Sonin.mn

Монголын сонин хэвлэлийн тойм – Өдөр бүр

Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр товлогдоод байсан сонгуулийн дүн тодорхойгүй шалтгаанаар хойшлогдлоо

Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн барина, түүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ хэмээн УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн. Өглөөнөөс эхлэн зарлагдсан энэхүү зар тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсоор бүтэн өдрийг давсан бөгөөд үүний шалтгааныг УИХ-ын хэвлэлийн албаныхан нь өөрсдөө ч мэдэхгүй байлаа. Ямартай ч эх сурвалжуудын мэдээлж байгаагаар СЕХ-ноос УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 74 хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн барихаар зэхсэн бөгөөд Булган аймагт ялалт байгуулсан МАХН-аас нэр дэвшигч Ц.Цэнгэл болон Баянгол дүүрэгт Н.Баяртсайхан гишүүнийг тун цөөхөн саналаар ялаад байгаа С.Эрдэнэ нарын нэрийг өргөн барихаас татгалзсан гэнэ. Учир нь ялалт байгуулсан гэх дээрх нэр дэвшигчдийн хувьд ялагчаар тодруулах боломжгүй байгаа бололтой. Сонгуулийн дүн гараад багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч СЕХ-ноос өнөөг хүртэл албан ёсны хариултыг өнөө хэр нь өгөхгүй байгаа, мөн тойргууд дээр гарсан маргаан, нэр дэвшигчдийн гаргасан өргөдөл гомдлын талаар ч ганц үг ган хийж дуугараагүй нь ёстой л намуудын тэвчээрийг шалгасан хэрэг болжээ гэлтэй. Нөгөө талаар тэднийг аль нэг нам эвсэлд худалдагдаад байна уу гэх хардлагыг ч төрүүлээд байгаа юм. Дашрамд дурдахад СЕХ-нд ирсэн өргөдөл гомдлын дагуу тэд уржигдар хуралдаж зарим тойргууд дээр санал хураалтыг дахин тоолуулах шийдвэр гаргасан. Тийм ч учраас Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг өргөн мэдүүлэх асуудлыг хойшлуулж байгаа талаар эх сурвалжууд мэдэгдэж байсан. Гэтэл ганцхан хоногийн дотор сонгуулийн үр дүнг өргөн мэдүүлэх шийдвэр гаргаж, түүнийгээ ямар ч шалтгаан хэлэлгүй тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь ахиад л хардлага төрүүлж эхэллээ. Гэхдээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр нэгэнт зарласан болохоор тэд хэвлэлийнхэн ихэнх нь амарчихсан, улстөрчид наадамдах гээд анхаарал нь сарничихсан үед мэдээллээ хийж асуудлыг бага ч болов өөрсдөөсөө хөндийрүүлэх гэсэн байж ч болох юм. Уг нь хуулиараа бол СЕХ энэ сарын 14-ны дотор Ерөнхийлөгчид сонгуулийн үр дүнг танилцуулах ёстой. Гэвч энэ үеэр наадмын гурав хоног таарч байгаа болохоор СЕХ-ныхонд ажлаа тайлагнахад өнөөдөр л үлдээд байна

И.Цэвэлмаа

Сэтгэгдэл үлдээх