Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Б.Ганжуур: Цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй бол станцууд санхүүгийн уналтанд орж, эрчим хүчний салбар дампуурахад хүрч мэдэх нь

Баяр наадамтай зэрэгцэн эрчим хүчний үнэ нэмэгдэх нь тодорхой болов. Учир нь уурхайнууд нүүрснийхээ үнийг 14-40 хувь нэмэв. Эрчим хүчний үнэ хэрхэн өөрчлөгдөх талаар Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн дарга Б.Ганжуураас тодрууллаа.

-Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ, нэмэгдэхгүй гэж өвлөөс хойш ярилаа. Энэ асуудал шийдэгдээгүй байтал нүүрсний уурхайнууд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихлээ. Одоо эрчим хүчний үнийг хөдөлгөхөөс өөр аргагүй биз?

-Уурхайнууд нүүрснийхээ үнийг нэмэх шийдвэрээ гаргачихлаа. Жишээ нь”Шарын гол” 14,’” Шивээ-Овоо” 40, Багануурын нүүрсний уурхай 23 хувиар нүүрснийхээ үнийг нэмсэн. Цахилгаан станцын нийт зардлын 55 хувийг нүүрс эзэлдэг юм. Тиймээс эрчим хүчний үнэд түргэн хугацаанд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна. Ер нь эрчим хүчний компаниуд үнээ нэмэх саналаа өнгөрсөн өвөл манай зохицуулах газарт тавьсан. Бид тэдний саналыг судалж байна.

-Дулааны цахилгаан станцууд бүтээгдэхүүнийхээ үнийг хэдэн хувиар нэмэх санал тавилаа..?

-Нэг кВт цахилгаан 31, дулааны үнийг 58 хувиар нэмэгдүүлэх саналыг тавьсан.

-Энэ саналыг тавих үед нүүрсний үнэ нэмэгдээгүй байсан. Одоо нүүрсний үнэ нэмэгдчихлээ. Тэгэхээр үнийн санал өөрчлөгдөх үү?

-Өөрчлөгдсөн. Нүүрсний үнэ нэмэгдсэн гээд манайд ирүүлсэн санал дээрээ найман төгрөгөөр нэмж нэг кВт цахилгааны үнийг 39 төгрөгөөр нэмэх саналаа манайд ирүүлсэн. Харин дулааны үнийг 60 хувиар нэмэх хүсэлт гаргасан.

-Багануурын уурхайгаас энэ тухай хэлэхдээ нүүрсний үнэ нэмэгдэхийг станцууд урьдчилан тооцоолж цахилгаан, эрчим хүчнийхээ үнийг нэмэх саналдаа тусгасан гэж байсан.

-Тооцоолоогүй. Манай зүгээс Багануурын уурхайд “үнээ та нар тооцож өгөөч” гэж олон удаа хандсан. Нүүрснийхээ үнийг нэмэх бидэнд мэдэгдээгүй. Гэнэт зургаадугаар сарын 15-нд ТУЗ нь хуралдаад нэмэх шийдвэр гаргасан байна лээ.

-Одоо дулааны цахилгаан станцууд нэмэгдсэн үнээр нүүрсээ авч байгаа юу?

-Одоохондоо хуучин үнээр авсан нөөцийн нүүрсээ ашиглаж байгаа. Үнэд өөрчлөлт орсны дараа л шинэ үнээр нүүрсээ авах байх.

-Гэхдээ станцууд хэдхэн хоногийн нөөцтэй байдаг биз дээ.

-Баярын дараа шийдэхээс өөр аргагүй болоод байна. Баяраас өмнө тооцоо судалгаагаа хийх, нөгөөтэйгүүр улсын баяраар үнэ нэмэх нь ёс зүйн хувьд учир дутагдалтай гэж бодож байна. Наадмын дараа цахилгаан, дулааны үнэд өөрчлөлт оруулна. Гэхдээ компаниудын тавьж байгаа саналаар биш хэрэглэгчдэд ямар ачаалал очих талаар тооцоод Зохицуулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Зохицуулагчид хуралдахад бэлэн үү. Миний сонссоноор нэг зохицуулагчийн хуулийн хугацаа дууссан гэж байсан?

-Яг одоогоор бүрэлдээгүй байна. Хуулийн хугацаа дууссан зохицуулагчийн оронд шинэ хүн томилогдох ёстой. Тиймээс хурлын өмнө томилогдох байх.

-Ер нь наймдугаар сарын 1-н гэхэд цахилгаан, дулааны үнэ өснө гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, шинэ тариф мөрдөгдөнө.

-Станцуудаас ирсэн үнийн саналыг батлах уу?

-Бид хэлэлцэж, ярилцаж, судалж байгаа. Арай багаар батлагдах байх. Бид станцуудын удирдлагуудтай ярилцаж байна. Цахилгааны үнийг 26 төгрөгөөр нэмж болдоггүй юм уу гэсэн хүсэлтийг ч тавьсан. Энэ бүхний эцэст гаргасан тооцоог нүүрсний нэмэгдсэн үнэтэй нийлүүлээд, хуралдаад эцсийн шийдвэрээ гаргана. Одоогоор яг хэдэн төгрөгөөр нэмнэ гэдгийг тодорхой хэлэхэд арай эрт байна. Тооцоо судалгаа хийгдэж байна.

