Тууль хайлах, бөө бөөлөх хоёрт адил төстэй зүйл олон байна
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсны отгон хүү Балдандоржтой хөөрөлдлөө. Тэрээр урианхай тууль хэмээх агуу гайхамшгийг дараа үедээ өртөөлөн хүргэх эрхэм хувьтай нэгэн билээ.
-Авирмэд гуайн үр удам авьяасыг нь өвлөөд явж байгаа юм байна. Анх хэдэн настайгаасаа хөөмийлж эхэлсэн бэ?
-Анх 12-13 настайгаасаа аавыгаа айлд хонон өнжин байж тууль хайлахад дэргэд нь байж цайг нь дөхүүлж өгдөг байлаа. 18 хүрч байж бие даасан туульч болсон доо.
-Тууль хайлж сурна гэж яг юуг нь хэлдэг юм бэ. Дэг жаягийг нь сурах ёстой юу, үг үсгийг нь тогтоох ёстой юу, эсвэл үйл явдлыг нь тогтоодог юм уу?
-Туульд тогтоосон дэг жаяг гэж байхгүй. Туулийг цээжилж сурдаггүй. Туульд гарч байгаа үйл явдлуудыг дэс дараагаар нь тогтоож аваад, өөрийн цэцээр өгүүлэн хэлээд явчихдаг.
-Тууль хайлж эхлэхдээ Алтайн магтаалыг заавал хайлах ёстой юу?
-Туульчид эхлээд Алтайн магтаалаа заавал хайлж Алтайнхаа савдаг шивдгийг дууддаг. Тэгж байж туулиа эхэлдэг. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэдэг үгтэй.
-Алтайн магтаалыг хайлаад эхлэхээр биед янз бүрийн өөрчлөлт ордог уу? Бөөгийн онгод ордогтой адилаар…
-Орно. Алтайн магтаалаа аялгуулан хайлж, уул усны эздээ дуудаж даатгаад явж байхад бие эвгүйрхэх, хачин оргих зэрэг янз бүрийн байдал мэдэгдэнэ.
-Тууль хайлах, бөө буух хоёрт адил төстэй юм олон байх шиг санагддаг юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Туульд болж байгаа үйл явдлууд нь дээд тэнгэртэй заавал шүтэлцээтэй байдаг. Дээд тэнгэрт гарсан бодьсадва, орой дээрээс охор толгойд тэргүүн болж явдаг заяач нартай уулзах нь бөөгийн шашны тэнгэртэй харьцаж байгаа байдалтай туг төстэй шүү.
-Заяачийн бууж ирж байгаа нь харагдах, мэдрэгдэх, өөрийн чинь мэдрэмж хурцдах гэх мэт тодорхой өөрчлөлт мэдрэгдэх үү?
-Тууль хайлж байхад нүдэнд бодит дүр харагдах, биед өөрчлөлт орж өөрийгөө мэдэхээ байх үе байдаг. Унтаж байгаад сэрж байгаа юм шиг болох үе ч байдаг.
-Өөрөө хэдэн тууль хайлдаг вэ?
-Би 6-7 тууль хайлдаг. Аав маань 12-13 тууль хайлдаг байлаа. Манайхан удам дамжсан туульчид. Дээд өвөгт минь Жилхэр гэж алдарт туульч байсан. Лавтай арван үеийн туульчидтай удам.
-Айл гэр, хувь хүнд засал хийх зорилгоор тууль хайлах нь бий. Өөрөө ямар ямар туулийг ямар засалд зориулж хайлдаг вэ?
-”Довон хар бөх”, “Наранхүү хан”, “Зул алдар хан” гэсэн гурван догшин тууль байна. Энэ гурван догшин туулиар гай барцад, хэл ам, үхэл зовлон бүгдийг засдаг. “Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Хүдэр мөнгөн тэвнэ”, “Хүрэл алтан дөш” гэх мэт туулиуд бол дандаа хишиг буян, үр хүүхэд, ханийн заяа дууддаг туулиуд юм.
-Галын засал хийдэг тууль гэж байх уу?
-Долоон догшид туулиар айл өрхийн юу бүхнийг тэр чигт нь засдаг.
-Туулийг асар удаан хугацаагаар хайлдаг гэдэг. Дээд тал нь хэд хоногоор тууль хайлдаг вэ?
