Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Цөл үйлдвэрлэгч мал

Их л том эргэлт хийхээр болж байна. Малаа цөөлье. Уламжлалт сэтгэлгээнд дэндүү харш юм. Гэвч яая гэх вэ. Монгол хүн мал хоёр эх газраасаа түрүүлж бүрэлдсэн биш болохоор ургамлаа, хөрсөө хамгаалъя. Энэ талаар их л оройтож байна. Манай улсын нийт малын 59,1 хувь нь ямаан сүрэг. 2012 он гэхэд одоо байгаагаасаа 6,3 сая толгойгоор өсч ямаа 22 сая болно гэсэн баримжаа бий. Монголыг хойморлогч Хөвсгөлд л гэхэд цөлжилт нүүрлэж эхэллээ гэх.

Бэлчээрийн даацын судалгаа хийхээр сансраас авсан зураг дээр энэ аймгийн нутагт цөлжилтийн дөрвөн цэг тэмдэглэгдсэн байна. Хөвсгөлийн баруун болон урд талын сумдын нутагт цөл бий болж байгаа аж. Эл аймаг дөрвөн сая малтай. Түүнээс сая гаруй толгой нь ямаа гэсэн. Цэцэгт ургамлыг түүж иддэг. Ургамал хомсдоод ирэхлээр үндсийг нь ухаж иддэгийм хөрс сүйтгэгчийг бид хэдэн жил их л өсгөлөө. 14 мм микрон бүхий нарийн ноолууртай ямаа манайхаас өөр хаана ч байхгүй гэдэг. Тэглээ ч түүний үр ашгийг төдийлөн гаргаж чаддаггүй шүү дээ. Нэгэн зурвас үед хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийсэн, мотоцикль, машин авч унасан гээд юм ярих байх л даа. Дэлхийн зах зээл дээр нэг кг ноолуур 80 ам.доллар хүрч байхад бид 40 мянган төгрөгт шүргэв үү, үгүй юү бөөн баяр болж байсан.

Тэртэй тэргүй дэлхийн ноолуурын зах зээлийн 73 хувийг хангачихдаг урд их хөршийнх байхад яаж ч өрсөлдөх билээ. Хятад чинь 160 сая ямаатай айл шүү.

Малын бэлчээрийн хувьд нэг га-д нэг центнер хүрэхгүй ургамал ургахтай, үгүйтэй болсон. Азид цөлжилт идэвхтэй ихэсч буй таван орны нэг болоод байгаа. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хөгжилтэй холбоотой гээд нөлөөлөх хүчин зүйлүүдийг нь нэмж, нэрлэж болох. Гэхдээ энд мал аж ахуйтай холбоотой талаас нь авч байгаа юм. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 72,5 хувь цөлжиж байна гэсэн судалгаа бий. Өсч үржин малчин зонын минь сэтгэлийг өег байлгагч амьд таван эрдэнийн оролцоо хувь цөлжилтөд чамлахааргүй их “хандив” болдог. Сүүлийн нэлээд хэдэн жилд сүргийн бүтцэд анхааралгүй явсан. Хөдөө хаана ч очсон улаан, улаан хүрэн зүсмийн ямаа хотны өнгийг нь тодорхойлж, бэлчээрийн голыг нь идэж байна. Зонхилох малчны хот энэ талаар ижилсээд байгаа нь олон жилийн өмнө ТМС-ийн хүүхдүүд формоороо жигдэрчихсэн байдагтай төстэй ч. юм шиг. Үүний өгөөж байвч, цөл үйлдвэрлэгч цөм сүрэг болоод байгаа нь харамсалтай. “Хорооны мухрыг сахимтгай, хонийг баахан дагууламтгай” ямба ихтэй ямааны толгойн тоог сүргийнхээ бүтцийн зохистой харьцаанд барьж байсан уламжлалтай. Зөвхөн ямаа гэлтгүй урт хөлийн мал ч гэсэн газраа талхалж гүйцлээ. Дөрвөн цагийн өнгөнд бэлчээр сэлгэн нүүдэг байсан нь өнгөрсөн. Өнөөдөр огт өөр нүүдэл хийж байна. Төв рүү чиглэсэн гэх нэртэй түүгээр ирсэн малчдынх Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг тойрон төвхнөж, мал нь газрын гарц, даацыг муутгаж байна. Төв, Сэлэнгэ аймгийн уугуулууд үүнд нь таатай хандахгүй байх аж. Газар тариалангийн бүсэд мал нутаглуулахгүй гэж тусгай хууль эрхийн акт гаргасан ч үл тооцгоох юм. Баруун болон говийн аймгаас нүүгчид нь Багануурыг бараадан буусан нь цөөнгүй.

