Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Хүн л юм бол нүглийг тэвч

Хүн гэдэг амьтны амьдрахуйн зам мөр юу вэ гэдгийг бурхан багш сургаалдаа нэн тодорхой айлдсан байдаг аж.

Тэр нь товчхондоо “Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хичээж, нисваанисын таван хоронд хордохгүй байж, хүн болоод бусад хамаг амьтанд чадал бололцооныхоо хэр чинээгээр туслах, тус болж эс чадвал ямар нэг хэмжээгээр хор болохгүй байх ёстой” гэсэн үг юм байна. Нөгөө талаас сүнс буй, хойт төрөл буй, үйлийн үр бий гэснээрээ энэхэн нэгэн насны амьдралын хайр, энэрэл, зөв ариун явдлын тухай сургадаг бусад шашны номлолоос давуу бөгөөд чухам үүгээрээ энэ насандаа зөв явбал хойт төрөлдөө зовохгүй байхын утга учрыг ухааруулж өгсөн нь гайхалтай юм.

Бурхны энэ сургаалын мөн чанарыг ухаж мэдсэн хүн дараа төрөлдөө зовлон эдлэхгүйн тулд буюу доорд муу заяанд адгуус, бирд болох, эсвэл бүр тамд унахгүйн тулд энэ насандаа бурхны сургаалыг дагаж зөв явахыг эрхбиш чармайх нь зүй. Үүнийг энгийнээр хэлвэл, байгууллагаасаа хулгай хийвэл, хааяахан боловч архи уугаад ажлаа оромдоод байвал нэг л өдөр баригдаж ажлаасаа халагдах тул хүн хулгай хийхгүй, архи уухгүй байхтай л адил юм. Өөрөөр хэлвэл, “Энэ бие үгүй боллоо ч сүнс маань өөр нэгэн биед очоод цаашид амьдрахдаа зовлон битгий эдлээсэй” гэх бодол бурхны шашныг дээдэлдэг хүнд байдаг тул худал хуурмаг, хулгай зэлгий, луйвар дээрэм, алуур тонуул, гүжир гүтэглэг, авилга, албан тушаалын зэрэг ямарч аргаар хамаагүй энэ насандаа л жаргахыг хичээх мунхаглалаас ийм хүн ангид байх нь ойлгомжтой. Иймээс “Номт орон”-ны хүн бид бурхан багшийнхаа сургаалыг ёсчлон дагаад нүгэл хилэнцгүй, нисваанисгүй байж, бусаддаа тус дэмтэй, энэрэн нигүүлсэхүй сэтгэлтэй байх аваас нийт даяараа амгалантай байхсан.

Эрхбиш энэ мэт зүйлийг бичиж суугаа хүний хувьд зарим хүн төдийлөн анхаараагүйгээс сайн мэдэхгүй байж болох арван хар нүгэл гэгч юу болох талаар товчхон үгүүлэхийг хичээе. Бусдад тус болох, тус болж эс чадвал хор хүргэхгүй байх гэдэг нь хэнд ч ойлгомжтой буйзаа.
Бурхны сургаалд бие, хэл, сэтгэлийг ямагт хамт авч үздэг нь ихээхэн учир утгатай бөгөөд буяныг ч, нүглийг ч хүн биеэр, хэлээр, сэтгэлээр үйлддэг юм байна.

Нэг.Биеэр үйлдэх 3 нүгэл гэгч нь амьтны амь таслах, хулгай хийх(эс өгснийг авах), садар самуун явдал(буруу хурьцал) гэнэ.

1.Хүн, амьтныг хооллохын тулд буюу бусдын тусын тулд адгуулж буй амьтнаасаа амийг нь хороох нь яалт ч үгүй хийх нүгэл юм. Гэвч үүнийг хийхдээ “алъя” гэж сэтгэж, “аллаа” гэж хэлэхгүйгээр үйлдэх ёстой байдаг аж. Амьтныг “ална даа” гэж хэлэх, алчихаад “аллаадаа” гэж сэтгэл ханах нь бие, хэл, сэтгэлийн 3 нүглийг зэрэг үйлдсэн болдог байна. Бидний дээдэс “мал муулах”, “хонь хийх”, “ан авлах” гэх мэтээр ярьдаг нь ийм учиртай бөгөөд энэ үедээ маань уншиж, зул өргөдөг байсан бөгөөд одоо ч хөдөө орон нутагт тийм л байгаа билээ. Одоогоор хүн бүрийн мэддэг “энерги” гэдэг ганц үгээр олон зүйлийг тайлбарлаж буй орчин үеийн шинжлэх ухаан “Алуулж байгаа амьтны нь гомдлын хар энерги алж байгаа хүнд хүрч, хувь заяанд муугаар нөлөөлнө” гэж байгаа нь амьтан алахаа нүгэл гэж боддоггүй юмаа гэхэд өөртөө муу энерги авахгүй гэсэн аминч бодлынхоо төлөө амьтан алахаас татгалзах сэтгэлийг төрүүлэх сайн тайлбар юм.

Бурхны сургаалыг ухаараад ч бай, энергийн энэхүү тайлбарыг ойлгоод ч бай ямарч зорилгогүйгээр буюу бусдын тусын тулд бишээр амьтныг зугаа цэнгэл, тоглоом тохуугаар алж устгахгүй байхыг хүн бүр хичээлтэй билээ. Бууныхаа цэцийг шалгах гэж шувуу, хулгана зурам буудах нь ямар ёс вэ? Тэдгээр амьтад хэнд ямар хор хүргэж, гай тариа вэ? Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг юм гэнэ хэмээн яргуйн бор гөрөөсийг буудан алж цусыг нь залгилах ямар вэ? Жилд нэг аяга цус ууснаар хүний бие сайн сайхан байна гэдэг үнэн гэж үү? Яргуй идсэн амьтны цус уухын оронд яргуй таслаад өөрөө идсэн нь илүү биш үү? Чоно гэдэг амьтан “Адил хийморьтойд нь үзэгдэнэ, илүү хийморьтойд нь алагдана” гэж хэзээ, хэнд хэлчихсэн юм бол? Чонын энэ адтай “үгэнд” итгэчихээд чононоос илүү хийморьтойгоо өөрт нь болон хүмүүст харуулах гэж хөөрцөглөгчдийг яалтай вэ? Ер нь тайван энх энэ цагт гэртээ номгүй, ном уншдаггүй хэрнээ хэд хэдэн буутай, түүгээрээ сав л хийвэл амьтан буудаж байх нь ямар ёс вэ?

2.Бусдын эд зүйл, оюуны бүтээл зэргийг өөрөө өгөөгүй байхад нь нуун авах нь хулгай юм. Хэрэгтэй эд зүйлээ алдаад түүндээ харамсан шаналах, дахин олж авахын тулд зовж зүдрэх зэрэг бие, сэтгэлийн зовлонд хүнийг унагадаг тул манай ухаант дээдэс хулгайг “хол гай” гэдэг байж. Ерөөсөө ч “хол гай” гэдэг үг “хулгай” болон хувирсан нь ойлгомжтой. Мөнөөх энергийн тайлбараар бол юмаа алдсан хүний юмандаа харууссан сэтгэлийн хар энерги хулгайчид муугаар нөлөөлнө. Ийм болохоор өөртөө муу энерги авахгүйн тулд хүн л мөн юм бол хулгай хиймгүй билээ. Хулгайч “холгайнхаа” балгаар хэзээ ч сайхан амьдардаггүйг бас бодолтой.

З.Буруу хурьцал буюу садар самууны тухайд гэвэл буруу газар(бурхан шүтээн, ахас ихсийн дэргэд), буруу цагт (буян ном үйлдэх үед), буруу эрхтнээр (ам, гар мэтээр), буруу хүнтэй юмуу амьтантай (бусдын эхнэр, нөхөртэй юмуу амьтантай) гэх мэтийн олон буруу байдаг аж. Энэ бүхэн буянд, эрүүл мэндэд, ёс зүйд, эв эед харш тул энэ мэтийг тэсч тэвчиж чадах нь айж ичихийг үл мэдэх адгууснаас ялгарах хүний наад захын шинж юм.

Хоёр. Хэлээр үйлдэх 4 нүгэл нь худал хэлэх, ширүүн үг (хараал) хэлэх, дэмий чалчих, хов зөөх эдгээр гэнэ.

1 .Худал хэлснээр бусдын итгэлийг алдах, төлөвлөсөн ажлыг нураах, хайран цагийг үр ашиггүй үрэх, бусдад эд мөнгөний их, бага гарз учруулах зэрэг олон сөрөг үр дагавартайн дээр хохирсон хүний бухимдсан сэтгэлийн сөрөг муу энерги худалчид яавч сайнаар нөлөөлхгүй тул өөрт нь ч гайтай юм. Байгууллага бол ажлаас нь халж л худалчаас сална. Хань нь, найз нөхөд нь яадаг бол?
Харин бусдыг нүглээс аврахын тулд, тухайлбал архинаас гаргах, хүн алах гэж байхад нь зогсоох, хүүхдэд чихэр гэгч хорыг идүүлэхгүйн төлөө зэрэгт түүнийг худал хэлэн хуурах явдал байдаг бөгөөд үүнийг цаад уг шалтгаанаар нь нүгэлд тооцдоггүй гэж бурхны номонд айлдсан байна.

2.Хэн ч аядуу зөөлөн ярианд дуртай. Уг нь математикч боловч одоо ургамал судлаач болчихоод байгаа Л.Жаргалсайхан гэж миний нэг эрдэмтэн анд найз байдаг юм. Түүнтэйгээ утсаар мэнд усын төдий ойр зуурын юм ярихад л жигтэйхэн сайхан тайвширлыг мэдэрч, сэтгэл амирлаад үгээр хэлэхийн аргагүй нэг их сайхан болоод явчихдаг юм. Ийм хүн олон байгаасай. Гэтэл сав л хийвэл ааг омог, сүр хүчийг үзүүлсэн гэмээр уур уцаартай, харгис ширүүн үг яриатай хүн олон болоод байгаа нь олон холхисон гудамжнаас ч, “шилдгүүд” маань хурсан УИХ-ын танхимаас ч харагдах л юм. “Тэд тэгэж байхад би яадаг юм” гэсэн бодолтой хэрүүл, зүхэл, хараал урсгагчдын тоо нэмэгдэх бий гэж зовиноно.

3.Дэмий чалчих нь их ажил амжуулах, их буян хураах хайран цагийг устгаж байгаараа ихээс их нүгэл юм. Ажлын цагаар нэгнийхээ өрөөнд ороод утга учиргүйг хаман шимэн чалчих, амралтынхаа цагаар найз нөхөд учраад энгүүн сайхан хуучлах хоёр ихээхэн өөр билээ. Чалчих үед хэн нэгнийг юмуу, хэсэг бүлгийг муучлах, гүтгэн гутаах яриа давамгайлдаг бол хуучлах үед сайн сайхныг дурсах, бусдын сайн үйлээр бахархах нь гол сэдэв болдог.

4.Хов зөөх бол хүмүүсийг хооронд нь хагаралдуулахын сонгодог жишээ мөн. Эв найртай, хайр хүндэтгэлтэй байсан хүмүүс хов живийн уршгаар бие биенээ үзэхээ болино гэдэг эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил үйлсийн тухайд мөн ч том хор хохирол.

Гурав.Шунахайрах, хорлох сэтгэл төрөх, буруу үзэл нь сэтгэлээр үйлдэх 3 нүгэл юм.

1.Эд мөнгө, алдар нэрэнд шунах нь хар тамхинд донтохтой агаар нэгэн буй. Орох орон, оочих аяга, өмсөх хувцастайдаа сэтгэл хангалуун явахын оронд удам судраараа, хэдэн үеэрээ идээд барахгүй хогшилтой мөртөө бизнес гэх нэрийн дор тэнд ч газар ухаж, энд ч байшин барьж, өчигдөр архины үйлдвэр, өнөөдөр янхны газар байгуулагчдын солиоролыг гайхаж үл барна. Ийм хүмүүс хойт насандаа юу ч давж орох аргагүй утсан хоолойтой мөртөө далай харамлах сэтгэлтэй бирд гэгч зовлонт амьтан болж төрөх тавилантай ажээ.

2.Бусдад зүйл бүрээр туслах ёстой хүн атлаа юухнаар ч болов бусдыгаа хорлох сэтгэлтэй байна гэдэг тун ч олиггүй. “Миний таньж мэдэх хүмүүсээс хэн иймэрхүү зантай билээ, надад бусдыг хорлох сэтгэл хэзээ нэгтээ төрсөн үү” гэх мэтийг хааяахан ч болов эргэцүүлж байх нь бусдад хорлогдохгүйн, бусдыг хорлохгүйн “толгойн сэргийлэх” болж чадна.