-“Довон хар бөх”, “Талын хар бодон” гэх мэт туулиудыг бол өвлийн өдөр мал хотлоод нар бууж бүрэнхий болох үед хайлж эхэлдэг. 16-17 цагийн үед гэсэн үг. Маргааш өглөө нь 9 гэхэд завсарлаад орой нь дахиж үргэлжлүүлээд хоёр шөнө явж дуусгадаг юм. Тасралтгүй явбал бараг 24 цаг хайлна гэсэн үг. Гэхдээ туульч маань биеэ засах, хоолой амаа зайлах, цай уух зэрэг завсарлага дунд нь авдаг.
-Одоо манайд жинхэнэ туульчид хэд байна?
-Би тэрийг ёстой хэлж чадахгүй. Яг жинхэнэ туульч гэж алга. Бүтэн тууль хайлж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө урианхай тууль устаж байгаа гэж хэлэхэд болно.
-Та өөрөө бол бүтэн хайлна биз дээ?
-Тэгнэ ээ.
-Та урианхай туулийг уламжлуулж үлдээх, сургах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Урианхай хэл өөрийн гэсэн хэлзүйн онцлог, өөр аялгуу аялгатай байдаг. Хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Компьютер, зурагт шохоорхоно уу гэхээс товшуур барьчихаад тууль хайлж, үлгэр сонсоё гэх хүүхэд байхгүй шүү дээ.
-Туулийн хэл урианхай ярианы хэлээс өөр үү?
-Өөр. Тууль хайлахад хамаагүй өөр аялгатай. Хүн амар ойлгоод байхгүй. Урианхай хөгшчүүл ойлгоно. Залуу хүмүүс нэг их ойлгохгүй.
-Та тууль хайлж байхдаа орчноос тасардаг уу?
-Би унтчихдаг юм. Хүн татаад “Одоо жаахан зогсож амрах уу?” гэхээр сэрдэг юм. Өөрөө унтчихсан юм шиг юу ч мэдэхгүй хэр нь туулиа аялгуулан хэлсээр л байдаг гэсэн үг.
-Тууль хайлж байхад туулийн үйл явдал кино шиг харагдах уу?
-Кино шиг харагдахгүй ч үе үе орж гараад л байдаг юм. Туульд гарч буй гол баатраа ямар нэг хэмжээгээр харж байдаг юм. Би тэр кинон дотор өөрөө биеэрээ ороод явчихдаг.
-Арвангурван Алтай гэлцдэг. Тэр олон Алтай маань тууль хайлж байхад дүрээрээ харагдах уу?
-Харагдана аа. Алтай нутгийн тэр их өндөр уул сарьдгууд чинь Алтайгаа магтаад явчихаар харагдана. Алтай чингэл гэж манай Монголын нутаг хэр нь Хятадынх болчихсон газар бий. Тууль хайлахад дүр нь ороод ирдэг. Тэгээд л ах дүү оргилууд бүгд орж ирдэг юм.
-Жилхэр өвгийн чинь хайлж байсан, өөрөө огт мэдэхгүй туулийг хайлъя гэвэл болох болов уу? Бөө бол урьд нь оруулж байгаагүй онгодыг дуудаад оруулчихдаг шүү дээ.
-Зориод суувал орж ирэх биз. Тухайн туулийн үйл явдлыг л мэдэх нь чухал. Зөвхөн ташуураа унагаад буугаад ташуураа аваад буцаад мордох тэрхэн хэсгийг орхиод хайллаа гэхэд л болохоо байчихдаг. Дутуу хайлвал насанд цөвтэй, маш муу гэдэг.
-“Талын хар бодон” туулийг шашны нөлөө нэлээд орсон, энд тэнд нь маань мэгзэмтэй хувилбараар нь харж байсан удаатай. Тийм маань мэгзэмгүй цэврээр нь хэлж болохгүй юу?
-Миний хайлж буй “Талын хар бодон”-д маань мэгзэм байдаггүй шүү дээ. Манай аавын хэлж байснаар бол маань мэгзэм туульд ордоггүй гэдэг. Номон дээр янз янзаар л бичсэн байдаг. “Аргил цагаан өвгөн” нэртэй туулийг шал өөр утгаар бичсэн байна лээ.
-Сарын өмнө хайлсан туулиа өнөөдөр дахиад хайлбал мөр, бадаг, үг, үйл явдал зөрөх үү?
