sonin.mn
Хүйтний улирал эхлэхэд хамгийн түрүүн хүүхдүүд маань ханиад хатгаа аваад эхэлдэг. Эмнэлгүүдийн ор ойрноос хүрэлцэхгүй болж эхэлжээ. Хүүхдүүд яагаад өвддөг гээч? Учир шалтгааных нь тухай би мөн олон бичсэн дээ. Утаа хүйтнээс айгаад бид нар хамаг цонхоо битүүлчихсэнээс болж агаарын дутагдал үүсдэг. Өөрөөр хэлбэл гэр орон өрөө тасалгаанд чинь хүчилтөрөгч багасч тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хийн хордлого ихэснэ. Энэ тухай үндэсний телевизийн өглөөний нэвтрүүлгээр саяхан нэг эмч мөн сайн тайлбарлалаа. Ялангуяа цэцэрлэг сургуулийн олон хүүхэдтэй ангид өдөржин хоригдсон хүүхдүүдийн хувьд байдал бүр гамшигийн хэмжээнд хүрдэг. Энэ тухай гадаадын хэвлүүдэд ялангуяа Оросын хэвлэлүүдэд байнга бичих боллоо.
Дахиад бичье. Нүүрсхүчлийн хий гаднах агаарт 0.04% агуулагддаг. Ямар ч утаатай  байсан энэ хэмжээ ихсэж багасахгүй өөрчлөгдөхгүй, бид нарыг хордуулах түвшинд хэзээ ч очихгүйгээр тэнгэр бурхан цаанаас нь зохицуулан байгаа. Харин хүйтэн орохоос айгаад цонхоо тас хаагаад өрхөө бүтээчих юм бол өрөө тасалгаанд чинь нүүрсхүчлийн хий маш хурдан өсөж аажмаар хордлогонд орж эхэлнэ. Хоёр  дахин өсөхөд нэг их нөлөө байхгүй. Харин 4-5 дахин өсөх юм бол асуудал үүсч эхэлнэ. Олон хүн цугласан “бүтэж үхлээ цонхоо онгойлгооч” гэдэг биз дээ. 
 
 
Нүүрсхүчлийн хийн агууламж өндөртэй агаараар хүүхдүүд чинь удаан хугацаанд амьсгалсанаас биеийн эсэргүүцэл суларч, ханиад хатгаанаас эхлээд төрөл бүрийн өвчин ороож эхэлдэг. Тэд биднээс хоёр дахин хурдан амьсгалдаг тул нүүрсхүчлийн хийнд илүү хорддог.
 
 
Энэ тухай гаднын эх сурвалжуудад ч байнга бичих болсон. Өнгөрсөн сард Улаанбаатарт НҮБ-ийн Хүүхдийн сан ЭМЯ-наас хамтран зохион байгуулагдсан “Агаарын бохирдол-хүүхдийн эрүүл мэнд” сэдвээр Олон улсын хурлын үеэр энд тэндээс ирсэн эрдэмтэн судлаачид ч их яригдсан. Харамсалтай нь агаарын бохирдол хариуцсан манай томчууд энэ хуралд ирээгүй, тоож оролцоогүй. 
Энэ эмч нар яагаад бүлх залгичихсан юм шиг дуугүй суугаад байгаа юм бэ?  Өвгөн би интернет өдөр шөнөгүй ухаад янз янзын юм хайж олоод баруун солгойгүй бураад байхад чинь та нар ингээд хүүхдүүд өвдөөд байхад зөв тайлбар өгөхгүй ханиадны вирус мирус ухааны юм яриад явж болж байгаамуу?  Сүүлийн жилүүдэд яг өдийд ямар олон хүүхэд өвчилж, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй сүүлдээ цэцэрлэгүүд хаагдах хэмжээнд хүрдэг билээ.  Агаарт ханиадны вирус хүйтрэхээр ихэсчихдэг юм уу? Уг нь аливаа амьтан Монгол орны хүйтэн агаарт үхдэг л байх учиртай даа. 
Өчигдөр үндэсний телевизээр ярьлаа. Байгаль орчны сайдаар ахлуулсан орчны бохирдлын үндэсний хорооны шийдвэрээр хотын гэр хорооллын 184000 айлд утаа мэдрэгч үнэгүй тараана гэнэ үү? Яасан илүүдээ гарсан мөнгө вэ? Тэр утаа мэдрэгч тавилаа гээд яахийм? Тэдний амьсгалах агаарын чанар дээрдэх юм уу? Агаарын бохирдлын санд төвлөрсөн их мөнгийг яаж үрээх аргаа барж ядаад байна уу? 
Цэрэнбат сайдаа Амарсайхан захирагчаа
 
Тэр илүүдээ гарсан мөнгөөрөө хотын сцэцэрлэг сургуулиудад бүгдэд нь агааржуулагч төхөөрөмжүүд нэн яаралтай тавиул. Хотын цэцэрлэг сургуулиудад гаднын хөрөнгөөр тавьчихлаа гээд хөөрцөглөөд байгаа хямдхан Хятад төхөөрөмжүүд чинь өрөө тасалгааны агаарыг дотор нь хуйлралдуулахаас биш гаднаас агаар шүүж оруулдаггүй юм шүү. Гаднаас агааржуулалтын системтэй нэг ч сургууль цэцэрлэг Монголд байхгүйг та нар мэднэ. 
 
 
Дэлхийн банкнаас 12 сая долларын зээл авч дахиад баахан зуух тараах сураг гарлаа. Боль л доо, тэр зуухыг чинь өчнөөн төчнөөнөөр нь тараагаад агаарын бохирдол буураагүй ш дээ. Миний мэдэхээс сүүлийн арван хэдэн жил 500 гаруй тэрбум төгрөгийг агаарт утаатай хамт цацсан. Харин энэ засгийн газар зоригтой шийдвэр гаргаж нунтаг угаасан нүүрс хаа байсан Өмнөговиос ачиж ирж барьцалдуулж шахцалдуулж тарааснаас хотын утаа мэдэгдэхүйц буурлаа. Гэхдээ тараах менежментээ одоо хүртэл хийж чадаагүй олон айлыг осгооход хүрээд байгааг Ерөнхий сайд гуай анхааралдаа авахгүй бол горьгүй болжээ. 
Ялангуяа энэ шахмал түлш гэр байшингийн чинь агаарт байгаа 20 хувийн жаахан хүчилтөрөгчийг ховх сордгийг олон хүн мэддэггүй, анзаардаггүй, шахмал түлшнээс боллоо гээд дүйнгэтээд яваад байдаг. Дээр нь гэр хорооллын айлууд үнэгүй тог ашиглаж хэмнэлт гаргаж байна гэж баярлаад амьсгалдаг жаахан хүчилтөрөгчөө  шатаадаг элдэв төрлийн Хятадын хямдхан халаагч, зарим нь бүр гар хийцийн цахилгаан халаагч шөнөжин ажиллуулж өөрсдийгөө хордуулж байна.
Хүн хоолгүй бол сар амьдрана, усгүй бол долоо хонох байх. Харин амыг чинь барьчихвал таван минут ч тэсэхгүй. Эхний ээлжинд хүүхэд хөгшчүүдэд маань цэвэр агаар юунаас ч илүү чухал байна.
 
 
Ш.Пүрэвсүрэн 2019-12-13