Хэдийгээр Хэрлэнгийн хөндий сайхан ч мал нь хэтэрвэл Малхын тал шиг болно. Энэ талд жил бүр 50-60 мянган мал оруулж байна. Гэтэл 30 мянган мал бэлчээрлэх даацтай гэдэг.

Хэрээс нь хэтэрсэн ачааллаар байгальд дарамт үзүүлэн өөрөө эргэж нөхөн cэргэx бололцоог нь ийнхүү хааж байна бид. Газрын доройтолд өнөөгийн малчин, мал аж ахуйн талаар бодлого боловсруулагч төр аль алин нь буруутай. Түүнээс өвөг дээдсийн өвлүүлсэн мал сүрэг, малч ухааныг буруутгах гээд байгаа юм биш. Сүргийн тоондоо шүтэж явсан уламжлал байхгүй.

Бүтцийг сайтар бодон доороос нь ширвэж, бэлчээрийн ая даахгүйгийнх нь учрыг олсоор ирсэн. Орчин цагийн мал малчин хоёрын тухай 18 жилийн тэртээгээс их л яригдсан. Мөнөөх малчид маань бахь байдгаараа. Цаг үе, иргэншил гэдэг их л өөр болсон. “Гүндүүгүй монгол” малчид маань даанч сэхээрч сийхгүй сууна. Энэ үед аль аль талдаа шинэ эргэлтийн бодлого хэрэгтэй байна. Гэхдээ 1930-аад оноос хэрэгжин нүүдлийн МАА-г хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан тэр шинэ эргэлтийн бодлогоос арай өөр юм. Түүхэнд үлдсэн тэр бодлогын үр дүнд 1941 он гэхэд 27,5 сая толгой малтай болсон байдаг юм. Энд дэвшүүлж буй шинэ эргэлтийн бодлого нь эрт урьдынхын адил “Баяжигтун” гэсэн лоозонтойгоо атал мал сүргээ зүй зохистойгоор цөөлье гэсэн санааг агуулж хэрэгжвэл болох юм. Газраа хамгаалж, цөлжилтийг хязгаарлах гэж тэр. Түүхнээ алдаршсан дээрх шинэ эргэлтийн бодлогын тэр үед энэ талаар ямар бодлого барьж байсныг нэг ишлэлээр хүргэе. 1935 оны дөрөвдүгээр сард тэргүүний малчдын зөвлөлгөөн анх Улаанбаатарт болсон байдаг. “Мал аж ахуйн үйлдвэрийн зөвлөлгөөн” нэртэй болсон юм билээ. Түүнд Мал, тариалангийн яамны сайд М. Ширнэнгийн тавьсан илтгэлээс энд авлаа. “Тус улсыг бүх нутаг дэвсгэрийн хэмжээгээр бодоход нэг дөрвөлжин км дотор хонь, ямаа 11, бод гурван толгой ноогдоно. Нэг дөрвөлжин км газрын дотор манай улсын хойд зүгийн дунд зэргийн ургацтай газраар бодоход 2352 фү өвс гарна. Энэ нь зоотехник хэмээх мал үржүүлэх ухааны ёсоор бодоход жижиг мал 110, бод мал 30 толгойг нэг жил бэлчээрлүүлж хүрэлцэх жишээтэй. Үүнээс үзэхэд хойд зүгийн хангай нутгийн мал сүргийн бэлчээр нь малын тооноос илүү. Иймд хоёр дахин тийм тооны малыг бэлчээрлүүлж хүрэлцэхээр байгаа боловч манай ихэнх нутаг болох говь, говь хангайн завсар дахь нутагт туйлын бага ургац гардаг. Учир иймд бидний ойрын зорилго болбоос одоогийн байгаа газрыг зөвөөр ашиглан бэлчээрийн гарцыг дээшлүүлэх зэргээр Монголын бүх нутагт ургамлыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн байдаг. 74 жилийн тэртээ ийн хандаж, бодлогоо тодорхойлж байсан аж. Гэтэл өдгөө барьц алдаад буй нь одоо үеийнхний арчаагүйнх. Тэр цагийнхыг бодвол их нарийвчилсан тооцоог судлаач мэргэжилтнүүд элдэв цахим хувилбараар хийн гаргаж өгч буй. Түүнийг нь бодлого боловсруулагчид, төр, засгийнхан үл тоон нөгөө малчдаасаа долоон дор байгаа. Мал гэхлээр л матрын нулимс унаган “өрөвдөж”, үндэсний онцлогтой төрийн түшээд болох гэж ядсаар ирсэн. Тэрний гороор мал нь цөл үйлдвэрлэсээр хэдэн ч жил болов.