-Мөр, бадаг, шүлэг зөрж болох ч үйл явдал зөрөхгүй. Тухайн үедээ шүлэглэж байгаа учраас мөр бадаг бол өөр байж болно.
-Туулийг жилд хайлах тоо гэж бас байдаг бололтой юм билээ…
-Нэг туулийг жилд гурван удаа л хайлдаг. Илүү хайлвал цөвтэй, болдоггүй гэдэг.
-Хайлж тэмдэглүүлсэн тууль өөрт чинь олон бий юу?
-Би Монголдоо тууль бүрэн хайлаад бичүүлсэн удаагүй. Харин солонгосууд хоёр тууль бүрэн хайлуулж бичиж авсан. “Наранхүү хан”, “Зул алдар хан” хоёроор кино хийгээд аваад явсан.
-Танай нутагт одоо өөр алдартай туульчид байна уу?
-Одоо алга даа. Аавын төрсөн ах Уртнасан гуай гэж мундаг туульч байгаад нас барсан. Уртнасан авгын хүүхдүүдээс авьяасыг нь өвлөсөн хүн байхгүй. Манайхаас бол би л байна.
-Удам тасраад дахин сэргэх боломж бий юу?
-Мэдэхгүй. Манайхан л лав тасралтгүй арван үе болж байна.
-Тууль хайлахад яг ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тууль хэлж байгаа үед мэдрэмж өндөртэй болчихдог. Тууль хайлж байгаа айл нь гай барцад багатай бол янз бүрийн асуудал гардаггүй. Гэхдээ аав маань тааруухан айлд тууль хайлж байгаад татаж унаж байсан гэдэг.
Судлаачийн тэмдэглэл: Монгол аманзохиол судлалын нэлээд судлагдсан төрөл зүйлийн нэг нь тууль юм. Гэхдээ туулийг зөвхөн хэлзүйн талаас нь судалж байсан болохоос бөө мөргөлтэй холбож үзсэн тохиолдол үгүй. Миний бие гоц үзэгдлийг сонирхон судлах явцдаа бөөгийн онго орох, туульчдын тууль хайлах хоёрт адил төстэй, бүр амин шүтэлцээтэй ч гэж болох зүйл байгааг олж анзаарснаа бататгахаар Баруун Монголын алдарт туульч Жилкэр, Авирмэд нарын залгамж А.Балдандоржтой хөөрөлдсөнөө уншигч танаа толилууллаа.
Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер урин залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна.
Хоёр дахь төстэй тал нь бөөгийн онгод орсноор тухайн бөө өөрийгөө мэдрэхээ байж, улаачийн биед орсон онгод л ярьж эхэлдэг. Энэ бол бүрэн тасардаг бөөгийн онцлог. Зарим бөө өөрийн үйлдлээ ч санаад, онгодын үг яриаг ч мэдээд байдаг. Ийм бөөг онгодоо барьж чаддаг бөө гэж нэрлэдэг. А.Балдандорж туульчийн оюун санаа зарим үед бүрэн тасарч (үүнийгээ тэрээр унтах гэж нэрлэж байна), заримдаа үйлдлээ мэдэрч хянадаг нь түүний ярианаас тодорхой байна.
Гуравдахь төстэй тал нь арга засал хийдэгт байна. Бөө нар ийм тийм засал хийхэд тийм ийм онгод дуудна гэж ярьдаг бол туульчид ямар үйлд зориулан тууль хайлах гэж буйгаасаа хамааран өөр өөр тууль хэлдэг нь тодорхой байна.
Тува, саха, баяд, торгууд тэргүүтнүүдэд ч тууль хайлах заншил бий бөгөөд тэр бүрт мөн л бөөтэй адил төстэй зүйл ажиглагддагийг эрхэм мэргэд анхааран судлаасай хэмээн хүснэ.
2010.01.19
Б.Галаарид




Бид дэндүү оросжих, баруунжих, хятаджих, солонгосжих, японжих гэж мулгуутаж байтал энэ их сайхан оюуны баялаг өв уламжлалаа үл тоомсорлосноос устгаж үгүй хийх вий гэж их эмээх юм.
гэтэл биднээс уламжлал соелоор хэд дахин ядуу киргизчүүд хүртэл тэнэнд ганц байдаг тууль хайлах урлагаа бүр харийн хүн залхамаар шүтэн дээдэлж Манас (тууль) гэдэг нэргүй гудамж, хот, онгоцны буудал, зочид буудал, ресторан тэнд үгүй. Манасаа мэдээж Юнескогийн соёлын санд аль хэдийн оруулчихсан.
