд юу л байна мах байна шүү дээ. Малчдын амьдрал хэцүүдэж байна хэмээн шагширхаас урдаар махаа дэлхийн зах зээлд хэр-хэн нийлүүлэх замыг хайвал олон эрсдлийн хаалгыг хаах нь ойлгомжтой. Гадаадад мах экспортлоход саад бэрхшээл олон. Гадныхны нарийн шалгуур, далайд гарцгүй байдал нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ энэ бол мах экспортлоход саад болох хангалттай шалтгаан биш. Бидэнд бэлчээрийн чанартай мах нь байж байна.

Манай улс жилд дунджаар 10-15 мянган тн мах экспортолдог. Харин өнгөрсөн онд энэ тоо өсч 18 мянган тн болсон байна. Мэргэжлийн хүмүүсийн тооцоогоор экспортыг 40 мянга орчим тн болгох боломжтой хэдий ч бог малын махыг гадныхан төдийлөн сонирхдоггүй аж.

Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар Монголын махны холбоо үхрийн 7000 тн, адууны 8300 тн, хонины 560 тн, ямааны 220 тн мах тус тус экспортолсон байна. Энэ бол чамлахааргүй тоо. Гэвч бид бэлчээрийн малын махыг олон улсын зах зээлд хангалттай сурталчилж чадахгүй байх щиг. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 20 гаруй махны үйлдвэрүүд л хааяа нэг монголын бэлчээрийн адуу, хонины мах хэмээн олон улсын зарим нэг махны үзэсгэлэн яармагт орж харагддаг. Манай улс махныхаа 90 хувийг ОХУ руу гаргадаг. Үнийн хувьд дотоодын зах зээл дээрх борлуулалтаас хямд экспортолдог. Тухайлбал адуу, үхрийн махыг 1.6-1.7 ам.доллараар гаргадаг байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Хөдөө аж ахуй яамнаас (USDA) нэгэн таамаглал гарчээ.Энэ онд үхрийн махны дэлхийн үйлдвэрлэл нэг хувиар буурах аж. Харин Бразил болон Энэтхэгт үйлдвэрлэл нь өсөх бол Аргентин, Хятад болон АНУ-д буурах төлөвтэй байна. Мөн Хятадад буурах агаад үйлдвэрлэл нь 2003, 2004 оны түвшинд хүрэх гэнэ. Бразилд дөрвөн хувиар нэмэгдэх аж. Түүнчлэн үхрийн махны экспорт, импортын хувьд Энэтхэг улс бусад орноос нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэж USDA-ийн шинжээчид үзсэн байна. Тухайлбал, тус улс энэ онд үхрийн махныхаа экспортыг 700 мянган тоннд хүргэх гэнэ. Аргентины хувьд энэ җил экспортоо бууруулах бөгөөд ялангуяа Европын холбоо, Чили, ОХУ, Венесуэл болон Израильд хөлдөөсөн болон хөргөөсөн махны нийлүүлэлтээ багасгах юм байна. ОХУ эдийн заегийн өсөлтөөсөө шалтгаалж, энэ жил үхрийн махны үйлдвэрлэлээ багасгах тул импортынхоо махыг 11 хувиар нэмэгдүүлэх аж.
Манай улс махныхаа үнийг дотооддоо хөөрөгдөх бус гадаад зах зээлд бусад орнуудын үнийн зиндааяд хүргэх шаардлага байна. Тэд биднээс чанартай мах шаардах нь дамжиггүй. Гэхдээ бид энэ шалгуурт хичээвэл бүдрэхгүй. Үүнийг төр засаг маань бодлогын хүрээнд авч үзэж анхаарч гэмээнэ малчдын амьдрал сайжирч бид үнэтэй махнаас ангижирна.

Т.Сэлэнгэ

2 Сэтгэгдэлүүд

  1. Сая саяяарнь жил бурийн зуданд алдаад тэнгэрийн ам хараад cee; байхаар алин хэдийн ceehmiby мал аж ахуйгаа оосрдийн тарьж бордуулсан тэжээлээр тэжээдэг болж суурин хэвшилийн бэлчээрийн нуудэлийн биш хэлбэрт шилжих цаг аль хэдийн болсон u’; jqkujjl байнаа!

  2. Суурин аж ахуй бий болгохын тулд юуны омно газараа хувьчилж малчиддаа хувь тарааж огох [‘h’un’q дараань улсаас тусгаа фонд бий болгон эхний уед тусалж мал осгох тэжээл тарьдаг том том аж ахуй бий болговол яваандаа ceehby аж ахуйнуудад малны тоо эрс осож гадаадруу олон улсын хэмжээгээр мах махан бэлэн бутээгдэхуун экспортолдог болох боломж бимй болно.Жил бур байгалын хямрал хараад малаа сая саяаарнь алдаад ceeuffl байх чинь тэнэг асуудал моноосоо мон!Алдаад ухуулээд байгаа малынхаа дундаж тоого тооцоод намарнь ухэхээснь омно нядлаад гадагшнь махаарнь гаргаж монго болгоод n’h монгоороо ceehby аж ахуй байгуулж болохгуй гэжуу?Нийтдээ залхуурцгаагаад байгаа юм бишуу?

Сэтгэгдэл үлдээх