Огт юу ч хийгээгүй биш гэх биз. “Гурав нахьсан гурван хөтөлбөр” гэж манайд байдаг. Тэдний нэг нь “Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр” нэртэй. Энэ нэрээр одоогийнхтойгоо нийлээд гурван удаа хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрэг. Эдгээр нь малчин, мал хоёрт яаж хүрч байгаа бол.

Завханы Дөрвөлжин, Завханмандал, Говь-Алтайн Хөхморть, Булганы Дашинчилэн, Архангайн Хотонт, Сүхбаатарын Онгон гээд захын сумыг нэрлэхэд цөлжилт гэдэг үгэнд хамаарна. Замын-Үүд, Сайншандын чиглэлийн 233 км төмөр зам цөлжилтөөс үүдсэн элсэнд дарагдахдаа тулж түвэг уддаг. Монголын шар шороон шуурганаас Ази айж байна. Энэ бидний бахархал биш шүү дээ. Хятад манайтай хиллэдэг хилийнхээ дагуу цөлжилтийг ажиглах арван станц ажиллуулж байгаа гэсэн. Ямар сайндаа Солонгосын тал манай шар шуурга, түйрэнгээс сэргийлж, энд хамтарч мод тарих ажил эхлүүлж байхав дээ. Тэд эхний ээлжид Даланзадгад, Лүн, Улаанбаатар зэрэгт 3000 мод тарьж буй. Энэ ажлын санхүүжилтэд арав гаруй тэрбум вон гаргаж байгаа гэдэг. Солонгосын Хүнс, ХАА, ойн сайд Пак Хын Сү уг ажлын нээлтэд оролцож байсан. 2016 он гэхэд манай орны ойт бүсийг одоогийнхоос 1,6 дахин нэмэгдэнэ гэж талууд тооцож байгаа юм билээ. Ийм ажлууд үр дүнгээ өгнө л дөө.

Харин бид мал аж ахуйдаа яаж эргэлт гаргах вэ гэдэг чухал байна. “Баян Монголын хонь, ямаан сүрэг… сул асгасан сувд шиг” гээд дуулж тайтгараад байх уу. Малтайгаа байхад Монгол баян гэж сайрхан экологийн ирээдүйг эс хайхраад суух уу. Нэг удаагийн даншиг наадмаар л морь, машин хоёр тэр орчны хөрсийг эргүүлчихдэг гэдгийг үл тоон наргисаар байх уу. Мал чинь цөл үйлдвэрлээд байна. Малчин Монголчууд аа. Хожмоо мал нь ч, хүн нь ч байх газаргүй болчиход ойртож явна биш үү.

Б.Цогзаяабаатар

2 Сэтгэгдэлүүд

  1. yariad l bdag, yariad l bdag xiij bga yum neg ch alga bna sh de. Altai gishuun neg udaa “Mongo ogood ail bur naadmaar zaaval neg yamaanii xorxog xiij bai gesen zarlig ch bil uu xuuli ch bil uu gargaya” geed bsan.
    sanagdaj bna. Ene l er ni tor oroltsson xamgiin shildeg arga bj magadgyi. Tuunees yamand xair zarlaad zarim gishuud byr balraa biz de. Bi yamaand xairtai, minii yamaand mongo ogoxgyi bol bi xooloo idexgyi geed l… xe xe . Uunees ooroor yamaag ustgax argiig lav toroos xaraad xereggyi ee. Tegeed odoo ene olon maliin xereg bgaa yum u? 50 saya xurlee l gesen. Maxnii yne yamar bgaa bilee. Maxnii une ni buuxgyi l yum bol mal osgox xereg bna u? Yamar maliin tuuxii edeer ajilldag neg shirxeg yildver manaid bx bish. Zoxion bguulalttai bodlogo xeregtei de. Togloomgyi xelexed 50 saya malaa toolood l.. turj uxdeg deeree tulchixad bgaa yum bish y?….

  2. malaa tsuuluh ni zuv ene olon malaar yah ym be pzda bichihees durgui hureh ym mal dagval mal bolno

Сэтгэгдэл үлдээх