Халтар хултар гадаад хэл сурсан, сурч байгаа хэн нэгэн таг туг хийсэн Монгол ч биш гадаад ч биш хэлээр ярихчаа аядаж хольж хутган ой гутмаар элдвээр маяглах байдлыг ойрд дэндүү олон ажиглах боллоо.
Монгол хүн тэгж байгаа болохоор монгол хэлээ би доромжилж байна гэж шууд ойлгож болно. Хай, бай, сорри, танкс гээд энгийнээс эхлэхэд ийм байх, цаашилбал, ланч явж идье, гоё дрес байна ч гэж байх шиг, нөгөө палаажаа дрессеер сольчихож, өө ямар куулийн гэнээ бас, мэдээллээ аптэйд хийсэн үү, инишиэйтив юу байна?, энкораж хийж ажиллуулна, батерей дуусчлаа гуднайт, синема тикет аваарай, промошн хийе гэж байхад уат ар юу дүинг? гэх мэт та одоо мэдэрч байгаа биз, удахгүй бидний ярианий байтугай бичгийн хэлний тал хувь нь Монголоо алдахаар болж.
Залуусаа бид энэ глобальчлалын давалгаанд Монголын соёл уламжлалаа бүрэн бүтэн авч явах үүрэгтэй. Өнөөдрөөс эхэлье, хамгийн түрүүн биднээс шалтгаалах зүйлд сэтгэлээ гарган хоорондоо харилцахдаа ганц ч гадаад үг хэрэглэхгүй харилцахаас эхэлцгэе! Би өөрөө 3 гадаад хэлтэй хүн (3-уулаа НҮБ-ийн хэл), Монгол хэлний гайхамшгийг магтан дуулаад баршгүй, үнэхээр баялаг, давтагдашгүй, бахархмаар шүү. Хоосон магтаал хэлж бусдын элэг доог болохгүйгээр ажилд хэрэгжүүлж анхны алхмыг хийж эргэцүүлэн бодоцгооё!
Sain baitsgaana uu?
Taliin Mongolchuud, bid Mongolooroo uldeh yumsandaa. Chin uneng helehed galaa, golomtoo avaad odiig hurgej irsen ovog deedes mini.
MONGOL TULGAR TORIIG TENGER ORSHOO.
Hyndetgesen, YM-YZ
За миний муу сайн найз нарын нэг СОЛГОЙ чамдаа амжилт хүсье. Чи удамаа таслах эрхгүй хүн шүү.Үүнийг олж уншвал хариу бичээрэй.olzii1976@yahoo.com
mongolchuud bid yndesnii negdsen shyteenee setgel oyundaa bosgovol ulamjlalt byh zan yilyyd ayndaa byren ovlogdoh bolnoo Ih hoid boo—Gegeeen Monhtyvshin ovogtoi Ganbold munkhnar.tk munkhnar.gblog.mn
Таны бичсэн нийтлэл болгоныг чадвал олоод уншчих хүсэлтэй байдаг. таны блогоор ч байнга аялаж байдаг. Таны бөөгийн тухай бичсэн зүйлүүд надад маш их таалагддаг. Би өөрийн танил тийм хүмүүст таны материалыг ярьж өгдөг. Би тэнгэртээ холбогдож монгол зоныг хэцүү цаг үеийг яаж туулахыг хэлээд өгөх тийм чадалтай хүнийг хайдаг. Би танилууддаа та нар тэнгэрээсээ тэр тухай асуугаад өгөөч гэж гуйдаг. Бидний ухаант өвөг дээдэс энэ тухай бидэнд мэдээлэх ёстой гэж боддог. Харин тэдний оюуных нь цар хүрээнд хүрэх хүн өнөөгийн энэ шидтэнгүүдийн дотор байгаа болов уу ?
Баярлалаа Галааридгуайд сайхан ярилцлага дүгнэлт байна. Цэвэр Монголын хэлсэн үг бас л ортой юм.
Хаврын хахир улирлаар алжаал юугаа тайлж амарч сувилуулья гэвэл манайхыг зориорой. Танд туршлагатай хамт олон, тайван дулаан орчин, саун усан эмчилгээ, хямд үнийг зэрэг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9811-0230, 9919-2738 дугааруудаас лавлана уу.
AMARSANAA SUVILAL