З.Буруу үзэл гээч бол товчхондоо бурхны сургаалын эсрэг үзэл баримтлал юм. өөрөөр хэлвэл, нүгэл үйлдэж болохгүй гэхэд болно гэх, сүнс гэж, хойт төрөл гэж бий гэхэд байхгүй гэх, үйлийн үр гэж байдаг гэхэд байхгүй гэхийг буруу үзэл гэж ойлгож болох юм. Буруу үзэлтэй хүн бол, тухайлбал, америкийн кинонд гардаг хүмүүс бол хүнийг зүгээр л гөлөг шиг буудчихна, харин бурхны номыг баримталдаг хүн бол гөлгийг ч ширүүн үгээр зандрахгүй.

Хүн болж төрсөн, улмаар бурхны номтой учирсан чөлөө учралт хүний амьдралын гол учир утга нь бусдад тус хүргэхийг чин зорилгоо болгон нигүүлсэхүй сэтгэлийг өөртөө дадуулах явдал аж. Энд “бусад” гэдэгт зөвхөн хүмүүсийг бус хамаг амьтныг ойлгох ёстой бөгөөд “тус” гэдэгт өчүүхэн төдий сэтгэлийн болон эд зүйлийн өглөгөөс эхлээд уг амьтныг зовлонгоос нь, бүр зовлонгийн шалтгаанаас нь хагацаах гэж ойлговол зохино.

Буян огт хийхгүй байх, их бага аливаа нүгэл үйлдэх нь адаг 3 муу заяанд унагах, тэгснээрээ хүн байхад амсаж эдэлсэн зовлонтой зүйрлэшгүй аймшигт зовлонд шаналахын эх сурвалж шүү гэдгийг үүнийг мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй хүнд сайтар номлон ухааруулаад өгөх нь тухайн хүнийг зовлонгоос, зовлонгийн шалтгаанаас хагацааж байгаа хамгийн том буян юм. Мөнгө, алдар хүндэд шунасан хүнд мөнгө ч, алдар хүнд ч жаргал биш, харин зовлон гэдгийг ойлгуулаад өгөх ч их тус буян. Хавханд орсон тарвагыг алахын оронд тавьж явуулаад хавхны эзэнд дахин хавх тавихгүй байхыг сэнхрүүлээд өгөх нь тэр төдийгүй бүх тарваганы тухайд зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас нь хагацааж байгаа сайхан тус мөн.

Хүн гэдэг ухаант амьтан буяныг шамдаж, нүглийг тэвчиж, бусдад буй бүхнээрээ тусалж, хөөрхийсийг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацааж чадахын эх сурвалж нь нисваанисгүй амьдрал аж. Нисваанис хэмээх нь сэтгэлийн 5 хор болох уур, шунал, мунхаг, омог, атаархал гэнэ…

2010.01.13

МУСГЗ Д.Данзан

4 Сэтгэгдэлүүд

  1. Lam dor itegmoi
    Burkhan dor itegmoi
    Nom dor itegmoi
    Hursan hubrag dor itegmoi.

  2. ene ih idej uudag 76 haana ochoh bol

  3. harin tiimee. ene 76 ch hoorhii min majiihdaa ih zovno doo. gal haluun togoond sharagdah uheh bailgui dee.

  4. Данзан ямарч ламаас илүү ойлгомжтой үгээр тайлбарласан байнаа буяан чинь дэлгэрэх болтугай. Манай лам нар залуусыг өөрийн шашинаас хөндиирүүлээд байгаа гол шалтгаан нь бурханы сургаалыг өөрийн үгээр монгол хэлээр тайлбарлан таниулдаггүй, номлолоо монгол хэлээр биш, төвд хэлээр юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юм хэлээд байгаа д учир дутагдал нь оршиж байна гэж боддог.Бурханы шашин бол буруу зүйл хийлгэхгүй гэж сургаж байхад хирист нь хүн алж хүрээ талаад байсан ч нэг өдөр ертөнцийн эзээн би буруу юм хийжээ уучилаарай гэхээр л болчих юм шиг хэлээд байгаа нь буруу үзэл болохыг харуулаад байгаа юм.
    Бурхан дор мөргөе
    ном дор мөргө
    Хувраг дор мөргөе

Сэтгэгдэл үлдээх