-Ер нь яагаад дандаа долоодугаар сард цахилгаан, дулааны үнэ нэмэх тухай асуудал хөндөгддөг юм бэ. Хүмүүс наадам, амралт зэргийг далимдуулаад нэмдэг гэж гомдол гаргадаг?

-Өнгөрсөн нэгдүгээр сард нэмэх гээд маш том эсэргүүцэлтэй тулаад нэмж чадаагүй гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Ер нь дан ганцхан үнэ нэмэх асуудал биш шүү дээ. Хамгийн гол нь хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах нь чухал. Энэ өвөл цахилгаан, дулааны найдвартай эрчим хүчээр хангагдаж чадах уу, үгүй юу гэдэг л байна. Цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй бол станцууд санхүүгийн уналтад орж эрчим хүчний салбар дампуурахад хүрч мэдэх нь. Станцууд сэлбэг хэрэгслээ гадаадаас импортлодог. Монголд нэгийг нь ч үйлдвэрлэдэггүй. Бүх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ өндөр үнээр авчихаад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлийн бус үнээр зараад байна шүү дээ. Тиймээс энэ хоёрын зөрүүн дээрээс эрчим хүчний компаниуд уначих гээд байна. Эрчим хүчний компаниуд уначихвал гэрэл, цахилгаан, дулаангүй болно. Цаашлаад улс эх орны аюулгүй байдалд нөлөөлнө. Үнээ нэмэхгүй байя гэвэл эрчим хүчгүй л байна гэж ойлгож болно.

-Ийнхүү үнэ нэмэгдсэнээр нэг өрхийн сарын зардал хэдээр нэмэгдэхийг тооцож үзэв үү?

-Нэг өрхийн цахилгаан, дулааны зардал сард 4500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

-Эрчим хүчний зохицуулах газрыг зарим иргэд цахилгаан, дулааны үнэ нэмдэг байгууллага гэж ойлгодог. Гэтэл эсрэгээрээ төрийн өмчит томоохон станцыг хянаж, хэрэглэгчдийн төлөө ажилладаг гэдгийг төдийлөн мэддэггүй…?

-”Эрчим хүчний тухай” хуулиар үнэ нэмэх саналыг манайх гаргадаггүй юм. Цахилгаан, дулааны станц манай газарт саналаа тавьдаг. Бид түүнийг нь судалж үзээд, тухайн саналаа ирүүлсэн компани дээр очиж ажиллаж байдалтай танилцаад, бодит эсэхийг хянаж шийдвэр гаргадаг. Гэхдээ төр засагтаа мэдээлэл өгч зөвшилцөнө.

-Дулааны цахилгаан станцууд нэг л их алдагдал тооцоод их мөнгө тавьчихдаг. Яг үнэндээ тэдгээрийн санхүүгийн тайлан будилаантай байдаг гэж ярих хүнтэй таарч байсан. Энэ тал дээр танайхаас ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Бид жил болгон шалгадаг. Хэрвээ тийм зүйл ярьж байгаа хүн байвал түүнийгээ нотлох хэрэгтэй л дээ. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн ноцтой том зөрчил гарч байгаагүй. Одоо “ТЭЦ-I\/”-т манайхаас аудитын шалгалт хийж байгаа.

-Эрчим хүчний үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ ч дагаад л нэмэгдэх байх даа. Энэ тал дээр хийсэн судалгаа бий юү?

-Урьдчилсан байдлаар тооцоход “Атар” талх 38, “Алтан тариа”-н нэг кг гурил 13, нэг литр сүү долоон төгрөгөөр нэмэгдэж магадгүй.

-Тэгэхээр энэ тооцоог хийснийг бодоход урьдчилсан байдлаар хэдэн төгрөгөөр нэмнэ гэсэн тоо гарсан юмаа даа?

-Гарсаан. Эцсийн байдлаар батлагдаагүй учраас олон түмэнд мэдээлж болохгүй байна.

3 Сэтгэгдэлүүд

  1. Mongold tshaholgaan mash unetei. Amerikaas 3 dahin undur unetei shuu dee. Yamar uchir bnaa.

  2. darga nar n ideed baidag uchir MGL-d tsahilgaan iim unetei baidag, strategy-n chuhal object uchraas unagaana gej shahaltand oruulaad hussen mongoo tovoggui batluulj chaddag. daanch ter mongo n hureh zuildee hurehgui darga nariin halaasand orood alga boldog. tsahilgaan station-iin darga nar gej oohondoo boogdson buduun guzeetei humuus baidag. ter unaj baigaa unaa, amidarch baigaa bair n unen tasarhai, tsalingaaraa iim bolohgui n medeej sh dee.

  3. America-d axuin xeregleenii tsaxilgaanii une 5.0 – 16.73 cent/kWh unetei baina. Tegexeer Mongoliin une 68 MNT/kWh baigaa n 4.78 cents/kWh baina. 3 daxin unetei bish xarin uunees baga baina.

Сэтгэгдэл үлдээх