sonin.mn
Мэргэжил бүрт “нөхөр” гэж бий. Эмч чагнууртай, сэтгүүлч үзэгтэй, шүүгч алхтай, багш шохойтой гээд мэргэжил бүр л өөрийн “нөхөр”-тэй. Мэдээж тухайн мэргэжлийг илэрхийлэгч зэвсэг, багаж хэрэгсэл бүхэн эзэндээ маш их үнэ цэнтэй. Энэ удаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн планшетчин, ахлах ахлагч Г.Элбэгжаргалын хамгийн дотнын “нөхөр”-ийг нь онцолж байна. Планшетчин хүний гол хэрэглэгдэхүүн бол планшетийн харандаа болон шугам юм.
 
-Планшетчин гэдгийг энгийнээр тайлбарлавал ...
 
-Оператороос ирж байгаа мэдээллийг планшетийн самбарт буулгадаг мэргэжилтнийг хэлнэ.
 
-Тэгвэл та хэзээнээс энэ үүргийг гүйцэтгэх болсон бэ?
 
-Хорин жилийн өмнөөс. Том хүүгээ төрүүлчихээд нялх биетэй энэхүү ангидаа ирж байснаа одоо ч тод санаж байна. Тэр үед хамгийн бага нь би. Бусад нь хууччуул. “Чи биднийг залгамжлах ёстой. Завтай байж таарахгүй” гээд ажлаар мөн ч их шахаж, хажуугаар нь бас гар, хөлийн үзүүртээ гүйлгэдэг байж билээ. Анги байгуулагдаад удаагүй байгааг ч хэлэх үү, ажил ч тун ихтэй үе. Харин өнөөдөр анги маань өргөжин хөгжиж, Зэвсэгт хүчинд өөрийн гэсэн байр сууриа олсон нь тэр хууччууд болоод бидний хэдэн залуусын туйлын хүсэл байсан юм. Эргээд харахад хувийн амьдралд маань жаргалтай бас гунигтай үе цөөнгүй л тохиолдож. Хамт олны хувьд бол тэр чигтээ л амжилт байсан.
 
-Хүн юм чинь даваад л гарна ...
 
-Тийм ээ, туулаад л гарсан.
 
-Нээрээ планшетчин ямар байх ёстой вэ?
 
-Нэгд, планшетийн самбарт өгөгдсөн мэдээллийг араас эхэлж бичдэг учир энэ чиглэлдээ гарамгай хурдан байх ёстой. Энэ нь хяналт тавьж байгаа удирдлагуудад ойлгомжтой байх үүднээс тэр. Хоёрт, сонсгол сайтай байх.
 
 
Оператороос ирж байгаа мэдээллийг сонсоод тасралтгүй бичих ёстой. Түүнээс биш “Юу гэнэ ээ” гээд лавлаад байх цаг байхгүй. Агаарын хяналтад нэг секунд ч үнэтэй. Гуравд, бие, сэтгэлийн хувьд тогтвортой байх ёстой.
 
 
-Та сая мэдээллийг араас нь эхэлж бичдэг гэж байна. Сайн планшетчин хүн хэдийг бичих ёстой вэ?
 
-Минутанд дор хаяж 100 тоо бичих ёстой. Ойлгомжтой үүднээс хэлэхэд 12345678910 гэдэг тоог планшетийн самбарын араас 10987654321 гэж хөрвүүлж байж, самбарын урд мэдээлэл нэгтгэж, хянаж байгаа ээлжийн бүрэлдэхүүнд ойлгомжтой байдаг юм.
 
Хоёулаа туршиж үзэх үү? гэхэд Г.Элбэгжаргал дуртайяа
зөвшөөрөн, тоог араас нь бичиж эхэлсэн бөгөөд
минутад 135 тоог төвөггүйхэн биччихэв. Үүнийг харсан
Хорооны удирдах байрны дарга, дэд хурандаа
С.Бямбарагчаа “Манай Элбэгээ мэргэжилдээ яахын
аргагүй эзэн болсон хүн дээ” гэж магтав.
 
-Хоёулаа яриандаа оръё. Та ажлаа гүйцэтгэхдээ үргэлж планшетийн харандаа, шугамтай нөхөрлөдөг байх ...
 
-Планшетчин хүнд хамгийн ойр байдаг хэрэгсэл бол планшетийн харандаа, шугам бас бичсэнээ арилгах алчуур. Энэ гуравтайгаа байхад дутагдах зүйлгүй. Улирал тутам ангиас планшетийн харандааг маань нийлүүлдэг. Сүүлийн үед худалдааны төвүүдэд элбэг болсон байна лээ. Шугам нь сурагчдын хэрэглэдэг л хэмжигч. Алчуураа бол өөрөө оёчихно.
 
-Үнийн хувьд тэгэхээр боломжийн юм байна ...
 
-Хамгийн гол нь бал нь тод өнгөтэй бөгөөд арилдаг байх ёстой. Зургаан өнгөтэй нь 6000 төгрөгийн үнэтэй. Миний хувьд нэг өнгийг нь сар орчим хэрэглэчихнэ. Гэхдээ үнэ хямд ч гэсэн планшетчин бидэнд хамгийн эрхэм “нөхөр”. Томоохон худалдааны төвд орохоороо дизайн нь хөөрхөн л бол заавал худалдаж авдаг зуршилтай болчихсон.
 
Сэтгүүлчийн зурвас
 
Зэвсэгт хүчиндээ 20 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Г.Элбэгжаргал байгууллагынхаа хэд хэдэн удаагийн аварга. Түүний ханийг Ч.Батсайхан гэдэг, тэд хоёр хүүхэдтэй. Ярилцлагынхаа төгсгөлд тэтгэвэртээ гарах гэж байгаа тухайгаа дуулгасан. Ангийнхаа захирагчид он гараад тэтгэвэртээ гарна гэж өргөдлөө өгсөн бөгөөд үүнийгээ тэрээр бүх зүйл цаг хугацаатай байх ёстой гэж тайлбарлав. Тэтгэвэрт гарахтай зэрэгцээд хайртай хамт олноосоо хөндийрнө гэж бодохоор хөнгөн гуниг төрөх болсноо ч тэр бас нуусангүй. Цэл залуухнаас өнөөг хүртэлх хорин жил үүрэг гүйцэтгэхдээ Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар-III” медаль, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр л шагнуулж. Магадгүй хорин жил гэж бодоход чамлалттай ч юм шиг ...
 
 
дэслэгч Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин